| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 125/2025/0010/З |
| Дугаар | 221/МА2025/0566 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0566
*** ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “***” ХХК
Хариуцагч Х аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 125/ШШ2025/0028 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц
Хэргийн индекс: 125/2025/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь Х аймгийн Засаг даргад холбогдуулан “Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн Х аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Шүүх нэг талын буюу хариуцагчийн нотлох баримтад тулгуурласан, шүүх шийдвэр гаргахдаа нөгөө талын гаргасан нотлох баримт, тайлбарыг огт үнэлээгүй бөгөөд шийдвэрийн агуулгад тусгагдаагүй байна. Энэ нь 34 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тэнцвэртэй, бодитой үнэлэх шүүгчийн хууль ёсны үүргийг биелүүлээгүйд тооцогдох тул хууль зөрчсөн үндэслэл болно гэж үзэж байна.
3.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан. Шүүх шийдвэр гаргахдаа гэрчийн мэдүүлгийг огт дурдаагүй, мөн удаа дараа гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт огт ач холбогдол өгөөгүй, нотлох баримтыг хэлэлцэх хуралдаанд тэнцвэртэй байдлыг хангаагүй.
3.3 Шийдвэрийн үндэслэл хангалтгүй, шүүхийн шийдвэр хурлын тэмдэглэлд тодорхойлох хэсэгт хариуцагч талын шүүх хуралд өгсөн мэдүүлэг, тайлбарууд огт ойлгогдохгүйгээр бичсэн байна. Нотлох баримт, маргаантай асуудлыг хэрхэн үнэлж шийдвэрлэсэн талаарх хууль зүйн үндэслэл бүдэг, дутуу, нэг талыг барьсан байна. Мөн нэхэмжлэгчийн амаар болон бичгээр гаргасан тайлбаруудыг шийдвэр дээр маш их хасаж бичсэн байгаа юм. Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан шүүхийн шийдвэрээр газрын эрхийг сэргээх зэрэг төрийн захиргааны олон процедурын ажлыг огт хийхгүй байгаа нь судлахгүйгээр шүүх хуралд гэрч, нэхэмжлэгч нар хэлсээр байтал огт авч хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн байна.
3.4 Засаг дарга шүүхийн шийдвэрийг үндэслэн заавал шинээр захирамж гарган гэрээ хийж гэрчилгээ олгосны дараа дахин хүчингүй болгох эрх нь үүсэх ийм л процедур Засгийн газрын тогтоолтой юм билээ. Тийм ч учраас дахин захирамжийн төсөл боловсруулан Газрын албаны дарга, мэргэжилтнүүд нь гарын үсэг зурж баталгаажуулсан захирамжийн төсөл одоо Засаг даргын хуулийн зөвлөх Д.Х-т хадгалаатай байгаа түүнийг шүүхэд хэлж тайлбарласан боловч ач холбогдол өгсөнгүй.
3.5 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн материалыг дахин үнэлэн, шударга шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/** дугаар тогтоолоор Аймгийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөнд Ж сумын Б багт орон сууцны (************) зориулалтаар 4,4 га газрыг “төсөл сонгон шалгаруулалт”-ын зарчмаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4. Улмаар Х аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар “***” ХХК-д Б баг, Шинэ суурьшлын бүсэд байрлах 0,6 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, **** дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
5. Гэтэл аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/** дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсэгт заасныг зөрчиж “төсөл сонгон шалгаруулалт”-аар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр, ... захирамжуудыг тус тус хүчингүй болгожээ.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6. Газрын тухай хуулийн (2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлтээс өмнөх зохицуулалт) 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус заасан.
7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газрыг дуудлага худалдааны журмаар олгохоор тусгайлан заасан байх бөгөөд энэ тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагад (өөрийн хөрөнгө оруулалт) орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх зохицуулалттай байна.
8. Гэтэл аймгийн Засаг дарга 2020 оны А/*** дүгээр захирамжаар “***” ХХК-д 0,6 га газрыг орон сууцны зориулалтаар “төсөл сонгон шалгаруулалт”-ын журмаар олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасан тусгай нөхцөл, шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
9. Хэдийгээр Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “газрыг орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар” эзэмшүүлэхээр тусгасан байх боловч ч дээрх хуульд тусгай нөхцөлтэйгөөр буюу зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгчид “орон сууцны зориулалт”-аар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д заасан зохицуулалтад хамаарахгүй байна.
10. Анхан шатны шүүхийн “...орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэх газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасанд хамаарахгүй... төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн А/*** дүгээр захирамж нь хуульд нийцээгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.
11. Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус зааснаар Х аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан 2020 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзнэ.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, хариуцагчийн тайлбар мэдүүлгийг ойлгогдохгүй бичсэн... нэг талыг барьсан...” гэх давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж заасан бөгөөд маргаан бүхий акт болох Х аймгийн Засаг даргын 2025 оны А/** дүгээр захирамж нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар хэрэгт авагдсан байх боловч тухайн захирамжаар шийдвэрлэсэн асуудал болон түүнийг нотлох баримтын шаардлага хангахгүй талаар хэргийн оролцогчид маргаж, давж заалдах гомдолд энэ талаар дурдаагүй тул үүнийг шүүхийн шийдвэрт нөлөөлөх ноцтой зөрчил гэж үзээгүй болохыг тэмдэглэв.
14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА