Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 63

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Р.Оюунжаргалд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201601070180 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

 Улсын яллагч                                              Б.Алтанцэцэг

 Хохирогч                                                      Г.Ууганцэцэг

 Хохирогчийн өмгөөлөгч                           Д.Жаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Ж.Цэцэгээ

 Шүүгдэгч                                                 Р.Оюунжаргал нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Монре даатгалд төлөөлөгч ажилтай, ам бүл 4, нөхөр Б.Амарбаясгалан, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр хэсэг, 1190 тоот хашаанд оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, орон сууц 6 байр, 5 тоот/ Боржигон овгийн Рэгзэндавгын Оюунжаргал /РД:ТК69050104/

           Шүүгдэгч Р.Оюунжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноён тур” амралтын газарт Г.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодолдож, Г.Ууганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Р.Оюунжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө намайг ажлынхантайгаа амралтанд амарч байхад хохирогч Ууганцэцэг нь нэг залуутай шөнийн 01 цагийн үед 1 шил архи болон бас задалчихсан пиво өөрөө барьж орж ирсэн. Тэр үед манай ажлын Уранцэцэг гэх хүүхэн “манай найз нөхрөө хардаад ирж байгаа, намайг авч явна гээд байгаа юм, намайг битгий явуулаарай” гэж Ууганцэцэгийг ирэхийн өмнө хүн бүхэнд хэлээд байхаар нь бид хэд “за за, юу гэж явуулах юм бэ” гэж хэлсэн. Би амарч байгаад Ууганцэцэгийг орж ирэхэд сэрсэн. Тэр хооронд Уранцэцэг ширээн дээрх юм унагаж, би Ууганцэцэгийг “явах мөрөөрөө яв, амрах гэж ирсэн хүмүүс амарчихаад явна” гэж хэлэхэд явахгүй байсан, би гараас нь барихад яах ийхийн зуургүй үсдэлцсэн. Үсдэлцэж байхдаа хоёр биенийхээ нүүрийг урсан байх, хүмүүс бид хоёрыг салгасан. Уранчимэг ширээ нурааж, “намайг битгий явуулаарай, нөхрөө хардаж ирж байгаа, би нөхрийг нь хайлцмааргүй байна” гэж хамаг асуудлыг эхлүүлсэн. Ууганцэцэг тэр шөнөдөө цагдаад өгөөгүй, маргааш нь хот явчихаад буцаж ирээд цагдаад өгсөн болохоор эргэлзээтэй байна. ...Би өөрөө буруутайгаа мэдэж байгаа. гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна… ” гэсэн мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.Ууганцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн голын хойд талын Ноён нэртэй амралтын газар очоод хамгийн наад талын гэр рүү орсон юм. Тэгсэн Уранчимэг “мах ид” гэхээр нь би бага зэрэг өлсөж байсан болохоор мах иддэг юм уу гэж бодоод байж байтал Уранчимэг Гэрлээ гэдэг жижигхэн хар эгчээс хутгыг нь аваад өгөх гэтэл тэр эгч “пизда чинь хүн юм идэж байгаа юм биш үү” гэхээр нь би “хутгыг өг” гээд хутгыг нь эргүүлээд өгүүлсэн. Уранчимэг намайг “мах идсэн” үү гэхээр нь би “жоохон өөхтэй байна” гэсэн чинь Уранчимэг надад мах авч өгөх гэж байгаад ширээн дээр дартал ширээн дээр байсан архины шил унаад бага зэрэг түжигнэж дугарсан. Тэгсэн зүүн талын орон дээр хэвтэж байсан өндөр том алаг нүдтэй хүүхэн “Урнаа пизда минь идсэнээ шингээж чадахгүй” гэхэд Урнаа өөрийгөө хамгаалаад “би мах идэж байна” гээд хойд талын орон дээр ирээд суусан. Тэгсэн энд тэндээс хүмүүс хэл амаар доромжлоод байсан, тэнд 1 эрэгтэй, 9 эмэгтэй хүмүүс байсан. Тэгээд би Урнааг “надтай хамт явах уу” гэсэн чинь Оюунжаргал гэх эмэгтэй “хаанаас гарч ирээд хэнийг авч явах гээд байгаа юм” гээд босч ирээд миний зүүн талын мөрнөөс нэг удаа угзчиж татаад түлхсэн. Тэгээд Оюунжаргал үснээс зулгааж хойш нь унагасан. Миний нүүрийг Оюунжаргал самардсан. Тэгсэн тэр дунд хүмүүс биднийг салгах гээд орилж байсан, би зугтаад гарсан. ... Тухайн үед хүмүүс салгах гэхэд Оюунжаргал над руу дайраад байсан, миний үс нэлээд арзайсан байдалтай байсан. Маргааш нь надаас уучлалт гуйсан гэж хэлээд байгаа, ер нь бол уучлалт гуйгаагүй, “чи ирдэг нь гай байхгүй юу, одоо ингээд салъя, би чамд сорвины тосны мөнгө өгье” гэж хэлсэн. Одоо ч гэсэн Оюунжаргалын ярьж байгааг сонсохоор гайхаж байна, буруугаа ойлгоогүй ярьж байгаа нь таалагдахгүй байна. Би олон хүнтэй харьцдаг ажил хийдэг учир нүүрэндээ маажуулсандаа гомдолтой байна. ...Цаашид 3.250.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай, үүнийгээ хийлгэчихээд нэхэмжилнэ. Одоо нийт 2.895.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Р.Цолмонгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн Ноён тур амралтын газар ирж, нэг Монгол гэр авч бүгдээрээ орсон. Бид нар хорхог хийж идээд, архи, дарс уусан. Орой болсон учир зарим нэг хүмүүс нь орондоо ороод унтаж байсан. Намайг унтаж байгаад сэрээд харахад хоёр эмэгтэй үсдэлцээд гэрээс гарах шиг болсон. Ямар хоёр хүн маргалдаад гарсныг тухайн үед анзаараагүй. Ямар ч байсан зарим нэг нь дотуур хувцастайгаа тэр хоёрыг салгах гээд хамт гарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Б.Болормаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн Ноён тур амралтын газар очиж амарсан. Бид нэг Монгол гэр авч бүгдээрээ хамт орсон. Бид нар хорхог хийж идээд, нийт 0.75 граммын Соёрхол нэртэй архи 5 шилийг авч явсан. Бид архи ууж байгаад шөнийн 00 цагийн үед бүгдээрээ орондоо орсон. Гэтэл шөнийн 01 цагийн үед зүс таних Ууганцэцэг гэдэг хүүхэн үл таних нэг залуугийн хамт бидний амарч байгаа гэрт 1 шил архи бариад орж ирсэн. Би тэр хоёрт хорхогны мах болон авчирсан архинаас нь хийж өгсөн. Гэтэл Уранчимэг мах идэх гэж байгаад ширээн дээр байсан эд зүйлийг нурааж унагаасан. Уранчимэг тухайн үед бага зэрэг согтуу байсан. Тэгэхээр нь би Уранчимэгийг “хүнд тавьж өгсөн ширээ нураалаа” гэж загнасан. Тэгэхэд Уранчимэг уурлаад намайг “зайлаач пизда минь” гээд хараагаад байсан. Ууганцэцэгтэй хамт явсан залуу нь мах идээд архинаас нэг татчихаад гарсан. Өдөр нь Уранчимэг бид нарт “манай найз Ууганцэцэг наашаа ирж байгаа, нөхөр нь Багануурт амралтын газар нэг хүүхэнтэй байгаа. Нөхрийгөө олох хэрэгтэй байгаа гэж байсан. Намайг хамт явъя гээд байгаа юм. Намайг битгий явуулаарай” гээд байсан юм. Тэр үед Ууганцэцэг Уранчимэгийг “хамт явъя” гээд татаад байсан. Тэгэхэд Оюунжаргал эгч Ууганцэцэгт “хамт олонтойгоо амрахаар ирчихээд байхад чи хүн авч явах гэлээ, өөрөө яв, бид нар амарч байхад амгалан тайван байдал алдагдууллаа” гэж хэлсэн. Тэгэхэд Ууганцэцэг гэрээс гарахгүй зогсоод байсан, бас Уранчимэгийг “хурдал, явъя” гээд байсан. Оюунжаргал эгч Ууганцэцэгийг “чи өөрөө яв” гээд гэрээс гаргах гээд гараас нь түлхсэн. Тэгээд тэр хоёр бие биенийхээ үснээс зууралдаад авахаар нь гэрт байсан хүмүүс очиж салгаад гэрээс гарсан. Удалгүй Оюунжаргал эгчийн үс нь сэгсийчихсэн, нүүрээ маажуулсан байдалтай ороод ирсэн. Ууганцэцэг яваад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ин 34 дүгээр хуудас/,

Гэрч Г.Болортуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн Ноён тур амралтын газар бид ирж, нэг Монгол гэр авч амарцгаасан. Бид нар хоол болон хорхог хийж идээд шөнийн 00 цаг өнгөрч байхад Насандэлгэр эгчийн хамт гэрийн гадна зогсож байтал хамт явсан Уранчимэг зүс таних Ууганцэцэг болон үл таних 2 залуугийн хамт орж ирсэн. Уранчимэг их согтуу байсан. Нэг залуу нь Уранчимэгийг хоргоож чангаагаад байхаар нь Уранчимэгийг “гэр рүү ор” гээд оруулсан. Нэг залуу нь машин руугаа явсан. Ууганцэцэг согтуу байсан бөгөөд үлдсэн нэг залуугийн хамт гэр рүү орсон. Тухайн үед Ууганцэцэг нэг шил архи авчирсан байсан. Тэгэхээр нь тэр архинаас нь өөрсдөд нь хийж өсгөн. Ууганцэцэгтэй хамт орж ирсэн залуу нь гараад явчихсан. Тэгтэл Ууганцэцэг Уранчимэгийг “хамт явъя” гээд байсан. Оюунжаргал эгч Уранчимэгийг “согтуу байна, явуулахгүй” гээд байсан. Түүнээс болоод маргалдаж, зууралдаад Ууганцэцэг Оюунжаргал эгчийг үсдээд авсан. Тэгээд л тэр хоёр хэн хэнийгээ үсдээд маажилцсан. Би болон Бат-Амгалан зэрэг хамт байсан хүмүүс тэр хоёрыг очиж салгасан. Тэгээд гадаа гартал Ууганцэцэг яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Г.Бат-Амгалангийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн Ноён тур амралтын газар ирж амарсан. Бид бүгдээрээ нэг гэрт орцгоож, хоол ундаа хийж идэцгээгээд орой 00 цагийн үед бүгдээрээ унтаж амрах үед гаднаас зүс таних Ууганцэцэг үл таних нэг залуугийн хамт нэг шил архи аваад, лаазтай пиво уучихсан орж ирсэн. Бид нар хоол унд хийж өгсөн. Бид олуулаа байсан болохоор ширээгээ холдуулж, газраар ор засахаар болсон. Гэтэл Уранчимэг “би юм идэж байна, байж бай” гээд согтуурхаад байсан. Уранчимэг тухайн үед бага зэрэг согтсон байсан. Ууганцэцэг бол Уранчимэгийн найз нь байгаа юм. Ууганцэцэг гэнэт Уранчимэгийг явъя гээд байсан. Гэтэл Оюунжаргал эгч “чи өөрөө яв, хамт олноороо байгаа хүмүүс дээр хар холоос шөнө дунд орж ирчихээд хүн авч явах гэлээ” гэж хэлсэн. Тэгтэл Ууганцэцэг “найзыгаа авч явна” гээд тэр хоёр маргалдсан. Оюунжаргал эгч “чи өөрөө гарчих” гэж хэлээд гарнаас нь татсан. Тэгээд тэр хоёр зууралдаж, ноцолдож байгаад хэн хэнийгээ үсдэж зууралдаад гэрээс гарсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.Насандэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн Ноён тур амралтын газар ирж амарсан. Орой 20 цагийн үед Уранчимэг “манай найз Ууганцэцэг нөхрөө хайж наашаа ирж байгаа гэнэ. Намайг хамт хайж өгөөч гээд байна, ирээд явъя гэх юм бол намайг битгий явуулаарай” гээд захиад байсан. Шөнө 01 цагийн үед гэрийн гадна Болортуяатай хамт юм яриад зогсож байсан чинь зүс таних Ууганцэцэг үл таних хоёр залуугийн хамт ирж байсан. Уранчимэг тэд нартай уулзаад хамт ирж байсан. Уранчимэг нэг залуутай зууралдаад согтуурхаад байсан. Ууганцэцэг тэр залууг “машин руугаа явж бай” гээд явуулсан. Тэгээд Ууганцэцэг үлдсэн нэг залуугийн хамт гэр рүү орсон. Удалгүй намайг гэрт ороод унтаж байтал хүмүүс шуугилдаад би сэрсэн. Тэгээд хартал Оюунжаргал, Ууганцэцэг хоёр хоорондоо үсдэлцэж зууралдаад зогсож байсан. Хамт байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Би босоод тэдний араас гартал Ууганцэцэг яваад өгсөн байсан. Уранчимэг гэрээс гараад Ууганцэцэгтэй явна гээд гараад явахаар нь Болортуяа, Болормаа хоёртой явж Уранчимэгийг авчирсан. Уранчимэг тухайн үед согтуу байсан болохоор Ууганцэцэгтэй явах гээд байсан, бид гурав арай гэж авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Г.Ууганцэцэгийн биед баруун хацарт зулгаралт, баруун дал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл, уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж буй хугацаанд тохирч байна. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтэл нь учрах үедээ хохирогчийн амь насанд аюулгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн №09шэ/281 тоот дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Р.Оюунжаргалын биед цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж буй хугацаанд тохирч байна. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтэл нь учрах үедээ хохирогчийн амь насанд аюулгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 09шэ/285 тоот дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шинжээчийн “...Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн гаргасан 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09шэ/281 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Г.Ууганцэцэгийн биед тухайн үед баруун хацар, хамрын угийн баруун хажуу хэсгийн зулгаралт, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 968 тоот дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Шинжээчийн “...Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/285 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Р.Оюунжаргалын биед нүүр, баруун бугалганд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 999 тоот дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шинжээчийн “...Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот дүгнэлт үндэслэлгүй. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 3 эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 968 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Ууганцэцэгийн биед тухайн үед тархи доргилт, баруун хацар, хамрын угийн баруун хажуу хэсгийн зулгаралт, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 1026 тоот дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/,

           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “... Р.Оюунжаргалыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

       Шүүгдэгч Р.Оюунжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноён тур” амралтын газарт “…Уранчимэгийг согтуу байна. Ууганцэцэгтэй хамт явуулахгүй…” гэж Г.Ууганцэцэгтэй маргалдаж үснээс нь зулгааж нүүрийг нь маажин түүний биед тархи доргилт, баруун хацарт хөндлөн байрлалтай 2х0.2 см, хамрын угийн баруун хажуу хэсэгт 2.4х0.2 см зулгаралт, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэнд цус хуралт гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Дээрх хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 968, 999, 1026 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Р.Оюунжаргал нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь түүний “…үсдэлцээд маажсан, би буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг болон Г.Ууганцэцэгийн бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Иймд Р.Оюунжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээ болон бусад зардалд 1.895.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг, 100 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх талаар тус тус хуульчилсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид өгсөн 1 сая төгрөгийг шүүх шүүгдэгчээс гаргуулах боломжгүй.

Хохирогчоос ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангасан эм авсан зарлагын 2 ширхэг баримтаар 264.500 төгрөг, замын зардалд бинзен авсан 7 ширхэг баримтаар 145.900 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн баримтаар 20.000 төгрөг, арьс гоо заслын эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн 400.000 төгрөг, нийт 830.400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, цалин болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлын баримт бүрдэл дутуу байх тул хохирогч нь баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Р.Оюунжаргалын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, түүний ар гэрийн буюу хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээрзүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Рэгзэндавгын Оюунжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Рэгзэндавгын Оюунжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав /5/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун жаран  /960.000/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Р.Оюунжаргалыг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Р.Оюунжаргалаас эмчилгээний болон бусад  зардалд 830.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ууганцэцэгт олгосугай.
  5. Хохирогч Г.Ууганцэцэг нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Шүүгдэгч Р.Оюунжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч Р.Оюунжаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шүүгдэгч Р.Оюунжаргалд урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Оюунжаргалд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ