| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
2023 07 04 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304000720059 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч Э.Х
Хохирогч Ц.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч Н.Н нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны . .дугаар сарын ....-ний өдөр ... аймгийн ........ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн ....... хашаанд оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, З овгийн Н-ийн Н /РД:......../
Шүүгдэгч Н.Н нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр .........дүгээр хороо, .......... хэсэгт байрлах ...... авто засварын гаднаас хохирогч Ц.Б-ийн өмчлөлийн ...... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “........” маркийн тээврийн хэрэгслийг бусдад зарж, борлуулан хохирогчид 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллаганд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...танил ах Ц 2022 оны 09 дүгээр сард манай Багануур дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод байрлах хашаанд өөрийнхөө “...” маркийн тээврийн хэрэгслийг үлдээсэн байсан. Би тухайн үед хорих ангид ял эдэлж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр суллагдсан. Тэгээд би тэр тээврийн хэрэгслийг янзлах гэсэн боловч понп хагарсан, моторын дээд ангийн гавлын жийрэг сэтэрч масло нь холилдсон, хроп нь ухрах араандаа орохгүй, ражатор цоорсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан, мөн сэлбэг ч олдох нь ховор байсан болохоор засаж чадаагүй удсан. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сард хөлөө хугалаад эмнэлэгт хэвтэж байхад Ц ах өөрөө над руу яриад “би машинаа 7.000.000 төгрөгөөр зарчихмаар байна, банкны мөнгө нэхэгдээд байна, хөдөөнөөс төв орох нөхцөл байдаггүй” гэж ярьж байсан юм. Намайг зараад өгөөч гэж ямар нэг байдлаар тулгасан зүйл байхгүй. Тэгээд би хүү С-т уг тээврийн хэрэгслийг “7.000.000 төгрөгөөр зарчихмаар байна, наад машин чинь аавынх машин байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд манай хүү С тухайн тээврийн хэрэгслийг бусдад зарчихсан байсан. Надад гэм буруугийн талаар ямар нэг маргаан байхгүй. Тухайн үед Ц..... надад сэлбэг авах мөнгө гэж 100.000 төгрөгөөр 2 удаа нийт 200.000 төгрөгийг манай эхнэрийн дансаар шилжүүлсэн бөгөөд 100.000 төгрөгөөр нь помпны хайлш гагнуулсан, 100.000 төгрөгөөр 6 ширхэг сэвчээ, маслын шүүр, түлхүүр багаж зэрэг эд зүйлс аваад дууссан. Одоогоор 500.000 төгрөгийн хохирол төлсөн, би хохирлоо барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллаганд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2022 оны 4 дүгээр сард өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай “Ford explofer” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн аав Ц-д авч ирж өгсөн. Тэгээд машиныг маань аав ашиглаж байгаад 2022 оны 9 дүгээр сард тос масло нь холилдчихсон гээд айлын хашаанд засуулахаар үлдээсэн гэж байсан. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сард ааваар дамжуулж Н гэх хүнээс машин янзлагдаж байгаа талаар асууж тодруулахад “одоо янзалж дуусч байна” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сард аав над руу залгаад “Н машиныг бусдад зарсан байна, би цагдаад бүртгүүлсэн, өөртөө чинь холбогдох байх” гэсэн. Би машинаа 2019 онд “Да хүрээ” захаас 20.000.000 төгрөгөөр авч байсан. Би машинаа 20.000.000 төгрөгөөр үнэлж байна, би гомдолтой байна, хохирлоо авмаар байна. Миний бие тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцлаа. Миний бие хохирлоо бэлэн мөнгөөр нь барагдуулж авмаар байна. Миний машин задаргаанд орж анхны биет байдал нь алдагдсан байх тул тухайн тээврийн хэрэгслийг буцаан авахад надад хохиролтой байна гэж үзэж байна. Ийм учраас би хохирлоо мөнгөн хэлбэрээр нь барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Ц-ын өгсөн “...Би 2021 оноос хойш өөрийн төрсөн хүү Ц.Б-ийн эзэмшлийн ... УНЦ улсын дугаартай мөнгөлөг сараал өнгийн “.......” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сард эвдэрчихээр нь Багануур дүүргийн .......... байрлах Н гэх хүний хашаанд авч ирж Наранхүүгээр засуулахаар болоод үлдээсэн юм. Тэгээд түүнээс хойш утсаар холбогдоод машин засаж дуусаж байгаа эсэхийг асуухаар “би машиныг чинь янзалж байна, бараг засвал авахгүй юм шиг байна” гэсэн зүйл яриад өнгөрөөдөг байсан. Тэгж явсаар байгаад 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ирж машинаа үзэх гэхэд байхгүй байсан. Тэгээд Н-с машин хайчсан талаар асууж тодруулахад “манай хүүгийн засварын газар байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүгийнх нь засварын газар болох Багануур дүүргийн ........ хэсэгт байрлах засварын газарт очиж хүү С-тай уулзахад “таны машиныг задаргаанд зарчихсан” гэж хэлсэн. Тухайн үед Н хамт явж байсан тул би яагаад зарсан юм бэ? гэж асуухад “би чиний машиныг 6.000.000 төгрөгөөр задаргаанд зарчихсан” гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн тээврийн хэрэгслийг зарах талаар би Н-тэй огт ярилцсан зүйл байхгүй. Бид нарт мөнгө төгрөг өгч авалцсан зүйл огт байхгүй. Манай 2019 онд энэ машиныг 20.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би Н-д 2023 оны 01 дүгээр сард утсаар ярихдаа “би машинаа янзлуулчих юм бол Улаанбаатар хот руу очиж зарах санаатай байна” гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 01 сарын сүүлээр Н над руу залгаад “таны машиныг 3,500,000 төгрөгт авах хүн байна, та өгөх үү?” гэсэн. Тэгээд нь би “би юу гэж 3,500,000 төгрөгт өгдөг юм бэ, ядаж 10 гаран сая төгрөгөөр зарагдахаар машин, надад 7,000,000 төгрөгийн хэрэг байгаа” гэж хэлж байсан. Гэхдээ би Н-г надад наад машинаа зараад өгөөч гэж огт хэлээгүй. Тэгтэл надад хэлэлгүйгээр миний машиныг бусдад зарж борлуулсан бөгөөд надад огт мөнгө өгөөгүй, зарсан талаараа ч огт хэлээгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-р хуудас/
Гэрч Н.С-ын өгсөн “...2022 оны 09 дүгээр сард Багануур дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоотод байрлах хашаанд мөнгөлөг саарал өнгийн “Ford explofer” маркийн тээврийн хэрэгслийг 2 эрэгтэй хүн авч ирсэн бөөгөд эвдэрчихсэн, чирж оруулсан. Тэгээд юун машин талаар ааваас тодруулахад “аав нь хүнээс авсан машин юм аа” гэсэн. Тэгээд манай хашаанд хэсэг байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын эхээр Багануур дүүргийн .......... авто засварын гадаа авч ирж байрлуулсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын дундуур “........г” маркийн тээврийн хэрэгслийг “Д Б” нэртэй фейсбүүк эзэмшигчид 3,000,000 төгрөгөөр задаргаанд зарсан. Өөр хүмүүстэй ямар нэгэн асуудалтай гэдгийг нь огт мэдээгүй бөгөөд би 2.500.000 төгрөгийг нь хүмүүсийн өрөнд өгсөн, 500.000 төгрөгийг нь аавд өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь усгүй, халаачихсан, хөдөлгүүр нь асахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 24-р хуудас/
Гэрч Д.М-ын өгсөн “...2023 оны 02 сард /өдрийг нь тодорхой санахгүй байна/ “Ford explofer” маркийн тээврийн хэрэгслийг нэг хүнд зарсан юм. Тэгээд миний данс руу 3,000,000 төгрөг хийлгээд миний картыг аваад тухайн үед хэд хэд хувааж аваад дуусгасан. Н.С нь ажил дээр хамт байхдаа миний хажууд хотоос ирсэн хүнд машин зарсан. Тухайн хүн ачилтын машин авч ирээд машиныг аваад явсан бөгөөд машин зарсан мөнгө гэдэг нь ойлгомжтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
Гэрч Ц.Р-ын өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сард өөрийн аав Б.Ц-ын ашиглаж байсан “Ford explofer” маркийн тээврийн хэрэгслийг .......... тоотод байрлах Н гэх хүний хашаанд портер маркийн тээврийн хэрэгслээр чирч очоод үлдээсэн юм.... тэгээд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аав бид хоёр Н гэх хүнтэй ирж уулзахад дээрх тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
Гэрч Д.Б-ийн өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк хуудсанд “...” нэртэй фейсбүүк хаягаар хөдөлгүүр зуурсан “Ford explofer” маркийн тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр зарна гэсэн зар байршуулсан байсныг хараад фейсбүүк нэршилтэйн холбогдож Багануур дүүрэгт очиж авто машин засварын гадна очоод 20 гаран насны эрэгтэйтэй уулзаад саарал өнгийн форд эксплорер маркийн тээврийн хэрэгслийг 3,000,000 төгрөгөөр худалдаж аваад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны хашаанд авч ирсэн. ... намайг худалдаж авахад мотор нь цохисон гэж байсан. Би асааж үзээгүй. Мөн янданг нь тайлаад авчихсан байсан. ...тухайн тээврийн хэрэгслийн дугаар, гэрчилгээг тухайн залуу хасалт хийлгэнэ гээд аваад үлдсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн .. УНЦ улсын дугаартай гадна талаас нь харахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй. “Ford explofer” маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/
“Сэлэнгээстимэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 130-1 нэмэлт “...Үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 17,000,000 төгрөгөөр тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-61-р хуудас/
Шүүгдэгч Н.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-92, 95-99, 104-110-р хуудас/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай тогтоол /хх-ийн 101-р хуудас/
Шүүгдэгч Н.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, Багануур дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг, жолоочийн лавлагаа /хх-н 80-90-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Н.Н-ээс 17.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгуулахаар…” гэсэн дүгнэлт
Хохирогчоос “...хохирлоо барагдуулчихвал гомдолгүй...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хуулийн зүйл ангитай маргахгүй, тодорхой хэмжээгээр ажил хийгээд явж байгаа учраас хохирогчтой хохирол төлбөр төлөх талаар гэрээ хийгээд явж байгаа. Хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн, сар бүр хохиргчид 500.000 төгрөг өгье гэж ярилцсан...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...буруу юм хийсэндээ гэмшиж байна, хохирлыг барагдуулахын төлөө ажиллана үйлдсэн хэрэгтээ гэм буруутай, би гэмшиж байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Н-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээ эдэлсэн болно.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч Н.Н нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ........... хэсэгт байрлах “Маргад” авто засварын гаднаас хохирогч Ц.Б-ийн өмчлөлийн .......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “..........” маркийн тээврийн хэрэгслийг бусдад зарж, борлуулан хохирогчид 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэл, итгэлцлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Н.Н-ийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Н нь бусдын өмчийг буюу хохирогч Ц.Б-ийн хадгалуулж үлдээсэн автомашиныг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Н-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчид учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Н-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогчоос “...17.000.000 төгрөг нэхэмжилснээс 500.000 төгрөгийг төлсөн, одоо 16.500.000 төгрөгийн хохиролтой, хохиролоо барагдуулчихвал гомдолгүй...” гэсэн нэхэмжлэл гаргажээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Н-ээс 16.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгох нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт,
Хохирогчоос “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял өгөөд ажлыг нь хийлгээд Багануур дүүргээс гаргахгүй ажиллуулаад цалин хөлс аваад, хохирогчид мөнгө төгрөг төлөөд явж байвал хэн алинд нь ашигтай юм боловуу, хоригдоод явахаар хохирол төлбөрөө ч төлж чадахгүй хүмүүсийн гомдол ч барагдахгүй ийм байдалд хүрэх болов уу гэж бодож байна. Тийм учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулж гол нь хохирол төлбөрийг барагдуулах тал дээр анхаарч өгөөч гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...ажил хийх боломжоор хангавал хохирол төлбөрөө барагдуулна...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.Наранхүү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөр төлөхөө илэрхийлж тодорхой хэсгийг төлсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд Шүүгдэгч Н.Н-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч ..........д 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Н-д анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...........-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..........-г нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-д шүүхээс оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ...тоот хашаанд оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг Н.Н-д тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ......... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Н-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.Н-ээс арван зургаан сая таван зуун мянган /16.500.000/ төгрөгийг гаргуулж хохирогч .............д олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ