| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2019/01579/И |
| Дугаар | 182/ШШ2019/02117 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2019/02117
| 2019 12 02 | 182/ШШ2019/02117 |
|
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Л.Б,
Хариуцагч: Б.М нарт холбогдох.
Зээлийн гэрээний үүрэгт 37.180.610 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн нарын өмгөөлөгч Ч.Б, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Л.Б, Б.М нар нь “Х” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1010021486 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 34.500.000 төгрөгийг жилийн 20.5 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 732.894 төгрөг, зээлийн хүүд 26.379.412.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.107.47 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1010021486 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 175 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1010021486 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 12 сарын 25-ны өдрийн 1010021486-01 дугаар Барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан.
Л.Б-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007032 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000373192 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байр, 39 тоот хаягт байршилтай, 18 м2 талбайтай 1 өрөө орон сууц юм. Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1010021486 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33.767.106 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хүү 3.412.035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.469 төгрөг, нийт 37.180.610 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Б, Б.М нар нь 2014 оны 12 дугаар сарын 24-нд “Х” ХХК-аас 34.500.000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд 2018 оныг дуустал үндсэн зээл болон зээлийн хүүнд нийт 27.112.306.58 төгрөгийн төлсөн. Л.Б, Б.М нар нь ажлаасаа гарснаар үргэлжлүүлсэн зээлээ төлж чадахгүй болсон гэхдээ дахин ажилд орж зээлийн гэрээний үлдсэн хугацаа болох 2034 он хүртэл үндсэн зээлээ төлж барагдуулах хүсэлтэй байна. Ийм учраас зээлийн гэрээний хугацааг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь Л.Б, Б.М нараас 1010021486 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33.767.106 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хүү 3.412.035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.469 төгрөг, нийт 37.180.610 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 33.767.106 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хүү 3.412.035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.469 төгрөг, нийт 37.180.610 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1010021486 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцлах тухай шаардлага нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээг 20 жилийн хугацаатай байгуулсан, зээлийн гэрээнд зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн эсхүл бүрэн төлөөгүй гэж заасан гэрээний хугацаа дуусаагүй тул гэрээний хугацаандаа зээлээ төлөх учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Л.Б, Б.М нар нь нэхэмжлэгч “Х” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1010021486 тоот зээлийн гэрээ байгуулж, 20,5 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, 34.500.000 төгрөгийг, орон сууц худалдан авах зориулалтаар “Х” ХХК-иас зээлдэн авсан байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.
Л.Б нь тус банканд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16 дугаар хороолол, 68 дугаар байр 39 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Ү-2204007032 улсын бүртгэлийн дугаартай, өмчлөх эрхтэй, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 33.767.106 төгрөг, зээлийн хүү 3.412.035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.469 төгрөг, нийт 37.180.610 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б, Б.М нараас үндсэн зээл 33.767.106 төгрөг, хүү 3.412.035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.469 төгрөг, нийт 37.180.610 /гучин долоон сая нэг зуун наян мянга зургаан зуун арван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.Б, Б.М нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 байр, 39 тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Ү-2204007032 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 414.054 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 414.054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН