Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

 

 

2023         07            04                                         2023/ШЦТ/66

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000040 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Б.Н

Улсын яллагч                                                    З.Х

Хохирогч                                                                   Б.С

Хохирогчийн өмгөөлөгч                                        Х.А

Шинжээч                                                                   Н.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Ш.А

Шүүгдэгч                                                                   Х.Т нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 20... оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамтаар Нийслэлийн ...... дүүргийн ..... дугаар хороо ........ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............... /РД:......./

            Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Нийслэлийн ............ дүгээр хороо, Хүний хөгжлийн ордны зүүн тал хохирогч Б.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн хэсэгт чулуугаар цохиж, биеийн эрүүл мэндэд нь баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Х.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, нийтийн байрны урд талы сааданд найз М-ийн хамт сууж байсан. Тухайн надад зодуулсан гэх залуу архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байдалтай хүрч ирсэн. Тэгээд тухайн хүн “чи Халиунаатай уулзмаар байгаа юмуу” гэхэд нь би “Үгүй, надтай угаасаа уулзахгүй байх, тийм болохоор би явлаа” гэж хэлсэн. Тэгвэл “би танай Х-г чинь дуудчих уу, намайг дуудахад гүйгээд л ирнэ” гэх зүйл ярихаар нь би “тэгвэл дууд л даа” гэж хэлсэн. Тэгээд найз М-г гэр лүү нь оруулчихаад Хэрлэн дэлгүүрийн урд талын автобусын буудал дээр надад цохиулсан С гэх залуу таньдаг хүнтэйгээ таараад утсаар нь Х-тай ярьсан. Тэгээд бид хоёр Х-гийн ажил руу явж байсан бөгөөд  “Хүний хөгжлийн ордон” гэх газрын зүүн талд явж байхад Х ирсэн. Тэгэхээр нь би Х хандан “чи арай ч дээ, дуудахад нь ирчихэж байгаа юмуу” гэж хэлэхэд Х “чи зүгээр яваад өгөө” гэж надад хэлсэн. Тухайн үед С гараараа миний биенд хүрээд дагз луу хөнгөн алгадаад байхаар нь “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи намайг чи гэдэг хэн бэ” гэж хэлээд миний малгайтай цамцны араас татаад гараараа толгой хэсэг лүү цохих үед би хажуу тийшээ болоод бултчихсан юм. Тухайн үед Халиунаа ажил руугаа зугатаачихсан. Тэгээд С намайг хоёр хөлнөөс давхар хамсан бөгөөд яг тухайн үед би баруун өвдгөөрөө толгой хэсэг лүү нь өвдөглөсөн. Тэгээд бид хоёр газар унаад зууралдаад байж байтал С миний дээр гарчихаад зууралдаад  байхаар нь би доор нь хэвтэж байгаад хажууд байсан чулууг аваад толгой руу нь цохисон юм. С тохойгоороо нүүр хэсэг дээр дарах үед нь би гараараа толгой хэсэг лүү нь нэг удаа цохисон. Тэгээд би толгойг нь сугандаа хийж  хавчсан байхад хажуугаар хүүхэд явж байхаар нь “ахдаа цагдаа дуудаад өгчих” гэхэд тухайн хүүхэд цагдаа руу залгаад надад утсаа өгсөн. Тэгээд цагдаа дуудсан ба цагдаагийн алба хаагчид ирэн, иртэл би С-ын толгойг сугандаа хавчуулаад байж байсан. Тэгээд цагдаа нар ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19-р хуудас/

              Хохирогч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ...........т хамт ажилладаг байсан найз охиныг нь дуудаад өгөх үү, дуудаад уулзвал та хоёрт эвлэрэх боломж байгаа гэсэн юм. Тэгээд байж байтал Т-ын найз охин гарч ирээд Т-ыг “чи яагаад дахин дахин ийм тийм юм яриад байгаа юм бэ” гээд маргалдсан. Тэгээд тэр байдлаас болоод ......... бид хоёр маргалдаад удалгүй цагдаа ирээд Тыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед тамхи дуусцан байсан тул тамхи авах зорилгоор гадагшаа гараад Багануур дүүргийн 3 дугаар хороо Уурхайн нийтийн байрны урд талын сааданд манай ажлын газрын эмэгтэй болох Х-ийн хуучин найз залуу гэх хүнтэй таарсан. /Тухайн хүн 2,3 өдөр ажил дээр ирсэн/ Тэгээд тэр залуу “Би Х-д хайртай, бид 2 3 жил гаруй үерхэж байна” гэж хэлэхээр нь “Би тэгвэл Х-г чамтай уулзуулъя” гэж хэлсэн. Тэгээд утсаа ажил дээрээ үлдээчихсэн байсан учраас Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хэрлэнгийн автобусны буудал дээр очиж таньдаг хүний утсаар Х луу залгаж дуудаад ажил руу алхаж байх замд 71 дүгээр байрны хажууд Х өөдөөс ирж байсан. Тэгээд Х Т гэх залуутай уулзаад “Чи болчихооч, яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ? чамтай уулзахгүй гээд байхад” гэх зүйл хэлэхээр нь би хажуунаас нь Т-т хандан “Энэ хүн чинь ийм юм яриад байна, чи больчихож болдоггүй юм уу? гээд өөр тийшээ хараад зогсож байсан чинь гэнэт миний баруун нүд лүү нэг хүнд юмаар цохисон. Тэгээд унагаагаад зууралдаад байж байхад цагдаа нар ирээд салгасан.

              2022 оны 03 дугаар сарын 06-ны орой манай ажил дээр ирээд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээд байсан ба тэр үед би Х*д “Чи тэр ширээн дээр сууж байгаа хүний тооцоог аваарай” гээд мөрөн дээр нь гараа тавихад Т гэх залуу хүрч ирээд “Чи миний эхнэрийн левчикны мөрийг яагаад эмтрээд байгаа юм” гээд над луу уурлахаар нь “Би эхнэр хүүхэдтэй хүн, танай эхнэрийн левчикны мөрийг ч оролдоогүй” гэх зүйл ярьж хальт маргалдаад салсан юм. Тэгээд тэрнээс хойш өдөр болгон Т гэх хүн ажил дээр ирээд ажил хийлгэхгүй, баарны үүдэнд зогсчихоод бар луу орж үйлчлүүлэх гэж байгаа хүмүүс лүү “Наад лалрын бар луугаа орж яах гээд байгаа юм” гэх мэтээр орилоод байсан. Миний толгой руу 1 удаа хүнд юмаар л цохих шиг болсон. Тэрнээс бол яг юугаар цохисон эсэхийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

              Гэрч Т.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчим манай ажлын С “Наран” гэх цайны газрын хажууд талд дуудсан бөгөөд тэгэхээр нь “Яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд хальт гараад ирээ гэж хэлсэн. Тэгээд Нарангийн хажууд очиход манай хуучин найз залуу Т цуг зогсож байсан юм. Тэгэхээр нь би С-т хандан “Тайширтай уулзуулах гэж намайг дуудсан юмуу” гэхэд “Т чамтай хэдэн зүйлийн талаар ярилцая гээд байна” гэж хэлсэн. Тэгээд Нарангийн хажуу талд ногоон байрны урд талд очсон. Т буцаад нийлье гэхээр нь би үгүй гэх мэтийн зүйлс ярьж байхад С хажуунаас “Наад охин чинь чамтай нийлэхгүй гээд байгаа юм биш үү” гэж хэлэхэд нь С, Т 2 барьцалдаад авсан. Тэгээд би ажил руугаа гүйсэн. Т бид 2 жил гаруй үерхсэн. Тэгээд ер нь их ядаргаатай байдаг. Салчихсан юм байж хойноос дандаа мөрдөж мөшгиж байдаг. С архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэчихсэн байсан бөгөөд ............ эрүүл байсан. Тэгээд тэр хоёр зодолдох юм бол Т эрүүл байсан учраас дийлэх нь ойлгомжтой бөгөөд С-ыг зодчихоод намайг хаашаа ч хамаагүй аваад явчих магадлалтай хүн байгаа юм. Тэгээд би айсандаа ажил руугаа гүйсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/

              Гэрч М.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С нь манай эмнэлэгт 2 удаагийн мэс заслын эмчилгээ хийлгэсэн. С нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирж үзүүлсэн байсан. Анх манай үзлэгийн эмч үзээд дээрх оношийг тавьсан байсан ба шинэвтэр гэмтэл байсан. Шинэвтэр гэмтэл гэдэг нь 1 сарын дотор учирсан гэмтлийг ойлгоно. Гэмтэл авсан нүдний хувьд юм харах чадваргүй. Харааны үйл ажиллагаа алдагдсан гэж үзнэ. Цаашид ямар ч байдлаар хараа сайжрах боломжгүй. Гэмтсэн нүд нь харах чадвараа бүрэн алдсан болохоор хүнд гэмтэлд хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-н 217-218-р хуудас/

              Гэрч М.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эмнэлэгт торлогийн нарийн мэргэжлийн эмч байхгүй учир “Болор мэлмий” эмнэлгийн торлогийн эмч М эмч рүү явуулсан. Манай дээр үзлэг шинжилгээ хийлгээд битүү гэмтэлтэй байсан учир үрэвслийн дусаалга дусаахаар аваад явуулсан. Гарын хөдөлгөөн мэдэрнэ гэдэг нь юм хөдөлж байгааг харах болохоос биш юу хөдөлж байна, хэдэн хуруу байна гэдгийг харах боломжгүй гэсэн үг. Миний бодлоор урагдал гэмтэл нь харааны төвөө дайрсан байсан болохоор сэргэлт бол маш муу байна байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 220-221-р хуудас/

               Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаартай “...Үзүүлэгч Б.С-ын биед Баруун талын ухархайн дотор хана самалдгийн хөндийр үү цөмөрсөн хугарал, самалдгийн хөндий болон зүүн талын духны хөндийд цус хуралт, баруун нүдний ухархайн дээд хана духны хөндий рүү сэлтэрсэн, доод хана хоншоорын хөндий рүү цөмөрч сэлтэрсэн хоншоорын өмнөд хана ухархайн доод хананаас доош үргэлжилсэн шугаман хугарал. Баруун хоншоорын хөндийд цус хуралт, баруун талын хацар зөөлөн эдийн гэмтэл, тархины доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Үзүүлэгч Б.С-ын биед учирсан баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дээд доод хана, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл хамрын таславч мурийлт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний хараа бууралт нь хагалгаанд орсны дараа эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Одоогоор хараа бууралт хувь тогтоох боломжгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-25-р хуудас/

              Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дугаартай “...Б.С-ын биед баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Урьд гаргасан 160 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байжээ. Баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл нь дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод зовхины язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, алимын салстын цус харвалт гэмтлүүдтэй цуг, нэг цаг хугацаанд үүссэн байна. Б.С-ын баруун нүд хараагүй болсон байх ба баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал гэмтлийн үед цаашид эмчилгээний үр дүн муутай байдаг. Баруун нүдний гэмтлүүд, нүдний хараагүйдэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 35 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1р хх-н 234-237-р хуудас/

              Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай “...Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 160 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй, хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №111 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.С-ын биед баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 35 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.С-ын биед учирсан баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл гэмтэл нь дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхины язарсан шарх, дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус харвалт гэмтлүүдтэй цуг, нэг цаг хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1-р хх-н 247-250-р хуудас, 2-р хх-н 1-р хуудас/

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “...7.5 см урттай, 5.5 см өргөнтэй 1 ширхэг чулууг эд мөрийн баримтаар тооцов...” тогтоол /1-р хх-ийн 9-р хуудас/

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 64-66-р хуудас/

              Шүүгдэгч Х.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 65-р хуудас/

              Х.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 57-65-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Х.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

 Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруугийн тал дээр улсын яллагчтай санал нэг байна. Хохирол төлбөрийн хувьд нийтдээ гарсан урсгал зардлууд нь /хх-ийн 87/ 1.747.000 төгрөгийн Е баримттай эмчилгээний баримт, /хх-ийн 137/ 29.335 төгрөгийн баримт байна, /2р хх-ийн 14/ 5.000.000 төгрөгийн баримт, Нийт гарсан зардал нь: 42.550.750 төгрөг үүнээс хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа нь 25.711.000 төгрөг, эрүүл мэнд эмчилгээний зардал нь 5.000.000 төгрөг, Цалингийн зардал 12.000.000 төгрөг, 3.600.000 онгоцны зардал, өмгөөллийн зардал 5.000.000 төгрөг байгаа. Үлдэгдэл 15.600.000 төгрөг нь цэвэр эмчилгээний зардалд гарсан мөнгөн дүн байгаа...” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...Хүнд машин механизмийн оператороор суралцаж байсан хэрвээ энэ мэргэжлээрээ төгсөөд ажиллалаа гэхэд баруун талын зүйлээ харах боломжгүй байгаа. 30 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хугацааа алдахгүй эмчилгээ хийлгэсэн бол өшөө сайн 95 хувийн харааны алдагдлаа хүлээгээд авчихсан байх байлаа. Хагалгаанд орсон бол илүү сайжрах магадлалтай гэж байсан, эхнээсээ хагалгаанд оруулна гэчихээд мөнгө төгрөг зардал өгөхгүй хүлээлгээд хугацаа алдуулсан. Мөнгө өгнө гээд мөнгө ирээгүйгээс болоод эмчилгээгээ хийлгэж чадаагүй, зөвхөн шинжилгээ хийлгээд ирсэн. Нүдэндээ 2 удаа хагалгаа хийлгэж, хамрын хагалгаанд 2 удаа орсон,  нийт 5 удаа хагалгаанд орсон. Хугацаандаа амжиж хагалгаа хийлгэхгүй бол хараа сайжрахгүй гээд хэлээд байсныг авч хэлэлцэхгүй, ойлгохгүй байгаад гомдолтой байна. Хар бор ажил хийе гээд ажил хийхээр хүнд юм өргөж болохгүй заалттай. Онгоцоор нисч болохгүй гээд хугацаа алдаж байгаа ажил хийхгүй жил гаран болж байгаа мэрэгжлээрээ ажиллах боломжгүй болж байна...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, зүйлчлэл тохирсон байна гэж үзэж байгаа учраас гэм буруу дээр тайлбар байхгүй. Хохирлын хувьд Шүүхийн шийдвэрийн практикт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчийн зардал ордоггүй. Иймээс өмгөөлөгчийн хөлс болох 5 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөөч, цалингийн 12 сая төгрөгийг олох ёстой орлого гэж байна. Энэ бол тодорхой шинжээчийн дүгнэлтээр батлагдана, дээр нь нийгмийн даатгалын хуулга, дундаж цалин хэд гэдэг нөхцөл байдлаар шийднэ, тэгэхээр энийг бас гаргах боломжгүй. Нийт 7.698.165 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна үлдэгдлийг гаргах боломжгүй иргэний  хэрэг хянан шийдвэрлэх журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөөч...” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчээс “...хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж байна, хохирол төлбөр барагдуулна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Т-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хүний хөгжлийн ордны зүүн талд хохирогч Б.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт чулуугаар цохиж, биеийн эрүүл мэндэд нь баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Т нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Х.Т нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт чулуугаар цохиж зодсон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүнд хохирол болох нь шинжээчийн “Б.С-ын биед баруун нүдний шар толбоны цус харвалт, цооролт, судсан бүрхүүлийн язрал, нүдний хараагүйдэл, дух ясны баруун хөндийн өмнөд ялтас, ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, доод зовхинд язарсан шарх, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстад цус харвалт, баруун хоншоор ясны өмнөд ба дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Баруун нүдний гэмтлүүд, нүдний хараагүйдэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 35 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарнагэсэн 111 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Т-ын үйлдэл нь хохирогч Б.С-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч ..........ийн түргэн уур уцаар  нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Х.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч .............ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч талаас хохирол төлбөртэй холбоотой дараах баримтууд: Эмнэлэгт үзүүлсэн, мэс засал хийлгэсэнтэй холбогдох зардлын жагсаалт болон холбогдох баримтууд хавсралтаар 2.669.750 /1-р хх-н 87-102/, “Солонго хараа” ХХК-ны “Эмчлүүлэгчийн тодорхойлолт” /1-р хх-н 122/, Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-н 123-127/, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Томографикийн шинжилгээ хийлгэсэн тухай баримтууд /1-р хх-н 128-131/, Солонго нүдний эмнэлэгт үзүүлсэн тухай баримтууд /1-р хх-н 132-135/, “...Цалин 2.400.000 төгрөг, эмчилгээний зардал 6.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 нийт 13.400.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэсэн хүсэлт /1-р хх-н 136/, Болор мэлмий нүдний эмнэлэгийн тодорхойлолт /1-р хх-н 139/, Ажлын газрын тодорхойлолт /1-р хх-н 140/, Б.С-ын хийлгэсэн, цаашид хийлгэх шаардлагатай нүд, хамрын мэс заслын мэдээлэл /1-р хх-н 183-200/, Б.С-ын нүдний эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 14/, Эмчилгээний төлөвлөгөө, урьдчилан нэхэмжлэх тухай /2-р хх-н 15-20/, Улаанбаатар Истанбул нислэгийн тийзний баримт /2-р хх-н 21-22/, Истанбул-Улаанбаатар нислэгийн тийзний баримт /2-р хх-н 23-24/, Мэс заслын нарийвчилсэн мэдээлэл /2-р хх-н 26/ зэрэг баримтуудыг ирүүлсэнийг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.

Дээрх хохирол төлбөртэй холбоотой баримтуудаас дараах баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэв Үүнд: Б.С-ын эмнэлэгт үзүүлсэн, мэс засал хийлгэсэнтэй холбогдох зардал болох 2,669,750 төгрөг /1-р хх-н 95-102/ нүдний эмчилгээний зардалтай холбоотой буюу торлог ховхролтын мэс засалтай холбоотой зардал 1.240.000 төгрөг /2-р хх-н 14/, Улаанбаатар-Истанбул нислэгийн 2 талын  тийзны үнэ 3.400.700 төгрөг, турк улсад эмчилгээ хийлгэсэн зардал 388.415 төгрөг  нийт 7.738.865 төгрөг  баримтаар тогтоогдсон бусад бичгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Т нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирол 7.738.865 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 1.000.000 төгрөг нийт 8.738.865 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хохирогчоос гаргасан 42.643.450 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх өмгөөлөгчийн хөлс, цалин хөлсний орлого, мэс засал хийлгэх зардал зэрэг 33.904.585 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж хохирогч Б.С нь Х.Т-аас цаашид гарах эмчилгээний зардал болон түүнтэй холбоотой гэм хорын хохиролоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Улсын яллагчаас “…Х.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...анх хохирол төлбөр ерөөсөө өгөөгүй. Ээжтэйгээ 2 дүүтэйгээ амьдардаг хохирол төлбөр төлөх боломжгүй гэдэг байсан. Миний хувьд олон дахин хагалгаанд орж, олон удаа наркозод ороод байгаа. Одоо нүдний хагалгаанд орно, сорвины эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний зардал хэрэгтэй байна гэхээр машин авах уу зурагт авах уу гэдэг. Одоо ял оногдуулах болохоор ар гэр нь ажилтай, төрөлтэй төлөх боломжтой гээд байна. Миний эмчилгээнд болохоор өгөх дургүй байгаа. Би төлбөр мөнгөнөөс болоод тухайн цаг хугацаанд нь хагалгаанд орж чадахгүй юмыг удаашруулж байгаа. Хэзээ нэгэн цагт нөгөө нүдний хараанд нөлөөлөөд хоёр нүд хоёулаа харахгүй болчихвол яах билээ би маш их гомдолтой байна...” гэсэн дүгнэлт

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Хохирол барагдаагүй ийм байдалтай байхад торгох ял эдлэх гэдэг эргэлзээтэй байгаад байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй тусгуулах саналтай байна. Шүүгдэгч талаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй байдаг. Хохирол төлбөрөө төлж чадахгүй байгаа ийм нөхцөлд торгуулийн ял санал болгож байна энэ маань өөрөө хэр зэрэг зохимжтой ял юм. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой гэж харахгүй байна. Шийтгэх тогтоолд боломжтой байх санкц сонгосон байхыг харгалзан үзээсэй гэж хүсч байна. Хохирол бүрэн гүйцэт барагдаагүй цаашид хичнээн эмчилгээ сувилгаа хийлгэх билээ үнэхээр торгуулийн ял цаг үеэ олсон уу, биелэгдэх боломжтой юу гэдэг дээр эргэлзээтэй байна...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...бидний зүгээс мэдээж гэм буруу дээр маргадаггүй. Хохиролд өмнө нь 1.000.000 төгрөг төлснийг дурдаад мөн гэм буруугийн шүүх хуралдаанаар 7.738.868 төгрөгийн баримтаар гарсан бодит хохирлыг төлсөн гэж харж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж харж байна. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Дээр нь миний үйлчлүүлэгч эрүүл байсан. Манай үйлчлүүлэгчийн хувьд ээж, аав нь тодорхой эрхэлсэн ажилтай, 8 сая төгрөгийн хохирлыг 5 хоногийн хугацаанд төлж барагдуулсан.  Торгох ялыг хамгийн багаар 10 сая төгрөгөөр оногдуулж, ЭХ-ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр даалгаж өгөөч гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...хохирогчоос уучлалт гуйхыг хүсч байна. Цаашид сурч боловсормоор байна, гэм буруугаа үнэхээр ойлгосон. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсч байна. Хохирол төлбөрт боломжоороо тусална...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгч Х.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар тогтоогдсон хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, ........... курсын оюутан зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Х.Т-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас хорих ялыг сонгон хэрэглэж, түүнд хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг дээрхи нөхцөл байдалд үндэслэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд Х.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.5 см урттай, 5.5 см өргөнтэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах, эмнэлэгт үзүүлсэн 8 хуудас баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ..................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. овогт ................г хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Т-т оногдуулсан хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Т нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8.738.865 төлсөн болохыг дурдаж, үлдэх 33.904.585 төгрөгийн хохиролын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахыг, эмнэлэгт үзүүлсэн 8 хуудас баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 7.5 см урттай, 5.5 см өргөнтэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус мэдэгдсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Х.Т-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд заасан журмаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Тайширт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ