| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2016/00141/э |
| Дугаар | 2016/ШЦТ/64 |
| Огноо | 2016-09-26 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2016/ШЦТ/64
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Энхтөрд холбогдох эрүүгийн 201601070194 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Шинэхүү
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн
Хохирогч Д.Балданпүрэв
Хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгч Ө.Энхтөр нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Монроуд ХХК-нд хүнд машин механизмын оператороор ажиллаж байсан, ам бүл 3, хамтран амьдрагч Ням-Эрдэнэ болон хүүхдийн хамт, Улаанбаатар хот Багануур дүүрэг 5 дугаар хороо, Нарийны 3 дугаар гудамжны 12 тоотод түр оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр баг, Замын улаан гэх газарт оршин суух хаягтай/ ял шийтгэлгүй, ЗН81112215 дугаарын регистертэй, Рааш овгийн Өлзийбаярын Энхтөр
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ө.Энхтөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 6-ны шөнө 23-24 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах Наадмын талбай дээр Д.Балданпүрэвийг өөрийн эхнэр Н.Ням-Эрдэнэтэй хардаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархай гадна дээд хэсэг, хажуу хэсэг, ухархайн дотор хана, хамар ясны хугарлууд бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 8 сарын 6-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны наадмаар манай эхнэр Ням-Эрдэнэ нь хохирогч болох Балданпүрэвийн эгчтэй нийлж гэр барьж хуушуур хийсэн юм. Орой нь бид нар архи ууж, 23 цагийн үед би майханаас гарч ирэхэд Балданпүрэв манай эхнэртэй хамт ойрхон зэрэгцээд сууж байхаар нь хардаад Балданпүрэвийг нэг удаа алгадсан. Өөр зүйл болоогүй, хохирогчоос уучлалт гуйж байна, цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлнө. Хохирогчид нийт 1.480.000 төгрөг өгсөн... гэв”
Хохирогч Д.Балданпүрэвийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эгч нь Энхтөрийн эхнэртэй нийлж хуушуур хийсэн юм. Бид нар наадмын талбай дээр барьсан хуушуурын гэрт архи, пиво ууцгаасан. Би согтсон хүмүүсийг унтуулаад явж байтал гадаа Энхтөрийн эхнэр Ням-Эрдэнэ нь орилж хашгираад байхаар нь түүн дээр очиж “яасан” талаар асуугаад байж байтал хажуунаас шууд Энхтөр ирээд үг дуугүй миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Эмчилгээний зардал 1.480.000 төгрөг авсан учраас гомдолгүй, одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв”
Мөрдөн байцаалтад гэрч Н.Ням-Эрдэнийн мэдүүлсэн: “...2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баяр наадмаар нөхөр Энхтөр бид хоёр манай ажлын газрын Гандимаа, Даваажаргал нарын хамтаар хуушуур хийж зарахаар наадмын талбай дээр гэр барьсан. Даваажаргалын дүү Балданпүрэв ирж хуушуур хийхэд тусалсан. Наадам тарахад гэрээ ачих гэсэн боловч машин нь маргааш ирнэ гэхээр нь бүгдээрээ пиво ууцгаасан. Бид нар нийт 5 ширхэг 2,5 литрийн “Нийслэл” пиво ууцгаагаад 22-23 цагийн үед дуусаад нилээн согтоцгоосон. Би бие засчихаад майхан руугаа явж байсан чинь Балданпүрэв гадаа байж байсан. Тэгэхээр нь Балданпүрэвтэй гэрийн хойно юм яриад сууж байтал нөхөр Энхтөр майхан дотроос гарч ирээд намайг “орооч” гэхээр нь “одоо орлоо” гэсэн чинь Балданпүрэвийг алгадчихсан. Тэгтэл Балданпүрэвийн хамраас цус гараад “яаж байгаа юм бэ” гэсэн чинь Жагаа, Гандимаа хоёр майхнаас гарч ирээд Жагаа уурлаад “чи яахаараа манай дүүг зоддог юм бэ” гээд Балданпүрэвийг дагуулаад явсан. Манай нөхөр Энхтөр Балданпүрэвийн зүүн хацар руу нь нэг удаа л алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Даваажаргалын мэдүүлсэн: “...Би майхандаа түрүүлээд ороод унтсан. Нэг сэрсэн чинь нэг эмэгтэй хүн орилоод байхаар нь хажууд унтаж байсан хүүхнээ “хөөе битгий орилоод бай” гэхэд “юу яриад байгаа юм бэ, би Гандимаа байна шүү дээ” гэхээр нь Гандимааг “чи гардаа Ням-Эрдэнэ орилоод байх шиг байна” гэсэн чинь Гандимаа түрүүлээд гарсан. Тэгтэл гадаа хэн нэгнийгээ цохих шиг чимээ гарахаар нь би гүйгээд гартал Балданпүрэв доошоо тонгойчихсон байж байхаар нь “та нар идэж ууж чадахгүй нэгнийгээ алах нуу” гээд гэр рүүгээ орж машины түлхүүр аваад Балданпүрэв, Гандимаа хоёрыг суулгаад аваад явсан. Манай дүү хоёр хоног хэвтээд байхаар нь нөгөөдөр нь дагуулаад эмнэлэгт үзүүлтэл хамрын яс болон хацрын яс нь гэмтэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Улаанбаатар хотод хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 8 сарын 22-ны өдрийн 09шэ/342 тоот актын: “...Д.Балданпүрэвийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархай гадна дээд хэсэг, хажуу хэсэг, ухархайн дотор хана, хамар ясны хугарлууд бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч, Ө.Шаарийбуу гэх шинжээчийн дүгнэлт, /хх-н 17/
Ө.Энхтөр нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/ /болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/342 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Ө.Энхтөр нь согтуугаар 2016 оны 8 дугаар сарын 6-ны шөнө 23-24 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбай дээр хуушуур хийх зориулалтаар барьсан гэрийн гадна Д.Балданпүрэвийг өөрийн хамтран амьдрагч болох Н.Ням-Эрдэнэтэй хамт байхыг нь харж хардасны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархай гадна дээд хэсэг, хажуу хэсэг, ухархайн дотор хана, хамар ясны хугарлууд бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Энхтөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Балданпүрэв нь манай эхнэр Ням-Эрдэнэтэй хамт байхаар нь хардаж, түүний нүүрэнд нэг удаа гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэж заасан хохирогч Д.Балданпүрэвийн “гэрийн гадаа Энхтөрийн эхнэр Ням-Эрдэнэ нь орилж хашгираад байхаар нь түүн дээр очиж “яасан” талаар асуугаад байж байтал Энхтөр ирээд үг дуугүй миний зүүн хацар руу нэг удаа алгадсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж, учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Д.Балданпүрэвийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархай гадна дээд хэсэг, хажуу хэсэг, ухархайн дотор хана, хамар ясны хугарлууд бүхий гэмтэл тогтоогдлоо” гэсэн 09шэ/342 тоот дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Ө.Энхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ө.Энхтөр нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь хохирогч Д.Балданпүрэвийг хамтран амьдрагч Ням-Эрдэнэтэй хардсаны улмаас бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээр тогтоогдов.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг эр эмийн хардлага болон хохирогч, шүүгдэгч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Энхтөр нь гэмт хэргийн улмаас Д.Балданпүрэвийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардал бэлнээр нийт 1.480.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлцсэн баримтаар /хх-н 59/ тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдаанд хохирогч Д.Балданпүрэв нь “эмчилгээний зардалд нийт 1.480.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснээс дүгнэхэд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Энхтөрийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 40 хуудас/ тогтоогдсон болно.
Шүүхээс Ө.Энхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулах нь зүйтэй.
Ө.Энхтөр нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА