Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0567

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б аймгийн Засаг дарга Т.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.М

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Н.С

          Хариуцагч Б аймгийн Засаг дарга

          Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2025/0052 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х

          Хариуцагчийн өмгөөлөгч Б.М

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 110/2025/0003/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Н.С нь Б аймгийн Засаг даргад холбогдуулан “Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.

          2. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1.3, Авлигын эсрэг тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.С-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б аймгийн Засаг дарга Т.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Б аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоонд Хууль эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн (ТЗ-9), Барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн (ТЗ-9) батлагдсан төрийн жинхэнэ алба буюу төрийн захиргааны албан тушаалд “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, Х.Наурызбек, С.Бекет нарыг томилж ажиллуулсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3-д заасан журмын дагуу уг орон тоог нөхөх, мөн хуулийн 27.2-т заасан Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

          3.2 Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх тухай заалтын биелэлтийг хэрэгжүүлээгүй үйлдлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэснийг тус тус зөрчсөн үйл баримт тогтоогдож байхад зөвхөн эрх бүхий этгээдийг томилох, чөлөөлүүлэх зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар тусгайлан зохицуулсан байна гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

          3.3 Төрийн жинхэнэ алба буюу төрийн захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж Х.Н болон С.Б нарыг томилж ажиллуулсан үйлдэл нь Авлигын эсрэг тухай хуулийн 7.1.3, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан хуулийн заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэгч Н.С-д Авлигын эсрэг тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг тус тус зөрчсөн.

          3.3 Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” ** дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор тэнцсэн Х.Д-ыг аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэрийг дэвшүүлсэн боловч нэхэмжлэгч Н.С нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1.3-д “төрийн албан хаагч хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр түүнийг албан тушаалд томилохоос татгалзсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийх, зөрчлийг тогтоох, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах, хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг үйл ажиллагаа явагдаагүй буюу зөрчил нь тогтоогдоогүй байна гэж үзсэн.

          3.4 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдсан байхад энэхүү баримтыг нотлох баримт хэмээн үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэртээ энэ талаар огт тусгаагүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна.

          3.5 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          Хэргийн үйл баримтын тухайд;

          3. Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар захирамжаар “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Авлигын эсрэг тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасныг тус тус үндэслэн ... аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь ...Төрийн захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж хууль бусаар Х.Н, С.Б нарыг томилж ажиллуулсан, ...Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх тухай заалтын биелэлтийг хэрэгжүүлээгүй, ... мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.4, 22.1.1-д заасан албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа явдал нь ... албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэсэн, ... Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй нь... тус тус зөрчиж албаны эрх, үүргээ биелүүлээгүй тул Н.С-ыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн халах сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэжээ.

          4. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/** дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны үлгэрчилсэн чиг үүрэг”-ийг шинэчлэн баталж, аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтэст “хууль, эрх зүй, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа” гэсэн чиг үүргийг тусгаж өгсөн байх бөгөөд улмаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/** дугаар тушаалаар С.Б-ийг “Эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан ажилтан”-аар (туршилтаар ТҮ-7) 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/** дугаар тушаалаар ажлын зайлшгүй шаардлагаар Х.Н-ийг “Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ажилтан”-аар (туршилтаар ТҮ-7) тус тус анх томилжээ.

          5. Б аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/*** дугаар захирамжаар Хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, завсар үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг (ТЗ-9) ангиллаар баталсан боловч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа дээрх 2 албан тушаалын ангиллын ТҮ-7 орон тоо болгож өөрчлөн баталсан байдаг.

          6. Дээрх аймгийн Засаг даргын 2024 оны А/*** дүгээр захирамж гарсны дараа аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/**, ** дугаар тушаалаар Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтэст Х.Н-ийг Хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан, С.Б-ийг Барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, завсар үйлчилгээ хариуцсан ажилтнаар тус тус томилж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажиллуулсан үйл баримт тогтоогдож байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          7. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг эрх эдэлнэ”, 38.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар төрийн албан хаагч нь хууль бусаар ажлаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдсаны зэрэгцээ өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах бүрэн эрхтэй.

          8. Анхан шатны шүүхийн “...аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-ыг хүний нөөцийн томилгоотой холбоотой асуудлаар эрх мэдлээ хэтрүүлэн Х.Н, С.Б нарыг хууль бусаар томилж ажиллуулсан, ...албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, ...Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны ** дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ...Б/** дугаар захирамж нь хууль бус...” талаарх маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтүүд үндэслэлтэй.

          9. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-д “төрийн албанаас халах” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэн Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-д “ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар захирамж хууль бөгөөд захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

          10. Маргаж буй актад дурдагдсан зөрчил буюу хүний нөөцийн томилгоотой холбоотой асуудлаар эрх мэдлээ хэтрүүлэн Х.Н, С.Б нарыг хууль бусаар томилж ажиллуулсан тухайд, Н.С нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/*** захирамжийн дагуу шинээр батлагдсан Хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан, Барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, завсар үйлчилгээ хариуцсан мэргэжилтний (ТЗ-9) орон тоог хуульд заасны дагуу нөхөх, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлуулахаар Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн боловч түүнээс үл хамаарах шалтгаанаар тухайн албан тушаалын тодорхойлолтууд батлагдаагүй, улмаар сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар баталсан шинэчилсэн бүтцээр Х.Н, С.Б нарын албан тушаал нь төрийн үйлчилгээний (ТҮ-7) ангилалд хамаарах болсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байхад хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3-д тус тус заасныг зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй.

          11. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог (энэ тохиолдолд шинээр батлагдсан) хуульд заасан журмын дагуу нөхөхийн тулд албан тушаалын тодорхойлолтыг зайлшгүй батлах шаардлагатай ба … хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, завсар үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөх буюу нийтэд мэдээлэх, захиалга өгөхийн тулд албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахаар эрх бүхий этгээдэд хүргүүлсэн, ...хариуцагч нь 2025 онд Эрүүл мэндийн газрын орон тоог шинэчлэн баталсан бөгөөд үүнд Х.Н, С.Б нарын албан тушаал төрийн үйлчилгээний (ТҮ-7) ангилалд хамаарч байгаа нөхцөл байдлууд тогтоогдсон, ...төрийн албан хаагчийг хууль бусаар томилж ажиллуулсан эсэх, сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийх, зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах, биелүүлээгүй этгээдэд хариуцлага тооцуулах зэрэг үйл ажиллагаа явагдаагүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

          12. Нэхэмжлэгч Н.С өмнө нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, Прокурорын тогтоолоор **************** дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж нотолж, тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байхад Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

          13. Учир нь нэхэмжлэгч Н.С нь Б аймгийн Засаг даргын 2021 он 06 дугаар сарын 23-ны Б/** дүгээр захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар захирамжаар тус газрын даргаар тус тус томилогдсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газар тухай бүр түүний Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, “...ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно, ...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан, ...прокурорт шилжүүлсэн байна” гэх хариу өгч байсан Авлигатай тэмцэх газрын 2021 оны 05/**** дугаар, 2022 оны 05/**** албан бичгүүд хэрэгт авагджээ.

          14. Үүнээс үзвэл Н.С-ы хувьд тухайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь түүнийг шууд ажлаас халах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол байхгүй тул “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр ажлаас халах шийтгэл ногдуулсан нь хууль бус, Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан зарчимд нийцэхгүй байна.

          15. Мөн нэхэмжлэгчийг буруутгасан 1 үндэслэл нь“...Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй ...тул Н.С-ыг ...12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн халах сахилгын шийтгэл ногдуулсан” хариуцагчийн 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/** дугаар захирамж нь бодит нөхцөл байдалд тохирохгүй байна.

          16. Дээрх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” ** дугаар тогтоолоор “...Сонгон шалгаруулалтад тэнцсэн Х.Д-ыг Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд, ... томилуулахаар нэр дэвшүүлж, тухайн албан тушаалд томилохыг Эрүүл мэндийн газрын дарга Н.С-д даалгасан” байх ба уг тогтоолыг тус Салбар зөвлөл 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дүгээр албан бичгээр хүргүүлснийг Эрүүл мэндийн газар 17-ны өдөр хүлээн авсан байхад ** дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй, албаны эрх, үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай, эрх бүхий этгээдийн дээрх “тогтоолыг хэрэгжүүлээгүй” гэж урьдчилан дүгнэсэн нь  бодит байдалтай тохироогүй гэж үзлээ.

          17. Түүнчлэн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон ...хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дүгээр албан бичгээр “...Х.Д-ны эзэмшсэн мэргэжил Эрүүл мэндийн нийгмийн ажилтны судалсан хичээлүүд нь мэргэжлийн хувьд тохирохгүй, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлага хангахгүй, сахилгын шийтгэл авч байсан тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу нэр дэвшигчийг томилохоос татгалзаж...” байгаа талаар Б аймаг дахь салбар зөвлөлд, мөн 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичгээр “...Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь Салбар зөвлөлийн ** дугаар тогтоолыг хянуулахаар...” Төрийн албаны төв зөвлөлд тус тус хандсан байсан байна.  

          18. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.С нь нэр дэвшигч Х.Д-ыг томилохоос татгалзаж, Б аймаг дахь Салбар зөвлөлийн ** дугаар тогтоолыг хянуулахаар Төрийн албаны төв зөвлөлд хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу ирээгүй байхад аймгийн Засаг дарга “...75 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүй” Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцэхгүй байна.

          19. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.6-д “аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх” гэж зааснаас үзэхэд Засаг дарга нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг томилох, чөлөөлөх (халах мөн хамаарна) тохиолдолд уг асуудлаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Эрүүл мэндийн сайдтай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр уг эрхээ хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан зохицуулсан байна.

          20. Гэтэл энэ тохиолдолд Б аймгийн Засаг дарга нь яамны харьяа орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагын даргыг ажлаас халах тухайд Эрүүл мэндийн сайдтай урьдчилан зөвшилцөөгүй байх бөгөөд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны 2/**** дугаар албан бичгээр ирүүлсэн “...газрын дарга Н.С-ыг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр зөвшилцсөн тухай албан бичиг ...яаманд ирээгүй” гэх тайлбараар хариуцагч нь хуулиар тусгайлан зохицуулсан “урьдчилан зөвшилцөх” ажиллагааг хийгээгүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна. 

          21. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар зөв дүгнэсэн ч хэрэглэх ёсгүй хуулийг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Засаг дарга Т.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.7, 66 дугаар зүйлийн 66.1.3, Авлигын эсрэг тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3...” гэснийг хасаж, “...Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5,” гэж нэмж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Засаг дарга Т.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА

 

                                    ШҮҮГЧ                                           З.ГАНЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА