Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/04

 

             Б.Г-д холбогдох

               эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Улсын яллагч                                              Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч                                                       Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ө.Батболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1921000000330 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1979 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Хатагин овогт Б.Г, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр баг “Хайчийн ам” гэх газарт Х.А-ын 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн шүүгдэгч Б.Г-г Х.А-н 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Хатагин овогт Б.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Bongo-3” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/73 тоот прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Гантулгад буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лантуу 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Гийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Бонго-3” маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Гоос гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би өөрийгөө зөв зүйл хийсэн гэж хэлэхгүй. Үнэхээр том алдааг өөрийн эхнэр, хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсийн өмнө болоод насан туршийнхаа амьдралд арилгаж болшгүй хар толбо үлдээлээ. Би энд суугаад бодохдоо шүүхээс намайг ажил хийдэг хүн мөртлөө хулгай хийлээ гээд ял биеэр эдлүүлэхээр зааж шийтгэсэн гэж бодож харамсаж сууна. 2019 оны 6 дугаар сард миний аав Баатар нь хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд түүний асаргаа сувилгаа, эмчилгээнд маш их мөнгө төгрөг хувь хүнээс зээлж санхүүгийн хүнд байдалд орсон, түүнээс гадна цалингийн зээл болон байрны зээл зэрэг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд надад бий болсон. Би газрын тосонд ажиллахдаа гар дээрээ 900 000 орчим төгрөг авдаг ба эхнэр 4 хүүхдийн /3-13 насны/ хамт амьдардаг. Ганц удаа амьдралдаа буруу алхам хийснээс болж өөрийгөө ийм том алдаанд аваачиж ар гэрээ асар хүнд байдалд оруулж байгаадаа маш их харамсаж байна. Би дахин хэзээ ч хулгай хийхгүй гэдгээ амлаж байна. Өдөр болгон бодож байна. Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ариунболдын үхрийг хулгайлахад надад тийм амар байгаагүй. Үнэхээрийн сэтгэлийн шаналгаатай эд байдгийг тэр үед мэдэрсэн. Би өөрийн буруугаа хүлээж төрсөн дүү Г-с ийм хүнд байдалд орсноо хэлээд хохирогч А-аас уучлалт гуйж 5 сая төгрөгийн хохирол төлүүлсэн юм. Эрхэм шүүгч нараас хүсэхэд миний хийсэн гэм бурууг уучилж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөөч, 4 хүүхдийг минь бодоод намайг уучилж ялыг минь хөнгөрүүлж биеэр эдлэх ялыг сольж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байна. Б.Г нь бусдын 2 тооны үхрийг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Нийт 53 хоног цагдан хоригдсон. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү. Учруулсан хохирол 2 600 000 төгрөг гэсэн үнэлгээ гарсан хэдий ч 5 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Улсын төсөвт оруулахаар заасан мөнгөн төлбөрийг ч гэсэн төлсөн байгаа. Иймд энэрэнгүй зарчмын үүднээс Б.Гид оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Лхамсүрэн гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Гийн хувьд оногдуулсан ялтай холбоотойгоор давж заалдах гомдол гаргасан байна. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй гэж ойлгож байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх саналыг гаргасан байдаг. Шүүхээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээе гэсэн саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Гийн давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг “Хайчийн  Ам” гэх газраас хохирогч Х.А-ын хоёр үхрийг “Бонго” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хохирогч Х.А-ын мэдүүлэг, гэрч Б.Н-ийн мэдүүлэг, Дорнын Алтан Тал Хоршоо ХК-ний махны орлогын бүртгэлийн дэвтрийн холбогдох хуудас, шүүгдэгч Б.Гийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч Б.Гид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн гаргасан “ял шийтгэл хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Гийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар, шүүгдэгч Б.Гоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн 3,500,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 24-ний өдөр Төрийн сангийн 100070000952 дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг давж заалдах заалдах шатны шүүх хуралдааны үеэр  гаргаж өгсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                          

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР