Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00484

 

                                  “ **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00669 дүгээр шийдвэр, 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар магадлалтай, 

 **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэг болох 18,157,740 **** гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунгэрэлийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чулуунгэрэл,хариуцагчийнөмгөөлөгч Б.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** **** ХХК нь ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,157,740 **** гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00669 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ****гээс зээлийн гэрээний үүрэг болох 18,157,740 ****ийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ****”ХХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар хариуцагч ****гээс 248,739 ****ийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ****”ХХК-д олгохоор, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,739 ****ийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэжээ. 

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар магадлалаарӨвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,330 ****ийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... **** **** **** ХХК-тай хариуцагч **** нь 2018.04.20-ны өдрийн 17/559 тоот, 2019.01.21-ний өдрийн 19/1203 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж дээрх гэрээний хавсралт гэрээний салшгүй хэсэг болох зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг **** нь тус тус ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 4.2, 4.2.2 дах хэсгийг зөрчсөн байхад зээлдүүлэгч  **** **** **** ХХК гэрээг цуцлахгүй гэрээний хугацааг дуустал гэрээг үргэлжлүүлсэн байдаг. Мөн зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй бүтэн 18 сарын хугацаагаар гэрээний хугацааг хэтрүүлсэн. Мөн дээрх хоёр зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссан ч зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгийг дээрх хоёр зээлийн гэрээний 3.2.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлдэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү бодсон нь үндэслэлгүй юм. Энэхүү хэтрүүлсэн хугацааны хүүг шүүхийн шийдвэрээр зээлдэгч тал хугацаа хэтрүүлсэн гэж үзэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн үр дагаврыг зээлдэгч хариуцахгүй бөгөөд зээлдүүлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн  **** **** **** ХХК нь дээрх зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар хариуцагчийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2019 оны намар болон 2020 оны хавар гомдол гаргаж залилангийн хэргээр 2 удаа шалгуулж байсан. Энэхүү цагдаагийн байгууллагад зээлдүүлэгч  **** **** **** ХХК-ийн гомдлоор шалгагдсан хугацааг хүртэл зээлдэгч хэтрүүлсэн гэж дүгнэн зээл төлөөгүй хэтэрсэн хугацааны хүүг зээлдэгчээр төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан нь Иргэний хуулийн 223, 224 дүгээр заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч **** нь нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д нийт 2,740,000 ****ийг төлсөн байдаг. Үүнийг зээлдүүлэгч тал үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцсон байсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зээлдэгч өөрөө үүргийн гүйцэтгэлээ сонгоогүй бол аль хүнд нөхцөлтэй үүргийн гүйцэтгэлээс эхэлж хасч тооцно гэж заасан. Иймд зээлдэгч ****гийн төлсөн 2,740,000 ****ийг үндсэн зээлээс хасч тооцуулах хүсэлтэй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “18,157,740 ****” гэснийг 9,759,000 болгон өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас 8,398,740 ****ийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8. **** **** **** ХХК,  **** нар хэрэглээний зээлийн зориулалтаар 2018.04.20-ныөдөр №17/559 дугаартай 6,000,000 ****ийг сарын 5 хувийн хүүгэй, 6 сарын хугацаатай, 2019.01.21-ний өдөр №19/1203 дугаартай 3,700,000 ****ийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогджээ. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

9. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

9.1. Зохигчийн хооронд байгуулсан 2018.04.20-ныөдрийн №17/559 дугаартай зээлийн гэрээний 1.1-д “Зээлийг ****гийн Хаан банкны 5540270500 тоот дансанд шилжүүлнэ”, 2019.01.21-ний өдрийн №19/1203 дугаартай зээлийн гэрээний 1.1-д “Зээлийг харилцагч ****д бэлнээр олгоно” гэж тохиролцжээ 

 9.2. “ **** **** **** ХХК зээлийн гэрээнүүдэд заасны дагуу 2018.04.20-ны өдөр 6,000,000 ****ийг ****гийн Хаан банкны 5540270500 тоот данс руу шилжүүлсэн, 2019.01.21-ний өдрийн  бэлнээр19/1203 дугаартай баримтаар 3,700,000 ****ийг бэлнээр олгосон байх тул гэрээнүүдийн 3.2.8-д “Зээлийг гэрээнд заасан хугацаа, зээлийн зориулалтын дагуу зээлийг шилжүүлэх”, 3.2.9-д “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно. 

10.Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн451 дүгээр зүйлийн451.1,452 дугаар зүйлийн452.1453 дугаар зүйлийн 453.1Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/24 дүгээр зүйлийн 3, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 3.2.3-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

11. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан заасан.  

11.1. Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн 3.1.3-т “Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусмагц зээл, түүний хүүг бэлэн мөнгөөр зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөх үүрэгтэй”, 3.1.4-ийн А-д “зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүүг энэ гэрээний хавсралт А-д заасан төлбөрийн хуваарийн хугацаанд төлөх үүрэгтэй” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцжээ. 

Нөгөөтэйгүүр гэрээнүүдийн 2.6, 3.1.4-ийн Б, 3.2.1-ийн Б-д тус тус зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн болно. 

12. Хариуцагч **** 2018.04.20-ныөдрийн №17/559 дугаартай зээлийн гэрээний зээл 6,000,000 ****, зээлийн хүү 4,913,698,63 ****, нэмэгдүүлсэн хүү 564,164 ****, 2019.01.21-ний өдрийн №19/1203 дугаартай зээлийн гэрээний зээл 3,700,000 ****, зээлийн хүү 2,736,986.30 ****, нэмэгдүүлсэн хүү 212,390 ****ийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байна.  

13. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, зээлийн гэрээ, “ **** **** ****” ХХК зээлийг Б.Отгонсүрэнгээс шаардсан болон талууд 2020.01.24-ний өдөр тооцоо нийлсэн байдал, 2020.01.27-ны өдөр хариуцагчийн зээл төлөх хугацааг сунгуулах хүсэлт зэргийг үндэслэж нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

14. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар  **** **** ****” ХХК нотариатын үйлчилгээний хөлс 30,500 ****ийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна. 

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд **** 17/559, 19/1203 дугаартай зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл 9,700,000 ****, зээлийн хүү 7,650,684.93 ****, нэмэгдүүлсэн хүү 776,554.52 ****, нотариатын зардал 30,500 ****, нийт 18,157,740 **** төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-дзаасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

16. Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссан тул хэтэрсэн хугацааны хүүг хасч тооцох талаар нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ 

17. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоотөлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зээлдэгч өөрөө үүргийн гүйцэтгэлээ сонгоогүй бол аль хүнд нөхцөлтэй үүргийн гүйцэтгэлээс эхэлж хасч тооцох талаар дурдсан байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан.  

Иргэний хуулийн 216 дугаар зүйлээр үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан ба  216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж хуульчилжээ. 

Хуулийн дээрх зохицуулалтын “...төлөх хугацаа болсон өр” гэдэгт талуудын тохиролцсон гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр аль аль нь хамаарна. 

Үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг баримтлах нь гэрээний талуудын хэн алинд нь давуу байдал үүсгэхгүй, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг болон 9 дүгээр зүйлийн 9.4.3-т нийцнэ. 

Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх зохицуулалт нь гэрээний үүргийг багасгах, өөрчлөх агуулга бус харин үүрэг гүйцэтгэгчийн төлөлтийг аль үүргээс нь эхэлж хасахыг зохицуулсан хэм хэмжээ юм. 

18. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2020/00669 дүгээр шийдвэрӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунгэрэлийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,330 ****ийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД