Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0625/з |
Дугаар | 272 |
Огноо | 2017-06-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 272
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын
клиник төвийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Түвшинтулга, Д.Одонтунгалаг, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэн, Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, Ө.Сайнбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Шинэбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0250 дугаар магадлалтай, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 74 дүгээр зүйлийн 2, 77 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2-ын 3, мөн зүйлийн 3, 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвөөс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/356 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0250 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “15 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 74 дүгээр зүйлийн 2” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч талаас дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Эмийн үйлдвэрийн барилгыг шинэчлэх хэрэгцээ шаардлагын улмаас маргаан бүхий объектыг анх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” тогтоолоор нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан. Улмаар Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын клиник төвийн балансаас хасагдаж даруй 6 жил болсон. Ийм байхад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоол буюу маргаан бүхий актаар уг 2010 оны 87 буюу хөрөнгө бүртгэлээс хасаж акталж устгасан тогтоолоо хүчингүй болгоогүй атлаа дахин хөрөнгө гэж үзэж бүртгэсэн буюу хууль зүйн хувьд байхгүй болсон зүйлийг өмчлөгч захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасантай зөрчилдөж байхад шүүх дээрх хууль зүйн фактыг анхааран үзэж хуулийн зохицуулалтыг болсон тохиолдолд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэнгүй.
Хоёр. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Гэтэл дээрх хуулийн 19.2.1 дэх заалтад “...нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх гэсэн заалтын гипотез нөхцөл нь “нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө” байхаар зохицуулсан. Гэтэл хууль зүйн хувьд өмч нь байхгүй болсон 2010 оны 87 буюу хөрөнгө бүртгэлээс хасаж акталж устгасан, нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 445 дугаар захирамжаар “...ашиглалтын шаардлага хангахгүй болсон ... Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн балансад бүртгэлтэй эмийн үйлдвэрийн барилга, байгууламжийг Нийслэлийн өмчийн данс бүртгэлээс хасах”-ыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт зөвшөөрсөн. Мөн эдгээр тогтоол, захирамжийг үндэслэн Өмчийн харилцааны газрын даргын 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 452 дугаар “Хөрөнгө данснаас хасах тухай” тушаалаар дээрх эмийн үйлдвэрийн барилгыг данс бүртгэлээсээ хасч актлан устгаж данснаас хасахыг зөвшөөрсөн байдаг. Улмаар 6 жил данс бүртгэлээс хасагдаж явж ирсэн. Үүнээс харахад тухайн маргаан бүхий актаар нийслэлийн өмчөөс хассан, балансад байхгүй эд хөрөнгийг 6 жилийн дараа гэнэт нийслэлийн өмч гэж үзэж захиргаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтаар худалдах, шилжүүлэх эрх олгогдсон байна хэмээн хэт явцуугаар дүгнэн шүүх эл зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтын агуулгыг бүрэн гүйцэд хууль зүйн агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглэсэнгүй гэж үзэж байна.
Гурав. Анхан шатны шүүх шийдвэртээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 77 дугаар зүйл 1, 2, 3, 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орон нутгийн өмчид хамаарах хөрөнгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмчлөх, бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй гэсэн ерөнхий эрх олгосон хуулийн зохицуулалтыг шүүх тайлбарлаж хэрэглэхдээ тухайн тохиолдолд хамаарах нарийвчилсан зохицуулалт буюу “акталж устгахаар шийдвэрлэн үндсэн хөрөнгийн данс бүртгэлээс хассан хөрөнгийг” бусдад шилжүүлж буй тохиолдлыг зохицуулсан хуулийн 31 дүгээр зүйлтэй нийцүүлэн эрхээ хэрэгжүүлсэн үү гэдгийг дүгнэх ёстой байтал шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн эрх олгосон ерөнхий заалтын дагуу хуулиар эрх олгосон байна, энэ нь ямар ч эрхийн зөрчилгүй байна гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хэдийгээр захиргаа эрхтэй байж болох ч энэ эрхээ аль тохиолдолд хэрхэн яаж хэрэгжүүлэх нь хуулийн дагуу байх ёстой зүй ёсны процесс билээ.
Дөрөв. Тухайн маргаан бүхий обьектийг ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж үзэн бусдад шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу “Эзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах” тухай зохицуулалтаар зохицуулагдах тохиолдол гэж үзвэл мөн зүйлийн 31.1 дэх заалтын дагуу “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэсэн заалтын дагуу бусдад шилжүүлсэн бол энэ тохиолдолд хуулийн 31.2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт хуулийн энэ заалтыг баримталсан боловч эл заалтдаа нийцсэн хууль хэрэглээг хийж шийдвэрээ гаргалгүй харин ч бүр эсрэг шийдвэр гаргасан билээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн дээрх хууль хэрэглээний алдааг залруулахын оронд харин ч дээрх хуулийн заалтыг энэ маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй гэж үзэн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь мөн л хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна.
Тав. Маргаан бүхий объект байрлаж буй газартай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт эмийн үйлдвэрийн зориулалтаар газар эзэмших 0045388 тоот гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож, 3006-0077 тоот газар эзэмшүүлэх гэрээг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамж зэргээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн тухайн газрыг эзэмших гэрчилгээ, гэрээний хугацаа дуусаагүй, мөн шинээр цогцолборын барилга барих зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад захиргаа илт хууль бус акт гаргах замаар нэгэнт акталсан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасагдсан хөрөнгийг дахин үнэлж бусдад шилжүүлсэн. Энэ нь илтэд агуулгын алдаатай акт болох нь харагдаж байна. Учир нь захиргаа тухайн хөрөнгийг хөрөнгийн бүртгэлээс хасч акталсан тэр шийдвэрээ хүчингүй болгоогүй, шинээр хөрөнгө гэж бүртгэсэн акт гаргаагүй атлаа дахин акт гаргаж “хөрөнгө” гэж үзэн бусдад шилжүүлсэн. Энэ нь агуулгын хувьд илэрхий алдаатай актын заалт нь хоорондоо зөрчилдсөн, хоёрдмол утга агуулгатай зөрчилтэй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт ч, давж заалдах шатны шүүхийн магадлалд ч актын маргаан бүхий дээрх нөхцөл байдалд огт тайлбар, үнэлэлт өгч илт хууль бус актын шинжийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалттай уялдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэнгүй.
Зургаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гуравдагч этгээд “Ньютур сафарис” ХХК-д төлөх төлбөрт уг объектыг шилжүүлэхээр хариуцагч тал захиргааны акт гаргасан нь зөв болох талаар дүгнэсэн атлаа нэхэмжлэгч талын маргаан бүхий обьект байрлаж буй газартай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 360, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамж зэргийн үйлчлэл дуусаагүй, түүнчлэн тус объект байрлаж буй газрын асуудлаар гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 718 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр эзэмших эрхийг цуцалсныг хууль бус болохыг тогтоосон зэрэг хүчин зүйлийг харгалзалгүй хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан үйл баримтад тулгуурлан шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Долоо. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын зүгээс уг маргаан бүхий объектод өөр барилга байгууламж барих эрхийг захиргаа акт гаргах замаар нэхэмжлэгч талд олгосон. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” хэмээн заасан. Ийнхүү захиргаа тухайн объектыг үл хөдлөх хөрөнгө гэж үзэж байгаа юм бол газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэлгүйгээр бусдад шилжүүлсэн байхад тухайн газар эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй, хамааралгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдсэн нь хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” төрийн үйлчилгээний төсөвт байгууллага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/356 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Маргаан бүхий тогтоол, захирамжаар “ашиглалтын шаардлага хангахгүй” болж, акталсан барилгыг өр төлбөрт шилжүүлэн “Ньютур сафарис” ХХК-д хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 445 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон Сүхбаатар дүүргийн, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эзэмшилд байсан, санхүүгийн анхан шатны баримтад 40860300 төгрөгийн бүртгэлийн үнэтэй байсан эмийн үйлдвэрийн барилгыг Нийслэлийн өмчийн данс бүртгэлээс хасч, Өмчийн харилцааны газрын даргын 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 452 дугаар тушаалаар актлан устгаж, барилгыг буулгахыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд даалгаж байжээ.
Эндээс уг маргаан бүхий эмийн үйлдвэрийн барилгын хувьд орон нутгийн өмчид хамааралгүй буюу данс бүртгэлээс хасагдсан болох нь тодорхой тогтоогдож байхад анхан болон давж заалдах шүүхээс “...орон нутгийн эд хөрөнгөд хамаарахаар байна” гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болох буюу нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газарт ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгын оронд ашиглалтын шаардлага хангах барилга шинээр барих эрхийг захиргааны байгууллагаас зөрчжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчаас “...газрын асуудалтай холбоогүй, зөвхөн акталсан барилга шилжүүлсэн” гэж, гуравдагч этгээдээс “...нураах болсон барилга байсан, цаагуураа газрыг авч байна гэж бодсон” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд хариуцагч нар нь шийдвэрээс гарах үр дагаврыг бүрэн судлаагүй, акталсан барилгыг ямар үндэслэл, ямар хуулийн дагуу 725788829 төгрөгөөр үнэлж, гуравдагч этгээдэд шилжүүлсэн, энэ нь төрийн өмчийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгод хэрхэн нийцэх нь ойлгомжгүй зэргээр утга агуулгын хувьд алдаатай шийдвэр гаргасан гэж үзлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т “засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах” гэж тус тус зохицуулжээ.
Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд ашиглах боломжгүй эд хөрөнгийг устгах, харин илүүдэл эд хөрөнгө, өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийг худалдах, эсхүл шилжүүлэх журамтай байна. Улмаар мөн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар хэрэв худалдах бол зөвхөн дуудлага худалдаагаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 66 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын Тавд зааснаар шилжүүлэх бол балансаас балансад шилжүүлэх арга хэрэглэхээр заажээ.
Энэ тохиолдолд маргаан бүхий барилгын тухайд ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон тул уг барилгыг буулгах чиг үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлэх болохоос үнэ тогтоож, бусдад өгөх өр төлбөрт тооцон шилжүүлэх эрх захиргааны байгууллагад олгогдоогүй, хуулийн дээрх заалтыг зөрчсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай шийдвэр болсон байна.
Дээр дурдсанаар, маргаан бүхий барилгын доорх газрыг эзэмших эрх нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа буюу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2893 мкв газар эзэмшүүлсэн, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамжаар 860 мкв газарт барилга барих зөвшөөрөл олгосон, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулиар хамгаалагдсан байхад түүнд олгосон газар дээр байрлах барилгыг гуравдагч этгээд шилжүүлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг бүх талаас бүрэн дүүрэн судлах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
Хариуцагчийн “шүүхийн шийдвэрийг биелүүлж, өр төлбөрт тооцож, гуравдагч этгээдэд шилжүүлсэн” гэх тайлбар бодит байдалд үндэслээгүй, хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 1150 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар магадлалаар “Ньютур сафарис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 1203120000 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Эдгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “маргаан бүхий барилгыг гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх” үүргийг захиргааны байгууллагад хариуцуулаагүй, маргааны үйл баримт нь өөр байна.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянах чиг үүргийн хүрээнд зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ба гуравдагч этгээдийн өр төлбөр, авлагын асуудал нь энэхүү маргаанд болон нэхэмжлэгчид хамааралгүй, ач холбогдолгүй юм.
Гуравдагч этгээдээс “Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч нь байна, өөрийн өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхтэй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий барилга нь орон нутгийн өмчид хамааралтай эд хөрөнгө байсан тул төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн бодлого хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлсон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэглэх болохоос иргэд хоорондын эд хөрөнгийн маргааныг зохицуулсан Иргэний хуулийг хэрэглэхгүй.
Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч барилга барих зөвшөөрлийн хугацаанд барилгаа буулгаж, шинээр барьж чадаагүй, газар эзэмших эрхийн хугацаа дууссан” тухай тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй болохыг, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан, газрын төлбөрийг төлж байсан болохыг тогтоосон байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газарт барилга бариагүй асуудал нь гуравдагч этгээдэд хамааралгүй, эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрлэх асуудал болно.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0250 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/356 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ