Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 121/ШШ2022/0005

 

 

 

2022 оны 02 сарын 16-ны өдөр            Дугаар 121/ШШ2022/0005                                    Арвайхээр сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б. Х /шүүхэд төөлөх эрхийн дугаар 2194/,

            Хариуцагч: Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газар,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Н нарын хоорондын төрийн аудитын шалгалтын тухай маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Өвөрхангай аймгийн Төрийн аудитын газарт холбогдуулан “Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот акт, түүнийг засварлаж гаргасан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот акт, төлбөр барагдуулах актыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Анх Өвөрхангай аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас улсын төсвийн 244.0 сая төгрөгийн хөрөнгөөр 2020 оны 11 дүгээр сард салбарын байгууллагуудад тоног төхөөрөмж /суурин болон зөөврийн компьютер/ худалдан авах зардлыг аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн баталсан хуваарийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сургуулиудад шилжүүлж. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31.1.3 дахь заалт буюу гэрээ шууд байгуулах гэсэн заалтын хүрээнд сургуулиуд “Ти Эл Жи групп” ХХК-тай шууд гэрээ байгуулан худалдан авалт хийжээ.     

            3. Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас Монгол улсын Ерөнхий аудиторын баталсан АГГ-2021/06-ШТА-ГА кодтой төлөвлөгөөний дагуу “Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу “Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашиг”-т аудит хийж Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар тендер зарлахгүйгээр “Т” ХХК-тай 244.0 сая төгрөгийн шууд гэрээ байгуулан худалдан авалт хийсэн, гэрээ байгуулахдаа техникийн тодорхойлолт боловсруулаагүй, тоног төхөөрөмжийн чанар байдал хангалтгүй байсан гэж үзсэн. Мөн 2 нэр төрлийн 110 ширхэг 41.4 сая төгрөгийн суурин болон зөөврийн компьютерыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр нийлүүлсэн зөрчил илрүүлж, улмаар Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.П-д холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ӨВА2021/06/-14-ШТА-17 дугаар төлбөр барагдуулах тухай актыг гаргажээ.

            Тус төлбөр тогтоосон актыг Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас нэхэмжлэгчид танилцуулсан, мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

            Харин Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас “Т” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай албан бичгээр дээрх төлбөр тогтоосон ӨВА2021/06/-14-ШТА-17 дугаартай актаар тогтоосон үнийн зөрүүг 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Төрийн сан дахь аудитын шалгалтын орлогын 100100000988 дансанд төвлөрүүлэхийг мэдэгдэх тухай албан бичгийг хүргүүлжээ.

            4. Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас “Т” ХХК-ийн захирал А.Э-т хүргүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаар албан бичгээр “2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ӨВА2021/06/-14-ШТА-17 тоот төлбөрийн актыг гомдлын дагуу хянаж үзэхэд бичилтийн алдаатай байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтыг үндэслэн дахин хүргүүлж байна” гэжээ.

            Дээрх актыг засварлаж гаргасан Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 дугаартай “Төлбөр барагдуулах тухай акт”-ыг гаргажээ.

5. Тус актыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-с эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Үндэсний аудитын газарт гомдол гаргасан байна.

            Үндэсний аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/2384 дугаар “хариу хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгчээ.

            Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

6.1. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухайд: Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан байдаг. Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот төлбөр барагдуулах акт, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот актуудад “тоног төхөөрөмжийн чанар байдал хангалтгүй, ... төлбөрийн актын 2-р хавсралтад дурдсан нийт 2 нэр төрлийн 110 ширхэг суурин болон зөөврийн компьютерыг зах зээлийн үнээс хэт өндөр ... үнээр нийлүүлсэн” гэжээ. Бодит байдал дээр Төрийн аудитын газрын төлбөр барагдуулах актын 2-р хавсралтад дурдсан техник хэрэгсэл нийлүүлэлтийн үнийн дүнгийн тооцоолол тодорхой бус, зах зээлийн үнэлгээний тооцоог хаанаас, яаж гаргаж ирсэн тухай тайлбар, тэмдэглэл, аудитын тайлан байхгүй байна.

6.2. Мэдэгдэх, сонсох, тайлбар гаргуулах ажиллагаа хийгдээгүй тухайд: Өвөрхангай аймгийн Төрийн аудитын газар нь анх ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот актыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан мэт боловч шийдвэр гаргах ажиллагааны оролцогч, эрх ашиг нь шууд байдлаар хөндөгдөж буй Т ХХК-д Өвөрхангай аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газраас 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэл ирсний дагуу манай компани төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай актыг мэдсэн болно. Захиргааны үйл ажиллагааны журмын дагуу манай байгууллагаас ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тайлбар, санал, мэдээлэл оруулах боломжоор хангаагүй байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах; 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно; 27 дугаар зүйлийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.3-т “сонсох ажиллагааны талаарх мэдээлэлд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл; захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт; захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тусгана” гэх зэрэг журмыг баримтлаагүй байна.                                                                            Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэснээс харвал Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газар нь төлбөр барагдуулах актыг Боловсрол, Соёл урлагийн газарт мэдэгдэхээс гадна эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй “Т” ХХК-д мэдэгдэх ёстой байсан ба мэдэгдэх ажиллагааг акт гаргасан байгууллага буюу Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газар бүрэн хариуцахаар байна.                                                                                                       Мөн тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан салбарын хууль болох Төрийн Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гаргах боломжийг олгоно”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитид хамрагдагчид Захиргааны Ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны дугаар А/95 тушаалын 5.1-т "... шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх гэх зэргээр шат шатны хууль тогтоомжоор, ерөнхийгөөс эхлэн нарийвчлан зохицуулсан байдаг. Улмаар хуульд заасан сонсох, мэдэгдэх, тайлбар гаргуулах ажиллагаа хийгдээгүй захиргааны акт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын 7.1, Захиргааны Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хүчин төгөлдөр бус акт болох эрх зүйн үр дагавартай билээ.

6.3. Төрийн аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/66/-14ШТА-17 тоот акт эрх зүйн үндэслэлгүй байгаа тухай: ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот актын бичвэрийн хоёрдугаар цогцолборын 8, 9, 10, 11, 12, 13 дахь мөрүүдэд “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ... , 72 дугаар зүйлийн 4.5 дахь эвдэрсэн, гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон тухайн зах зээлийн үнийн жишгээс хэт өндөр үнээр авсан, хэт доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг ирүүлж гэм буруутай хүмүүсээр төлүүлэх буюу данснаас хасуулах тухай саналаа тавих гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх хэсэг нь энэхүү актын эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон гол хэсэг болжээ. Бодит байдал дээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь 2005 онд батлагдсан, нийт 7 бүлэг, 58 зүйлтэй. Актад дурдсан 72 дахь зүйл байхгүй бөгөөд үнэн хэрэгтээ тухайн эрх зүйн зохицуулалт нь 1996 оны Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан зүйл заалт юм.

6.4. Төрийн аудитын газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот акт эрх зүйн үндэслэлгүй байгаа тухай: Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2021/66/-14ШТА-17 тоот төлбөр барагдуулах актыг гаргасныг утга найруулгын илэрхий алдаатай, эрх зүйн үндэслэлгүй хууль бус акт болохыг нь баталсан агуулга бүхий гомдлыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/16 тоот бичгээр хүргүүлсэн. Үүний хариуд Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэж 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот актаар өмнөх актын бичилтийн алдааг зассан гэх агуулгатайгаар “Т” ХХК-нд хариу ирүүлсэн байдаг.               

Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас өмнөх актын алдааг засах нэрийдлээр актын гол зохицуулалтуудыг өөрчилж, шинэ актын хэлбэрээр гаргасан нь Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэснийг шууд зөрчсөн төдийгүй, уг зохицуулалтыг төдийлөн ойлгоогүй байгаа нь дээрх үйлдлээс нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага өөрийн гаргасан актад бичилтийн, тооцооны, өөр бусад илэрхий алдаа байгаа гэж үзвэл үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр засах эрхтэй юм. Гэтэл Өвөрхангай аймаг дахь төрийн аудитын газраас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/66/-14ШТА-17 тоот актад дурдагдсан бичилт болон утга найруулгын тодорхой алдаануудыг зассан ч гол үндэслэсэн хуулийн заалтуудыг өөрчилж, хасч засварласан нь захиргааны актыг залруулсан бус бие даасан шинэ акт гаргасан мэт болгож байна.

6.5. Тоног төхөөрөмж нийлүүлэх ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийг баримталсан тухай: 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот засварласан актад тендер зарлахгүйгээр, .... шууд гэрээ байгуулсан”, мөн ТБОНӨБАҮХАтХ-ийн 8 дугаар зүйлийг зөрчсөн гэжээ.             Энэхүү худалдан авах ажиллагаа явагдах үе буюу 2020 онд хэрэгжиж байсан Засгийн газрын “Босго үнэ шинэчлэн батлах тухай” 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 68 тогтоолын хавсралтаар шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 10.000.000 /арван сая/ төгрөг байхаар тусгасан байдаг. Үүний дагуу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасан “ шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар” дотор буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөс доош өртөг бүхий бараа нийлүүлсэн бөгөөд тоног төхөөрөмж тус бүрээр гэрээ байгуулсан болно. Иймд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэх шаардлагагүй юм.

6.6. Захиргааны акттай холбогдох гомдол гаргах нөхцөлийг заагаагүй тухайд: Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот акт, түүнийг засварласан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот актууд нь акт хүлээн авагч болон тухайн захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т заасныг хангаагүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот акт, түүнийг засварласан 2021 оны 06 дугаар сарын 22-ны АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот акт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 41,360,000 /дөчин нэгэн сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг төлүүлэх тухай ӨВА 2021/66/-14ШТА-17, АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот төлбөр барагдуулах актуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү

            7. Хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэлийн үндэслэлд заасанчлан 2020 оны 11 дүгээр сард Боловсрол, Соёл урлагийн газрын захиалгаар компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлагдаагүй. Мөн аймгийн Боловсрол, Соёл урлагийн газартай компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулаагүй бөгөөд сумдын Ерөнхий боловсролын сургуулиудтай гэрээ байгуулсан. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “аудитад хамрагдагч" гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд орсон этгээдийг хэлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.6-т “Аудитад хамрагдагчийн шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон тухайн үйл ажиллагаа төрийн аудитад хамрагдана”-д заасны дагуу “Т” ХХК нь аудитын үйл ажиллагаанд шууд хамааралтай этгээд болж байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 -т заасан бодит нөхцөл байдлыг тогтоосон болно. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19-т заасны дагуу захиалагч техникийн тодорхойлолт бэлтгээгүйгээс шалтгаалан нийлүүлэгч тал нь чанар, үзүүлэлт муутай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байдаг. Зах зээлийн үнийн судалгааг гаргах явцад Монгол улсад тус зөөврийн компьютерыг борлуулж байсан нэг аж ахуйн нэгж байсан бөгөөд гадаад зах зээлээс үнийн судалгааг харьцуулсан байдлаар хийсэн. Манай газрын зүгээс тоног төхөөрөмжийн тогтоосон нэг бүрийн үнэ дээр нэг бүрийн ашгийг 20 хувиар нэмж тооцоход төлбөрийн актад дурдсан зөрүү үүссэн. Нийлүүлсэн тоног төхөөрөмжийн хувьд өмнө нь хэрэглэж байсан байж болзошгүй, тоон системийн гаргүй, үйлдлийн системийн хувьд хэрэгцээ шаардлагад нийцэхгүй /Pentium загвар/ байсан.

Манай байгууллагын зүгээс “Ти Эл Жи Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э-т төлбөрийн акт тавигдах гэж байгааг талаар утсаар мэдэгдэж байсан болно. Төлбөрийн акттай холбоотой мэдээллийг аудитын явцад 2 удаа утсаар мэдэгдэхэд хамрагдагч этгээд буюу “Т”  ХХК-ийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт, тайлбар гаргаагүй болно.

Манай газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/66/-14-ШТА-17 дугаартай төлбөрийн актын бичилт нь алдаатай байсан бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу актыг өөрчилсөн. Хуульд заасны дагуу төлбөрийн актын үндсэн зохицуулалт, утга агуулга болох төлбөр тогтоосон хэмжээ, илэрсэн зөрчил зэргийг өөрчлөлгүйгээр төлбөрийн актыг засварласан болно.

Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь 2020 онд нийт 244.0 сая төгрөгийн өртөг бүхий худалдан авалтыг Засгийн газраас баталсан шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар болох 10.0 сая төгрөгт багтаахын тулд 27 хэсэг болгон тус аймгийн болон сумдын сургуулиудад тараан хуваарилж, шууд гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн байдаг. Ингэхдээ 6,450,000-9,750,000 төгрөгийн хооронд хуваасан байх бөгөөд дээрх мөнгийг Т ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Энэ үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзсэн учир төлбөрийн актыг тогтоосон. Ийнхүү тендер шалгаруулалт зохион байгуулахаас зайлсхийж шууд худалдан авалт хийсэн нь дараа дараагийн бүх процессын алдаа гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу албан шаардлага болон төлбөрийн актыг бичдэг болно” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “Т” ХХК нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт болон бусад 27-н ерөнхий боловсролын сургуулиудын захиралтай компьютер бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж суурин болон зөөврийн компьютер бэлтгэн нийлүүлсэн байдаг. Энэ үйл явдлаас хойш 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот акт болон, 41.4 сая төгрөгийг төлүүлэх мэдэгдлийн хамт “Т” ХХК-д хүргүүлсэн байдаг. Энэ үед аудитын газраас төлбөрийн акт тогтоосныг “Ти Эл Жи групп” ХХК мэдсэн. Ингээд уг актыг хүчингүй болгуулахаар Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газарт гомдол гаргасан. Уг гомдлын хариуд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаартай албан бичгийг “Т” ХХК-д хүргүүлсэн. Уг албан бичгээр ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот актыг засварлаж гаргасан гэх АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот актыг хүргүүлсэн. Үүнээс хойш “Т ХХК нь Үндэсний аудитын газарт удаа дараа гомдол гаргасан. Гэвч Үндэсний аудитын газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн албан бичгээр гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон.      

Иймд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ямар учраас дээрх актуудыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахыг хүссэн бэ гэвэл эдгээр маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарал бүхий бодит нөхцөл байдлыг тогтооно гэсэн ажиллагааг хийгээгүй. Мөн тайлбар авах, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй гэж үзсэн.

Төрийн аудитын тухай хуульд нийцүүлж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын Ерөнхий аудиторын А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.4 дэх хэсэгт “энэ журмын 4.2.1 дэх хэсэгт заасан албан шаардлага өгөх, үндэслэл бүхий алдаа зөрчил илэрсэн тохиолдолд төлбөрийн акт тогтоохыг хориглоно” гэсэн заасныг зөрчсөн гэж үзээд хууль бус гэж үзэж байна. Хууль бус гэж үзсэн учраас уг актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   Уг журмын 4.2.1 дэх хэсэгт 8 үндэслэл тусгагдсан байгаа. Тухайлбал 4.1.4 дэх хэсэг дээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, зах зээлийн үнээс өндөр үнэтэй, эсхүл шаардлагагүй хөрөнгө олж бэлтгэсэн гэсэн үндэслэл байвал албан шаардлага өгөхөөр нарийвчилж зохицуулсан. Гэтэл Өвөрхангай аймгийн Төрийн аудитын газраас дээрх журмын 4.2.3-т заасан төлбөрийн акт тогтоох үндэслэл байхгүй байхад албан шаардлага өгөх үндэслэлийг заагаад төлбөрийн акт тогтоосон.

  Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот актын Тогтоох нь: хэсгийн 1 дүгээрт нь “Зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр нийлүүлсэн төхөөрөмжийн 41.4 сая төгрөгийг нийлүүлсэн “Т” ХХК-аар төлүүлж Төрийн сан дахь аудитын шалгалтын орлогын 90000601 тоот дансанд төвлөрүүлэх гэж тогтоох хэсэгтээ заасан байна.

Энэ төлбөр барагдуулах актуудад “Т” ХХК-ийн нэрийг дурдаж уг компаниар төлбөрийг барагдуулахыг даалгах гэж заасан учраас уг компанийн өмчлөх эрх зөрчигдөж байна. Мөн Төрийн аудитын тухай хууль болон албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журамд заасны дагуу “Т ХХК нь шалгагдаж байгаа этгээд гэх ойлголтод хамаарч байгаа. Тэр утгаараа сонсох ажиллагаанд оролцох, санал гомдлоо хэлэх, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг өгөх эрхтэйгээр уг ажиллагаанд оролцох ёстой байсан. Гэвч энэ эрхүүдийг нь хангаагүйгээс нэхэмжлэгч компанийн эрх ашиг зөрчигдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна ... 244 сая төгрөгөөр бараа үйлчилгээ худалдаж авахдаа хэсэгчилж хуваасан, мөн зах зээлийн үнээс хэт өндөр үнээр нийлүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, техникийн тодорхойлолт боловсруулаагүй гэсэн үндэслэлүүдээр төлбөр барагдуулах акт тавьсан.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.4.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдүүдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-т заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, 8.5-д “Энэ хуулийн 8.1-д заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж зааснуудыг зөрчсөн гэж үзээд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэж төлбөрийн акт тогтоосон. Уг актыг гаргахдаа төлбөрийн акт тогтоох журамд заасан үндэслэлийг дурдаагүй. Аливаа захиргааны актыг гаргахдаа ямар хуулийн зүйл заалтыг яаж зөрчсөн гэдгийг нарийвчилж тогтоосон заалтыг хэрэглэх ёстой. Гэтэл хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Энэ АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 дугаартай захиргааны актад заасан хуулийн үндэслэлүүд дээр заасныг харахад “Ти Эл Жи групп” ХХК нь уг хуулиудыг огт зөрчөөгүй. Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь тендер зарлах эсэхээ өөрсдөө шийддэг. 244 сая буюу 10 сая төгрөгөөс дээш гарсан тохиолдолд уг мөнгийг хувааж зарцуулах эсэхээ төрийн байгууллага өөрсдөө шийдсэн. Техникийн нөхцөл боловсруулсан эсэхийг өөрсдөө шийдсэн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар нэг талд төрийн байгууллага албан тушаалтан, нөгөө талд иргэн, хуулийн этгээд байхаар заасан. Үүний дагуу талууд гэрээ байгуулж бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн. Энэ маргааны тухайд 10 сая төгрөгөөс дээш өртөгтэй худалдан авалт хийхдээ тендер зарлаагүй нь Боловсрол, соёл, урлагийн газрын буруу. Мөн техникийн тодорхойлолт боловсруулаагүй нь тэдний буруу. Хэрэв зах зээлийн үнээс хэт өндөр үнээр, чанаргүй бараа нийлүүлсэн гэж үзэж байгаа бол тэднийг хүлээж авсан нь мөн худалдан авагч төрийн байгууллагын буруу. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд уг хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн, болон зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Үүний дагуу хуулийг зөв хэрэглэж асуудлаа шийдэх ёстой байтал төлбөрийн акт тогтоосон нь буруу. Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь 41.4 сая төгрөгийг “Т” ХХК-аас  нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Жишээ нь иргэний хэргийн шүүхэд хандлаа гэхэд “Т” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Учир нь хоорондоо гэрээ байгуулсан байгаа. Доголдолтой бараа нийлүүлсэн гэж үзэх боломжгүй. Техникийн тодорхойлолт байхгүй учраас мөн нэхэмжлэх үндэслэлгүй болж байна. Учир нь нийлүүлсэн компьютерүүд нь бүгд хэвийн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг миний хувьд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг гэж үзэж байна. Учир нь тендер зарлахгүйгээр босго үнээс доош оруулахын тулд олон хэсэг хувааж худалдан авалт хийсэн.            Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д “төсөв захирагч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан бол” гэж заасан. Ийм үндэслэл тогтоогдвол гэмт хэрэг болно. Тэгэхээр Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, 26 сургуулийн захирлууд нь бүгд төсөв захирагчид байна. Тэгэхээр эдгээр албан тушаалтнуудын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, зөрчлийн шинжтэй эсэх асуудлыг авлигтай тэмцэх газраар шалгуулж буруутай нь тогтоогдвол төрд учруулсан хохирлыг нь төлүүлэх ёстой. Гэтэл бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн иргэн, хуулийн этгээдээс нь төлбөр гаргуулаад байх юм бол нөгөө төлбөр захирагч нар чинь дахин ийм зүйл хийгээд л байна. Ингэвэл энэ асуудал таслан зогсоогдохгүй. Иймд төлбөрийн акт биш албан шаардлага тавьж уг асуудлыг хуулийн дагуу шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: “... Манай байгууллага нь Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасны дагуу төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлдэг. Нөгөө талаас Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “арвилан хэмнэлттэй байх, үр ашигтай байх үүднээс гүйцэтгэлийн аудит хийгддэг. Мөн хуулийн 21.2-т заасан “шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсөв бүрдүүлэх, төсвийн орлогыг захиран зарцуулах, нийтийн өмч хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэсэн үндэслэлээр “Т” ХХК-д холбогдуулан төлбөрийн акт тогтоосон.          

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй сонсох ажиллагаа хийгдээгүй, тайлбар гаргах нөхцөл боломжоор хангаагүй гэж байна. Манай байгууллагын зүгээс “Т” ХХК-ийн захиралтай 2 удаа таарч уулзахдаа энэ тухай хэлсэн. Нөгөө талаас Эрдэнэбилэг захирал танайх төлбөрийн актаа тогтоодгоороо тогтоо. Боловсрол, соёл, урлагийн газрын мөнгийг манай компанийн нэр дээр дамжуулж гаргасан. Энэ асуудал нь Пүрэвсүрэн даргатай холбоотой гэсэн агуулга бүхий тайлбарыг аудитын явцад бидэнд хэлж байсан. Төлбөрийн акт тогтоогдохоос өмнө гэсэн үг.

  Хоёрдугаарт төрийн аудитын байгууллага нь гүйцэтгэлийн аудит болон нийцлийн аудит хийгээд тайлан дуусахаас өмнө шалгагдагч этгээдүүдэд 10 хоногийн хугацаатай тайлангийн төслийг хүргүүлж тухайн тайлантай холбоотой санал, хүсэлтийг авдаг. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудиттай холбоотой тайлангийн төслийг Боловсрол, соёл ,урлагийн газарт хүргүүлэхэд тухайн тайлангийн төсөлтэй холбоотой ямар нэг санал, хүсэлт, хариу тайлбар ирүүлээгүй. Мөн төрийн аудитын тухай хуульд заасны дагуу төлбөрийн акт албан шаардлага нь өөрөө тайлангийн салшгүй хэсэг байдаг. Бид тухайн үед актын төсөл хэлбэрээр тайлантай хамтад нь явуулж байсан. Тийм учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна ... Сүүлд хэрэгт нэмэлтээр гаргаж өгсөн Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2020 оны санхүүгийн тайлангийн дүгнэлт дээр хязгаарлалттай санал дүгнэлт авсан байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн сая гаргасан тайлбартай холбоотой буюу хөрөнгө бэлтгэсэнтэй холбоотой зөрчил илэрсэн учраас хязгаарлалттай дүгнэлт гаргасан байгаа. Албан шаардлагын тухайд Боловсрол, соёл, урлагийн газраас манай байгууллагын тавьсан актыг хүлээн зөвшөөрч нягтлангийн хамтаар гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа. Энэхүү асуудал дээр Боловсрол, соёл, урлагийн газар өөрөө уг зөрчилтэй асуудлаа мэдэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт манай төлбөрийн актын хамгийн гол агуулга буюу хэрэгжих үр дүн нь төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалтыг таслан зогсоохын тулд тогтоодог” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий актуудыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот акт, түүнийг засварлаж гаргасан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот акт, төлбөр барагдуулах актыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас “Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашиг”-т гүйцэтгэлийн аудит хийж, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот актаар зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн 41.4 сая төгрөгийг нийлүүлсэн “Т” ХХК-аар төлүүлж, төрийн сан дахь шалгалтын орлогын дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2021 оны 6 дугаар сарын 20-ны дотор Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.П, нягтлан бодогч М.О нарт хариуцуулж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгч компаниас дээрх төлбөрийн актыг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/16 тоот албан бичгээр хариуцагчид гомдол гаргаснаар хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот актаа бичилтийн алдаатай байсан үндэслэлээр засварлан маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот төлбөрийн актыг гаргаж, нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх 2 төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:

- төлбөр барагдуулах актын 2-р хавсралтад дурдсан техник хэрэгсэл нийлүүлэлтийн үнийн дүнгийн тооцоолол тодорхой бус, зах зээлийн үнэлгээний тооцоог хаанаас, яаж гаргаж ирсэн тухай тайлбар, тэмдэглэл, аудитын тайлан байхгүй,

- Мэдэгдэх, сонсох, тайлбар гаргуулах ажиллагаа хийгдээгүй, Захиргааны үйл ажиллагааны журмын дагуу манай байгууллагаас ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тайлбар, санал, мэдээлэл оруулах боломжоор хангаагүй,  

- 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот актын хувьд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь 2005 онд батлагдсан, нийт 7 бүлэг, 58 зүйлтэй. Актад дурдсан 72 дахь зүйл байхгүй бөгөөд үнэн хэрэгтээ тухайн эрх зүйн зохицуулалт нь 1996 оны Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан зүйл заалт юм,  

- Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас өмнөх актын алдааг засах нэрийдлээр актын гол зохицуулалтуудыг өөрчилж, шинэ актын хэлбэрээр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 45.1-ийг зөрчиж байна,

- Захиргааны акттай холбогдох гомдол гаргах нөхцөлийг заагаагүй,

- Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын 4.2.3-т заасан төлбөрийн акт гаргах үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр акт тавьсан” гэж маргаж байна.

6. Маргаан бүхий төлбөрийн акт тавих үндэслэл нь тус аймгийн Засаг даргаас баталсан “Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад олгох зөөврийн болон суурин компьютер, ухаалаг дэлгэцийн хуваарь”-ийн дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-аас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон ерөнхий боловсролын сургуулиудтай 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Компьютер нийлүүлэх гэрээ”-г байгуулж нийлүүлсэн зөөврийн 55 ширхэг, суурин 55 ширхэг компьютерыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр нийлүүлсэн гэж үзсэн тооцооллын маргаан байна.

7. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам” батлагдсан.

8. Тус журмын 1.3-т “төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна”, 3.1-д “Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална”, 4.2-т “Аудитын баг аудитын алдаа, зөрчлийг үнэлж, албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдэл гаргахдаа дараах нөхцөлийг харгалзана. Энэ шийдлийг аудитын алдаа, зөрчлийн нэгтгэлээр шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулна”, 4.3-т “Аудитын баг энэ журмын 4.2-т заасан шийдэл гаргахдаа аудитын явцад цуглуулсан нотлох зүйлсэд үндэслэх бөгөөд гүйцэтгэсэн ажил, олж авсан нотолгоо, гаргасан шийдлийг баримтжуулж, шат шатны чанарын хяналтаар баталгаажуулна” гэж тус тус журамласан байна.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч нь маргаан бүхий төлбөрийн актуудын хавсралтад дурдсан зөөврийн болон суурин компьютерын зах зээлийн үнийг тогтоохдоо зөвхөн Vistastore.mn сайт, BSB.mn сайт, Amazon сайтад борлуулагдаж байгаа компьютерын үнэтэй харьцуулан тогтоосон нь учир дутагдалтай гэж үзэхээр байна.

10. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тухайн нийлүүлсэн компьютерүүд өмнө нь хүн хэрэглэж байсан, хэвийн ашиглах боломжгүй байсан зэрэг тайлбар гаргах боловч аудитын явцад үүнийг баримтжуулсан нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

11. Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь зах зээлийн үнийг тогтоохдоо тухайн нийлүүлсэн үеийн цаг хугацаан дахь үнийн мэдээллийн талаар албан ёсны эх сурвалж ашиглаагүй, аудит хийх явцдаа шинжээч томилох, нийлүүлсэн компьютерын төрөл, загвар, үзүүлэлтээр үнэлгээний дүгнэлт гаргуулах зэргээр үнэ тогтоох ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгуулага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг, мөн дээрх журамд заасныг зөрчсөн үзэхээр байна.

12. Хариуцагчаас “То” ХХК-аар хийлгэсэн үнэлгээний дүгнэлт нь маргаан бүхий акт гаргасан цаг хугацаанаас хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 24-нд гарсан байгаа тул уг үнэлгээний дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

13. Түүнчлэн, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ...4.1.4."шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг; 4.1.5-д "аудитад хамрагдагч" гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон этгээдийг”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно”, Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 3.1-д “Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална”, 5.1-д “Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж, баталгаажуулна” гэж тус тус заасан.   

14. Энэхүү маргааны тохиолдолд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, ерөнхий боловсролын сургуулиудад зөөврийн болон суурин компьютерыг гэрээний дагуу нийлүүлсэн “Т” ХХК нь “аудитад хамрагдагч” болох бөгөөд аудитын байгууллагаас зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр нийлүүлсэнтэй холбоотой зөрүү 41.360.000 төгрөгийг тус компаниар төлүүлэхээр шийдвэрлэж байгаа тохиолдолд тус компаниас шаардлагатай нотлох баримт гаргуулах, мөн тайлбар, санал, гомдол гаргах гаргах боломжийг олгох талаар дээрх хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

15. Хариуцагчаас нэхэмжлэгч компанийн захиралд энэ талаар утсаар болон биеэр удаа дараа мэдэгдсэн гэх боловч мэдэгдсэн болохыг баримтжуулсан нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, ийм баримт байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн болно. 

16. Мөн нэхэмжлэгчийн “Захиргааны акттай холбогдох гомдол гаргах нөхцөлийг заагаагүй” гэж маргасан нь үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: ...40.2.5 “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж хуульчилсан байхад хариуцагч нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын нэгдүгээр хавсралтад заасан маягтын дагуу төлбөрийн актыг бичсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

17. Шүүхээс хариуцагчаас гаргаж өгсөн дээрх баримтуудад үндэслэн  нэхэмжлэгч компанийг зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр компьютер нийлүүлсэн гэж үзэх эсвэл хариуцагчийн тогтоосон үнэ үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, үнийн асуудлыг тогтоох, нөхцөл байдлыг тодруулах үүрэг нь аудитын байгууллагын чиг үүрэгт хамаарах тул шүүхээс үнэ тогтоохтой холбоотой нотлох баримтыг нөхөн бүрдүүлэх боломжгүй энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч нь аудит хийхдээ нөхцөл байдлыг бүрэн тодруулж, баримтжуулаагүй, аудитын явцад үзэж шалгасан эсэх нь эргэлзээтэй баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шууд дүгнэлт хийж, төлбөрийн актуудыг хүчингүй болгох боломжгүй байна.

18. Иймд хариуцагч нь дээрх зөрчлүүдийг арилган, дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэн Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот акт, түүнийг засварлаж гаргасан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот актуудыг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  ӨВА 2021/66/-14-ШТА-17 тоот акт, түүнийг засварлаж гаргасан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот актуудыг Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас шинэ акт гаргахгүй бол Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  ӨВА 2021/66/-14ШТА-17 тоот акт, түүнийг засварлаж гаргасан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АГГ-2021/06-ШТА-ГА/А1560348/18 тоот актууд хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ