Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0568

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Т.Ж

          Хариуцагч Х аймгийн Засаг дарга

          Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Х аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 125/ШШ2025/0043 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Т.Ж

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е

          Хэргийн индекс: 125/2025/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Т.Ж нь Х аймгийн Засаг даргад холбогдуулан “Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Х аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

          2. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ж нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/**1 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.Ж-ыг Х аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар захирамжаар ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус захирамж нь 2 үндэслэлд тулгуурлаж гарсан ба эхний үндэслэлийн хувьд аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны ** дүгээр сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлт буюу хүчин төгөлдөр болсон дүгнэлтэд Т.Ж нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.7, 7.1.8 дахь заалтыг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мөн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж шүүх үзсэн. Нэгэнт зөрчил гаргасан нь тогтоогдсон тул холбогдох хуулиар хариуцлага тооцох нь зүй ёсны байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

          3.2 Маргаан бүхий хоёр дахь үндэслэл нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж санхүүгийн болон өмч хөрөнгийн талаар зөрчил гаргасан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хуульд заасан хориглолтыг зөрчсөн талаар аймгийн Засаг даргад хяналт шалгалтын тайланг ирүүлж, Хөгжимт драмын театрын дарга Т.Ж-д хариуцлага тооцох саналыг тус албанаас Засаг даргад албан бичгээр ирүүлсэн. Шалгалтаар 9 төрлийн зөрчлийг илрүүлсэн бөгөөд бүх зөрчлүүд үндэслэлтэй, нэхэмжлэгчтэй холбоотой олон зөрчил гарсныг анхан шатны шүүхээс дүгнэлтүүдийг хийсэн.

          3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан гэж дүгнэсэн атлаа хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан.

          3.4 Ёс зүйн дэд хорооны дүгнэлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх бөгөөд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д тодорхой заасан. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22, 23, 24, 25, 26-д үндэслэлгүй дүгнэлт хийсэн учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

          3.5 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Х аймгийн дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

          Хэргийн үйл баримтын тухайд;

          3. Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ёс зүйн зөрчлийн тухай” ** дүгээр дүгнэлтээр “...хувийн ашиг сонирхлоор удирдах албан тушаалуудад мэргэжлийн бус томилгоо хийдэг... ажлын байрны дарамт үүсгэдэг... ажилчидтай зүй бусаар харьцдаг, ёс бус үг хэллэгээр доромжилдог, архи уусан үедээ ажлын бус цагаар дуудаж, хувийн машинаа унуулдаг, өөрийн дураар ажилчдын хугацааг сунгаж, жинхэлж эрх ашгийг зөрчдөг гэх агуулгатай нэр бүхий 25 ажилтны гарын үсэг бүхий гомдлыг шалгаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.7, 7.1.8-д заасныг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, байгууллагын төсвийн зарцуулалт, ил тод байдалтай холбогдуулан гаргасан гомдлыг санхүүгийн хяналт шалгалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

          4. Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Хөгжимт драмын театрын 2023, 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1) “Орлого төлүүлэх тухай” 35-02-** дугаар актаар дутагдсан хувцасны орлого 97,500 төгрөгийг хувцасны эрхлэгч Г.Д-р төлүүлэхээр, 2) “Хоолны нэмэгдэл төлүүлэх тухай” 35-02-** дугаар актаар хоолны нэмэгдэл давхардуулан олгосон 460,000 төгрөгийг хавсралтад дурдсан нэр бүхий 24 ажилтнуудаар төлүүлэхээр, 3) “Орлого төлүүлэх тухай” 35-02-** дугаар актаар 2023 онд “Ю” ХХК-д 700,000 төгрөгийн борлуулалтын орлого шивсэн байхад тус компаниас орлого ороогүй байх тул дутагдсан үйл ажиллагааны орлого болох 700,000 төгрөгийг дарга Т.Ж, нягтлан бодогч П.Б, касс Л.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр, 4) “Тушаал шийдвэргүй олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” 35-02-** дугаар актаар 1,740,825 төгрөгийг хавсралтад дурдсан 17 ажилтнаар төлүүлэхээр, 5) “Сахилгын шийтгэлтэй ажилтанд олгосон үр дүнгийн мөнгөн урамшуулал төлүүлэх” 35-02-** дугаар тухай актаар 3,823,416 төгрөгийг хавсралтад дурдсан 4 ажилтнаар төлүүлэхээр, 6) “Давхардуулан олгосон үр дүнгийн мөнгөн урамшуулал төлүүлэх тухай” 35-02-** дугаар актаар 23,199,70 төгрөгийг хавсралтад дурдсан ажилчдаар төлүүлэхээр тус тус нийт 6 акт тогтоосон байна.

          5. Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” Б/** дугаар захирамжийн 1 дэх заалт: Хөгжимт драмын театрын нэр бүхий ажилтнуудаас гаргасан гомдлын хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.7, 7.1.8 дахь заалтуудыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан, түүнчлэн Санхүүгийн хяналт шалгалтаар Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж санхүүгийн болон өмч хөрөнгийн талаар зөрчил гаргасан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хуульд заасан хориглолтыг зөрчсөн талаар аймгийн Засаг даргад хяналт шалгалтын тайланг ирүүлсэн тул Хөгжимт драмын театрын дарга Т.Ж-д 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2 дахь заалт: Т.Ж-ыг албан тушаал бууруулсантай холбогдуулж мэргэжлийн дагуу дуучны сул ажлын байранд томилохыг...даалгаж шийдвэрлэжээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          6. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө”, 7 дугаар зүйлийн 7.1.2-т “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.3-д “хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 7.1.7-д “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх”, 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” гэж тус тус зааснаар төрийн албан хаагч нь энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

          7. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол, мэдээлэл гаргасан этгээд түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор харьяалах дээд шатны байгууллагын Ёс зүйн дэд хороо, Ёс зүйн хороонд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул Ёс зүйн хорооны дүгнэлт хүчин төгөлдөр болсон, Т.Ж-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээр байна.  

          8. Х аймгийн Хөгжимт драмын театрын дарга Т.Ж, нягтлан бодогч Т.Б нараас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын ерөнхий байцаагч Б.Ж-д хандаж “Улсын ахлах байцаагчийн 35-02/**, 35-02/** дугаар актыг эс зөвшөөрч гомдол” гаргасан бөгөөд Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар албан бичгээр Улсын ахлах байцаагчийн 35-02** дугаар акттай холбоотой гомдлоо буцаах хүсэлт гаргасан байна.

          9. Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдлыг хянасан тухай” 01/**** дугаар албан бичгээр “... Улсын ахлах байцаагчийн 35-02/** дугаар акттай холбоотой гомдлоо буцаах хүсэлт гаргасан тул хянах шаардлагагүй гэж үзэж, харин 35-02/** дугаар актыг хянаж Х аймгийн Хөгжимт драмын театрын 2023 оны аудитлагдсан Санхүүгийн тайлантай танилцахад цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал хэтрэлгүй, 26,3 сая төгрөгийн хэмнэлттэй зарцуулсан гэж үзэж 35-02/** дугаар актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

          10. Анхан шатны шүүхийн “... 2025 оны ** дүгээр сарын 29-ний өдрийн 35-02/** дугаар (2023 онд “Ю” ХХК-д 700,000 төгрөгийг борлуулалтын орлого шивсэн байхад тус компаниас орлого ороогүй) акт, 35-02/** дугаар (дутагдсан хувцасны орлого 97,500 төгрөг) акт, 32-02/** дугаар (сахилгын шийтгэлтэй ажилтанд олгосон үр дүнгийн мөнгөн урамшуулал 3,823,416 төгрөг), 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Тогоочдын үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулсан, 2023 оны С, Б, М, Н, Б зэрэг кино үйлчилгээний хөлстэй холбоотой зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй...” гэж дүгнэснийг буруутгахгүй.

          11. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүх Т.Ж-ын 2024 онд гаргасан доорх зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн атлаа “...Т.Ж-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй шийдвэр гаргасан гэж дүгнэж”, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

          12. Өөрөөр хэлбэл, Улсын байцаагчийн “Хоолны нэмэгдэл төлүүлэх тухай” 35-02-** дугаар актаар хоолны нэмэгдэл давхардуулан олгосон 460,000 төгрөгийг хавсралтад дурдсан нэр бүхий 24 ажилтнуудаар төлүүлэхээр тогтоосон, 2024 оны 12 дугаар сард нэр бүхий 12 ажилтанд 5,176,025 төгрөгийн илүү цагийн нэмэгдлийг тушаал шийдвэрээс илүү тооцож олгосон, 2024 оны “Х”, “Х нь 2”, “З” киноны үйлчилгээний хөлстэй холбоотой зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

          13. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “ “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”, 16 дугаар зүйлийн 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж тус тус зааснаар Х аймгийн Хөгжимт драмын театрын дарга Т.Ж нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.

          14. Дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” эрх хэмжээтэй байх ба Т.Ж нь тухай байгууллагын төсвийн шууд захирагч болохын хувьд өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн болох нь Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Ёс зүйн дэд хорооны 2025 оны ** дүгээр сарын 17-ны өдрийн ** дүгээр дүгнэлтээр “...Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.7, 7.1.8 дахь заалтуудыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэлт гарсан байх тул Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Ж-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.4-д “албан тушаал бууруулах” гэж заасантай нийцжээ.

          15. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж зааснаар хариуцагч нь Т.Жд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлүүдийн шинж байдалд тохирсон буюу захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.5, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 7.1.3, 7.1.7, 7.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ж-ын гаргасан “Х аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Х аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын давж заалдах гомдлыг хангасугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА