Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 6

 

Б.А-, Б.Х- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0397/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Хохирогч                                       М.Ц-

Шүүгдэгч                                       Б.А-, Б.Х-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолтой Б-гийн А-, Б-ы Х- нарт холбогдох, 1918006070413 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.т зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, нийт 5 жилийн хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2.т зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн бөгөөд тус ял дээр урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 5 дугаар зүйлийн 5.1.т зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоогдож байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай А- овогт Б-ы Х-.

2. Монгол улсын иргэн, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 140 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.т зааснаар 240.000 төгрөгийн торгох ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.3.т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 сарын 27-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1.т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай А- овогт Б-гийн А-.

Шүүгдэгч Б.Х- нь 2019 оны 08 дугаар 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын * дугаар баг, Майхант **-** тоот хашаанд оршин суух иргэн З.О-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, бичиг хэргийн хэрэгслүүд авч, 605.500 төгрөгийн, мөн тус хашаанд байрлах Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг тус тус авч 360.000 төгрөгийн, нийт 965.500 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01.00 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын * дугаар баг, ** дугаар брак байрны ** тоотод иргэн М.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон,

-шүүгдэгч Б.А- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, “Эгийн Уулс” зочид буудалд эрүүгийн 18180092 дугаартай хэргийн хохирогч М.Ц-г ятгаж, шан харамж амлан, зориуд худал мэдүүлэг өгүүлэхэд нөлөөлсөн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1., 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч А- овогт Б-ы Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “хохирогч З.О-ын монгол гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 360,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл, холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч А- овогт Б-ы Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж "хулгайлах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А- овогт Б-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т заасан “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, хохирогчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, энэ тогтоолоор оногдуулсан нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 8 /найм/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Х-д оногдуулсан 6 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.т зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

-Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Б.Х-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг хорих ялын 90 /ер/ хоногоор тооцож эдлэх ялаас хасч,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Б.Х-эс 834,500 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, 68 дугаар бракийн 02 тоотод оршин суух Мянгат овогт М-гийн Ц- /РД: УП00261446/-д 300,000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхант 3-35 тоотод оршин суух Боржигон овогт Зөмүүгийн О- /РД: ТА87050509/-т 534,500 /таван зуун гучин дөрвөн мянгө таван зуу/ төгрөг тус тус олгож,

-Энэ хэрэгт шүүгдэгч Б.Х-, Б.А- нараас хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гарын мөр, ягаан цэцэг бүхий хөнжлийн даавуу 1 ширхэг, архины шил 1 ширхэг, усны сав 1 ширхэг, хос оймс, саарал өнгийн фудволк 1 ширхэг, ягаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д цагдан хорих, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг нэг талыг барьж, сэтгэл хөдлөлөөр шийдвэрлэсэн бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Б.Х-ийн эрх зүйн байдлыг дордуулсан. Б.Х-ийг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг мэдсээр байж өмгөөлөгчийг нь өөрсдөө сонгож дуудан авчирч оролцуулсан нь хууль бус бөгөөд гүтгэгдэх үндэслэл болж байна. Прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд гэм буруутай нь тогтоогдоогүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, хэргийг сайтар шалгаж тогтоогоогүй байж шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна. Хуульд гэрч, хохирогч хэдэнд гэдгээ нотолж чадахгүй эргэлзээтэй байдаг бөгөөд гэрч, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан.  Хохирогчид худлаа мэдүүлсэн зүйл олон байхад яагаад шалгахгүй байгаад гомдолтой байна. З.О-, Б- нар худал мэдүүлэг өгч байгааг нотлох баримт өгье гэхэд мөрдөгч аваагүй байсан. Гэрч н.Баттөр зах дээр 8 сарын дундуур гэрээсээ хулгайд алдсан зүйлээ хайж явсныг нотлох хүмүүс байгаа талаар хэлэхэд шалгах шаардлагагүй гэж мөрдөгч эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Иймд хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А- тайлбартаа:

Прокурор хэт нэг талыг барьж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай. Яллах үндэслэл нь эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж хуульд заасан байхад анхан шатны шүүх гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шан харамж өгсөн тийм зүйл огт байхгүй. Зөвхөн М.Ц-гийн мэдүүлгээр хэргийг шийлвэрлэсэн хууль зөрчсөн. Бодит хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Х- тайлбартаа:

Би ганцхан мөнгөн аяга л авсан хохирогч өөр зүйл нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Ц-гийн хүчиндсэн зүйл огт байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Х-, Б.А- нарын өмгөөлөгч Н.Баярмаа саналдаа:

Шүүгдэгч нарын зүйлчлэлд ямар нэгэн маргаан байхгүй. Б.А-д холбогдох хэргийн зарим хэсгийг хүчингүй болгуулах, Б.Х-д холбогдох хэргээс аваагүй эд зүйлийн хохирлыг хасаж тооцуулах саналтай байна гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Ц- тайлбартаа:

Шүүгдэгч нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөрөхгүй байна. Б.А- нь тухайн үед мэдүүлгээ өөрчилчих мөнгө өгье, тэгвэл Б.Х- ялгүй салах гээд байна гэж хэлсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Х-ийг 2019 оны 08 дугаар 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Майхант **-** тоот хашаанд амьдардаг иргэн З.О-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж бичиг хэргийн хэрэгслүүд авч, 605.500 төгрөгийн, мөн тус хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг тус тус авч 360.000 төгрөгийн, нийт 965.500 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар, мөн 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01.00 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, 68 дугаар брак байрны 02 тоотод амьдардаг иргэн М.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар,

-шүүгдэгч Б.А-г 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, “Эгийн Уулс” зочид буудалд эрүүгийн 18180092 дугаартай хэргийн хохирогч М.Ц-г ятгаж, шан харамж амлан, зориуд худал мэдүүлэг өгүүлэхэд нөлөөлсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч З.О-ын хашаанд байдаг  монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг эдгээр зүйлс алга болсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, Б.Х- уг хэргийг үйлдсэн гэх ул мөр гэрээс илрээгүй, эдгээр нь бичиг хэрэгслийн зүйлс хулгайлсан өдөр алга болсон гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, харин түүнийг иргэн З.О-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж бичиг хэргийн хэрэгслүүд авч, 605.500 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт, иргэн М.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж  хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Б.А-г хохирогч М.Ц-г ятгаж зориуд худал мэдүүлэг өгүүлэхэд нөлөөлсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн, энэ тогтоолоор нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 8 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, шүүгдэгч Б.Х-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялаас хасч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д цагдан хорих, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.А-гийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл шүүгдэгч Б.Х- нь иргэн З.О-ын гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж бичиг хэрэгслийн зүйлс хулгайлж 605.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч З.О-ын ...би 2019.08.21-нд Нарантуул захын бөөний төвөөс хичээлийн хэрэгсэл болох дэвтэр, харандаа, шугам, үзэг, усан будаг, баллуур, үзүүрлэгч зэргийг их хэмжээгээр авч Дарханд гэртээ авчирсан. 8 сарын 22-ны өглөө 5 хайрцаг бараагаа аваад зах руу гарсан. Гэрт 6 хайрцаг бараа үлдсэн. 11.00 цагийн үед гэртээ дахин ирээд 1 хайрцаг дэвтэр аваад хаалгаа цоожлоод гарсан. 14.00 цагийн үед дахин гэртээ иртэл манай гараажийн хаалга онгойсон байсан. Гэртээ ортол миний бараа, эд зүйлс алдагдсан байсан...гэсэн мэдүүлэг,

-гэрч Э.Ч-ийн...2019.08.22-ны өдрийн 12.00 цагийн орчим гаднаас 25-30 орчим насны цэнхэр цүнх үүрсэн танихгүй залуу орж ирээд “дэвтэр бөөний үнээр авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь үзье гээд дэлгүүр лүүгээ дагуулаад ороход эхлээд 2 боодол, дотроо 10 болон 20 ширхэгтэй дэвтрийг нэгийг нь 300 төгрөгөөр өгнө гэж яриад дахин 5 боодол дэвтэр, фломастер, өнгийн цаас гаргаж ирээд “бүгдийг нь 50.000 төгрөгт өгнө” гэхээр нь би “40.000 төгрөгт авъя” гэхэд “за ав ав” гээд гарсан. Цүнхэнд нь өөр юу ч үлдээгүй, бүгдийг нь гаргаж ирээд зарсан...гэсэн мэдүүлэг, “Капитал зууч”ХХК-ийн эд зүйлсийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр,  

-мөн шүүгдэгч Б.Х- нь иргэн М.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биед нь тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн сарвуу, хүзүү хоолойн дахь цус хуралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт бүхий гэмтэл учруулж улмаар хүч хэрэглэхээр заналхийлж, түүний энэ үйлдлийг таслан зогсоох, биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэхэд хохирогчийг “ална шүү” гэж айлган сүрдүүлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Ц-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...гэртээ ганцаараа байж байтал 2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө хаалга хүн цохихоор очиход “Х- ах нь байна” гэхээр нь оруулсан. Тэр гартаа тал шил архи барьсан байсан....тэгтэл тэр босож гэрэл унтраагаад намайг шууд орон дээр дараад авсан. Би “болиоч ээ, та яаж байгаа юм бэ” гээд орилсон чинь миний амыг дараад хоолой боогоод би ухаан алдах гээд байсан. Тэгж байхдаа би айсандаа өмдөндөө шээсэн. Тэр үед би нэлээд эсэргүүцэж ноцолдсон. Тэгж байтал миний баруун нүд рүү хуруугаа хийгээд эргүүлсэн, миний нүд өвдсөн, тэгэхээр нь гарыг нь түлхсэн чинь улам хүчтэй эргүүлээд байсан. Би тэр үед айгаад “хүн аллаа ш дээ” гээд орилсон чинь Х- архины шил авч далайгаад “чамайг алсан ч яадаг юм” гээд байсан. Тэгтэл нэг хүн хаалга тогшоод “чимээгүй байгаач, цагдаа дуудлаа шүү” гэсэн..... Тэгтэл Х- бүх хувцсаа тайлж, миний хувцасыг хүчээр тайлах гэж оролдсон. Намайг эсэргүүцэхэд архины шил далайж сүрдүүлж байсан. Тэгээд тэр хүчээр миний хувцасыг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Намайг орилох тусам ам таглаад байсан. Яаж ч эсэргүүцээд дийлээгүй....явсных нь дараа хажуу айлын хүний утсаар ээж рүүгээ залгаад “гэртээ хурдан ир” гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг,

-гэрч В.М-гийн... 00 цаг өнгөрч байхад манай охин танихгүй утаснаас залгаад  ...айгаад байна, хурдан хүрээд ирээч...гээд уйлаад ярихаар нь би гэртээ гүйгээд очсон чинь гэрийн хаалга онгорхой, орон дээр уйлчихсан, хамаг бие нь салгалчихсан байхаар нь харахад баруун нүд нь хөхөрсөн, хүзүү, гар, чих нь улайсан байхаар нь юу болсон талаар асуухад ...Х- ах... гээд юм ярьж чадахгүй байж байгаад ...Х- ах миний хоолойг боогоод хүчиндсэн, бас нүд рүү гараа хийгээд байсан.. гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг,

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.01.04-ний өдрийн №1182 дугаар ... М.Ц-гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн сарвуу, хүзүү хоолойн дахь цус хуралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...гэсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,      

-шүүгдэгч Б.А- нь шүүгдэгч Б.Х- иргэн М.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсээр байж бодит байдлыг нууж гуйвуулан булзайруулж, хохирогчийн үнэн зөв мэдүүлэхэд саад учруулж, хохирогч М.Ц-г ...чи жирэмсэн юм чинь Х-гийн хүүхэд гээд хэлчих, тэгээд Х- намайг хүчиндээгүй, бид 2 уулздаг, бие биедээ хайртай, өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан гээд мэдүүлчих, чамд эмнэлгийн төлбөр, сэтгэл санааны хохирол гээд 1.200.000 төгрөг өгье...гэж ятгаж зориуд худал мэдүүлэг өгүүлэхэд нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Ц-гийн өгсөн...Миний өгсөн хамгийн эхний мэдүүлэг үнэн, одоо ч гэсэн үнэн зөвөөр мэдүүлж байна. 2019.05.31-ний өдөр Х-ийн ээж А- манай ээжийн ажил болох зочид буудал дээр ирчихсэн байсан. Тэгээд ээжийн хажууд надтай уулзаад ...уучлаарай, би эмчилгээний зардал 1.0 сая гаруй төгрөгийг төлье, Х- 2 хүүхэдтэй, 2 хүүхдийг нь бодооч... гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би ...мэдүүлгээ өөрчилж чадахгүй, та өөрийнхөө хүүхдийг болохоор тэгж байна...гэж хэлсэн. Тэгээд ээжээс асуухад намайг “өөрөө мэд” гэсэн. Тэгээд А- эгчээс...тэгээд юу гэж хэлэх ёстой юм бэ... гэхэд ...анх Х- бид 2-ыг уулздаг байсан, нэгэндээ хайртай, ямар ч хүчиндсэн зүйл байхгүй, өмнө нь Х-тай бэлгийн харьцаанд орж байсан, дээрээс нь чи жирэмсэн юм чинь Х-гийн хүүхэд гээд хэлчих... гээд байсан. Тэгэхээр нь ...жирэмсэн болсон цаг хугацаа зөрнө... гэсэн чинь ...сарын тэмдгээ зөрүүлээд хэлчих... гээд байсан. Гомдолгүй гээд хэлвэл Х- ялаа аваад явдагтаа явна, гомдолгүй гээд миний хэлсэн шиг хэлчих юм бол арай бага ял авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 хүүхэдтэй хүнийг шоронд явуулаад яахав дээ гэж бодсон. Тэгж байхдаа би худлаа хэлвэл хуулийн хариуцлага торгууль хүлээдэг юм байна лээ гэхэд тэр гайгүй байхаа, би өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан, Х-гийн хүүхэд гээд хэлчихвэл хариуцлага хүлээхгүй байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би А- эгчийн зааж өгснөөр мэдүүлгээ өөрчилж өгсөн... А- намайг айлгаж сүрдүүлээгүй, ээж хэдийгээр таньдаг ч гэсэн ер нь бол аймаар хүн, хэл ам ихтэй, өөрийгөө юм үздэг, бөө гэсэн юм яриад байсан. Хэрэв мэдүүлгээ өөрчлөхгүй бол миний хүүхдэд ч ямар нэгэн юм хийж магадгүй гэж бодсон. Эмнэлгийн төлбөр, сэтгэл санааны хохирол гээд 1.200.000 төгрөг өгье гэж надад хэлсэн....ээжид “гомдолгүй гээд хэлээд өгөөч” гээд нэлээд олон удаа хэлсэн гэсэн....гэсэн мэдүүлэг,

-гэрч В.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2019 оны 5 сард, өдрийг нь сайн санахгүй байна, Х-ийн ээж А- манай ажил дээр 13.00-14.00 цагийн үед ирээд надтай уулзаад ...Ц-г гомдолгүй гээд хэлүүлмээр байна, би та хоёрт эмчилгээний зардал болох 1 сая гаруй төгрөгийг өгнө... гэхээр нь би “мэдэхгүй, охинтой өөрөө уулзаад хэл” гээд охиноо дуудсан. А- эгч манай охин Ц-тай уулзаж байхад нь би яваад орсон чинь А- эгч бид 2 ярьлаа, Х- бид 2 урьд нь үерхэж байсан, ээжээсээ айгаад хүчиндсэн гээд мэдүүлсэн, энэ хүүхэд Х-ийн хүүхэд гээд хэлчих юм бол гайгүй байх, Х- 2 хүүхэдтэй, шоронд орвол 2 хүүхэд нь хэцүүдэх байх, би та хоёрт 1.200.000 төгрөг өгье гээд гуйгаад байсан. Тэгсэн чинь охин Ц- ...ингээд худлаа хэлэхээр чинь би хуулийн хариуцлага хүлээх юм биш үү... гэсэн чинь Х-ийн хүүхэд төрүүлэх гэж байгаа гэж хэлэхээр гайгүй гээд байсан. Тэгээд манай охин Ц- худлаа мэдүүлэг өгөхөөр болсон юм. ...Анх мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөв мэдүүлсэн, тэр үедээ ч надад тэгж хэлсэн. Тэгээд охин бид 2 бодож байгаад үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгье гэж шийдээд охин маань дахин үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн юм...эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг өгье гэж хэлээд байсан...гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүхээс хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирлыг зөв тооцсон, мөн шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.А-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                              Ц.ТУЯА

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ