Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

2023       07          24                                        2023/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Хохирогч: Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Мт холбогдох эрүүгийн 2335000000148 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 3 дугаар сарын 13-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндархангай сумын .......... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Б овогт Дийн М /РД:................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мнь Увс аймгийн Өндөрхангай сумын ......... багийн Улаан энгэр гэх нэртэй газраас 2022 оны 7 дугаар сарын 15-ны үед тус сумын Жаргалант багийн иргэн Т.Бын 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Мыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Мнь Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн Улаан энгэр гэх нэртэй газраас 2022 оны 7 дугаар сарын 15-ны үед тус сумын Жаргалант багийн иргэн Т.Бын 2 тооны бярууг авсан болох нь:

Малд 2023 оны 4 дүгээр сарын 21ний өдөр үзлэг хийсэн “Хохирогч Т.Бын эзэмшлийн үхэр нь улаан, хар, алаг зүстэй, нийт 46 ижилтэй үхэр байв. Тус үхэр дотор 2022 оны 7 дугаар сард алдагдаад буцааж олж авсан гэх 1 тооны үхэр байх ба тухайн үхэрд үзлэг хийхэд улаан зүстэй,баруун чих нь оно, зүүн чих нь араасаа давхар сүйх имтэй 3 настай эм үхэр байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Үхсэн малд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг хийсэн “Үзлэг хийх гэж буй мал нь хадны хөндийд баруун талаараа хэвтэж үхсэн үхрийн сэг, зэм байна. Тус үхэр нь хар зүстэй үхэр байх ба арьсны зарим хэсэг нь илжирч муудсан, үс нь халцарсан байдалтай байв. Тус үхэр нь эвэртэй, чих нь ямар нэгэн имгүй байх ба илжирч муудсанаас болж өмхий үхэр орсон байна. Тухайн үзлэг хийж буй малд ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий зүйл байгаагүй тул үзлэгийн явцад ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий зүйл байгаагүй тул үзлэгийн явцад Самсунг А-53 маркийн гар утсаар 4 кадр зураг авсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хохирогч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 15-ны үед Увс аймгийн Өндөрхангай сумын Бны багийн нутаг Улаан энгэр гэх нэртэй газарт байсан манай үхэрнээс 2 тооны үхэр хулгайлагдсан байсан. Манай үхрүүд ижлээсээ тасарч, салж явдаггүй бөгөөд би эхнэр, хүүхдийнхээ хамт өөрийнхөө үхрүүдийг байнга харж, малладаг учраас тэр 2 үхрийг алга болсныг мэдээд хулгайч авсан юм байна гэж шууд мэдсэн. Тэгээд би тэрнээс хойш хэдэн өдөр үхрээ хайсан боловч олоогүй. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 02-ны орчимд би алдагдсан үхрээ хайж яваад Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг дунд гол гэх нэртэй газарт очиход манай үхэрнээс хулгайд алдагдсан улаан зүстэй, баруун чих нь оно, зүүн чих нь араасаа давхар сүйх имтэй 2 настай эм үхэрийг Өндөрхангай сумын Цагааннуур багийн харъяат Д.Б гэгч нь өөрийнхөө үхэртэй нийлүүлээд туучихсан явж байсан. Д.Б нь миний хулгайд алдсан үхэрний имийг нь өөрчлөөгүй байсан ч хүзүүвч зүүгээд, өөрийнхөө үхэрт ижилсүүсэн байсан. Би Д.Бтай уулзаад “Миний алдсан үхэр яагаад танай малд байгаа. Би үхрээ им, зүсээр нь таньж байна. Хамт алдагдсан хар үхэр нь хаана байна" гэж асуухад Д.Б нөгөө үхрийг нь М мэдэж байгаа. Чи үхэрээ буцаагаад ав гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сард хулгайд алдагдаж байсан улаан зүстэй, баруун чих нь оно, зүүн чих нь араасаа давхар сүйх имтэй 2 настай эм үхэр нь одоо манай үхэрт байгаа. Харин би нөгөө үхрээ өнөөдрийг хүртэл олж авч чадаагүй. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ алдагдсан гэх үхэрийг эвэртэй улаан, эвэртэй хар, зөв чихэндээ давхар сүв имтэй гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед буюу 2022 оны 07-р сар манайх үхэрнүүдээ имнээгүй байсан байна. Ийм болохоор манай хулгайд алдсан үхэр алдагдах үедээ ямар нэг имгүй байсан байна. Манайх үхэрнүүдээ 2022 оны 09 дүгээр сард имнэсэн юм. Хулгайд алдагдсан хоёр үхэрнээс улаан зүсмийн үхрийг Өндөрхангай сумын малчин Д.Б гэх айлын үхэртэй хамт байхад нь зүсийг нь харж таньсан бөгөөд олж авахад имгүй байсан намар нь буюу 9-р сард имнэсэн. Өмнөх мэдүүлэг дээрээ хулгайд алдсан хоёр тооны үхрийг баруун чих нь оно имтэй, зүүн чих нь араасаа давхар сүйх имтэй гээд андуурч мэдүүлэг өгсөн байна. Би хоёр тооны үхрийг 2022 оны хавар алдсан бөгөөд тухайн жилийн намар нь 9-р сард имнэж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 21, 23 дахь тал),

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Улмаар 2022 оны 08 дугаар сарын эхээр миний нөхөр Б алга болсон 2 үхэрний нэг болох улаан зүстэй, баруун чих нь оно, зүүн чих нь араасаа давхар сүйх имтэй 2 настай эм үхрийг олж ирсэн. Б хэлэхдээ “Энэ үхрийг Б өөрийнхөө үхэртэй нийлүүлээд, хүзүүвч зүүгээд ижилсүүлчихсэн байна. Нөгөө үхрийг нь өөр хүнд байгаа гэж хэллээ” гэж ярьсан. Б нь манайхтай олон жил айл, саахалт байсан бөгөөд тухайн үед бид нар болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Б нь манай үхрийг хэзээ, яаж авсан болхыг нь би мэдэхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтэй зарим зүйлийг буруу мэдүүлсэн байна. Би тухайн алга болсон 2 тооны үхрийн сайн мэдэхгүй байсан манай нөхөр Б сайн мэдэж байгаа. Тухайн 2 тооны үхэр 2022 оны 07 дугаар сарын дундуур /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ манай үхэрнээс 2 тооны үхэр алга болсон. Тухайн үед алга болсон 2 тооны үхэр имгүй байхдаа алга болсон. Тэгээд улаан зусмийн үхрийн 2022 оны 08 сарын эхээр /өдрийн сайн санахгүй байна/ Бны үхэрнээс олж ирээд баруун чих нь оно, зүүн чих нь араасаа давхар сүйх имээр намар нь имнэж авсан юм. Харин нөгөө олдоогүй 1 тооны хар зүсмийн үхэрийг имнээгүй байсан. Тухайн 2 тооны үхэрийг 2 настайд имнэж амжаагүй байхад нь алдсан юм" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал),

Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Манайх Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт мал маллаж амьдардаг. 2022 оны 07 дугаар сарын дундуур /хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна/ манайх Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг Цагаан үзүүр гэх нэртэй газарт байхад манай үхэрт улаан зүстэй, хүзүүвчтэй бяруу нийлж ирсэн байсан. Би тухайн бярууны чихнийх нь имийг үзээгүй бөгөөд ямар ч байсан эм бяруу байсан. Гэтэл тэрнээс хэд хоногийн дараа Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн харъяат Дийн У гэдэг залуу манайд ирээд “Миний бяруу танай үхэртэй нийлчихсэн байна” гэж хэлээд манай үхэрт нийлж ирсэн улаан бярууг туугаад явсан. Гэтэл тэр бяруу дахиж манай үхэрт ирж нийлсэн байсан. Улмаар 2022 оны 08 дугаар сарын эхээр манайх нүүсэн ба нүүдлийн замд явж байхад Б ирээд нөгөө бярууг "Манай бяруу байна” гэж хэлээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

Гэрч Д.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 15-ны орчимд /хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна/ манай үхэр бэлчээрт гарчихаад орой буцаж ирэх үед манай үхэртэй хамт 1 тооны улаан зүстэй, эм бяруу ирсэн. Би тухайн бярууны чихнийх нь имийг анзаарч хараагүй. Ямар ч байсан хүзүүндээ ременэн хүзүүвчтэй байсан. Би тэр бярууг эхлээд хэний бяруу болохыг нь мэдээгүй. Тэр бяруу манай үхэртэй хамт ирсэний маргааш өдөр нь Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн харъяат Дийн У гэх залуу манайд ирээд “Миний бяруу танай үхэртэй нийлээд явчихсан байна. Би бяруугаа авч явлаа" гэж хэлээд урд өдөр нь манай үхэртэй хамт ирсэн 1 тооны улаан зүстэй, эм бярууг тууж аваад явсан. Тэрнээс хойш тэр бяруу нь өдрийн цагаар, бэлчээрээр манай үхэртэй нийлээд ирээд байсан. Ирэх болгонд нь Дийн У ирээд "Манай бяруу танай үхэртэй нийлж явчихаад болохгүй байна" гэж хэлээд тууж яваад байсан. Улаанаа тэр бярууг манай үхэрнээс 2-3 удаа салгаж, тууж явсан. Гэвч тэр бяруу нь буцаж манай үхэртэй нийлж ирээд байсан учраас У надтай ирж уулзаад "Та урагшаа нүүхээрээ миний энэ бярууг үхэртэйгээ цуг туугаад аваад яв. Би говь орохоор нь очиж авна. Би өөрөө самар түүх ажилтай болохоор ойрд урагшаа явж чадахгүй" гэж Улмаар тэр бяруу манай үхэрт хэд хоног байсан. Манайх 2022 оны 08 дугаар сарын эхээр Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг Цагаан үзүүр гэх нэртэй газраас Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг Цагааннуур гэх газар луу нүүсэн. Замд нүүж явахад буюу Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг Дунд гол гэх нэртэй газарт би малаа туугаад явж байтал Өндөрхангай сумын иргэн Б надтай ирж уулзсан. Б нь Дийн Угийн "Миний бяруу" гэж хэлээд, тууж яваад байсан бярууг харчихаад “Энэ миний алдсан бяруу байна. Би 2 бяруу алдсан. Нэг нь энэ бяруу мөн байна. Нөгөө нь хар зүстэй бяруу байгаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Доржийн Улаанаа наад бярууг чинь миний бяруу гээд тууж яваад байсан " гэж хэлэхэд Б “Би өөрийнхөө малыг таньж байна" гэж хэлээд тэр бярууг туугаад аваад явсан. Тэр бярууг манай үхэртэй хэн нийлүүлсэнийг би яг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2022 оны 07 дугаар сарын 15-ны орчимд манай үхэр бэлчээрт гарчихаад орой буцаж ирэх үед манай үхэртэй хамт 1 тооны улаан зүстэй, эм бяруу ирсэн. Би тэр бярууны чихний имийг нь үзээгүй. Гэтэл тэр бяруу манай үхэртэй ирж нийлсэний маргааш өдрөөс нь эхлээд Дийн У гэдэг залуу манайд ирээд “Энэ миний бяруу” гэж хэлээд тууж яваад байсан боловч тэр бяруу нь эргэж манай үхэртэй нийлчихээд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

Шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би уг бярууг авсгаас хойш ажиглаж харахад миний алдсан бяруу биш байсан бөгөөд ямар нэгэн хүн хайж ирээгүй болохоор үхэртээ байлгаж байх явцад үхсэн. Би тухайн хоёр бярууг авах үед явган хонь малаа хариулж явахдаа таарсан тул малдаа нийлүүлээд тууж явсан. Б 8 дугаар сард уулзахдаа хоёр бяруу гээчихээд улаан бярууг нь олчихсон хар бяруу нь байхгүй байна, үзсэн харсан зүйл байгаа юу гэж асуухаар нь би хараагүй гэж хэлсэн. Б нь улаан зүсмийн бяруугаа буцаан авсан учраас манайд өвөлжиж байгаад үхсэн хар бярууны хохирлыг төлж барагдуулахаар болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мнь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хулгайлж авсан хар зүстэй бяруу үхсэн газрыг зааж өгсөн, уг үхсэн бяруунд мөрдөгч Б.М нь шүүгдэгч Д.Мыг байлцуулан үзлэг хийсэн “уг бяруу нь чихэндээ имгүй байв” гэх тэмдэглэл, уг үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд(хавтаст хэргийн 7-8 дахь тал), хохирогч Т.Бын “Би Д.Бтай уулзаад “Миний алдсан үхэр яагаад танай малд байгаа. Би үхрээ им, зүсээр нь таньж байна. Хамт алдагдсан хар үхэр нь хаана байна" гэж асуухад Д.Б нөгөө үхрийг нь М мэдэж байгаа. Чи үхэрээ буцаагаад ав гэж хэлсэн. Би нөгөө үхрээ өнөөдрийг хүртэл олж авч чадаагүй. Тухайн үед буюу 2022 оны 07-р сар манайх үхэрнүүдээ имнээгүй байсан байна. Ийм болохоор манай хулгайд алдсан үхэр алдагдах үедээ ямар нэг имгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)-үүдээр давхар нотлогдож байх тул шүүх эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлээд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д “Эрүүгийн ахлах мөрдөгч Б.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “Мөрдөгч” гэдэг хамаарахгүй тул түүний цуглуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасаж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг эрүүгийн ахлах мөрдөгч Б.Мө 2023 оны 4 дүгээр сарын 21-нд илтгэх хуудсаар танилцуулсныг Увс аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Э.О хүлээн авч, уг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгуулахаарт тухайн өдөрт эрүүгийн ахлах мөрдөгч Б.Мд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах, хэрэгт бүртгэх, мөрдөн байцаах, прокуроорын хяналт, шүүн таслах гэсэн үе шаттай байна.

Энэ хэргийн хувьд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг эрүүгийн ахлах мөрдөгч Б.М 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн явуулсан байна.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаж байгаа цагдаагийн байгууллагын албан хаагч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1.үзлэг хийх; 1.2.шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;1.3.хохирогч, гэрчээс мэдүүлэг авах; 1.4.хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах; 1.5.эд хөрөнгийг битүүмжлэх, 1.6.шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах эрхтэй гэж тус тус заажээ. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахаар томилогдсон албан хаагч дээрх ажиллагааг явуулж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагад нийцнэ.

Эрүүгийн ахлах мөрдөгч Б.М гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлж, прокурор 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэснээс хойших мөрдөн байцаах ажиллагааг хуулиар тогтоосон харьяалалын дагуу мөрдөн байцаах тасгийн мөрдөгч С.Н явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журамд бүрнээ нийцсэн байх тул өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Д.М нь хохирогч Т.Бын 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далд, бэлчээрээс авч явсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 2 тооны үхэр нь олон тооны мал болно.

Иймд шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогчийн нэг тооны улаан зүстэй бярууг авсан, хар бяруу нь миний бяруу, хохирогчийн хар бярууг хулгайлаагүй” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ.

Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “ 2022 оны 7 дугаар сарын эхээр манайх урагшаа нүүхдээ үхрээ буйр дээрээ орхиод нүүгээд явсан. Буцаад 7 дугаар сарын 20-ны өдөр ирэхэд 2 үхэр дутуу байсан. Тухайн 2 үхрийг хамт алга болсон эсэхийг мэдэхгүй байна. Миний бяруу духан дээрээ хурууны өндөгний хэмжээтэй цагаан сартай байсан. Мөрдөн байцаагч надад бүдэг зураг авч ирж үзүүлсэн учраас сартай эсэх нь харагдахгүй байна. Үхсэн бяруу нь чихэндээ имтэй юм шиг харагдахаар зураг харагдсан. Сүүлд хүмүүс хар зүсмийн бяруу чоно идсэн байна гэж хэлэхэд очиж үзэхэд 4 хөл, толгой нь байсан. Би Д.Мыг миний хар бярууг хулгайлж авсан гэж үзэхгүй байна” гэх мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд өөрийнхөн өгсөн мэдүүлэг, үхсэн бяруунд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр тогтоогдсон үйл баримттай нийцэхгүй байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол, хор уршгийн талаар:

Увс Финанс Аудит ХХК-ий 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дугаартай “ 2022 оны 7 дугаар сарын байдлаар Увс аймгийн Өндөрхангай суманд 2 настай 2 тооны эм/эр үхэрний зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1.000.000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50 дахь тал)-ээр 2 тооны үхэрний үнэ 1.000.000 төгрөг болох нь тогтоогдож байгаа тул энэ гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “500.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг Д.Маас төлүүлж авах үндэслэл байхгүй байна. Тэр үхсэн бяруу нь чихэндээ имтэй байна. Нэг нутаг усны хүмүүс болохоор яаж үхчихсэн малыг төлүүлж авах бэ. Би хохирсноороо хохироод чоно нохой идсэн болох байх. Би улаан бяруугаа авсан. Хар бярууг хэн нь авсан тодорхойгүй учраас хохирлоо авах эрх байхгүй. Үхсэн бярууг дундаас нь төлүүлж авах нь үйлс бүтэхгүй байх. Миний бие дундаас нь мөнгө авах сонирхол бол байхгүй” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд “М нь надтай уулзаж үхсэн нэг бярууны хохирол төлж барагдуулахаар болсон бөгөөд өөр надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)-үүдийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээс шүүгдэгчээс Д.Маас 500.000 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч Т.Бт олгохоор шийдвэрлэсэн боловч хохирогч Т.Б нь уг 500.000 төгрөгийг авахаас татгалзаж байгаа талаараа шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул хохирол нөхөн төлөгдсөнтэй адилхан үзээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэсэн болно.

2. Шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мурьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал)-аар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч С.Пын өгсөн: “Д.Мнь эрүүл чийрэг биетэй, үндэсний бөхийн спортод дуртай, баяр наадмын үеэр зохион байгуулагдсан үндэсний бөхийн тэмцээнд оролцдог, судан эдлэл, хийдэг, гарын эв дүйтэй, нийгмийн идэвх сайтай, нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, төлөв даруухан зантай, эелдэг, боловсон харьцаатай, нийтэч харилцаа сайтай, гэр бүлийн хүрээнд ямар нэгэн хэрүүл маргаан хийдэггүй, ах дүү нартаа хүндлэгдсэн, энэрэнгүй, зөөлөн зан ааштай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авя явдаг, тамхи татдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа уудаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), Гэрч Д.Тын өгсөн: “төлөв даруу харилцаа сайтай, ямар нэгэн хүнийг хорлох буруу санаа бодол байхгүй, хууч өвчин байхгүй боловч бөөр нуруу өвддөг, Д.Мнь согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал)-үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж,  оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Мнь гэмт хэрэг үйлдэх замаар хоёр тооны үхэр олсон бөгөөд нэг тооны үхрийг биет байдлаар буцаан өгсөн, нэг тооны үхэр нь үхсэн бөгөөд хохирогч Т.Б уг үхрийг үнэ болох 500.000 төгрөгийг авахаас татгалзсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Мт 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй..

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ