| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ө-д холбогдох эрүүгийн 2325000000267 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц.Ө.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Ө нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт байрлах Хаан банкны орчим П.З-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна. Хохиролд 100 000 төгрөг төлсөн. 4 өдрийн цалин 160 000 төгрөгийг төлнө” гэв.
Хохирогч П.З “Шүүх хуралдаанд оролцохгүй, ажилгүй байсан 4 өдрийн цалин 160 000 төгрөг нэхэмжлэнэ. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжлэнэ” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч П.З-ын “2023 оны 04 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн үед найз Үтай жем стоун лоунжинд уулзаад нэг нэг лаазтай шар айраг уучхаад тэндээсээ гараад 3-23 дугаар байрны хажуу талын дэлгүүр орж 4 ширхэг лаазтай Сэрүүн шар айраг авчхаад Уртбулаг баг 5-7 байр орж хүнтэй уулзчихаад явж байгаад Оргилтой уулзаад Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Аялгуу” цэнгээний газрын урд байрлах автобусны зогсоол дээр гар дээрээс зөвшөөрөлгүй архи согтууруулах төрлийн ундаа зардаг хүмүүсээс шар айраг авахаар явж байхад үл таних хоёр эрэгтэй хүнтэй зөрөхдөө нэг эрэгтэйтэй нь мөрөөрөө мөргөлдсөн чинь мөргөлдсөн эрэгтэй нь хөөе чи нааш ир яаж яваад байгаан, уучлалт гуй гэхээр нь яасан бэ ах гээд ярилцах гээд дөхөж очтол өөдөөс хэл амаар доромжлоод хачин муу бацаанууд уучлалт гуйж чадахгүй гэхээр нь цохих үйлдэл хийхэд тухайн залуучууд бултаад би цохиж чадаагүй, харин түүний дараа нэг залуу нь миний цамцны энгэр хэсгээс барьж аваад доош дарахад нөгөө залуу нь миний нүүр хэсэгт 3 удаа цохиход надтай цуг явж байсан Ү, О хоёр ирээд салгахаар нь та хоёр намайг ийм болгочихлоо эмчилгээний зардлаа өгөөд хувцсыг минь төлөөд өгчих гэсэн чинь чадахгүй цагдаагаа дууд гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн газарт ирсэн. хажуугаар нь зөрөхдөө мөрлөөд өнгөрснөөс болоод намайг зодчихсон. Ц.Ө-ыг цохих гэтэл цохиж чадалгүй өөрөө цохиулчихсан. Намайг цохиж авсан хүн нь Ц.Ө юм. Нөгөө залуу нь намайг цохиогүй. Би хамраа 100,000 төгрөгөөр тэгшлүүлсэн. Тэрний 100,000 төгрөгийг Ц.Ө нь өгсөн. Одоо миний зүгээс дөрвөн өдрийн ажлын мөнгө, цаашид би хамарны таславчны хагалгаанд орох мөнгө төгрөг нэхэмжилмээр байна. Өөр надад гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/
2. Гэрч М.Л-ийн “Хаан банкны хажуугаар өнгөрөөд явж байхад гурван залуу зөрөхдөө Ө-ыг мөрлөөд гарчихаар нь маргалдах шиг болоод нэг ухаан ороход Цагдаа нар ирчихсэн бид нарыг машинд суулгаад Цагдаагийн газарт ирсэн. Цагдаа дээр ирээд байж байхад Ө нэг залуугийн хамар руу цохьчихсон байсан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/
3. Гэрч Д.Ү-ын “2023 оны 04 дүгээр сарын 28-ны орой найз П.З-тай Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багт байрлах Сэлэнгэ зочид буудалд байрладаг паб лоунжид орж ганц шил пиво уугаад 23 цаг өнгөрч байхад гарч Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээс дахин дөрвөн лааз пиво авсан. Тэгээд тэр пивыг орцны гадаа сууж байгаад уусан. Тэндээсээ гараад 5-8 руу Б найзтайгаа уулзах гээд очсон. Очоод хэсэг юм ярьж сууж байгаад Төгөл худалдааны төвийн гадаа архи зардаг шагийхан дээр очиж пиво авахаар явж байтал Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны ойролцоо гудамд хоёр үл таних эрэгтэй хүмүүстэй П.З зөрөхдөө мөрийг нь мөрлөөд гарчихсан юм шиг байна лээ. Нөгөө хоёр нь бид гурвын ардаас “хөөе нааш ирж уучлалт гуй, мөр мөрлөөд гарчихлаа гээд дуудсан. П.З очоод би мөрлөөгүй бариагүй гээд ярьж байтал Ө гэдэг залуу нь манай найзыг нүүр хэсэг рүү нь 3-4 удаа цохиж авсан. Тэгээд Б бид хоёр салгах гээд хичээсэн ч чадаагүй. Дараа нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дэх тал/
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 393 дугаартай “П.З-ын биед хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
5. Яллагдагч Ц.Ө-ын “Би 2023 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө цэргийн найз Л-ийн хамт орой Богд гол орж караокед 1 шил 75 граммын ELX нэртэй архи уучихаад гараад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийнт байрлах Хаан банкны ойролцоо явж байтал урдаас үл таних 3 залуу ирж явсан. Зөрөхдөө нэг нь намайг мөрлөөд гарсан. Би эргэж хараад яаж байгаа юм бэ уучлалт гуй гэж хэлээд маргалдсан. Намайг П.З цохих гэж дайраад цохиж чадаагүй. Би зөрүүлээд цохисон. Тэгээд цагдаа нар ирээд цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ө нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт байрлах Хаан банкны орчим П.З-г мөрлөж өнгөрсөн, уучлалт гуй гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа газар унагаж нүүр хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.З-ын “миний цамцны энгэр хэсгээс барьж аваад доош дарахад нөгөө залуу нь миний нүүр хэсэгт 3 удаа цохисон. Ц.Ө-ыг цохих гэтэл цохиж чадалгүй өөрөө цохиулчихсан” гэх мэдүүлэг, гэрч М.Л-ийн “Ө нэг залуугийн хамар руу цохьчихсон байсан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг, гэрч Д.Ү-ын “Ө гэдэг залуу нь манай найзыг нүүр хэсэг рүү нь 3-4 удаа цохиж авсан.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 393 дугаартай дүгнэлт, яллагдагч Ц.Ө-ын “Намайг П.З цохих гэж дайраад цохиж чадаагүй. Би зөрүүлээд цохисон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ө нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт байрлах Хаан банкны орчим П.З-г мөрлөж өнгөрсөн, уучлалт гуй гэсэн шалтгаанаар маргалдаж, газар унаган, нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Ц.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ө-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас П.З биед хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ажилгүй байсан 4 өдрийн цалин 160 000 төгрөг нэхэмжлэнэ. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжлэнэ гэснийг шүүгдэгч зөвшөөрсөн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-өөс 160 000 /нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч П.З -т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч П.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС