Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/190

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 2325001540226 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

О.Д

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Д нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачит” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр А.Б-ыг өөрийн нөхөр Г.Ч-тэй хардаж, өөрийн гэр бүлийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл унаж явсан шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч А.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаартай “А.Б-ын биед тархи доргилт, зүүн шилбэ, цээжинд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

2. Хатуу дискинд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 17-19 дэх тал/

3. DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

4. Хохирогч А.Б-ын “2023 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчим хамт ажилладаг эмэгтэй болох Э-гын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багт байрлах “Ачит худалдааны төв рүү хүнс цуглуулахаар очсон. Ингээд хүнсээ цуглуулчхаад найз залуу Ч-гийн машинд суугаад Э-гын хамт “Ачит худалдааны төвийн урд талын зогсоол дээрээс хөдлөх гэж байтал хар өнгийн малгай өмссөн, 45-46 орчим настай эмэгтэй машины жолоочийн эсрэг талын хаалгыг татаж онгойлгоод чи яахаараа энэ машиныг унаад явж байдаг юм бэ, наад машины түлхүүр аваад ир гэж уурласан. Тэгэхээр нь Э бид хоёр урдаас нь юм хэлэлгүй машины хойд суудал дээр байсан өөрсдийн тортой зүйлийг аваад машины түлхүүрийг тухайн эмэгтэйд өгөөд явсан. Манай ажил 100 айл худалдааны төвийн урд талын “МТ” шатахуун түгээх станц учраас Э бид хоёр шууд тийшээ алхсан. Энэ үед би Ч-гийн машины голын харцгана дээр өөрийн гэрийн түлхүүрийг үлдээсэн гэдгийг мэдээд буцаж Ч-гийн машин дээр очсон. Энэ үед би жолоочийн талын хаалгыг онгойлготол намайг машинаас хөөж буулгасан эмэгтэй жолоочийн эсрэг талын суудал дээр суучхаад жолоочийн суудал дээр байсан өөрийн тортой зүйлийг өөр рүүгээ ойртуулсан. Тэгэхээр нь би намайг суулгах гээд зайчилж байгаа юм байна гэж бодоод жолоочийн суудал дээр сууж баруун хөлөө машин руу оруулах явцад уг эмэгтэй хоёр гараараа миний үснээс зулгаагаад тавихгүй байсан ийм учраас би хойшоогоо ухарч машинаас гарсан. Тэр үед намайг үсдэн эмэгтэй миний үснээс тавихгүй зуурсан чигтээ жолоочийн эсрэг талын суудлаас жолоочийн суудал руу давж орж ирээд тэр чигээрээ машинаас гарсан. Гадна гарчхаад уг эмэгтэй нэг гараараа намайг үсдэж нөгөө гартаа машины түлхүүр барьчхаад түүгээрээ миний толгой руу олон удаа цохиж авсан. Бас намайг үсдэж байхдаа хөлийн шилбэ, өвдөг хэсэг рүү өшиглөж, цээж рүү гараараа цохисон. Би үсдүүлж байхдаа тэр эмэгтэйд хандан хоёулаа ярилцъя, Чантуу надад би эхнэрээсээ салчихсан гэж хэлсэн шүү дээ, олон нийтийн газарт байна больцгооё гэж хэлтэл чи ичихгүй бол би юунаасаа ичих юм гэж хэлээд хэсэг хугацааны дараа өөрөө миний үснээс зулгаахаа больсон. Би тэр эмэгтэйд огт гар хүрээгүй. гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39 дэх тал/

5. Гэрч Ч.Э-гын “2023 оны 03 дугаар сарын 12-ны орой 17 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Б над руу залгаад “Ачит худалдааны төв рүү очиж юм авахаар болсон. Ингээд намайг Мэнд-Амрын урд талаас машинтай ирж авсан. Бид хоёр Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Ачит худалдааны төв дээр очоод хүнсний зүйл худалдаж авсан. Дараа нь “Ачит худалдааны төвийн урд талын зогсоол дээр тавьсан Б-ын машин дээр очоод хөдлөх гэж байтал 46-47 орчим настай эмэгтэй хүн жолоочийн эсрэг талын хаалгыг буюу миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод та хоёр юу хийж яваа юм бэ, яахаараа хүний машин унадаг юм бэ, алив машины түлхүүр өг гэж хэлэхээр нь би их гайхсан. Тэгтэл Б тэр эмэгтэйн урдаас юу ч хэлэлгүй арын суудал дээр байсан тортой зүйлээ аваад уг эмэгтэйд машины түлхүүрээ өгчихсөн. Ингээд бид хоёр ажил руугаа очихоор алхсан, замдаа явж байтал Б надад хандан би сая машин дотор гэрийнхээ түлхүүрийг үлдээчихсэн байна, эргэж очоод аваад ирье явж бай гээд буцаж явсан. Намайг ажил дээрээ очоод байж байтал хэсэг хугацааны дараа Б-ын үс нь сэгсийчихсэн, нүүр нь цус болчихсон гаднаас орж ирээд арын өрөө рүү орж нүүрээ цэвэрлэсэн. Би тэр үед Б-гээс юу болсон бэ гэж асуутал надад сүртэй зүйл бишээ гэсэн утгатай зүйл хэлээд нарийн зүйл яриагүй. Удаагүй Б бид хоёрыг машинаас хөөж буулгасан эмэгтэй өөр нэг эмэгтэйн хамт ажил дээр нөгөө машинтайгаа ирсэн. Энэ үед уг эмэгтэй надаас танайд Б гэдэг эмэгтэй ажилладаг уу, хаана амьдардаг вэ, хир удаан энэ ажлыг хийж байгаа вэ, гар утасны дугаар болон гэрийн хаягийг нь өгчих гэхээр нь би хүний утасны дугаар, гэрийн хаяг хамаагүй хэлж болохгүй гээд Б-ын тухай юм ярилгүй явуулсан. Дараа нь нөгөө эмэгтэй Б руу залгаж хоорондоо утсаар яриад удалгүй нөгөө эмэгтэй нь дахин машинтай манай ажлын газрын гадна ирээд Б-тай машин дотор уулзсан. Б эргэж орж ирээд тэр эмэгтэйг машин дотроо бичлэг хийгээд байхаар нь ороод ирлээ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дэх тал/

6. Гэрч Г.Ч-гийн “Би 2004 оноос эхлэн эхнэр Д-тай хамт амьдарч эхэлсэн. Одоо бид хоёр 6, 17 настай хоёр хүүхэдтэй. Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг ****тоотод амьдардаг. Д хувиараа гадуур барилгын засал чимэглэл хийдэг. Харин би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ус хангамжийн цехэд ажилладаг. Би 2020 оноос эхлэн гэртээ амьдрахаа больж гадуур ганцаараа айлын карма өрөө түрээсэлж амьдардаг болсон. Яагаад гэвэл Д нь маш их хэл амтай, хүүхдүүдээ болон намайг писда гэх мэтээр хараалын үгээр өдөр бүр доромжилдог. Үүнээс нь болоод би хамт амьдрах сонирхолгүй болж тусдаа амьдарч эхэлсэн юм. Гэхдээ ажлаа хийгээд цалингаасаа хүүхдүүдийнхээ хэрэглээ болон хүнсний мөнгийг өгдөг юм. Цалин мөнгө орохоор хүүхдүүдтэйгээ уулзахаар хэрэглээний зүйлсийг нь авч очиж уулздаг. Би гэртээ очихдоо Д-г гадуур ажилтай байх үеэр л очиж 2 хүүхэдтэйгээ хамт байдаг тэгэхгүй бол орилж хашхираад хэл амаар доромжлоод байдаг. Мөн би 2017 онд Б-тай танилцаж найзууд болсон. Тухайн үедээ бид хоёр энгийн найзууд байж байгаад сүүлд 2023 оны 01 дүгээр сараас эхлэн би Бын гэрээр хааяа нэг очиж хонодог, хоол цай хийлгэж иддэг буюу хамтран амьдарч эхэлсэн. Намайг гараатай ажилтай байх үед шаардлагатай үед Б миний машиныг унаж явдаг байсан. 2023 оны 03 дугаар сарын 12-ны өглөө би гараатай байсан учраас Б-д өөрийн машины түлхүүрийг үлдээж ажилдаа явсан. Ингээд орой нь цагийг нь сайн санахгүй байна Б над руу залгаад танай эхнэртэй таарчихлаа, машины түлхүүр өг гээд авчихлаа шүү гэж хэлсэн. Удалгүй дахин над руу залгаад би чиний машин дотор гэрийн түлхүүрээ орхисон байна яах уу гэж асуухаар нь би гайгүй байх явж очоод гэрийн түлхүүрээ авъя гээд манай эхнэрээс түлхүүрээ авчих гэж хэлсэн. Орой нь Б над руу дахиж залгаад танай эхнэр намайг зодчихлоо, би танай эхнэрт огт гар хүрээгүй шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 43 дахь тал /

7. Яллагдагч О.Д-гийн “Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 04 дүгээр сард манай нөхөр над руу залгаад машиныхаа түлхүүрийг авъя гэж хэлэхээр нь би машиных нь түлхүүрийг өгч явуулсан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачит” худалдааны төвийн авто зогсоол дээр нөхрийн машинд сууж байхдаа А.Б гэх эмэгтэйтэй хорооллын байшингийнхаа түлхүүрийг булаацалдаж авсан. Одоо тэр түлхүүр надад байгаа. Би өөрийн гаргасан буруутай үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Д нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачит” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр А.Б-ыг өөрийн нөхөр Г.Ч хардаж, өөрийн гэр бүлийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл унаж явсан шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шилбэ, цээжинд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаартай дүгнэлт, хатуу дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч А.Б-ын “хоёр гараараа миний үснээс зулгаагаад тавихгүй байсан ийм учраас би хойшоогоо ухарч машинаас гарсан. Тэр үед намайг үсдэн эмэгтэй миний үснээс тавихгүй зуурсан чигтээ жолоочийн эсрэг талын суудлаас жолоочийн суудал руу давж орж ирээд тэр чигээрээ машинаас гарсан. Гадна гарчхаад уг эмэгтэй нэг гараараа намайг үсдэж нөгөө гартаа машины түлхүүр барьчхаад түүгээрээ миний толгой руу олон удаа цохиж авсан. Бас намайг үсдэж байхдаа хөлийн шилбэ, өвдөг хэсэг рүү өшиглөж, цээж рүү гараараа цохисон. гэх мэдүүлэг, гэрч Ч.Э-гын “Б-ын үс нь сэгсийчихсэн, нүүр нь цус болчихсон гаднаас орж ирээд арын өрөө рүү орж нүүрээ цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг, гэрч Г.Ч-гийн “Орой нь Б над руу дахиж залгаад танай эхнэр намайг зодчихлоо, би танай эхнэрт огт гар хүрээгүй шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг, яллагдагч О.Д-гийн “А.Б гэх эмэгтэйтэй хорооллын байшингийнхаа түлхүүрийг булаацалдаж авсан. Би өөрийн гаргасан буруутай үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Д нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачит” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр А.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шилбэ, цээжинд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч О.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас А.Б-ын биед тархи доргилт, зүүн шилбэ, цээжинд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн О-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь шүүхээс оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС