Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С-т холбогдох эрүүгийн 2325000000196 тоот хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

П.С

Шүүгдэгч П.С нь 2023 оны 03 дугаар сарын 16, 17, 19-ний өдрүүдэд үргэжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн “Гок гарден хотхоны хашаан дотор байсан “Гок гарден” СӨХ-ийн эзэмшлийн 60 метрийн урттай, 4 жиллтэй хөнгөн цагаан цахилгаан кабель утсыг таслах буюу учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болох төмөр сүх хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 800 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.С-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлнө. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С“шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол 1 650 000 төгрөг гаргуулна” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 7-9 дэх тал/

            2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С-ийн “2023 оны 03 дугаар сарын 16, 17, 19-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багт байрлах “Гок гарден” хотхоны хашаан дотроос “Гок гарден” СӨХ-ны эзэмшлийн нийт 60м урттай, хөнгөн цагаан голтой түр тэжээлийн 380В, кабелийн утас хулгайд алдсан. Манай хотхоны манаачийн байр хотхоны урд талд байдаг ба тэндээ үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа хотхоны хойд талыг очиж шалгадаг. Бид нар уг кабелийн утсыг хүн тайрч хулгайлсан болохыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр анх мэдсэн. Ингээд манаачид хэлж орой үдэж харж байгаарай гэж үүрэг өгсөн. Гэтэл кабелийн утас хулгай хийсэн эрэгтэй баригдахгүй явсаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хотхоны хашаан дотор орж ирээд баригдсан. Манай сөхийн зүгээс үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг хулгай хийсэн эрэгтэйгээр төлүүлж хохирлоо барагдуулж авмаар байна. Манайх уг кабелийн утсыг хотхоны хойд хэсэгт баригдаж буй барилгын тус тэжээлд холбож ашиглаж байсан юм 2021 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “100 айл” барилгын материалын дэлгүүрээс 2.500.000 төгрөгөөр авч байсан юм. Бид нар хулгайд алдсан 60м урт, кабелийн утсаа 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгай хийсэн эрэгтэй нэг дор шууд 60м кабелийн утас хулгайлаагүй, харин өдөр өдрөөр тасдаж авсаар байгаад нийт 60м болгочихсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-15, 17-18 дахь тал /

            3. Гэрч М.С-ийн “2023 оны 03 дугаар сарын дундуур яг өдрийг нь санахгүй байна. Гэртээ бага охинтойгоо байж байтал гаднаас нөхөр С нэлээн бүдүүн, урт, хөнгөн цагаан кабелийн утас авчирсан. Ингээд түүнийхээ гадна талыг хуулж аваад хөнгөн цагааныг нь тушаана гээд авч явсан. Нөхрөөсөө юун кабелийн утас юм бэ гэхэд надад хог дээрээс олсон, хүн ашиглахаа болиод хаячихсан байна гэж хариулсан. Нөхөр хэсэг хугацааны дараа гэртээ орж ирэхдээ хөнгөн цагаанаа тушаасан гээд гурил, исгэгч, давс, цайны идээ, хүнсний зүйлс зэрэг авч орж ирсэн. Үүний маргааш нь С дахин гэрээсээ гарч яваад дахиад өмнөх өдрийнх шигээ бүдүүн, урт, хөнгөн цагаан кабелийн утас чирээд ороод ирсэн. Би С-ээс яг хог дээр байсан юм уу ямар учиртай юм бэ гэж асуутал С хогийн саван дотор нь байна, би ухаж байгаад гаргаад ирлээ гэж хариулсан. Ингээд тэр кабелийн утасныхаа гадна талыг цэвэрлээд хөнгөн цагааныг нь авч явсан. Удалгүй гаднаас дахиад хүнсний зүйлс болон өөртөө нэг жижиг шилтэй архи авчихсан орж ирсэн. Энэ явдлаас 1-2 хоногийн дараа өдөр 10-11 цагийн үед манай нөхөр нэлээн урт бүдүүн хөнгөн цагаан кабелийн утас дахин авч ирээд гадна талыг нь хуулаад хөнгөн цагааныг нь тушаана гээд явсан. Хөнгөн цагаанаа тушаачхаад гэртээ хүнсний зүйлс болох гурил будаа авчирсан бас согтуу байсан. С хэсэг унтаж байгаад гэрээсээ гарч явсан. Орой нь цагдаагаас над руу залгаад манай нөхрийг цагдаагийн газар дээр байна, ирж уулз гэж дуудсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20 дахь тал/

            4. Гэрч С.А-ийн “Намайг Жаргалант түүхий эдийг ажиллуулж эхэлсэн цагаас хойш буюу энэ оны 1 дүгээр сараас эхлэн өөрийгөө С гэж танилцуулсан, казак эрэгтэй өөрөө болон цэцэрлэгийн насны жоохон охин, эхнэр нарын хамт над дээр ирээд ихэвчлэн лааз авчирч тушаадаг байсан. Лааз өгөх гэж ирэх үед нь шуудай нь дотор нь архины шил, төмөр зэрэг байдаг байсан. Би бодохдоо тэр эрэгтэйг гэр бүлийнхээ төлөө гудамжинд шил, лааз, төмөр түүдэг юм байна гэж ойлгоод авчирсан зүйлсийг нь худалдан авдаг байсан. С миний санаж байгаагаар нэлээн хэдэн удаа над дээр ирж түүхий эд тушааж байсан. 2023 оны 03 дугаар сарын дундуур яг өдрийг нь санахгүй байна, 3 өдөр над дээр ирж хөнгөн цагаан тушаасан. Би С-ээс нэг кг хөнгөн цагааныг 3000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нэг ирэхдээ ойролцоогоор 60.000-70.000 төгрөгийн хооронд хөнгөн цагаан тушааж байсан. 3 өдөр авчирч тушаасан хөнгөн цагаан нь нийлээд 230.000-250.000 төгрөг болсон, мөнгийг би С-д бэлнээр өгсөн. Мөн би худалдаж авсан түүхий эдээ 7 хоногт 1 удаа Улаанбаатар хот руу ачуулж ченжид худалддаг. Би С-ээс яг хэдэн кг хөнгөн цагаан худалдаж авсан гэдгээ санахгүй байна. Хүний өмнөөс түр хугацаанд түүхий эд худалдаж авах цэгийг нь ажиллуулж байгаа дээрээс нь маш хурдан юмыг мартчихдаг юм. С надад хөнгөн цагаан зарахдаа шуудайнд хийж, голоор нь тасдаж богино болгосон байсан санагдаж байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дахь тал/

            5. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/6367 дугаартай “цахилгаан кабель утасны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 03 сарын байдлаар 1,800,000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх үнэлгээний дүгнэлт. /хавтаст хэргийн 28-30 тал/

6. Сэжигтэн П С-ийн “2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр санагдаж байна гадуур шил, лааз түүж явахад Гок гарден барилгын баруун талд модон хашаа байсан ба нэг банз нь байхгүй онгорхой байсан. Тэгэхээр нь би тэр зайгаар нь хашаа руу ортол хашаан дотор хуйлсан маягтай, орооцолдсон, бүдүүн хөнгөн цагаан, кабелын утас байсан. Тэгэхээр нь шууд гэртээ харьж жижиг төмөр сүхээ аваад хашаан дотор байсан кабелийг тасдаж, түүнийгээ уртаар нь хоёр гартаа барьж чирээд шууд гэртээ харьсан. Гэрт ороход эхнэр хаанаас ийм кабел авчирсан юм бэ гэж асуухаар нь би шил лааз түүж яваад хог дээрээс олсон гэж хариулсан. Дараа нь кабелны гадна хальсийг хуулж доторх хөнгөн цагааныг нь гаргаж ирээд гэрийн ойролцоо байрлах “Жаргалант” түүхий эд авдаг газарт 70.000 орчим мянган төгрөгөөр зарсан. Ингээд тэр мөнгөөрөө дэлгүүрээс хоол ундны зүйл аваад өөртөө нэг жижиг шилтэй архи аваад гэртээ харьсан. Үүний маргааш дахин жижиг сүхээ барьж гэрээсээ гараад Гок гарден барилгын баруун талын модон хашааны онгорхойгоор хашаа руу ороод дахиж өмнөх өдөр нь авсан бүдүүн кабелийн утаснаас тасдаж авсан. Тасдаж авсан кабелаа чирээд гэртээ харьсан. Гэртээ харих үед эхнэр надаас хог дээр ийм их кабел байдаг юм уу гэж асуухаар нь хүмүүс хэрэглэхээ болиод хаячихсан байна, хогийн саван дотроос ухаж байгаад олж авсан гэж хариулсан. Ингээд дахин нөгөө кабелныхаа гадна хальсыг хуулаад Жаргалант” түүхий эд авдаг цэгт аваачиж 60.000 гаран мянган төгрөгөөр зарсан. 2 дахь удаагаа “Жаргалант” түүхий эдийн цэг дээр очих үед ажилтан нь надаас чи хулгай хийгээгүй биз дээ гэж асуухаар нь шил лааз түүж яваад хог дээрээс олсон юм гэж хариулсан. 3 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баяраар гэртээ амарч өнжөөд маргааш нь буюу 3 дугаар сарын 19-ний өдөр ганцаараа дахин кабелын утас хулгайлсан газар руугаа очсон. Энэ үед би төмөр сүхээрээ кабелнаас нь тасдаад чирч гэртээ аваачсан. Тухайн кабел нь тоггүй, нэг үзүүр нь газарт шороон доор булагдсан байсан. Би тасдаж авсаар байгаад бараг шороон доор булагдсан үзүүр хүртэл авсан. Дараа нь хулгайлсан хөнгөн цагаан кабелийн утсаа уртаар нь чирч гэртээ аваачаад гадна талыг нь хуулж дахин “Жаргалант” түүхий эд авдаг цэгт 70.000 гаран мянган төгрөгөөр зарсан. Би Жаргалант түүхий эд авдаг цэгт нийт 3 удаа хөнгөн цагаан төмөр тушаахдаа мөнгөө бэлнээр авсан. Жаргалант түүхий эдийн ажилтан 3 дахь удаагаа хөнгөн цагаан аваад очитол надаас чи хаанаас ингэж их хөнгөн цагаан зөөж авчраад байгаа юм бэ гэхээр нь би, би угаасаа гадуур шил, лааз, төмөр түүж мөнгө олоод чамд тушаадаг шүү дээ, энийг ч бас би түүж яваад олсон гэж гуйж байгаад зарсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34, 39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч П.С нь 2023 оны 03 дугаар сарын 16, 17, 19-ний өдрүүдэд үргэжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн “Гок гарден” хотхоны хашаан дотор байсан “Гок гарден” СӨХ-ийн эзэмшлийн 60 метрийн урттай, 4 жиллтэй хөнгөн цагаан цахилгаан кабель утсыг таслах буюу учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болох төмөр сүх хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 800 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч П.С-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.С-ийн “Гок гарден” СӨХ-ны эзэмшлийн нийт 60м урттай, хөнгөн цагаан голтой түр тэжээлийн 380В, кабелийн утас хулгайд алдсан.” гэх мэдүүлэг, гэрч М.С-ийн “нөхөр С нэлээн бүдүүн, урт, хөнгөн цагаан кабелийн утас авчирсан. Ингээд түүнийхээ гадна талыг хуулж аваад хөнгөн цагааныг нь тушаана гээд авч явсан. Нөхрөөсөө юун кабелийн утас юм бэ гэхэд надад хог дээрээс олсон, хүн ашиглахаа болиод хаячихсан байна гэж хариулсан” гэх мэдүүлэг, гэрч С.А-гийн “Би С-ээс нэг кг хөнгөн цагааныг 3000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нэг ирэхдээ ойролцоогоор 60.000-70.000 төгрөгийн хооронд хөнгөн цагаан тушааж байсан. 3 өдөр авчирч тушаасан хөнгөн цагаан нь нийлээд 230.000-250.000 төгрөг болсон, мөнгийг би С-д бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/6367 дугаартай үнэлгээний дүгнэлт, сэжигтэн П С-ийн “Тухайн кабел нь тоггүй, нэг үзүүр нь газарт шороон доор булагдсан байсан. Би тасдаж авсаар байгаад бараг шороон доор булагдсан үзүүр хүртэл авсан. Дараа нь хулгайлсан хөнгөн цагаан кабелийн утсаа уртаар нь чирч гэртээ аваачаад гадна талыг нь хуулж дахин “Жаргалант” түүхий эд авдаг цэгт 70.000 гаран мянган төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.С нь 2023 оны 03 дугаар сарын 16, 17, 19-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн “Гок гарден хотхоны хашаанаас “Гок гарден” СӨХ-ийн эзэмшлийн 60 метрийн урттай, 4 жиллтэй хөнгөн цагаан цахилгаан кабель утсыг төмөр сүхээр тасдан авч нийт 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч П.С нь шууд санаатай үргэлжилсэн үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.С-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас “Гок гарден” СӨХ-нд 1 800 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 150 000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч П.С-ээс 1 650 000 төгрөг гаргуулан хохирогч  “Гок гарден” СӨХ-нд олгуулахаар шийдвэрлэв.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

             

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн П-гийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.С-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ээс 1 650 000 төгрөг гаргуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Гок Гарден” Сууц өмчлөгчидийн холбоонд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС