| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0193/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/193 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Хохирогч Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2325000000109 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
П.Б
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжээр буюу 750 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч П.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоот хашааны гадна өмнө хамтран амьдрагчтай хардаж, Г.А-ын нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуудаа Н-тэй хардаад ийм хэрэг хийсэн. Хохиролд 500 000 төгрөг төлсөн, 700 000 төгрөгийг төлнө.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ “Би хамрын хагалгаанд дөнгөж орчихоод 4 хоноод байж байхдаа Н дуудхаар нь очсон чинь энэ хүн гарч ирээд үгийн зөрүүгүй шууд цохьсон. Дахиж намайг хагалгаанд ор гэсэн. 1 сая 200 мянган төгрөг нэхэмжлэнэ. Хэд хоногийн өмнө 500 000 төгрөг өгсөн. Одоо 700 000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн дахин хагалгаанд орох зардлаа нэхэмжлэнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Г.А-гын “2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Орхон аймагт ирсэн. Би урд нь хамрандаа гэмтэлтэй байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хагалгаанд ороод эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны орой 00 цагийн үед дүү Мөнхцэцэгийн гэрт байсан чинь миний багын найз Н над руу залгаад “манай хуучин нөхрийн авгай хүүхэд нь ирээд агсам тавиад, цагдаа дуудсан чинь явчихлаа” гэж хэлсэн. Ингээд би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт байх Н-ийн гэрт очиход Н нь гэртээ ганцаараа байсан, гэрт нь ороод цай уугаад сууж байтал Н-ийн гэрийн хашаанд Н-ийн салсан нөхрийн эхнэр нь гэх эмэгтэй хоёр хүүхдийн хамт машинтай орж ирээд Н руу “Б-ыг гаргаж өг” гэж орилж байгаад хоёр хүүхдээ аваад гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа Н руу түүний салсан нөхөр нь залгаад таксины мөнгө асуугаад байсан. Н бид хоёр гэрээс нь гарсан чинь Нгийн гэрийн хашааны гадна талд Б нь эхнэртэйгээ зууралдаад байсан, би таксины жолооч эмэгтэй рүү алхаж байтал Б нь миний урдаас ирээд нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохих үед би газарт унасан. Газарт унасан байх үед хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед Н түүнийг салгаж холдуулаад намайг дагуулаад гэртээ орсон. Гэрт нь ороод сууж байтал Б гаднаас орж ирэхээр нь чи яаж байгаа юм бэ зүгээр байгаа хүнийг гэсэн чинь уучлаарай гэхээр нь, би цагдаа дуудчихлаа гэсэн чинь гараад явчихсан. Миний хагалгаанд орж янзлуулсан байсан хамар дахин хугарч гэмтсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
2. Гэрч Ч.Н-ийн “Орой 23 цагийн үед би найз А руу залгаад чи манай гэрт хүрээд ирээч согтуу хүмүүс манайд ирээд байна, найздаа хань болоод байж байгаач гэж дуудсан. Тухайн үед би ганцаараа байсан, охин сурагчдын амралтаар хот руу явчихсан байсан. Ингээд найз А манай гэрт ирээд бид хоёр хоорондоо ярилцаад сууж байсан чинь 00 цаг өнгөрч байх үед **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр П гэх эмэгтэй хоёр хүүхдийн хамт ирээд надтай хэрүүл маргаан хийхэд хоёр хүүхэд нь дагуулаад гарсан. Энэ үед над руу **** дугаараас Б яриад би очиж явна чи гэртээ байна уу гэж асуухаар нь би гэртээ байна гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд байж байтал **** дугаараас нэг эмэгтэй залгаад танай хаягт ирсэн хүн мөнгөө өгөлгүй буучихлаа тань руу ярьсан та мөнгийн өг гэж хэлээд дахин дахин залгаад байхаар нь би таксины жолооч эмэгтэйг хаана байгаа талаар асуухад танай хашааны гадна талд байна гэхээр нь би А-г дагуулаад гарсан. Хашааны хаалгаар гарсан чинь Б нь найз бүсгүй П-тэй зууралдаад байж байсан. Б нь бид хоёрыг хараад А-г чи юун хүн бэ, хэн юм бэ, гэж хэлээд А-гын нүүрэн тус газарт гараараа цохих шиг болсон. Би харанхуй байсан болохоор сайн хараагүй, би очоод тэр хоёрыг салгасан. Б нь найз бүсгүй П-ийн хамт үлдсэн. Би А-г дагуулж гэртээ ороход түүний хамраас цус гарч байсан байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд эмнэлэгт хандаад дараа нь цагдаагийн байгууллага дээр очоорой гэж хэлсэн. Тухайн үед такси дуудаад А эмнэлэг рүү явсан юм. Тухайн үед Б нь араас орж ирээд А-гаас уучлалт гуйж байсан. А бид хоёр хашааны хаалгаар гарсан чинь А-г хараад чи хэн бэ гэж хэлээд цохьсон, өөр ямар нэгэн зүйл болоогүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15-16 дахь тал/
3. Яллагдагч П.Б-ын “Би гадуур явж байгаад Н-ийн гэр лүү такси барьж очсон чинь П надаас түрүүлээд оччихсон байсан. Би Н-гийн гэрийн гадна талд П-тэй маргалдаад зогсож байтал Н нь үл таних нэг залуугийн хамт хашаанаас гарч ирсэн. Энэ үед би уг залууг чи яахаараа энд байдаг юм бэ гэж хэлээд түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон, Тэр залуугийн хамраас цус гарсан. Н уг залууг дагуулаад гэртээ орсон. Би араас нь ороод уг залуугаас уучлалт гуйчхаад цагдаа дуудсан гэхээр нь гараад явчихсан юм. Тухайн үед би Н-тэй хамт байхыг нь хараад Н-тэй хардаж түүнийг зодсон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тэр залуугаас уучлалт гуйсан. Н бид хоёр албан ёсны гэр бүлийн бүртгэлгүй, 2018 оноос хойш хамтран амьдарч байна, бид хоёр дундаасаа хүүхэдгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 162 дугаартай “Г.А-ын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, цээжинд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоот хашааны гадна өмнө хамтран амьдрагчтай хардаж, Г.Аын нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 2 сарын хугацааагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирлын 700 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар маргахгүй, татгалзах зүйлгүй. Хохирогч ирээдүйд хийгдэх хагалгааны зардлаа нэхэмжилсэн байна. Холбогдох баримтаа ирүүлээгүй тул хэлэлцэлгүй орхих нь зүйтэй. Шүүгдэгч 500 000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүгдэгч нь Улаанбаатар хотод ажиллладаг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.А-ын “Б нь миний урдаас ирээд нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохих үед би газарт унасан. Газарт унасан байх үед хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Н-ийн “Б нь бид хоёрыг хараад А-г чи юун хүн бэ, хэн юм бэ, гэж хэлээд А-ын нүүрэн тус газарт гараараа цохих шиг болсон би харанхуй байсан болохоор сайн хараагүй, А-г дагуулж гэртээ ороход түүний хамраас цус гарч байсан байсан” гэх мэдүүлэг, яллагдагч П.Б-ын “түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон. Тэр залуугийн хамраас цус гарсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 162 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоот хашааны гадна Г.А-ын нүүр тус газарт цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, цээжинд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б-гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-ын эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, цээжинд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохиролд 700 000 төгрөг гаргуулна гэсэн байна. Шүүгдэгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 700 000 төгрөг гаргуулж хохирогч Г.Аод олгох нь зүйтэй. Хохирогч Г.А нь цаашид хамрын таславчийн хагалгаанд орох зардлаа нэхэмжлэнэ гэж байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн П-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-гээс 700 000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.А-т олгосугай.
6. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС