| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
2023 06 05 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 2325000000193 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.С.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дээдэс” төвийн үүдний хүлээн авах хэсэгт найз н.О-г цохьсон гэх шалтгаанаар Х.У О.Г нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Хохирогч Х.У шүүх хурлын тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хамрын хагалгааны зардлаа нэхэмжилнэ гэсэн байна.
Хохирогч О.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 5-9 дэх тал/
2. Хохирогч Х.Ундрах-Эрдэний “Би найз О.Г , Л.Э , А , Х нарын хамтаар 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” төвийн зочид буудлаар үйлчлүүлэн 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хуваан ууж дуусган бид нар үргэлжлүүлэн “Дээдэс” төвийн караоке руу 21 цагийн орчимд орон үйлчлүүлж 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж дуусгасан бөгөөд 23 цагийн орчимд би өөрийн эхнэр Б.Б-г ирээд авчих гэхэд манай эхнэр гадаа ирчихлээ гээд над руу ярихаар нь би “Дээдэс” төвийн гадна үүдний хэсэгт гарахад найз О-той тааран тамхи татаад зогсож байсан чинь О нэг залуутай муудалцахаар нь дундуур нь орж салгах үйлдэл хийж байхад “Дээдэс төвөөс нэг залуу гарч ирмэгцээ ямар ч шалтгаангүйгээр миний нүүр болон хамар хэсэг рүү гурваас дөрвөн удаа цохиход би газарт унасан. Тухайн үед О.Г гарч ирж тааран уг залуутай намайг өмөөрч маргалдаж эхлэн бид нар дотогш ороход намайг цохьсон залуу гартаа тэлээгээ ороож байгаад О.Г-н толгой руу цохиж толгойноос нь цус гаргасан. Тэгээд эхнэр Б.БЦагдаагийн байгууллагад хандах болсон. Би Ог салгах гээд түүнийг барин зогсож байхад гарч ирээд ямар ч шалтгаангүй цохиж зодсон. Би түүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Миний бодлоор намайг О-той муудалцаж байна гэж бодоод л цохьсон гэж бодож байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дэх тал/
3. Хохирогч О.Г-ий “Би найз Х.У Л.Э , А , Х нарын хамтаар 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” төвийн зочид буудлаар үйлчлүүлэн 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хуваан уугаад үргэлжлүүлэн “Дээдэс” төвийн караоке руу 21 цагийн орчимд орон үйлчлүүлж 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж дуусгасан. Х.У бид хоёр харих гээд “Дээдэс” төвийн гадна талд зогсож байсан бөгөөд Х.У үүдний гадна шатны хэсэгт О гэдэг залуутай юм ярьж, түүнийг хүнтэй муудалцаж байхад нь дундуур нь ороод салгаж байсан чинь нэг залуу гарч ирмэгцээ ямар ч шалтгаангүй Х.У-н нүүрэн тус хэсэгт гурав, дөрвөн удаа гараа атгаж байгаад цохиж унагаасан. Тэгээд би уг залууг татаж салгахад над руу дайраад байсан бөгөөд өөрийнхөө тэлээг баруун гартаа ороочихсон байсан. Тэгсэн нэг залуу уг залууг аваад “Дээдэс” төвийн дотогш орохоор нь би найзыг минь яагаад цохих болсон талаар тодруулах зорилгоор араас нь ороход над руу уурлан дайрч бие хэсэг рүү өшиглөн, толгой хэсэг рүү тэлээ ороосон гараараа хэд хэдэн удаа цохиж толгойноос минь цус гаргасан. Уг залуутай Х.У бид хоёр маргалдаж, муудалцах ямар нэгэн асуудал болоогүй, шалтгаангүй л бид хоёрыг цохиж зодох болсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь/
4. Гэрч Б.Б-ий “Би өөрийн нөхөр Х.У-г 2023 оны 03 дугаар сарын 18-ны оройн 23 цаг орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” караокены гадна хаалганы шатан дээр ганцаараа зогсож байхад манай нөхөр Х.У гарч ирсэн. О гэдэг найз нь таараад түүнээс манай нөхөр тамхи авч хаалганы хажууд тамхиа татан О тай юм яриад зогсож байсан чинь О тай хамт явж байсан нэг залуу манай нөхрийг холд, зам тавьж өг гэсэн чинь манай нөхөр онгорхой байна шүү дээ, өөрөө тойроод орооч гэсэн чинь уг танихгүй залуугийн эхнэр нь нөхрийгөө түлхээд Дээдэс рүү авч ороход уг залуу манай нөхөр лүү салаавч гаргаад, баас минь, чи бол хэн ч биш гэж доромжлоод эхнэрийнхээ хамт орсон. Би мөн адил нөхрийгөө авч шатнаас доош буухад манай нөхөр намайг доромжилдог хэн бэ, орж уулзана гээд эргээд хаалганы шат руу дээш гарахад О манай нөхрийг барин оруулахгүй гээд барьцалдан зогсож байсан чинь нөхрийн найз О.Г цаанаас гарч ирээд манай нөхөрийг О тай муудалцаж байна гэж бодоод чи миний найзыг зоддог хэн бэ гээд шууд гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохих үед Дээдэсээс анх маргалддаг танихгүй залуу буцан гарч ирээд манай нөхрийг үгийн зөрүүгүй шууд нүүр хэсэг рүү нь олон удаа гараараа цохисоор байгаад унагаасан бөгөөд босож ирэхэд нь хамраас нь цус гарсан байсан, Манай нөхрийг зоддог залуу гарандаа тэлээгээ ороосон байхдаа О.Г-г цохиж зодсон байх гэж бодож байна, уг залуу л манай нөхөр болон О.Г-н биед халдсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20 дахь тал/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 304 дугаартай “Х.У-н биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсом г-зх тухайн цаг хугацаанд үүогэгдеэн байнэ. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтэл байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн “О.Г-ий биед хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. Уг сорви нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, үүсгэгдсэн байх боломжтой ба хэзээ үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Хуйханд үүссэн сорви нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 41-42 дахь тал/
7. Яллагдагч Б.С-н “Би 2023.03.18-ны өдрийн орой Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” төвийн гадна талд найз Ог хүн зодож байна гэж андуураад Х.У гэдэг залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан. Тэгтэл түүний найз Ган-Эрдэнэ гэдэг залуу над дээр ирж надтай муудалцсан бөгөөд тэгээд би болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа. Гэхдээ таны үзүүлсэн бичлэгийг харахад би Х.У О.Г нарыг цохиж биед нь гэмтэл учруулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.С нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дээдэс” төвийн үүдний хүлээн авах хэсэгт найз н.О-г цохьсон гэх шалтгаанаар Х.У О.Г нарыг зодож, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа, бусадад төлөх төлбөргүй тул торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Х.У-н “миний нүүр болон хамар хэсэг рүү гурваас дөрвөн удаа цохиход би газарт унасан. Гартаа тэлээгээ ороож байгаад О.Г-н толгой руу цохиж толгойноос нь цус гаргасан.” гэх мэдүүлэг, хохирогч О.Г-ий “нэг залуу гарч ирмэгцээ ямар ч шалтгаангүй Х.У-н нүүрэн тус хэсэгт гурав, дөрвөн удаа гараа атгаж байгаад цохиж унагаасан. Над руу уурлан дайрч бие хэсэг рүү өшиглөн, толгой хэсэг рүү тэлээ ороосон гараараа хэд хэдэн удаа цохиж толгойноос минь цус гаргасан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ий “шууд нүүр хэсэг рүү нь олон удаа гараараа цохисоор байгаад унагаасан бөгөөд босож ирэхэд нь хамраас нь цус гарсан байсан, манай нөхрийг зоддог залуу гарандаа тэлээгээ ороосон байхдаа О.Г-г цохиж зодсон байх гэж бодож байна, уг залуу л манай нөхөр болон О.Г-н биед халдсан.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 304 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.С-н “Х.У гэдэг залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан, би Х.У О.Г нарыг цохиж зодон биед нь гэмтэл учруулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.С нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дээдэс” төвийн үүдний хүлээн авах хэсэгт Х.У О.Г нарыг зодож, Х.Ундрах-Эрдэний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол, О.Г-ий эрүүл мэндэд “хуйханд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 болон түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Г-ий эрүүл мэндэд “хуйханд сорви” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хохирогч Х.У эрүүл мэндэд хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хамрын хагалгааны эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Х.У нь эмчилгээний зардлаа нотлх баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС