| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0192/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2325000000206 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
С.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Б нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манхны **** тоотод З.Мтэй маргалдан толгой руу нь архины шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрнө” гэв.
Хохирогч З.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч З.М-ийн “2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нь Б нь намайг 09 цагийн үед өөрийнхөө таньдаг айлд дагуулж орсон. Тэнд айлын хүнтэй архи хувааж ууж согтоод намайг хэл амаар доромжилж ууж байсан архиныхаа шилийг шидэж миний толгойн баруун талын нүдний дээд хэсэгт онож хагалсан. Тэгээд миний толгойноос цус гарахад Б нь зугтаад явчихсан. Тэгэхээр нь би гэртээ очоод түргэн тусламж болон цагдаа дуудсан. Би нүднийхээ дээд хэсэгт 16 оёо тавиулсан. Б согтчихоод намайг хэл амаар доромжилж шууд миний толгой хэсэг рүү архины шил шидсэн. Би 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б-гийн гэрт нь хоносон. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр С.Б нь архи уучхаад намайг гэр лүүгээ явах гэхэд зодож миний биед гэмтэл учруулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/
2. Гэрч С.Г-ын “Манай хамтран амьдрагч М нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С.Б-гийн гэрт хамт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим гэртээ ирсэн. М гэртээ ирэхдээ нүүр нь цус болчихсон Б над руу шил шидээд миний толгойг хагалчихлаа гэж орж ирсэн. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаж М-ийн биеийг үзүүлээд маргааш нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасагт очиж оёдол тавиулсан. М нь гэртээ ирэхдээ Б-гээс өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Б нь над руу архины шил шидэж миний толгойг хагалсан гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дахь тал/
3. Гэрч Д.Г-ын “Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим би гэрийнхээ урд хэсэгт байрлах дэлгүүр орох гэж явж байхад гудамжинд хоёр эмэгтэй хүн зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би салгах гээд очиход нэг эмэгтэй нь газар доошоо хараад хэвтчихсэн нөгөө эмэгтэй нь дээрээс нь өшиглөөд үснээс зулгааж байсан. Тэгээд би салгахад зодож байсан гэх эмэгтэй нь гүйгээд яваад өгсөн. Тэгээд би хэвтэж байсан эмэгтэйг нь босгоход манай урдхан талд байдаг Б гэх эмэгтэй байсан тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Б-гийн нүүр хэсэг маажилчихсан хумсны сорив гарчихсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/
4. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 302 дугаартай “З.М-ийн биед духанд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. Духанд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
5. Сэжигтэн С.Б-гийн “2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим би гэртээ Н-ийн хамт байхад М нь манай гэрт орж ирсэн. М нь манай гэрт орж ирэхдээ зүүн талын нүд улайгаад хавдчихсан үс нь сэгсийчихсэн байсан. Тэгээд М надад Г намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тэгэхээр нь би найз Н-ийн хамт гэрээсээ гараад О-гын гэрт очсон. Тэгэхэд М нь Н бид хоёрын араас хүрээд ирсэн. Тэгээд О-гын гэрт бид нар 1 шил архи хуваагаад уугаад сууж байхад М нь гэнэт босож ирээд миний үснээс зулгаагаад унасан тэгэхээр нь би айгаад О-гын гэрээс гараад зугтсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манхны **** тоотод З.М-тэй маргалдан, улмаар толгой руу нь ууж байсан архины шилээ шидэж эрүүл мэндэд духанд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.М-ийн “Б согтчихоод намайг хэл амаар доромжилж шууд миний толгой хэсэг рүү архины шил шидсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Г-гын “М гэртээ ирэхдээ нүүр нь цус болчихсон Б над руу шил шидээд миний толгойг хагалчихлаа гэж орж ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-гын “би салгах гээд очиход нэг эмэгтэй нь газар доошоо хараад хэвтчихсэн нөгөө эмэгтэй нь дээрээс нь өшиглөөд үснээс зулгааж байсан. Тэгээд би салгахад зодож байсан гэх эмэгтэй нь гүйгээд яваад өгсөн. Тэгээд би хэвтэж байсан эмэгтэйг нь босгоход манай урдхан талд байдаг Б гэх эмэгтэй байсан. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 302 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Б-гийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Б нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манхны **** тоотод З.М-тэй маргалдан, архины шилээ шидэж эрүүл мэндэд духанд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч С.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас З.М-ийн биед духанд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн С-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС