| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0186/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
2023 06 06 2023/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 2225007290046 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт “Авто прайт” ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-р заалт буюу “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, улмаар авто замын зорчих хэсэгт сууж байсан С.Э-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-ыг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, орчуулагч иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь миний буруу” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 9-21 дэх тал/
2. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 22-24 дэх тал/
3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 25-32 дахь тал/
4. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 32-38 дахь тал/
5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 39-44 дэх тал/
6. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 51-53 дахь тал/
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-гийн “Зам тээврийн ослын улмаас миний ах нас барсан гэдгийг мэдэж байна. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Надад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн орчим надад хуучин салсан эхнэр Т нь Цагдаагийн байгууллагаас ярьсан ах чинь өнгөрсөн гэж байна гэхээр нь би мэдээд маргааш нь Орхон аймагт очиж ажил явдлыг нь өнгөрүүлээд ирсэн. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүний ах нь гэх хүн надтай 2-3 удаа уулзаж, буяны ажилд туслалцаа үзүүлж 2 сая төгрөг өгсөн, гэхдээ мэдээж хүрээгүй, эргээд холбоотой байя гэсэн байгаа. Бусад гарсан зардлыг өгнө гэсэн гэхдээ одоохондоо өгөөгүй байгаа. Талийгаачийг нас барсны дараа ажил явдлын үеэр 1,970,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр замын зардал гэж 100,000 төгрөг, үүний дараа 12 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг өгч оршуулгын зардлыг бүрэн барагдуулсан. Б гэж хүнтэй Эрдэнэт хотод очиж уулзаж ярилцахад дээрх зардал дээр нэмээд 5,000,000 төгрөгийг өгье гэсэн миний хувьд нэмээд 5 сая төгрөгөө өгчихвөл гомдол, санал, нэхэмжлэх зүй байхгүй гэж хэлж амаар тохирсон байгаа. Ийм учраас үлдсэн 5,000,000 төгрөгийн хохирлыг өгчихвөл гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 59, 61 дэх тал/
8. Гэрч М.О-гийн “гэрт 2.5 литрийн нэг сав пиво байна гэсэн чинь Г тэгвэл Шанд багийн халуун усны хажуу талын авто гараж дээр аваад ир гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ гарч такси бариад Г-гын хэлсэн авто засварын газарт гэрт байсан пиво хүргэж өгөөд эргээд явсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/
9. Гэрч Б.М-ын “19 цагийн үед нөхөр Б миний гар утас руу залгаад гэр лүүгээ харих гэж байгаа талаар надад хэлсэн. Тэгээд би 19 цаг өнгөрөөгөөд ажлаасаа гараад гэртээ орж ирэхэд нөхөр маань гэртээ ирээгүй байсан. Тэгэхээр нь нөхрийнхөө гар утас руу нь залгахад манай нөхөр би хүн дайрчихлаа гэж хэлээд гар утсаа салгасан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/
10. Гэрч Н.А-гийн “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г надтай хамт Яргуйт багийн морины жүчээн дээр хашаа хадаж байгаад 18 цагийн орчимд Шанд багийн нутаг дэвсгэрт байдаг “Сайхан Уул” нэртэй авто засварын газарт ирсэн. Манайх засварын газартаа дулааны халаалт тавьж байсан юм. Г бид хоёр авто засвар юм хийж байтал Г-гийн найз Б приус-20 маркийн цайвар ногоон өнгийн машинтай ирсэн. Манай засварын газар дээр ирээд яаман дээр машиныхаа янданг харуулаад Г-тэй хамт 19 цагийн үед гарсан. Ирсэн, явсан цагийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Би архи дарс хамт уугаагүй Ганаа, Б хоёр Б-гын машинд пиво уугаад байх шиг байсан. Ямар пиво ууж байгааг нь анзаараагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/
11. Гэрч Б.Б-гын “шороон замаас засмал зам руу ороод уруудаад явж байтал удалгүй эсрэг урсгалд нэг хүн өнхөрч харагдсан бөгөөд нэг саарал өнгийн Приус загварын машин тэр өнхөрч байгаа хүний цаана нь зогссон юм. Энэ үед зэрэгцээд миний урд явж байсан машинууд зогссон. Тэгээд би машинаа зогсоогоод толиндоо харахад Приусны гадаа нэг залуу зогсож байсан бөгөөд “өө пязда хүн дайрчихлаа” гэж байсан. Тус залуу нь бараан хувцастай л байсан. Тэгээд байж байтал урд явсан 2 цагдаа буугаад осол болсон газарт очсон бөгөөд нэг нь буцаж очоод дохиур модоо авч байсан. Би машинаас бууж тамхи татаж байтал анх харсан залуугаас өөр бас нэг залуу ирчихсэн нөгөө газар хэвтэж буй хүний толгойг нь түшэж байсан. Харин нөгөө залуу бол уйлаад чарлаад байсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн 2 машин нэмэгдэж ирсэн бөгөөд нэг нь маяктай байсан. Ингээд бид нар цуваагаараа буюу 3 машинаараа хөдөлсөн юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 70-71 дэх тал/
12. Гэрч П.А-гын “Би **** улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, миний ард Хар өнгийн бенз, түүний ард **** прадо явж байсан Орхон аймгийн нутаг дэвсгэрт байх Модны захын урдуур гараад засмал зам руу нийлээд 700 метр орчим явж байхад 2-3 метрийн зайнд байх замын зорчих хэсгийн эсрэг урсгалд зам дээр бараан өнгийн хувцастай хүн сууж байхыг харсан. Тэгээд зогсох үйлдэл хийх гэж байхад эсрэг урсгалд явж байсан зөрж өнгөрсөн тээврийн хэрэгсэл өнгөрөх үед ямар нэгэн зүйл мөргөж байгаа чимээ гарсан. Тэгээд цагдаагийн ахмад Н-ын хамтаар буугаад дөхөөд очиход зам дээр сууж байсан хүн хэвтчихсэн чихнээс нь цус гарчихсан байсан. Түүний хажууд 2 эрэгтэй хүн зогсож байсан. Жолооч болов уу гэмээр эрэгтэй нь би хүн дайрчихлаа гэж орилоод утсаараа залгаад байсан. Тэгээд ахмад Н-д утсаа шилжүүлээд чи ярьчих би сандраад байна гэж байсан. Би хаашаа залгасныг нь мэдээгүй. Би машин руугаа гүйж очоод дохиур авч ирээд замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийг зохицуулсан. Зам тээврийн осол гарснаас хойш 6 минутын дараа цагаан өнгийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн хамтаар хөдөлгөөнт эргүүлийн машин ирсэн. Цагдаагийн алба хаагч нар ирсэн учраас ахмад Н бид хоёр холбоо барих утасны дугаараа үлдээгээд Танил захын ард байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 73-74 дэх тал/
13. Гэрч Б.Н-ын “Би Б.Д-гын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд сууж Б.Д өөрөө машинаа жолоодон, Тоёота Прадо 150, Мерсидес бэнз Жи-Класс маркийн тээврийн хэрэгслүүдийг хүмүүсийнх нь хамтаар хойноосоо дагуулаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байр журмын хашааруу Их залуу багийн нутагт байрлах 2 эгнээтэй асфальтан зам дээр хойд зүгээс урд зүгийн чиглэлд 19 цаг 30 минутын орчимд явж байхад эсрэг урсгалын замын зорчих хэсгийн дунд согтуу гэмээр бараан өнгийн хувцастай, эрэгтэй хүн хөлөө жийгээд бөгсөөрөө зам дээр сууж байсан. Уг хүнийг замаас гаргах зорилгоор хүнээ өнгөрөөд 15-аас 20 метрийн зайд замаа чөлөөлөн зогсох үед эсрэг урсгалаас цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 30-40 км/ц-ийн хурдтай гэмээр өөдөөс зөрөхөд Б.Д машинаа яг зогсоох үед машин юм мөргөж байгаа юм шиг түс хийх чимээ гарахаар нь би нөгөө сууж байсан хүн машинд мөргүүлчихлээ гэж бодоод гүйн очиход цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс 2 эрэгтэй хүн гараад ирчихсэн, тус тээврийн хэрэгслийн зүүн хойд талд буюу анх сууж байсан газарт нөгөө эрэгтэйгийн толгой нь баруун зүг рүү харсан, баруун хажуу талаараа хэвтсэн байрлалтай, хоёр хөл нь хоорондоо мушгиралдсан, баруун чихнээс нь цус гарчихсан, амьсгаатай, ухаангүй хэвтэж байсан. Цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс бууж ирсэн 2 эрэгтэй хүний цагдаагийн шонхортой тэлээ зүүсэн эрэгтэй нь гар утсаа надад өгөөд би сандраад ярьж чадахгүй байна энэ хүнтэй яриад газрын байршлыг хэлээд өг гэхээр нь би гар утсыг нь аваад ярьж байсан хүнд уг газрыг зааж өгсөн. Харин нөгөө эрэгтэй нь хэвтэж байсан хүний толгой доор гараа хийчихсэн, ингээд байж байвал яах бол гээд байсан. Тэгээд удалгүй Орхон аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн алба хаагчид ирэхээр нь нөгөө дагуулж явсан машинаа саатуулахаар журмын хашаанд очсон” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/
14. Гэрч Г.Г-ын “Ганц шил архи аваад өгөөч гэсэн чинь О архи авах мөнгө байхгүй, гэрт нэг сав пиво байна гэхээр нь аваад ирээч гэсэн чинь О такси барьж ирээд надад нэг сав пиво өгөөд явсан. Энэ үед буюу 18 цагийн орчим найз Ж.Б луу утсаар яриад хаана явж байна. Юу хийж байна гэсэн чинь Ж.Б ганцаараа машинаа унаад эцсийн буудал дээр явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд А-гийн авто засвар дээр байна гэж хэлсэн чинь Ж.Б тэгвэл би очоод машиныхаа нүүрсэн янданг үзүүлье гэхээр нь тэг тэг засварчин нь байна гэж хэлсэн. Үүнээс хойш удаагүй Ж.Б машинтайгаа ирсэн Ж.Б-г ирэхээр нь шууд авто засвар луу оруулаад машиныг нь засварчинд үзүүлсэн чинь нүүрсэн яндан нь байна гэсэн. Тэгээд Ж.Б бид хоёр түүний машинд сууж байгаад миний ууж байсан 2,5 литрийн савтай “Нийслэл” пивыг хувааж ууж дуусаад гэр, гэртээ харихаар Шанд, Яргуйт багийн дунд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүгт явж байсан чинь хойд зүгээс буюу урдаас ирж байсан авто машины гэрэлд гялбасан. Тэр гэрэл өнгөрөөд машин донслох шиг болоод зогссон. Тэгэхээр нь би Ж.Б-гээс юу болсон бэ гэсэн чинь Ж.Б хүн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаас буусан. Тэгтэл зам дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод өмсөж байсан куртикээ тайлаад толгой доогуур нь хийсэн. Тэнд Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаа нар гэх 2 алба хаагч хоёр гурван машин зогсоочихсон байсан. Би цус харсан чинь хамаг бие салганаад байсан. Тэгтэл Ж.Б намайг гэртээ хариад байж байсан гэхээр нь би гэр лүүгээ харьсан Ж.Б осол болсон газарт үлдсэн. Ж.Б ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Түүнийг авто засвар дээр ирэхээс нь өмнө би 2.5 литрийн савтай пивоноос 100 орчим граммыг уусан байсан байх. Үлдсэн пивыг нь Ж.Б-гын машин дотор сууж байгаад хувааж уусан. Амартайван тэр пивоноос уугаагүй. А-гын авто засвар дээрээс яг хэдэн цаг явсныг мэдэхгүй байна. Яагаад гэхээр цаг хараагүй. Ж.Б-гын гэр Рашаант багийн 33, манай гэр Шанд багийн 34 дүгээр гудамжинд буюу авто замын хоёр талд байх харалдаа гудамжинд байдаг юм. Ж.Б бид хоёр уг нь гэртээ харих гэж л явсан юм. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Ж. Б өөрөө машинаа унаад би жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 84-87 дахь тал/
15. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай “талийгаачийн биед дээрхи үндсэн оношинд бичигдсэн хавсарсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач биед тогтоогдсон гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед тогтоогдсон цээжний битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүн зэргийн гэмтэл болно. Талийгаачийн цусанд 0,6 промиль, цээсэнд 0,9 промиль, ходоодны шингэнд 2,2 промиль спирт илэрсэн ба хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 100-103 дахь тал/
16. Ж.Б-гын согтуурлын зэргийг драгер багажаар шалгаж “1.45 хувийн согтолт илэрсэн” гэсэн тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 112-р тал/
17. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 320 дугаартай “Ж.Б-гын биеэс авсан цусанд этилийн спирт 0.7 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/
18. “Цагаан шонхорын жигүүр” НҮББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/238 дугаартай “Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Э Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 125-127 дахь тал/
19. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/01 дугаартай “**** дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь зогсоох арга хэмжээ авах эсэх нь тухайн нөхцөл байдлаас хамаарах бөгөөд үүнд хөнгөн зэргийн согтолттой байсан нь нөлөөлсөн байх магадлалтай. Харин **** “Тоёота приус” загварын тээврийг хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна. Камерын бичлэгээс харахад жолооч Ж.Б нь эсрэг урсгалаар явж байсан автомашины гэрлийн нөлөөгөөр үзэгдэх орчин хязгаарлагдсан байх боломжтой” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 151-153 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт “Авто прайт” ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалт буюу “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, улмаар авто замын зорчих хэсэгт сууж байсан С.Э-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа боловч өмгөөлөгч миний бие энэ хэргийн хувьд өөр дүгнэлттэй байгаа. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байсан учир дахин дүгнэлт гаргуулсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь жолоочийн буруу боловч замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчснөөс осол гарсан нь тодорхойгүй байгаа. Хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчих хэсэгт сууж байсан нь тодорхой байгаа. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд Б-г зогсоох арга хэмжээ авах эсэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна гэж эргэлзээтэй дүгнэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-гийн мэдүүлэг, гэрч М.О-гийн “гэрт 2.5 литрийн нэг сав пиво байна гэсэн чинь Г тэгвэл Шанд багийн халуун усны хажуу талын авто гараж дээр аваад ир гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ гарч такси бариад Г-гын хэлсэн авто засварын газарт гэрт байсан пиво хүргэж өгөөд эргээд явсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.М-ын “нөхрийнхөө гар утас руу нь залгахад манай нөхөр би хүн дайрчихлаа гэж хэлээд гар утсаа салгасан” гэх мэдүүлэг, гэрч Н.А-гийн “Г, Б хоёр Б-гын машинд пиво уугаад байх шиг байсан. Ямар пиво ууж байгааг нь анзаараагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-гын “Приусны гадаа нэг залуу зогсож байсан бөгөөд “өө пязда хүн дайрчихлаа” гэж байсан. Тус залуу нь бараан хувцастай л байсан” гэх мэдүүлэг, гэрч П.А-гын “зам дээр бараан өнгийн хувцастай хүн сууж байхыг харсан. Тэгээд зогсох үйлдэл хийх гэж байхад эсрэг урсгалд тээврийн хэрэгсэл өнгөрөх үед ямар нэгэн зүйл мөргөж байгаа чимээ гарсан. Тэгээд цагдаагийн ахмад Н-ын хамтаар буугаад дөхөөд очиход зам дээр сууж байсан хүн хэвтчихсэн чихнээс нь цус гарчихсан хэвтэж байсан. Түүний хажууд 2 эрэгтэй хүн зогсож байсан. Жолооч болов уу гэмээр эрэгтэй нь би хүн дайрчихлаа гэж орилоод утсаараа залгаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Н-ын “Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс 2 эрэгтэй хүн гараад ирчихсэн, тус тээврийн хэрэгслийн зүүн хойд талд буюу анх сууж байсан газарт нөгөө эрэгтэйгийн толгой нь баруун зүг рүү харсан, баруун хажуу талаараа хэвтсэн байрлалтай, хоёр хөл нь хоорондоо мушгиралдсан, баруун чихнээс нь цус гарчихсан, амьсгаатай, ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-гын “Ж. Б өөрөө машинаа унаад би жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж явсан” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай дүгнэлт, Ж.Б-ын согтуурлын зэргийг драгер багажаар шалгасан тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 320 дугаартай дүгнэлт, “Цагаан шонхорын жигүүр” НҮББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/238 дугаартай дүгнэлт, Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/01 дугаартай “**** дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:
-Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ “Авто прайт” ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн, явган зорчигч С.Э нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна” гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас Ж.Б нь авто замын зорчих хэсэгт сууж байсан С.Э-ыг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, анхаарал болгоомж алдаж, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас замын зорчих хэсэгт сууж байсан С.Э-ыг дайрч, хүний амь насыг болгоомжгүй үйлдлээр хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний өмгөөлөгч Р.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал дүгнэлт гаргасан байна. Амь хохирогч С.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэгт сууж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь ослын шалтгаан болсон боловч Ж.Б нь согтууруулах ундаа хэрэглэж, тодорхой хэмжээний согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож явснаас анхаарал алдаж, замын зорчих хэсэгт байсан хүнийг хараагүй, замын хөдөлгөөний дүрэмд заасан зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Амь хохирогч болон шүүгдэгч аль аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь зам тээврийн осол гарсан байна.
Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б-гын үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч нөхөн төлөгдөх боломжгүй ноцтой хохирол учирсан бөгөөд шүүгдэгч амь хохирогчийн оршуулгын зардлын бүрэн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан эдийн хохирлыг төлж барагдуулсан, 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль зөрчсөн үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хар өнгийн саравчтай малгай, цайвар ногоон өнгийн 30 ширхэг хуванцар хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.Б-гын **** дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж-гын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн саравчтай малгай, цайвар ногоон өнгийн 30 ширхэг хуванцрын хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ж.Б-гын **** дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС