Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

  2023          06              06                                        2023/ШЦТ/201

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2325000000261 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1 Б.Ө

2 Б.Т

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Хангарьд спорт комплексын хойд талын явган хүний зам дээр Н.А-г инээсэн гэх шалтгаанаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих хэлбэрээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн С.Т-г хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун дээд нэгдүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ө-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Хангарьд спорт комплексын хойд талын явган хүний зам дээр Н.А-г инээсэн гэх шалтгаанаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ө-г бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Б.Т-г бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн гэв.

 

Хохирогч Н.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч С.Т “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хохирогч Н.Аын “Тэд нартай юм ярингаа тамхи өгчхөөд явах үед Т , Т рүү чи яагаад инээгээд байгаа юм бэ гэж уурлаад миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Хамар руугаа цохиулсны дараа миний хамраас цус гоожиж өвдсөн. Дараа нь Т  зугтаагаад гүйчихсэн. Үүний дараа хамт байсан хүмүүсээс нь Т  хаана байгаа юм бэ, яагаад намайг зодож байгаа юм бэ гээд хоорондоо ярилцаад зогсож байтал Т-гийн шүд рүү Ө гараараа цохисон. Т Ө-д шүд рүүгээ цохиулсны дараа миний шүд хугарчихлаа шүү дээ гэж хэлсэн. Хамгийн анх зүгээр зогсож байхад Т  миний хамар руу цохиж хугалсан. Өөрөөр миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. А Ө хоёр намайг цохисон гэхдээ миний биед гэмтэл учруулаагүй. Миний биед үссэн дээд баруун нэгдүгээр, хоёр дутаар шүдний имтэрсэн хугарал гэмтэл 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Хангарьд спорт ордны хойно бусдад зодуулахад үүсээгүй одоогоос 2 жилийн өмнө үүссэн хуучин гэмтэл байгаа юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал/

            2. Хохирогч С.Т “2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчим ажлаа тараад хамт ажилладаг найз Э, А нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин баг Төгөл худалдааны төвийн хойноос тамхи худалдаж авчхаад Хаан бууз орох гээд алхаж явтал зүс таних Ө, түүнтэй хамт явсан А, Т, Т  гэх залуучуудтай таарсан. А бид хоёр Ө-тэй зөрөөд алхах үед Т  гэх залуу намайг чи яагаад энд инээж алхаад байгаа юм бэ гэсэн утгатай үг хэлэхэд Т гэх эрэгтэй над руу биеэрээ ойртож ирсэн. Үүний дараа Аын хамар руу Т  гэх эрэгтэй гараараа цохисон, Т-д цохиулсны дараа Аын хамраас цус гарч байсан. Тэгтэл түүнтэй зэрэгцээд Т гэх эрэгтэй миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиж авсан. Ө-гээс яагаад А бид хоёрыг та нар цохиж байгаа юм бэ гэж асуухад Ө нь Аын нүд рүү цохисон. Дараа нь А Ө хоёр харилцан нэг нэгнийхээ толгой руу нь 1-2 удаа цохисон. Ингээд зодоон дууссаны дараа Ө гар утсаараа Т, А хоёрыг дуудсан. Тийг хүрч ирэхээр би хоёулхнаа зогсож байгаад ярилцъя гээд Ааас зайтай очиж зогссон. Т-тэй юм ярьж байгаад эргээд хартал А-г А, Ө хоёр цохиж авч байсан ба Э дунд нь салгаж байсан. Тэгтэл Ө Ааас салаад над руу гүйж ирээд миний шүд рүү болон нүүр рүү 5-6 удаа цохисон. Ө-д шүд рүүгээ цохиулсны дараа миний шүднээс цус гарч аманд цус амтагдаж эхэлсэн. Миний шүд рүү Ө цохиж хугалсан. Э зодоонд оролцоогүй юу болсон талаар сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

            3. Гэрч Г.Эын “Аын нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж авсан. Яг юу гэж хэлээд цохисон гэдгийг нь санахгүй байна. Тэгэхээр нь би Т-г хоёр гараараа тэвэрч Ааас холдуулсан. А Т-д нүүр рүүгээ цохиулаад хамраас нь цус гарч эхэлсэн, энэ үед А хамраа гараараа дараад байсан. Хэсэг хугацааны дараа Ө, Т, А, А, Т бид зургаа хамт зогсож байгаад яагаад ийм зүйл болсон юм бэ, Аын хамар хугарчихлаа, Т  хаана байна гээд ярилцсан. Ингэж ярилцаж байтал Ө гэнэдүүлээд Аын нүүр рүү гараараа цохисон. А Ө-д цохиулаад хойшоо машин зам руу ухарч алхтал Ө араас нь явж очоод үснээс нь зулгааж доош нь дарж байгаад гараараа Аын толгой болон нүүр рүү 5-6 удаа цохиж авсан. Би үүнийг хараад тэр хоёр дээр явж очоод Ө-г тайвшруулж Ааас холдуулсан. Энэ үед нийтийн бие засах газар болон явуулын түц хоёрын дунд Т, Т хоёр юм яриад зүгээр зогсож байсан. Тэгэхээр нь би А-г дагуулаад Т, Т хоёр дээр очсон. Тэгтэл араас А, Ө хоёр хүрч ирээд Т-г үгээр идэж байгаад Ө нь гэнэдүүлж Т-г нэг гараараа заамдаж арагш нь түлхээд нөгөө гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Миний харснаар А, Т хоёр бусдад зодуулсан болохоос хүн зодоогүй. Аын хамар руу Т  цохиж хугалсан. Мөн дараа нь Ө А-г үсдэж доош нь дарж байгаад нүүр толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан. Харин Т-гийн шүдийг Ө цохиж хугалсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дахь тал/

            4. Насанд хүрээгүй гэрч Н.Аын “Үүний дараа удалгүй миний хажууд хүн орилох шиг болохоор нь хартал Т ах А-тай маргалдаад байх шиг байсан. Тэр хоёрыг нэг нэгнийгээ цохисон эсэхийг мэдэхгүй байна харж чадаагүй. Би Т дээр явж очоод больцгоо гээд Т-г дагуулж Төгөл худалдааны төвийн гадна аваачсан. Т-г өөр газарт аваачихгүй бол зодоон болох гээд байсан юм. Үүний дараа буцаад очтол А, Т хоёр маргалдаж хэрүүл хийгээд байсан. Энэ үед би Ө-г аваад явчихъя гэхэд А, Т хоёр ахыгаа дуудчихсан, одоо ингээд зодолдъё гэхэд хашаад явуулахгүй байсан. Тэгтэл Т, Т хоёрыг зүгээр яриад зогсож байтал Ө явж очоод Т-гийн нүүр рүү цохисон. Т цохиулсныхаа дараа миний шүд хугарчихлаа, чи миний шүдийг хугалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Үүнээс хойш дахин зодоон болоогүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дахь тал/

            5. Гэрч Ж.Тийн “Т-тэй хоёулхнаа юм яриад зогсож байтал Ө бид хоёр дээр хүрч ирээд Т-гийн нүүр рүү урдаас нь миний харснаар нэг удаа цохисон. Т, Ө-д нүүр рүүгээ цохиулчхаад миний шүд хугарчихлаа, шүд хайгаарай гэж хэлсэн. Миний хувьд хамгийн анх Т-гийн шанаа руу 1 удаа халт цохисон, шүд рүү нь огт гар хүрээгүй. Мөн Аын хамар руу нь цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

            6. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 359 дугаартай “С.Т-гийн биед дээд баруун нэгдүгээр шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

            7. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай “Н.Аын биед хамрын ясны хугарал, дээд баруун нэгдүгээр, хоёр дугаар шүдний эмтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээд баруун нэгдүгээр, хоёрдугаар шүдний эмтэрсэн хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

            8. Сэжигтэн Б.Ө-гын “Т  бид хоёр спорт ордны ард зүс таних ахтайгаа таарч тэр ах Т  бид хоёрт жижиг лаазтай нэг, нэг ширхэг пиво өгөхөөр нь бид хоёр уусан. Удаачгүй би өөр найзуудтайгаа уулзахаар явж, найзтайгаа явж байхдаа жижиг лаазтай 1 пиво уусан. Төгөл худалдааны төвийн гаднаас тамхи худалдаж авахаар Хангарьд спорт ордны хойно байрлах нийтийн бие засах газрын хажуугаар алхаад явж байтал урдаас А, Т, Э гурав алхаж таарсан. Би тэр гуравтай юу байна гэж мэндлээд тамхи асуусан. Надад А 2 ширхэг тамхи май андаа гээд өгсөн. Энэ үед би тэр гуравтай хэсэг юм ярьж байгаад салаад Төгөл рүү алхсан. Тухайн үед миний хойно хүн орилхоор нь эргээд хартал Т  Уурхайчин багийн 3-22-р байр луу чигтээ зугтаагаад гүйчихсэн. Мөн А хамраа бариад тонгойчихсон хамраас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 57-59 дэх тал/

            9. Сэжигтэн Б.Т-гын “Тухайн үед би нилээн согтуу байсан ба Э-тэй юм ярьж байгаад А-тай маргалдаж улмаар хамар луу нь цохьсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Хангарьд спорт комплексын хойд талын явган хүний зам дээр Н.А-г инээсэн гэх шалтгаанаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих хэлбэрээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн С.Т-г хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун дээд нэгдүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ө-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Хангарьд спорт комплексын хойд талын явган хүний зам дээр Н.А-г инээсэн гэх шалтгаанаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Т-д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Аын “Тэд нартай юм ярингаа тамхи өгчхөөд явах үед Т , Т рүү чи яагаад инээгээд байгаа юм бэ гэж уурлаад миний хамар руу гараараа нэг удаа цохьсон. Т-гийн шүд рүү Ө гараараа цохисон. Т Ө-д шүд рүүгээ цохиулсны дараа миний шүд хугарчихлаа шүү дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогч С.Т-гийн “Аын хамар руу Т  гэх эрэгтэй гараараа цохьсон, Т-д цохиулсны дараа Аын хамраас цус гарч байсан. Ө нь Аын нүд рүү цохьсон. Тэгтэл Ө Ааас салаад над руу гүйж ирээд миний шүд рүү болон нүүр рүү 5-6 удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Г.Эын “А Т-д нүүр рүүгээ цохиулаад хамраас нь цус гарч эхэлсэн. Энэ үед А хамраа гараараа дараад байсан. Ө гэнэдүүлээд Аын нүүр рүү гараараа цохьсон. А Ө цохиулаад хойшоо машин зам руу ухарч алхтал Ө араас нь явж очоод үснээс нь зулгааж доош нь дарж байгаад гараараа Аын толгой болон нүүр рүү 5-6 удаа цохиж авсан. Харин Т-гийн шүдийг Ө цохиж хугалсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Аын “Ө явж очоод Т-гийн нүүр рүү цохьсон. Т цохиулсныхаа дараа миний шүд хугарчихлаа, чи миний шүдийг хугалчихлаа шүү дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.Тийн “Ттэй хоёулхнаа юм яриад зогсож байтал Ө бид хоёр дээр хүрч ирээд Т-гийн нүүр рүү урдаас нь миний харснаар нэг удаа цохьсон. Т, Ө-д нүүр рүүгээ цохиулчхаад миний шүд хугарчихлаа, шүд хайгаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 359 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай дүгнэлт, сэжигтэн Б.Ө-гын “Тухайн үед миний хойно хүн орилхоор нь эргээд хартал Т  Уурхайчин багийн 3-22-р байр луу чигтээ зугтаагаад гүйчихсэн. Мөн А хамраа бариад тонгойчихсон хамраас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.Т-гын “Тухайн үед би нилээн согтуу байсан ба Э-тэй юм ярьж байгаад А-тай маргалдаж улмаар хамар луу нь цохьсон. Хэд хоногийн дараа Ө-ээс чамайг явсны дараа би Т шүд рүү цохиод хугалчихсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тэй бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Хангарьд спорт комплексын хойд талын явган хүний зам дээр Н.А-г инээсэн гэх шалтгаанаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих хэлбэрээр зодож эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Т-г хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун дээд нэгдүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ө-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Хангарьд спорт комплексын хойд талын явган хүний зам дээр Н.А-г инээсэн гэх шалтгаанаар нүүр, толгой хэсэгт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ө-гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,  шүүгдэгч Б.Т-гын үйлдэл нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ө, Б.Т нарын үйлдэл холбогдол, хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Хохирогч Н.А-гын эрүүл мэндэд хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Хохирогч С.Т-гийн эрүүл мэндэд баруун дээд нэгдүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х ургийн овгийн Б-гын Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр хүний, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Б-гын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-г 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС