Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 102/2020/03431/И |
Дугаар | 001/ХТ2022/00507 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00507
****гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03222 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 190 дүгээр магадлалтай,
****гийн нэхэмжлэлтэй,
“ **** ****” ХХК-д холбогдох
Фидуцийн гэрээний дагуу зарагдсан автомашины үнийн үлдэгдэл 4,907,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэлийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. ****нь “ **** ****” ХХК-дхолбогдуулан фидуцийн гэрээний дагуу зарагдсан автомашины үнийн үлдэгдэл4,907,107 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03222 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХХК-аас 4,907,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 93,500 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 190 дүгээр магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХХК-аас 3,000,270 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,906,837 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62,954 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,464 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хариуцагч “ **** ****” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан. Энэ нь үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол эд зүйл үүрэг гүйцэтгүүлэгчид бүрмөсөн шилжих, ингэснээр энэхүү гэрээ дуусгавар болох байдлаар агуулга нь тодорхойлогдоно. Үүнээс харвал үүрэг гүйцэтгүүлэгчид эд зүйл бүрэн шилжсэнээс хойш түүнийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч хэрэгжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд эд зүйлийн үнийг тогтоож борлуулах, ийнхүү борлуулснаар зээлийн гэрээний үүрэг биелэгдэнэ.
4.1. Талуудын хооронд 2018.02.09-ний өдөр байгуулагдсан 404200324 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1-д “...зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс...” гэж, 1.5-д “Үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулснаар гэрээний үүргийг бодитойгоор хангуулсанд тооцно” гэж заасан. Энэхүү талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний гол тохиролцоо, түүний зорилго нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийг бодитоор гаргуулан авч түүнийг захиран зарцуулснаар үүрэг биелэгдсэнд тооцохоор заажээ. Харин гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх:” гээд 3.1.2-д “...түргэн борлогдох үнээр худалдаж...” гэсэн нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бүрэн эрх юм. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд эрх гэдэг ойлголт заавал хэрэгжүүлэх шаардлагагүй, харин эрхийг хэрэгжүүлэгч этгээдийн сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр бий болох нөхцөл юм. Дээрх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийг заавал түргэн борлогдох үнээр зарж борлуулах хатуу тогтоосон үүрэг хүлээгээгүй, цаашлаад ийнхүү үүргээ биелүүлээгүй эсхүл эрхээ хэрэгжүүлээгүйгээс аливаа төлбөрийн зөрүү төлөх үүрэг, хариуцлага хүлээх үүсэх талаар гэрээнд зохицуулалт байхгүй байгаа нь шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзээ бий болгож байна. Талуудын хооронд 2018.02.09-ний өдөр байгуулагдсан 404200324 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.4-т “...Зээлийн гэрээ, энэ гэрээний хооронд зөрүүтэй зүйл гарвал зээлийн гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу зээлдүүлэгч, зээлдэгчийн хоорондын маргаантай асуудалд 2018.02.09-ний өдрийн 404200324 тоот зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 5.10, 5.11 дэх хэсгийг үндэслэл болгон зохицуулахаар байна. Энэ зохицуулалтаар зээлдүүлэгч барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захиран зарцуулсан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүхнэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагч “ **** ****” ХХК-аас 3,000,270 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,906,837 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ.
7. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
8. **** нь “ **** ****” ХХК-д холбогдуулан фидуцийн гэрээний дагуу зарагдсан автомашины үнийн үлдэгдэл4,907,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “...зээлийн төлбөрт фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлэн авч, өглөг, авлага дууссан тул зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ.
9. “ **** ****” ХХК, **** нар2018.02.09-ний өдөравтомашин худалдаж авах зориулалтаар 10,000,000 төгрөг, сарын 2,90 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэлд Тоёота приус 30 маркийн 08-27 УБЗ улсын дугаартай автомашин барьцаалах тухай фидуцийн гэрээг байгуулж, фидуци гэрээгээр 2017 онд Монгол Улсад орж ирсэн, Тоёота приус-30 загварын 08-27 УБЗ улсын дугаартай автомашиныг 12,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь тогтоогджээ.
10. Зээл, фидуцийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангаж, агуулгыг өөрсдөө тодорхойлон бичгээр үйлдэж, түүнд хэн альнь гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 235 дугаар зүйлийн 235.5-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.
Энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
11. **** нь 2021.02.05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүрэгт“ **** ****” ХХК-д 16,271,707 төгрөг төлөхөөс 13,504,225 төгрөг төлсөн бөгөөднэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сараас гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас хариуцагч 2020.08.04-ний өдөр маргаан бүхий автомашиныг иргэн Д.Төрмөнхөд 9,900,000 төгрөгөөр худалдсан нь хэрэгт авагдсан автомашин худалдах-худалдан авах гэрээ, зээлийн хүү тооцооллын хүснэгт, зохигчийн тайлбараар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
12. Давж заалдах шатны шүүхийн “ **** ****” ХХК-аас хариуцагч автомашиныг хураан авч бусдад худалдан 2020.08.06-ны өдөр зээлийн үлдэгдэл 8,999,744 төгрөгийг **** зээл төлөв гэх утгаар нэхэмжлэгчийн зээлийн дансанд шилжүүлж гэрээний үүргийг дуусгавар болгосон талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
13. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус зохицуулан заасан.
13.1. Талуудын байгуулсан фидуцийн гэрээний 2.2-т “...суудлын автомашины үнийг түргэн борлогдох үнээр буюу 12,000,000 төгрөг...”, мөн гэрээний 3.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү төлөх хугацаанаас 30-аас дээш хоногоор хоцорсон тохиолдолд ...үл маргах журмаар энэхүү гэрээгээр тохиролцсон түргэн борлогдох үнээр худалдаж хохирлоо гаргуулан авч үүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх” эрхтэй гэж тохиролцжээ.
13.2. Давж заалдах шатны шүүх ...фидуцийн гэрээний 2.2-т зохигчийн харилцан тохиролцсон 12,000,000 төгрөгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэ биш, талууд зах зээлийн үнээс бага, богино хугацаанд худалдан борлуулах үнээр автомашины үнэлгээг тогтоосон... гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
13.3. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээнд оролцогчийн эрх, үүрэг, тэдний хүсэл зоригийн илэрхийллийг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн тайлбарласан байхаас гадна Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцжээ.
14. Анхан шатны шүүх шинжээч томилуулж автомашины үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь буруу биш, талууд гэрээгээр автомашиныг худалдах үнэлгээг тохиролцон тогтоосон талаар давж заалдах шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.
15. Давж заалдах шатны шүүхээс ****гийн зээлийн гэрээний үүргийг зөв тодорхойлж, автомашины түргэн борлогдох үнэ 12,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний үүрэг 8,999,730 төгрөгийг хасч үлдэх 3,000,270 төгрөгийг “ **** ****” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна.
16. Давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэлийн хяналтын журмаар гаргасан “...магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 190 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,955 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД