Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 121/2022/0007/з |
Дугаар | 121/ШШ2022/0006 |
Огноо | 2022-02-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 121/ШШ2022/0006
2022 оны 02 сарын 28-ны өдөр Дугаар 121/ШШ2022/0006 Арвайхээр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О,
Гуравдагч этгээд Б-н О нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц, хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О, Гуравдагч этгээд Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.О-д холбогдуулан “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045077 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг гаргасан.
2. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр б/02 тоот албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн Уянга сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Бөөрөлжүүтийн ам гэх газар Б овогтой Оч /....../ нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр газрын хэвлийд хууль бусаар халдсан тухай 1100-0179 дугаартай албан бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цуглуулсан үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдогч гэрчийн мэдүүлэг, зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг харгалзан үзээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Хомогийнхон овогтой Б-н О-г 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045077 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
3. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц-с дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.
4. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цби, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.О нь “Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 7 дугаар багийн Бөөрөлжүүтийн ам гэх газар Б.О нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр газрын хэвлийд хууль бусаар халдсан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч Х овогтой Б-н О-г 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн 15/05/017/12 дугаартай гомдол мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн өвч хяналаа.
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд цугларсан: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай албан бичгийн хуулбар,
Холбогдогч Б.О-ын "... Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг Бөөрөлжүүт гэх газарт Д, Б, Ц, П нарын хамтаар 2 машинтай очсон. Тэгээд тэр хавьд алт байж магадгүй гээд тухайн газраа гал тавьж газар гэсгээж байгаад молдокоор 1 метр гаран газар ухсан. Хүмүүс гайгүй алт гараад байна гэхээр мөнгө олох зорилготой газар ухсан.” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д "... Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”,
2-т "... Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.”,
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “... Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.”,
5.2-т “...Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж хуульчилсныг зөрчиж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлохоор санаатайгаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл "... Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-йн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зөрчилд холбогдогч Б.Оч-ыг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-с шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Ц-н 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.
Өвөрхангай аймгийн дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12 өдрийн Б/02 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжиж ирсэн Б-н О-д холбогдох гомдол мэдээллийг шалгаад олсон нь:
2022 он 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.О- нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг Бөөрөлжүүт гэх газар хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10.1-д заасны дагуу 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Ц-н иргэн Б.О-д ногдуулсан 0045077 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь иргэн Б.О-н гаргасан үйлдэл нь Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар “газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашигласан” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд үнэт металл олборлоогүй, газрын хэвлийг ухаж хөндсөн тул Газрын хэвлийн тухай хуулиар арга хэмжээ ногдуулсан болно.
Иймд миний 0045077 дугаартай шийтгэлийин хуудсаар иргэн Б.О-д ногдуулсан торгох шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү ... цагдаагийн газраас анх энэ асуудлыг шалгаад зөрчлийн шинжтэй гэж үзээд манай байгууллага руу шилжүүлсэн. Хэрэв цагдаагийн газраас гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн бол манай байгууллага руу шилжүүлэх ёсгүй байсан” гэв.
6. Гуравдагч этгээд Б.О-с шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О би газрын хэвлийн ашиглалтын тусгай журам зөрчиж торгуулсан нь үнэн. Би уг буруугаа хүлээж торгууль 150.000 төгрөг төлсөн. Харин аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц-н 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Учир нь Б.О миний бие газрын хэвлийг шинээр хөндөж ашиг, орлог олсон зүйл байхгүй. Хуучин ухсан нүхнээс шороо авах гэж оролдож улсын байцаагч Т.О-д торгуулсан гэм буруугаа хүлээж байна.
Иймд 15/05/017/12 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, прокурор Г.Ц-н 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгоно уу ... миний бие 1 метр газар ухсан нь үнэн. Харин ямар нэг алт олборлосон зүйл байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Зөрчлийн материалд авагдсан баримтуудыг судалж үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь цагдаагийн тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/02 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжиж ирсэн “Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн Б.О нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Уянга сумын 7 дугаар багийн нутаг Бөөрөлжүүт гэх газар газрын хэвлийд хууль бусаар халдсан гэх” гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад, Б.О-г Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “газрын хэвлийг дур мэдэн ашигласан” зөрчил гаргасан гэж үзэж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0045077 дугаартай шийтгэлийн хуудсаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт гаргаж, үндэслэлээ “... зөрчилд холбогдогч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “... хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоож байх тул, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045077 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагчаас прокурорын дүгнэлтийн үндэслэлийн талаар шүүхэд “...Анх Уянга сум дахь цагдаагийн тасгаас уг үйлдлийг илрүүлээд зөрчлийн шинжтэй үйлдэл байна гээд манай байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/02 дугаартай албан бичгээр шилжүүлсэн. Хэрэв анх цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн бол манай байгууллагад шилжүүлэх ёсгүй байсан. Шилжиж ирсэн учраас тус зөрчлийг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан” гэж тайлбарласан байна.
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Зөрчлийн материалд авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн холбогдогч Б.О-с мэдүүлэг авсан тэмдэглэлд “Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны 23 цагийн үед Б.Б, Ц.Д, Н.Ц, Б.П нарын хамт хоёр машинтай очсон. Тэгээд энэ хавьд алт байж магадгүй гээд тухайн газраа гал асааж гэсгээж байгаад мотор, молдок, хүрз, сков зэрэг багажуудаар 1 метр гаран газар ухаж байтал цагдаа ирсэн...” гэж мэдүүлжээ. Зөрчилд холбогдогч Б.О-н газрын хэвлийд халдсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба энэ тохиолдолд улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ.” гэж зааснаар ...Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн Б.О-н алт олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдсан гэх үйлдэлтэй холбогдох баримтыг прокурорт шилжүүлэх үүрэгтэй байна. Ийнхүү эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болох ба улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.” гэж заасан хууль ёсны зарчимтай нийцсэн гэх үзэхээргүй байна. Тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй бөгөөд холбогдогч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар эхэлж шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул эрх бүхий албан тушаалтны Б.О-д шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийн шаардлагыг хангаж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045077 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ