| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0497/3 |
| Дугаар | 221/МА2025/0586 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0586
Ц.Б-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/** дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг дутуу олгосны хохирол 104,015,960 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0357 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Хэргийн индекс: 128/2024/0497/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/** дугаар албан бичгээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг дутуу олгосны хохирол 104,015,960 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаар шийдвэрээр “Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/** дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж, 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг дутуу олгосны хохиролд 104,015,960 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Нийгмийн даатгалын тухай хуулийн (өмнө нь мөрдөж байсан) 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасны дагуу зөвхөн Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай захиргааны хэм хэмжээний актыг батлах гаргах эрхтэй.
3.2 Засгийн газрын 1996 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80,000 төгрөг байхаар тогтоосон. Засгийн газрын 1998 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” ** дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны ** дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх Засгийн газрын тогтоолын дагуу 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 80,000 төгрөгөөр мөрдөж байсан болно. Түүнчлэн хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу даатгуулагчийн сарын цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтрэх тохиолдолд давсан хэсэгт нь шимтгэл ногдуулдаггүй болно. Гэтэл дээрх шийдвэрүүдийг шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч шүүх үнэлж дүгнээгүй болно.
3.3 Иргэний тэтгэвэр, тэтгэмжийг Нийгмийн даатгалын Улсын байцаагч бодож тогтоодог бөгөөд Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн эрхийг тус салбарт 3 жил ажилласан шалгалт өгч тэнцсэн байж авдаг бөгөөд тус эрхээ 3 жил тутам шалгалт өгч баталгаажуулдаг бөгөөд энгийн санхүүгийн аудитор хийх боломжгүй буюу тусгай мэдлэг шаардсан хүн хийх тул эрх бүхий байгууллага хийх ёстой тул хуульд заасны дагуу бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй, шүүх шинжилгээний хүрээлэнгээр хийлгэсэн. Шинжээч дүгнэлт гаргахдаа зөвхөн Акпар аудитын гаргасан дүгнэлт дээр шинжилгээ хийсэн бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагын тооцооллын талаар дүгнэлтдээ дурдаагүй бөгөөд аль аль шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа Засгийн газрын 1996 оны ** дугаар тогтоолыг дурдаагүйгээс харахад энэ талаар мэдэхгүй байгаа нь харагдаж байна.
3.4 Шүүхээс иргэний тэтгэврийн зөрүүг 58,858,177 төгрөг байна, олгогдоогүй тэтгэврийн инфляцын нөлөө тооцоход 45,157,817.22 төгрөг байна гэж тооцсон нь эрх зүйн үндэслэлээ тайлбарлаагүй Б.Б-ийн шүүхийн шийдвэр тэгж гарсан тул адилхан байх ёстой гэдэг зарчмаар шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Б.Б-ийн хэргээс тооцоолол зөв эсэхийг харахаар хэргийн материалд авсан боловч Б.Б-ийн шүүхийн шийдвэрийн үндэслэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан бөгөөд тус хуульд тэтгэвэр, тэтгэмжийг олгох, шимтгэл төлүүлэхэд инфляцын нөлөө түүнийг тооцон олгох талаар зохицуулаагүй байна.
3.5 Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу 1997 оны 09 дүгээр сард тэтгэвэр тогтоолгосноос тэтгэврийг өөрчлөн тогтоосон хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүүг он оны итгэлцүүр, тэтгэврийн нэмэгдлийг сар бүр тооцон тооцоолол хийж Ц.Б-д 8,722,844 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард олгосон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Гэтэл шүүх 8,722,844 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй үнийн дүнд ороогүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд давхардуулан оруулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбарыг бүрэн ойлгоогүй шийдвэр гаргасан байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Б нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Нэхэмжлэгч Ц.Б нь М ХК-д ** онгоцны даргаар ажиллаж байсан бөгөөд 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр У-Д-У чиглэлд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа онгоцны осолд орсны улмаас нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан байна. Эрх бүхий этгээдээс уг ослыг үйлдвэрлэлийн осол болохыг тогтоож “Үйлдвэрлэлийн ослын акт”-үйлдсэн байх ба тэрээр 1997 оны 09 дүгээр сарын 30-нд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгожээ.
4. Өмнө нь Ц.Б-ээс “...1997 онд тэтгэвэр тогтоохдоо хууль буруу хэрэглэж, тэтгэврийг буруу бодсон...” гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж...” шийдвэрлэсэн,
4.1 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаар магадлалаар “...*** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ц.Б-ийн дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч Ц.Б-д олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
4.2 Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ** дүгээр тогтоолоор “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж” тус тус шийдвэрлэжээ.
5. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “...Ц.Б-д дутуу олгосон тэтгэврийн зөрүүг тооцон, 1997 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүүнд 8,722,844 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард олгосноор шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” гэж тайлбарлаж байгаа.
6. Одоо Ц.Б-ээс “...хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөн тогтоох, тэтгэврийг дутуу олгосны хохирлыг нийгмийн даатгалын сангаас гаргуулах”-аар гомдол гаргасан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/** дугаар албан бичгээр “...Дээрх шийдвэрүүдийн дагуу С дүүргийн Нийгмийн даатгалын газар таны тэтгэврийг 1997 оны 01-** дугаар сарын буюу 5 сарын хөдөлмөрийн хөлснөөс дундаж цалинг тооцож тэтгэврийг өөрчлөн тогтоож тэтгэврийн зөрүү 8,722,844 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сараас олгосон байна. С дүүргийн Нийгмийн даатгалын газар таны тэтгэврийн тооцооллыг хийхдээ тэтгэвэр тогтоолгосноос хойш хугацаанд Засгийн газрын тогтоолоор баталсан тэтгэврийн нэмэгдэл, тэтгэвэр бодоход баримтлах итгэлцүүрийг хэрэглэн таны тэтгэврийг өөрчлөн тогтоосон бөгөөд одоо танд сард 1,389,960 төгрөгийн тэтгэвэр олгож байгаа нь үндэслэлтэй байна” гэх хариуг Ц.Б-д өгснийг эс зөвшөөрсөн.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх бөгөөд мөн зүйлийн 5-д зааснаар “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж, Нийгмийн даатгалын тухай хууль (1994 оны)-ийн 3 дугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгал дараах төрлөөс бүрдэнэ” 1/ “тэтгэврийн даатгал”, 2/ “тэтгэмжийн даатгал”, 3/ “эрүүл мэндийн даатгал”, 4/ “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал” 5/ “ажилгүйдлийн даатгал” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (1994 оны)-ийн 2 дугаар зүйлийн 1-д “ Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ...”, 2-д “Дараах нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно” гээд 1/-д “ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад”, 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан.
8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Монгол Улсын иргэн нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй, мөн хуульд даатгуулагчийн эрх зүйн байдлыг даатгалын төрөл тус бүрээр ялгаатай хуульчилсан бөгөөд үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тооцож тэтгэврийг тогтоох тусгайлсан зохицуулалттай байна.
9. Нэхэмжлэгч Ц.Б нь Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу түүнд олгох ёстой байсан тэтгэврийн зөрүү, үүнээс үүссэн хохирол буюу 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг дутуу тооцсоны зөрүү болон хохирол (инфляцын уналтаас үүссэн алдагдал) нийт 104,015,960 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар маргаж буй нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх тухайн харилцаанд Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын (1994 оны) холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон аудиторын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
10. Тодруулбал, “А” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний болон мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Аудиторын дүгнэлт-ээр “...Ц.Б-ийн 5 жилийн дунджаар тогтоосон тэтгэврийг хэмжээг хуульд заасны дагуу 5 сарын дунджаар шинэчлэн тооцож зөрүүг гаргахын зэрэгцээ, тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөнд ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг тооцоолон гаргаж, ...1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд осолд орохоос өмнөх 5 сарын дунджаар тэтгэврийг бодоход I) тэтгэврийн зөрүү 40,810,269+18,047,906= 58,858,175 төгрөг, II) инфляцын түвшний алдагдал 38,753,035+6,404,750= 45,157,785 төгрөг, нийт 104,015,960 (дээрх 2 дүгнэлтийн нийлбэр) төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б-д олгох тооцоолол”-ыг тус тус гаргасан байна.
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Г-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг ЕГ-0401/*** дүгээр дүгнэлтэд “...I) “А” ХХК-ийн гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний болон 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Аудиторын дүгнэлт”-үүд нь шинжээчид ирүүлсэн баримтаар үндэслэлтэй байна... 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийг шинэчлэн тооцоход нийт дүнгээр ...зөрүү 58,858,177 төгрөг гэсэн нь үндэслэлтэй. Олгогдоогүй тэтгэврийн зөрүүнд Монгол Улсын Статистикийн ерөнхий газраас гаргасан жил бүрийн инфляцын нөлөөг тооцоолоход 45,157,817 төгрөг гарч байна. II) “А” ХХК-ийн дүгнэлт болон Шинжээчийн дүгнэлтийн аргачлал нь адилхан байна. III) “А” ХХК нь тэтгэврийн зөрүүг тооцоолохдоо итгэлцүүрийг зөв ашигласан, тэтгэврийн дээд хязгаарт Ц.Б-ийн тэтгэвэр нь хүрээгүй, инфляцын нөлөөг давхардуулж тооцоогүй...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
12. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 оны)-ийн 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно”, 1/-д “даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж заасан тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох хуулийн зохицуулалттай адилтгаж, үйлдвэрлэлийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан нэхэмжлэгч Ц.Б-д сүүлийн 5 жилийн дунджаас тооцож үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тогтоосон нь буруу байна.
13. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсаны тэтгэврийг хуульд заасан журмаар зөв тогтоолгох, ийнхүү буруу хуулиар, буруу аргачлалаар дутуу тогтоож олгосноос өөрт учирсан хохирлыг тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөнд ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг тооцуулан гаргуулахаар нийгмийн даатгалын байгууллагаас шаардах эрхтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
14. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (1994 оны)-ийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж тус тус зааснаар үйлдвэрлэлийн осолд орсон даатгуулагчийн тэтгэврийг бусад тэтгэврээс ялгаатай тогтоож буй зорилго нь даатгуулагч ажлын байрандаа ажиллаж байх үедээ осолд өртөж, үүний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгуулагчийн уг албан тушаалыг эрхэлж байхдаа авч байсан сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож тэтгэврийг тогтоох нь хууль болон шударга ёсны зарчимд нийцнэ.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу 1997 оны 09 дүгээр сард тэтгэвэр тогтоолгосноос тэтгэврийг өөрчлөн тогтоосон хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүүг он оны итгэлцүүр, тэтгэврийн нэмэгдлийг сар бүр тооцон тогтоосон. Шинжээч дүгнэлт гаргахдаа зөвхөн А-ын гаргасан дүгнэлт дээр шинжилгээ хийсэн бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагын тооцооллын талаар дүгнэлтдээ дурдаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 357 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА