Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 66

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ю.Мягмардоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601070004 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Э.Шинэхүү

Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгч                                             Ю.Мягмардорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Д.Цэнд-Аюуш нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 13 дугаар гудамжны 8 тоот хашаанд /иргэний үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 13 тоот/ оршин суух, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай магадлалаар Ю.Мягмардоржийн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай, Зайсангууд овгийн Юмсүрэнгийн Мягмардорж /РД:НЧ92010219/,

           Шүүгдэгч Ю.Мягмардорж нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 14 тоотод оршин суух Ш.Борчулууны гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, гэрээс 2 ширхэг, 1 бүрийн үнэ нь 20.000 төгрөгийн үнэ бүхий үхрийн шир, мөн цоожтой амбаарын цоожийг эвдэн орж, амбаараас 30 кг үхрийн 135.000 төгрөгийн үнэ бүхий ясгүй мах, 40 кг үхрийн 160.000 төгрөгийн үнэ бүхий ястай мах, нийт 335.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ю.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед найз охиныхоо гэрт буюу Борчулуун гуайн гэрт очсон, тэгэхэд тэднийд найз охин Мөнхцэцэгийн ээж гэртээ хэвтэж байсан. Тэгэхээр нь буцаж гараад илүү гэр рүү нь ороод тэнд байсан 2 үхрийн ширийг авч гараад, амбаар руу нь ороод 2 шуудай махаа аваад гараад явчихсан. Тэгээд гудамжаар доош уруудаад явж байхад  худгийн хажууд хар өнгийн суудлын жижиг тэрэгтэй ах ирээд “наадахаа зарах уу” гэхээр нь махыг нь 50.000 төгрөгөөр, 2 ширхэг ширийг нь 40.000 төгрөгөөр өгчихсөн. Тэгээд мөнгөөр нь идэх, уух зүйл аваад дууссан. Би тэр шөнөдөө хариад хоносон. Мөнгөтэй болмоор санагдаад хулгай хийчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ш.Борчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 14 тоотод байдаг. Би 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэрлэн худалдааны төвд байрлах “Анхилуун” бааранд Монгол Ардын Хувьсгалт Намын баярт оролцоод бага зэрэг халамцуу оройн 19 цагийн үед гэртээ харьсан. Тухайн үед гэрт эхнэр Сүнжидмаа, эгчийн хүүхэд болох манай дүү Пүрвээ нар байсан. Охин маань тэр орой нэгжинд гарна гэж гараад гэртээ хоноогүй байсан. Би уусан архиндаа халамцаад унтаад өгсөн байсан. Тэр орой манай охины үерхдэг залуу болох Мягмардорж манайд 19 цагийн үед найзтайгаа хөдөөнөөс тэжээх даага оруулж ирлээ гээд орж ирсэн гэсэн. Маргааш нь буюу 29-ний өглөө боссон чинь манай эхнэр “эсгий гэрийн цоож эвдэрчихсэн байна” гэж хэлэхээр нь би дотроос нь “юм алга болж уу?” гээд гэрт ороход 2 ширхэг шүдлэн үхрийн арьс алга болсон байсан. Тэгээд “нэг ширхэг шир алга болж, за яах вэ” гээд цагдаад хэлээгүй. Тэгээд оройн 16 цагийн үед хоолоо хийж идье гээд эсгий гэрийн баруун талд байх амбаар руу орсон чинь тэндээс 50 кг шуудайтай шулсан үхрийн мах, 50 кг шуудайтай үхрийн шулсан яс зэрэг алга болсон байсан. Манай өвлийн идэшний мах байсан, тэгэхээр нь цагдаа дуудсан. ...Мягмардорж манай гэрийн цоожийг эвдэж орж, үхрийн шир, үхрийн мах хулгайлан авсан нь үнэн. Би түүнээс хохирлын мөнгө болох 350.000 төгрөг авсан, гомдол, санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26, 60, 63 дугаар хуудас/,

Гэрч Х.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад нохойдоо хоол өгөхөөр хашааны зүүн талд уяатай байсан нохой руугаа хоолыг нь өгөөд эргээд явахдаа зүүн талын илүү гэрийнхээ хаалгыг хартал цоожилсон байсан хар өнгийн Хятад цоож эвдэрсэн харагдахаар нь гэртээ ороод нөхөр Борчулуунд “цоож эвдэрсэн байна” гэж хэлэхэд Борчулуун гараад илүү гэрээ онгойлгож үзээд гэрийн хоймор талд байсан үхрийн 2 шир алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр хоорондоо 2 шир алдагдсаны төлөө цагдаа дуудаад яах юм бэ гэж ярилцаад орхисон. Тэгээд орой 16 цаг өнгөрч байхад охин Мөнхцэцэг хоолны махаа оруулах гээд гэрийн баруун талд байх амбаар руу очоод мах аваад орж ирэхдээ “амбаарын хаалгыг цохиод эвдэлчихсэн, онгорхой байна” гэж хэлэхээр нь би гараад орж үзэхэд амбаарын орох хаалганы урд хананд шүүгээн дээр тавьсан байсан 2 ширхэг цагаан шуудайтай үхрийн мах байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед гэрээс гарч хоолны махаа авахаар гэрийн баруун талынхаа амбаар руу орох гэтэл амбаарын цагаан өнгөтэй цоож нь өлгөөтэй байж байсан. Би түлхүүрээрээ цоожоо онгойлгох гэтэл цоож нь онгорхой байхаар нь цоожоо аваад амбаараас хоолны жижиг махаа авч гэртээ ороод, “амбаарын хаалганы цоож эвдэрсэн байна” гэж аав, ээж хоёрт хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлийн “…улаан, хүрэн зүсмийн шүдлэн үхрийн арьс 2 ширхэг, бүгд үнэ 40.000 төгрөг, шинэ хөлдүү мах 30 кг, бүгд үнэ 135.000 төгрөг, шинэ хөлдсөн ястай мах 40 кг, бүгд үнэ 160.000 төгрөг, нийт үнэлгээний дүн 335.000 төгрөг …” гэсэн үнэлгээ /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “…Уг хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 14 тоотод ертөнцийн зүгээр урагш харсан модон хашлагаар хаалга хийсэн, хаалганы баруун дээд буланд цагаан өнгийн 14 гэсэн дугаартай саарал өнгийн 4 талт банзан хашаа байлаа. ...хаалганаас ертөнцийн зүгээс баруун хойд зүгт 17 метрийн зайд зүүн тийш харсан модон хаалгатай 2.5х3м харьцаатай модон амбаар байх ба уг модон амбаарын хаалганы дээд талаасаа 40 см, доод талаасаа 65 см-т байрлах саарал өнгийн 1 ширхэг төмөр цүүнд цагаан өнгийн металлан даруулга хийж, саарал өнгийн гадаргуу нь хуучирч элэгдсэн цоож эвдэрч дүүжилсэн зүүлттэй байдалтай байв.   …хохирогч Борчулуунаар хаалгыг онгойлгуулан амбаарт орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад хаалганаас зүүн гар талд ханын дагуу шар өнгийн будагтай жижиг модон шүүгээ байх ба уг модон шүүгээн дээр алдагдсан гэх 2 шуудай мах байсан гэдгийг хохирогч Борчулуунаар заалган Nicon гэрэл зургийн аппаратаар шинжээч х/ч Цэнхэр-Онон 1 кадр зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. ...урагш харуулан барьсан цагаан өнгийн нимгэн төмөр хаалгатай, цагаан бүрээстэй, өрхийг нь урагш дарж бүтээсэн 5 ханатай Монгол гэр байх ба гэрийн цагаан өнгийн нимгэн төмрөн хаалганы дээд талаасаа 40 см, доод талаасаа 90 см-т байрлах саарал өнгийн 2 ширхэг төмөр цүүнд хар өнгийн цоож цоожлогдоогүй, зүүлттэй байсныг шинжээч х/ч Цэнхэр-Онон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан Nicon гэрэл зургийн аппаратаар 1 кадр зураг авч хохирогч Борчулуунаар хаалгыг онгойлгуулан дотогш ороход … хохирогч Борчулуунаас ямар эд зүйл хаанаас алдагдсаныг тодруулахад мотоцикльны төмөр рамны урд талд эвхэж тавьсан улаан хүрэн өнгийн үхрийн 2 ширхэг шир алдагдсан байна гэснийг шир байсан гэх газарыг “Е” үсгээр тэмдэглэн шинжээч х/ч Цэнхэр-Онон Nicon гэрэл зургийн аппаратаар 8 кадр зураг авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан болно..” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ю.Мягмардоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд /хх-ийн 47-51, 64-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Ю.Мягмардорж нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 8 дугаар гудамжны 14 тоот хашаанд оршин суух Ш.Борчулууны гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, гэрээс 2 ширхэг 1 бүрийн үнэ нь 20.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг үхрийн шир, мөн амбаарын цоожийг эвдэн орж, амбаараас 30 кг үхрийн 135.000 төгрөгийн үнэ бүхий ясгүй мах, 40 кг үхрийн 160.000 төгрөгийн үнэ бүхий ястай мах, нийт 335.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, бичгийн нотлох баримтууд нь хуульд нийцсэн, шүүгдэгч нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээсэн нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар батлагдаж байх тул яллах үндэслэл болно.

Дээрх дүгнэлт, мэдүүлгүүдийг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон, хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээтэй байна.

Иймд Ю.Мягмардоржийг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ю.Мягмардорж нь хохирогч Ш.Борчулуунд учирсан хохирол болох 350.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь эд зүйлс хүлээн авсан баримтаар /хх-ийн 42 дугаар хуудас/ тогтоогдов.

Шүүгдэгч Ю.Мягмардоржийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай магадлалаар Ю.Мягмардоржийн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчлөн шийтгэсэн болох нь шийтгэх тогтоол, магадлал, ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа боловч ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ялгүйд тооцогдохоор байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол, төлбөрөө барагдуулсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болон дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зайсангууд овгийн Юмсүрэнгийн Мягмардоржийг агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Зайсангууд овгийн Юмсүрэнгийн Мягмардоржид эд хөрөнгө хураахгүйгээр хоёр /2/ жил  нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.Мягмардоржийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ю.Мягмардорж нь хохирогчид учирсан хохиролд 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ю.Мягмардоржид оногдуулсан хоёр /2/ жил  нэг /1/ сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Мягмардоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Ю.Мягмардоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ю.Мягмардоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.БЯМБАЖАВ