Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 947

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэртэй, Ж.Чгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 оноос “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас халагдсан. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоосон. “Т” ХК-ийн ТУЗ нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд хандахад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар уг шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж байгаа боловч биелэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

Дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр байх 4 жил 7 сарын хугацаанд би “Т” ХК-ийн ТУЗ-д удаа дараа буюу 2012 оны 6, 10-р сарууд, 2013 оны 12-р сар, 2014 оны 5-р сард шүүхийн шийдвэр биелүүлэх, хохирол барагдуулах шаардлагуудыг шуудан болон өөрийн биеэр хүргүүлж байсан ч хариу өгөөгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас явуулсан ажиллагааг ч хүлээн авахгүй удаа дараа хууль бус шийдвэр гаргаж хоног хугацаа авах байдлаар хандаж байна. Энэ хугацаанд ямар ч орлогогүй олон жил болж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлж чадаагүй, эрүүл мэндийн үйлчилгээ ч авч чадахгүйд хүрч тус компанид 30 орчим жил ажилласан хугацаа тасалдаж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож болохгүйд хүрч байна.

Иймд 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл /шүүхийн шийдвэр гарах хүртэл/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжлэхдээ сарын цалин хөлсөө 500 000 төгрөгөөр тооцож, нийт 2654 хоногийн цалин хөлс болох 44 233 333 төгрөг, “Т” ХК-тай байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний дагуу олгогдох байсан 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 21 хүртэл буюу 30 улирлын менежментийн шагнал, урамшуулалд 90 000 ам.доллар буюу 168 418 800 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Вальютын ханш шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.доллар 1871.32 төгрөгт тооцогдож байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг “Т” ХК нь 2010 оны 4 сараас хойш төлөөгүй байгаа тул нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Т” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Ж.Чгийн оронд гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Энхнасанг ажлаас нь чөлөөлж, Ж.Чд ажлаа хүлээлцэж дуусах хүртэл албан үүргээ гүйцэтгэж байхыг даалгасан. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 04 тоот албан бичгээр Ж.Чд 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагт гүйцэтгэх захирлын ажлаа ирж авахыг мэдэгдсэн болно. Үүнээс хойш Ж.Чд ажлаа авахыг баталгаат шуудан, утас гэх мэт боломжит хэрэгслийг ашиглан мэдэгдсэн боловч 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1 жил 5 сар ажлаа хүлээн авах гэж ирээгүй тул Л.Энхнасан үүрэг гүйцэтгэгчээр ажилласаар байсан.

Ж.Ч ажлаа авах, үгүй талаар мэдэгдээгүй, ажлаа авъя гэж ирээгүй учраас “Т” ХК-ийн ТУЗ асуудлыг хэлэлцээд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 09 тоот тогтоол гаргаж, Ж.Чтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээг дуусгавар болгож, бүрэн эрхийг нь зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдэгдэж, эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй өдий хүрсэн.

Нэхэмжлэгч 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга н.Баяндалайд гомдол гаргасан, энэ нь түүнийг ажилдаа эргэж томилогдсон 1 жил 5 сар ажилдаа ирээгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн гэдгийг нотолж байгаа ба халагдсан гэдгээ мэдээгүй гэж маргах эрхгүй болсныг нь дээрх үйл баримт харуулж байна.

Хариуцагчаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ахлах дэслэгч Д.Лхагвасүрэнд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан ба шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн материалтай танилцаад энэ тухай Ж.Чд бичгээр мэдэгдсэн бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч мэдсэн гэдгийг нотлох хангалттай баримт болно. Ж.Чтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний дагуу урамшуулал олгох асуудлыг Улсын Дээд шүүхийн 96 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлс олговорыг 1 сарын 300 000 төгрөгөөр тооцож, нийт 1 333 333 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Улмаар менежментийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар контракт байна гэж дүгнэн контрактыг дүгнэсэнтэй холбоотойгоор урамшуулалыг компани өөрөө шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Ж.Ч нь өнөөг хүртэл ажилдаа ирэхгүй байсан учраас 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн ба энэ тушаалтай холбоотой гомдол гараагүй.

Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байгаа. Ам.долларын ханш хэрхэн хөрвөсөн, яагаад 168 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардаад байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөслсний маргаан нь шүүхийн харьяаллын маргаан ба энэ талаарх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 сар байна. 2011 оны 02 дугаар сарын хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолыг ярьж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт шүүх тухайн ажилтны өмнө эрхэлж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцож, нэг сарын дундаж цалин хөлсийг тооцсон баримт нь хэрэгт байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн гэж ойлгоод байгаа. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай, яагаад 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь ажилдаа орох ямар ч сонирхолгүй бөгөөд компаниас зөвхөн мөнгө гаргуулах гээд байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Т” ХК-иас 47 626 240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Чд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар “Т” ХК нь Ж.Чгийн дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар Ж.Чгийн нэхэмжлэлтэй, “Т” ХК-д холбогдох менежементийн урамшуулал болох 168 418 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 1 389 614 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж Ж.Чд буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Т” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 396 081 төгрөг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэг сарын цалинг тодорхойлохдоо “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолд нэхэмжлэгч Ж.Чгийн сарын дундаж цалинг 300 000 төгрөг гэж тодорхойлсон хэдий ч “Т” ХК-ийн ерөнхий захирлын 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 тоот тушаалаар гүйцэтгэх удирдлагын сарын дундаж цалин орлогын хэмжээг 500 000 төгрөг гэж тогтоосон байх тул нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 500 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ” гээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын цалин 300 000 төгрөг болохыг тогтоосон Улсын Дээд шүүхийн 2011 оны 96 дугаартай тогтоолыг үгүйсгэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 42 883 334 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдаанд нийт 2654 хоног буюу нийт 44 233 333 төгрөг гаргуулахаар шаардаж байхад шүүх 47 626 240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн хүсэл зоригоос давсан хэмжээгээр цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, иргэний хэрэг үүссэн захирамжийн хүрээнд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийг тус тус хүлээдэг. Энэ нь талуудын эрх тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д “ТУЗ ... компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхтэй” гэж, “Т” ХК-ийн дүрмийн 7.2.2-ын ж-д “ТУЗ нь ... компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох ... эрхтэй” гэж заасан ба “Т” ХК-ийн ТУЗ хуулиар болон компанийн дүрмээр олгогдсон эрхийн хүрээнд Ж.Чг ажилд нь эгүүлэн тогтоож, ажлаа авахыг шаардаж, ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ба нэхэмжлэгч өөрөө ирж ажлаа авалгүй 1 жил 5 сарын хугацаагаар ажил тасалсан. Ж.Чг ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг “Т” ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот тогтоолоор гаргаж, түүнтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээг дуусгавар болгож энэ тухай түүнд мэдэгдсэн. Гэтэл шүүх хариуцагчийн маргаж байгаа энэ үндэслэлд огт дүгнэлт хийлгүй, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар Улсын Дээд шүүхийн 2011 оны 96 дугаартай тогтоолоор тогтоосон 1 сарын 300 000 төгрөгийн цалин хөлс авч байсан үйл баримтаас хальсан дүгнэлт хийж, хариуцагчийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахдаа Улсын Дээд шүүхийн 2011 оны 96 дугаартай тогтоолоор тогтоосон 1 сарын цалин 300 000 төгрөгөөр тооцож нийт 28 576 744 төгрөг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 19 049 495 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.Чимэдцэрцэн нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин 44 233 333 төгрөг, менежментийн гэрээнд зааснаар олгогдох улирлын урамшуулал 90 000 ам.доллар буюу 168 418 800 төгрөг, нийт 212 652 133 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2, 78, 100, 2хх1, 79/

 

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1488 дугаар шийдвэрээр Ж.Чг “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын Дээд шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 333 333 төгрөгийг хариуцагч “Т” ХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. /1хх4-8/

 

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тухайн ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорыг тооцож, нийт 44 233 333 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх 47 626 240 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулсан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн сарын цалинг 500 000 төгрөгөөр тооцохдоо “Т” ХК-ийн ерөнхий захирлын 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 тоот тушаалыг үндэслэснийг буруутгах боломжгүй юм. /1хх57,58/ Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдснаар анхан шатны шүүхийн шийдвэрт цалингийн тооцоолол болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “47 626 240” гэснийг “44 233 333” гэж, 5 дахь заалтын “396 081” гэснийг “379 117” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА