Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 7

 

Н.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Б.Батсүх

Хохирогчийн өмгөөлөгч               П.Батжаргал

Яллагдагчийн өмгөөлөгч             П.Буманзаяа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаар захирамжтай, Н-ын Т-д холбогдох, 1918002950284 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, О- овогт Н-ын Т-.

Яллагдагч Н.Т- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудалд хамтран амьдрагч Э.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний хэсэг, зүүн дал, бугалга, шуу, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

- гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Б-г үргэлжилсэн үйлдлээр байнга буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ** дүгээр баг, ** дүгээр байрны ** тоотод зодсон,

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл “Цемент шохой” үйлдвэрийн ойролцоох уулан дээр зодож, “Iphone-5” маркийн гар утсыг шидэж эвдэлсэн,

2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, ** дүгээр байрны ** тоотод зодсон,

2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагт байрлах “Амарбаясгалант хийд” дээр зодсон,

2018 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ** дүгээр баг, ** дүгээр байрны ** тоотод зодсон,

2018 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар хороолол **-** тоотод зодож, “IРhоnе 6” маркийн гар утасны дэлгэцийг хагалсан,

2018 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ** дүгээр баг, **-** тоотод зодсон,

2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг  дэвсгэрт байрлах “Зиг зиг” авто салбарын гадна, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт зодсон,

2018 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ** дүгээр баг, **-** тоотод зодсон,

2018   оны 12 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ** дүгээр баг, **-** тоотод зодсон,

2019   оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг "Голланд барилга”-ын ** дүгээр байрны ** тоотод зодсон,

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, “Чингисийн талбай” дэргэд зодсон,

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Н.Т-гийн автомашин дотор зодсон,

2019 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг “Голланд барилга”-ын ** дүгээр байрны ** тоотод зодож,” IРhоnе 6” маркийн гар утасны дэлгэцийг хагалсан,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 'Голланд барилга”-ын ** дүгээр байрны ** тоотод зодсон,

2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг “Голланд барилга”-ын ** дүгээр байрны ** тоотод “Тошиба Ай-5” маркийн нөүтбүүкний дэлгэц хагалан зодож, харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаар шүүгчийн захирамжаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1., 1.2.т тус тус заасан гэмт хэрэгт О- овогт Н-ын Т-д холбогдох 1918002950284 дугаартай, эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

хэргийг прокурорт очтол Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн захирамжинд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл гаргаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд ... Энэ хуулийн зохицуулалтад  ...эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан... этгээд нэгэн адил хамаарна  гэж заажээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Н.Т-, Э.Б- нар нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд буюу 01 жил 12 хоногийн хугацаанд өрх тусгаарлаж хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь хохирогч Э.Б-, гэрч Э.О-, Р.Ө-, С.Э- нарын мэдүүлэг болон тэдний хамт амьдарч байх хугацаандаа авхуулсан фото зургууд, харилцаж байсан зурвасуудаар хангалттай нотлогдох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6.т гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох талаар заажээ.” Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь зөвхөн Н.Т-, Э.Б- нарын хооронд үүссэн “хардалт” юм.

Н.Т-, Э.Б- нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн байх тул Н.Т-, Э.Б- нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан эсэхийг нотлуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан гэрч нараас мэдүүлэг авахуулах ажиллагааг хийх шаардлагагүй юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.т заасныг баримтлан давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Б-гийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Яллагдагч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд мөн болох нь фото зураг болон харилцаж байсан зурвасуудаар хангалттай нотлогддог гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Н.Т-н өмгөөлөгч П.Буманзаяа тайлбартаа:

Прокурор хэт нэг талыг барьж яллах дүгнэлт үйлдсэн учир дутагдалтай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Дархан-Уул аймгийн Прокуророос яллагдагч Н.Т-г 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн төв “Сэлэнгэ” зочид буудалд Э.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний хэсэг, зүүн дал, бугалга, шуу, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан.,  мөн  17 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум ** дүгээр баг **-р байрны ** тоотод.,  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум “Амарбаясгалант” хийдэд амарч явахдаа., мөн Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг  “Голланд барилга” ** дүгээр байрны ** тоотод   зодсон., харгис хэрцгий  авирласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1., 1.2.д  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Н.Т-д холбогдох хэргийн зарим үйлдэл нь зөвхөн хохирогчийн мэдүүлэгийг үндэслэсэн бөгөөд энэ нь өөр ямар нэг нотлох баримтаар нотлогдсон эсэх нь тодорхойгүй,  мөн Н.Т- Сайхан сумын 9 дүгээр байрны 28 тоотод Э:Б- ирж байгаагүй, Улаанбаатар хотод нэг л удаа очсон  гэж  мэдүүлж  байгаа  нь  хохирогчийн мэдүүлгээс эрс өөр байхад энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй байгаа нь дээрх үйл баримтыг хангалттай нотолсон гэж үзэх өөрөөр хэлбэл хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгч болон  прокурор  нотлох баримтыг тал бүрээс нь  бүрэн бодитой, шалгаж хянасны үндсэнд хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэх боломжгүй байна гэсэн дүгнэлт хийж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан хуулийн үндэслэлтэй байна.

Иймд захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийхдээ анхан шатны шүүхийн  захирамжинд заасан ажиллагааг хийхээс гадна яллагдагч Н.Т- эхнэр Х.У-тай  албан ёсны гэр бүлийн баталгаатай,  Сайхан сумын ** дүгээр баг ** дүгээр байрны ** тоотод 2 хүүхдийн хамт амьдардаг, /2-р х.хийн  2-5-р хуудас/ хохирогч Э.Б- мөн гэрлэсэн, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг болох талаар хэрэгт авагдсан мэдүүлэг, 18 дугаар хуудсанд авагдсан эмчийн асуумжинд хариулсан байдал зэргийг үндэслэн яллагдагч, хохирогч  нар нь гэр бүлийн хамааралтай этгээд мөн эсэх талаар дүгнэлт өгч, энэ хүрээнд хамаарах  хууль  тухайлбал  Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх  тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж үйлдлийг зүйлчлэхэд анхаарах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                  ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                            Ц.ТУЯА