Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/202

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Р.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ж-д холбогдох эрүүгийн 2325000000278 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Р.Ж

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Р.Ж нь 2023 оны 04 дүгээр сарын 30-аас 2023 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын **** тоот хашаанд Ц.Ч-гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ж мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Ц.Ч “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.Ч-гийн “2023 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад манай гэрт миний авга дүү Жын хүү А ирээд аав ээжийг зодоод байна, та очоод байгаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй хамт гэрт нь ортол хашаан дотроо Ж нь эхнэр Г-гээ цохиж байсан юм. Би тэгээд Ж-д хандан чи яаж байгаа юм бэ, болиоч гэтэл тэрээр танд ямар хамаатай юм бэ гээд миний хамар луу гараараа 1 удаа хүчтэй цохисон юм. Тэгтэл миний хамраас цус гарсан бөгөөд тэгээд би гэртээ буцаж очсон. Тэгээд би хүргэн Г-гийн гэрт очиж охин С-д юу болсон талаар хэлсэн. Тэгээд охин маань түргэн болон цагдаа дуудсан юм. Ж нь намайг урд өмнө цохиж зодоогүй бөгөөд тэрээр өнөөдөр согтуу байсан юм. Хүргэн Г-гийнх болон манайх нэг хашаанд цуг, тус тусдаа амьдардаг бөгөөд Жых манай яг зүүн талын хашаанд байдаг юм. Одоогоор надаас эмчилгээний зардал 1,700,000 төгрөг гарсан үүнээс 300,000 төгрөгийг Р.Жын дүү төлсөн, үлдэгдэл 1,400,000 төгрөг, болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/

2. Гэрч Т.Г-гийн “2023 оны 04 дүгээр сарын 30-ны 23 цаг өнгөрч байхад манай нөхөр Ж нь гэртээ согтуу ирсэн юм. Тэгээд нөхөр маань унтахгүй надад агсан тавьж намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд унтаж байсан хүүхдүүд сэрсэн бөгөөд намайг нөхөр маань цохиод авсан юм. Тэгтэл 15 настай хүү Эрдэнэтогтох нь гэрээс гүйгээд гарсан бөгөөд удалгүй Ч эгчийг дагуулж ирсэн юм. Ч эгч ирээд нөхөрт хандан чи болиоч ээ гэтэл нөхөр маань намайг гэрийн гадаа ахиад цохиод авсан юм. Тэгээд Ч эгч миний өмнүүр ортол нөхөр түүнийг цохисон бөгөөд Ч эгч ёо ёо гээд гараад явсан юм. Тэгтэл Ч эгчийн хамар, нүүр нь их хавдчихсан байсан. Манай нөхөр Ж нь Ч эгчийн нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Нөхөр маань намайг болон хүүхдээ зодсон асуудлаар өчигдөр шүүхээр орж 20 хоногийн баривчлах шийтгэл авсан юм. Ч эгчийн гэр нь манай баруун талд байдаг зэргэлдээ хөрш айлууд бөгөөд тэрээр нөхрийн авга эгч нь байгаа юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12 дахь тал/

3. Гэрч Н.С-гийн “2023 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын үед манай гэрийн цонхыг хүн тогшоод байхаар нь хартал миний ээж Ч-гийн хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад Ж намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би ээж болон нөхрийн хамт Ж ахын хашаа руу ороход Ж ах гэрийнхээ гадаа эхнэр болон хүүхдүүдийнхээ хамт хэрэлдээд зогсож байсан. Би Ж ахаас та яаж байгаа юм бэ гэтэл тэрээр би яасан юм бэ гээд байсан. Тэгтэл ээж маань ухаан алдаад уначихаар нь би түргэн болон цагдаа дуудсан юм. Манайх хашаандаа 2 гэрээрээ амьдардаг бөгөөд ээж, аав 2 тусдаа монгол гэрт, манайх байшинд амьдардаг юм. Мөн Ж ахынх яг манай хажуу талын хашаанд амьдардаг. Ж ах урд өмнө ээжийг маань цохиж зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал /

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 387 дугаартай “ Ц.Ч-гийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

5. Яллагдагч Р.Жын “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өнөө өглөө эгч Ц.Ч-тэй уулзаж уучлалт гуйсан. Намайг баривчилгаанд байх хойгуур манай ах дүүс эгч Ч-гийн эмчилгээнд гарсан зардлыг төлсөн бөгөөд ахиж зардал мөнгө гарвал би төлнө. Би өчигдөр л баривчилгаанаас гарч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Р.Ж нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 30-аас 2023 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын **** тоот хашаанд Ц.Ч-гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ч-гийн “Ж-д хандан чи яаж байгаа юм бэ, болиоч гэтэл тэрээр танд ямар хамаатай юм бэ гээд миний хамар луу гараараа 1 удаа хүчтэй цохисон юм.” гэх мэдүүлэг, гэрч Т.Г-гийн “Ч эгч миний өмнүүр ортол нөхөр түүнийг цохисон бөгөөд Ч эгч ёо ёо гээд гараад явсан юм.” гэх мэдүүлэг, гэрч Н.С-ийн “миний ээж Чулуунцэцэгийн хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад Ж намайг зодчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Р.Жын “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өнөө өглөө эгч Ц.Ч-тэй уулзаж уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Р.Ж нь 2023 оны 04 дүгээр сарын 30-аас 2023 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын **** тоот хашаанд Ц.Ч-тэй маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд “биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Р.Ж-гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Ж-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Ц.Ч-гийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овгийн Р-ийн Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ж нь шүүхээс оногдуулсан 500 000 /таваг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Ц.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС