Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/532

 

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Х.*******, Н., тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******, овогт ын нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302002270191 дугаартай  2 хавтаст хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: ******* Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 7/2-15 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд нь;

-2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, /РД:*******/, ******* овогт *******ийн *******.

2. Шүүгдэгч: ******* Улсын иргэн, 1996 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******ын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгт залуучуудын хөтөлбөрийн менежер ажилтай, ам бүл 3, эгч, өвөөгийн хамт Баянгол дүүргийн 1*******, *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УМ*******/, овогт ын .

 

                                                Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачлал” их дэлгүүрийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0,1360 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, мөн өдөр Н.д 0.0968 граммыг өгсөн,

шүүгдэгч Н. нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын Хаан банкны орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.0968 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг аас хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан “LSD” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин мансууруулах төрлийн бодис хэрэглэхгүй.” гэв.

Шүүгдэгч Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна. Би дахиж мансууруулах бодисын талаар огт бодохгүй ээ. Надад хэрэггүй зүйл гэдгийг би маш сайн ойлгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амлаж байна. ” гэв.

Хоёр: Эрүүгийн 2302002270191 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( 1-р хавтаст хэргийн 17 дахь тал)

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэлд...хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 18-22 дахь тал),

3. Хүний биед үзлэг хийсэн “...Х.******* нь куртикний халааснаас ягаан өнгийн төмөр сав гаргаж дотроос нь нарийхан болгосон хар өнгийн зүйл гаргаж ирснийг цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 1,4 грамм...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 23-26 дахь тал),

4. Хүний биед үзлэг хийсэн “...Н. нь гадуур өмссөн ногоон урд хэсгээрээ цахилгаантай хүрмийн баруун талын гадна халааснаас Strong Mints гэсэн бичигтэй жижиг дөрвөлжин төмөр саванд 2 хэсэг хүрэн өнгийн шавар мэт зүйл гаргаж ирснийг гэрэл зургаар бэхжүүлж шавар мэт зүйлийг гялгар уутанд хийж цахилгаан жингээр жинлэхэд гялгар уутны хамт 0,3 грамм жинтэй байсныг №1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. Мөн уг халааснаас хар өнгийн дэлгэдэг хэтэвчний цахилгаантай тасалгаанаас цаасанд боосон ягаан, ногоон өнгийн зурагтай мэт 0,5x0,5 см хэмжээтэй дөрвөлжин цаас буюу LSD гэх зүйл гаргаж ирснийг гэрэл зургаар бэхжүүлэн №2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 29-30 дахь тал),

5. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Х.*******ын биеэс 4 дүгээр багана буюу КЕТ /кетамин/, 5 дугаар багана  буюу THC /Марихуан/, 9 дүгээр багана буюу МЕТ /метамфетамин/, 10 дугаар багана буюу АМР /амфетамин/ илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал),

6. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Н.ы биеэс 4 дүгээр багана буюу КЕТ /кетамин/, 5 дугаар багана  буюу THC /Марихуан/, 9 дүгээр багана буюу МЕТ /метамфетамин/, 10 дугаар багана буюу АМР /амфетамин/ илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 29-34 дэх тал),

7. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 50, 52 дахь тал),

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1456 дугаартай “******* 2023.03.16” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/, Метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 98-100 дахь тал),

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1458 дугаартай “ УМ******* 2023.03.16” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /Methamphetamine/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/, тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 106-108 дахь тал),

10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1453 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, AW9927127 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн төмөр сав зэргээс дельта-9- тетрагидроканнабинол /Delta 9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Хагархай тарианы шил, улаан судалтай хуванцар соруул зэргээс Метамфетамин /Methamphetamine/, илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шар асаагуур, АХ0750553 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйлийн гялгар ууттай жин 1,5457 г, цэвэр жин 0,1360 грамм байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 115-119 дэх тал),

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 255 дугаартай “Х.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Х.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.******* нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Х.******* нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт, (1-р хавтаст хэргийн 124-125 дахь тал),

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Н. нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н. нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н. нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Н. нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Н. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт, (1-р хавтаст хэргийн 130-131 дэх тал),

13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1455 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйл, Strong Mints гэсэн бичиглэлтэй төмөр саванд наалдсан бор хүрэн өнгийн зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (Delta 9 Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйлийн гялгар ууттай жин 0,2892 г, цэвэр жин 0.0968 г Strong Mints гэсэн бичиглэлтэй төмөр саванд наалдсан бор хүрэн өнгийн зүйлийн төмөр савтай жин 17,8918 г, цэвэр жин 0,1313 г байна.” гэсэн дүгнэлт, (1-р хавтаст хэргийн 137-139 дэх тал),

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1919 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2” гэсэн дугаартай “Г-55 Н. LSD х/ч Марал-Эрдэнэ 2023.03.15” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 0,5x0,5 см хэмжээтэй цаас мэт зүйлээс LSD (Lysergide) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтдаг болно. Жич: Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд бүрэн зарцуулагдаж дууссан болно.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 143-145 дахь тал),

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.*******ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 3, 4 дүгээр хорооллын Алтантөгрөг худалдааны төвийн урд талын 41 дүгээр байрны 1 дүгээр орцны хогийн савны хажууд тамхилж зогсож байгаад дөрвөлжин төмөр хайрцагтай зүйл олсон нээж үзэхэд дотор нь шавар мэт зүйл, тариурын шил зэрэг байсныг аваад гэртээ орж, сонирхоод энэ талаараа д утсаар хэлээд манай гэрийн гадаа ирэхээр болсон. Тухайн үед би гэртээ хүүхдээ харж байсан учраас гарч чадахгүй, гэрийн цонхны доор ыг ирэхээр нь цонхоор чүдэнзний хайрцаг дотор жижиг гааны төмөр хайрцагтай шавар мэт зүйлээ шидэж өгсөн. Орой нь уулзахаар болоод салсан. Тэгээд би гэртээ байж байгаад орой нь эхнэр ажлаасаа тарж ирэхээр нь той уулзахаар гэрээсээ 20 цагийн үед гарч яваад цагдаад баригдсан. Тухайн үед миний биед хогийн савны орчмоос олсон төмөр хайрцагтай шавар, тариурын шил, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэрэг байсныг цагдаад хураалгасан. Тэр өдөр гэрээсээ гараад Чинзориг гэх таньдаг дүүтэйгээ уулзаж машиндаа нөгөө шавар гэх зүйлээсээ тугалган цаасан дээр тавьж сорж хэрэглэсэн. Би олсон зүйлээ , Чинзориг нарт сонирхуулж өгсөн. Би бусдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаж борлуулсан асуудал огт байхгүй. Би урд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан учраас олсон эд зүйлээ хараад мансууруулах бодис байна гэдгийг мэдсэн. Тэгээд хэрэглэсэн юм. Тухайн зүйлээс бага хэмжээтэйгээр хэрэглэсэн, надад ямар нэгэн өөрчлөлт гараагүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 172-173 дахь тал)

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.ы яллагдагчаар өгсөн: “Би ******* гэх залуутай одоогоос 4 жилийн өмнөөс найзалж нөхөрлөж ирсэн, найз нөхдийн холбоо харилцаатай. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед *******тай утсаар холбогдоод гэртээ байна манай хүрээд ирээч, хүүхэдтэйгээ хамт байна гэж хэлсэн, тэгэхээр нь би ажлаасаа гараад *******ын гэрийн гадаа очсон чинь ******* хүүхэдтэйгээ байгаа учраас гарч чадахгүй байна гээд цонхоороо чүдэнзний хайрцагт хийсэн жижиг төмөр гааны савтай шавар гэх мансууруулах бодисыг над руу шидсэн. Тэгэхээр нь би тэр төмөр хайрцагтай шавар гэх бодисыг аваад *******ын гэрийнх нь гадаа машин дотроо бага зэргийн тугалган цаасан дээр тавьж доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Тэгээд үлдэгдэл шавар гэх бодисоо төмөр хайрцагтай нь халаасандаа хийгээд, буцаж ажил дээрээ очиж байж байгаад ажлаа тараад гарч яваад цагдаа нарт баригдсан. Мөн тухайн үед миний түрийвчинд 1 ширхэг LSD гэх мансууруулах бодис хураагдсан, уг бодисыг би 2022 оны шинэ жилийн үеэр Австралид сургуульд сурдаг таньдаг найз маань надад сонирхуулж өгсөн байсныг би хэрэглээд, түрийвчиндээ хадгалсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 176-178 дахь тал)

17. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 180, 189 дэх тал), ял шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 202, 203 дахь тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачлал” их дэлгүүрийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0,1360 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, мөн өдөр Н.д 0.0968 граммыг өгсөн,

шүүгдэгч Н. нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын Хаан банкны орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.0968 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг аас хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан “LSD” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 23-26 дахь тал), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 29-30 дахь тал), Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал), Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 29-34 дэх тал), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 50, 52 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1456 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 98-100 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1458 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 106-108 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1453 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 115-119 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1455 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 137-139 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1919 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 143-145 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг ******* Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Хяналтын прокуророос Х.*******, Н. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Х.*******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн”,

шүүгдэгч Н.ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,  хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.*******, Н. нар болон тэдгээрийн өмгөөлөгч  хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна. 

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.*******ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.*******, Н. нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.*******, Н. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.

 Иймээс шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, Х.******* урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй хувийн байдал зэргийг тус тус тал бүрээс нь харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч Х.*******ыг 1 жил 6 сарын, Н.ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч Х.*******, Н. нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн Х.*******, Н. нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. 

Тав: Бусад асуудлын талаар

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,0968, 0,1313, 0,1360 грамм жинтэй хэсэг “шавар”, 0,5x0,5 см хэмжээтэй “LSD”, “Strong mints” гэсэн бичиглэлтэй төмөр сав, шар өнгийн асаагуур 1 ширхэг, тортог мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас 1 ширхэг, дотроо цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны капсул 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, дотор тал нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон гааны жижиг төмөр сав 1 ширхэг, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар саарал өнгийн асаагуур 1 ширхэг, “А\/40007553”, “АХ0750553” “АW9927127” зэрэг 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт,

овогт ын ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт тус тус  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Х.*******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Н.ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Х.*******, Н. нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Х.*******, Н. нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг дурьдсугай.

5. Х.*******, Н. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******, Н. нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0,0968, 0,1313, 0,1360 грамм жинтэй хэсэг “шавар”, 0,5x0,5 см хэмжээтэй “LSD”, “Strong mints” гэсэн бичиглэлтэй төмөр сав, шар өнгийн асаагуур 1 ширхэг, тортог мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас 1 ширхэг, дотроо цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны капсул 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, дотор тал нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон гааны жижиг төмөр сав 1 ширхэг, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар саарал өнгийн асаагуур 1 ширхэг, “А\/40007553”, “АХ0750553” “А\Л/9927127” зэрэг 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

8. Энэ хэрэгт Х.*******, Н. нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ