Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/534

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт *******н *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2303002190211 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УП*******/,******* овогт *******н *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, Хорооллын эцсийн замд, Toyota Prius 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч болох *******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний буруу маш их харамсаж байна. Хохиролд нийт 20.115.350 төгрөг нөхөн төлсөн. Гантөмөр ахаас уучлалт гуйж байна. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “ Би осолд ороод  гэмтлийн эмнэлэгт 2 хоносон боловч тус эмнэлгийн орчин, эмнэлэгийн ажилтнуудын харьцаа хандлага, хагалгаанд орох дараалал зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж цаг хугацаа алдах эрсдэлтэй байсан. Тийм болохоор би Интермэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 3 удаа хагалгаанд орсон. Интермэд эмнэлгийн хагалгааны болон хийгдсэн эмчилгээний зардалд нийт 17.607.350 төгрөгийг шүүгдэгч тал төлсөн. Одоо миний бие тус эмнэлэгт хагалгааны дараах нөхөн сэргээх физик эмчилгээнд явж байна. Үүнд 2.508.000 төгрөг шаардлагатай байгаа тул шүүгдэгчээс нэхэмжилж байна. Ер нь гэмтлээс гадна зовиур их хэцүү юм билээ. Би багш хүн болохоор ажлын хамгийн чухал үе байсан боловч гэмтсэнээс болж маш их боломжуудыг алдсанд гомдолтой байгаа. Гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү, намайг асарч ажлаа хийж чадаагүй гэр бүлийн хүний цалин хөлс гээд нэхэмжлэл гаргахаар байх боловч би нэхэмжлээгүй. Харин энэ гэмтэлтэй холбоотойгоор цаашид зардал гарвал нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээж өгнө үү. Д.*******д хандаж хэлэхэд цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой явж байгаарай, хүн чанартай байгаарай гэж хэлье.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2303002190211 дугаартай хэргээс

1. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 04-05 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-09 дэх тал),

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Д.******* нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

4.  Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Хасбаатарын гудамж Хорооллын эцсийн уулзвар хэсгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган зорчигч зам хөндлөн гарах үед цагаан өнгийн “Toyota Prius” 30 маркийн тээврийн хэрэгсэл хойноосоо урагшаа чиглэлтэй уулзвар нэвтрэх үедээ явган зорчигч мөргөж байгаа нь дүрс бичлэгт харагдаж байв. Бичлэгийн бусад хэсэгт хэрэгт ямар нэгэн ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 40 минут орчимд хорооллын эцэст байрлах хэрэгцээт барааны дэлгүүр орох гээд очтол тухайн дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд хорооллын эцсийн “E mart” худалдааны төв ороод явган хүний гарцаар гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарахдаа замын 2 тал руугаа харсан 6-7 метрийн цаана жижиг саарал өнгийн суудлын тэрэг ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан. Машин намайг явган хүний гарцын дунд хэсэгт явж байхад юу юугүй ороод ирсэн. Би хараад сандраад эргэж хараад чигээрээ ирж байсан. Машины хамар дээр нь хоёр гараа тавиад тулсан. Намайг тулах үед нөгөө машин тоормосоо гишгэсэн. Тэгээд миний баруун өвдөг рүү мөргөсөн, босох гэтэл баруун хөл даагдахгүй байсан. Тэгээд түргэн дуудаад цагдаа дуудсан. Баруун талын хөлийн өвдөгний шаант ясны толгой цуурсан, ясны хэмжээ нь алдагдсан, өвдөгний жийргэвч нь сэтэрч цуурсан. Өвдгөө хадуулсан, сүүжний толгойноос ясны хэм авхуулсан. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун зам ачаалалгүй байсан. Эмнэлэгт шинжилгээ өгөөд 2 хоносон. Тэгээд ГССҮТ-өөс гарч Интермед эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Тэгээд хагалгаанд орсон. Ослоос болж би 3 удаа хагалгаанд орсон. Шилбэний ясны дээд хэсгийг хадуулсан, сүүжний ясны хэм авхуулсан, өвдгөндөө 2 жийргэнд хагалгаа хийлгэсэн. Одоогийн байдлаар интермед эмнэлгээс гарах хүртэл зардал 17.000.000 орчим төгрөг болсон. Би гомдолтой байна. Ажилтай байх үед намайг мөргөж гэмтээсэн, хөдөлмөрийн чадвар алдагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.*******н иргэний хариуцагчаар өгсөн: “Тухайн тээврийн хэрэгслийг би өөрийн охин *******д жолоодуулах зөвшөөрөл олгосон. Манай гэр бүлийн гишүүд энэ машиныг хэрэгцээндээ унадаг бөгөөд эзэмшил нь миний нэр дээр байдаг юм. “Toyota Prius” 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослоос болж ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. Надад тухайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй тул үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дэх тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4317 дугаартай “*******ийн биед баруун шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 132-133 дахь тал),

8. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 012241 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 141-146 дахь тал),

9. Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 534 дугаартай “...Жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Явган хүний гарц нэвтрэх 16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 150 дахь тал),

10. Хохирогч *******ийн өвчний түүх  (хавтаст хэргийн 21-111 дэх тал),

11. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 112-115, 129, 196-203 дахь тал),

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******гийн яллагдагчаар өгсөн: “Хохирогч *******ийн эмчилгээний зардалд нийт 11.000.000 төгрөг өгсөн хамгийн сайн гэсэн эмнэлэгт нь хагалгаанд оруулсан эрүүл мэндийг нь хэвийн байдалд нь оруулах гэж байнга анхаарал хандуулж байгаа. 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс физик эмчилгээндээ явж эхлэх гэж байгаа би уг зам тээврийн осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна, хохирогч талтайгаа эмчилгээний төлбөр бусад гаргасан зардал зэргийг бүгдийг төлж барагдуулах тал дээр тохиролцож байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165 дахь тал),

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 167 дахь тал) жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн  123 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 166 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.******* нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хорооллын эцсийн замд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд өөрийн төрсөн эцэг Г.*******н эзэмшлийн “Toyota Prius”-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч  явсан явган зорчигч *******ийг мөргөсөн  хэргийн үйл баримт тогтоогджээ.

Энэхүү ослын улмаас хохирогч *******ийн бие махбодид баруун шаант ясны далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 04-05 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-09 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал), *******ийн хохирогчоор өгсөн: “....Машин намайг явган хүний гарцын дунд хэсэгт явж байхад юу юугүй ороод ирсэн... миний баруун өвдөг рүү мөргөсөн, босох гэтэл баруун хөл даагдахгүй байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4317 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 132-133 дахь тал), Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 012241 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 141-146 дахь тал), Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 534 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 150 дахь тал), Д.*******гийн яллагдагчаар өгсөн: “...би уг зам тээврийн осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар тогтоожээ.

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол, хор уршгийн тухайд.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хэргийн хохирогч *******ийн биед учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр тодорхойлогдох ба хийгдсэн хагалгаа, эмчилгээний зардалд нийт 17.607.350 төгрөг шүүгдэгч төлсөн байна. 

Хохирогч хагалгааны дараах нөхөн сэргээх физик эмчилгээнд одоогоор явж байгаа 1.898.000 төгрөг,  энэ төрлийн эмчилгээг үргэлжлүүлэхэд шаардагдах 610.000 төгрөгийг эмнэлэг надаас нэхэж байгаа. Иймд 2.508.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэж мэдүүлсэнтэй холбоотойгоор шүүх хуралдааны явцад шүүгдэгч 2.508.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.******* нь хохирогч *******ийн эмчилгээний зардалд нийтдээ 20.115.350 төгрөгийг баримтын хүрээнд төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч энэ осол гэмтэлтэй холбоотой цаашид эмчилгээ шаардагдвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс  нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

хохирогч *******өөс “...улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч Д.******* гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирч, хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа нөхцөл байдал, нөгөө талаас гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  энэ хэрэгт Д.******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.******* овогт *******н *******г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Д.******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ******* энэ хэрэгт хамааралтай цаашид эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ