Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/547

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000955 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 23-нд Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “*******” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *******, *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЖН*******/,******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь нь такси үйлчилгээ үзүүлж явахдаа 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны гадаа хохирогч ******* нь тухайн таксинаас буухдаа таксины суудал дээр мартаж буусан iPad 8,  iwatch 7, Air pod pro, Gucci брэндийн нүдний шил, харааны шил, Magic mouse, Lumuemom брэндийн үүргэвч, iPad keyboard зэрэг эд зүйлсийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.575.000 төгрөгийн хохирол учруулж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ “Би хохирогчийн Air pod pro чихэвчийг аваагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305000000955 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын хохирогчоор өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний замын хойд талаас такси бариад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эргэн дурсахуй баарны гадаа машиныг зогсоож тухайн тээврийн хэрэгслээс буугаад өөр такси бариад гэртээ харьсан. Би гэртээ харих замдаа өөрийн хар өнгийн цүнхийг өмнө суусан таксинд мартаж буусан санаад цагдаагийн байгууллага дээр очиж гомдол гаргасан. Тухайн хүний таксинд өгсөн мөнгийг жолоочийн данс руу хийсэн тул тухайн машины жолоочийг дансаар нь хөөж барьсан. Таксины жолоочид юмаа мартаж буусан талаар хэлэх үед аваагүй гээд байгаа боловч манай хүүгийн iPad дээр нь тухайн хүний зураг дарагдаж тэр зураг нь манай хүүгийн утсан дээр гараад ирсэн. Тэгээд тухайн хүн цүнх болон дотор нь байсан зүйлийг надад өгсөн. Миний эд зүйлийг бүгдийг нь хүлээлгэж өгөөгүй. Утасгүй чихэвчнээс бусдыг нь надад өгсөн. Тухайн өдөр өөрийн цүнхэндээ хийгээд явж байсан. Чихэвчийг хаяж гээсэн зүйл байхгүй. Орой 18 цагийн үед чихэвчээр дуу сонсож байгаад цүнхэндээ хийсэн. Чихэвчний мөнгийг өгвөл гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

2. “Ашид Билгүүн” ХХК-ийн “iPad-8   700.000 төгрөг, iwatch-7  650.000 төгрөг, Air pod pro 750.000 төгрөг, Gucci брэндийн нүдний шил 80.000 төгрөг, харааны шил 100.000 төгрөг, Magic mouse 200.000, Lumuemom брэндийн үүргэвч 50.000, iPad keyboard 45.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-23 дахь тал)

3. Эд зүйл хураан авсан “...хар өнгийн усны сав, Gucci брэндийн хар нүдний шил, Gucci брэндийн харааны нүдний шил, iPad, цагаан өнгийн шингэн тамхи, цагаан өнгийн mouse, I watch цаг, банкны карт 3 ширхэг, иргэний үнэмлэх түлхүүр нэг ширхэг, цэнэглэгч, дэвтэр, гурван ширхэг ном, хар өнгийн үүрдэг цүнх зэргийг хураан авав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал)

4. Эд зүйл хүлээлгэн өгсөн “...хар өнгийн усны сав, Gucci брэндийн хар нүдний шил, Gucci брэндийн харааны нүдний шил, iPad, цагаан өнгийн шингэн тамхи, цагаан өнгийн mouse, I watch цаг, банкны карт 3 ширхэг, иргэний үнэмлэх түлхүүр нэг ширхэг, цэнэглэгч, дэвтэр, гурван ширхэг ном, хар өнгийн үүрдэг цүнх зэргийг Амаржаргалд хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.н сэжигтнээр өгсөн: “Шөнө таксинд явж байгаад согтуу хүн суухаар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй баарны гадаа хүргэж өгсөн. Тэгээд тэр хүн цүнхээ үлдээгээд явчихсан тэгээд цүнхийг уудалж дотор нь iPad байсан үүнийг ашигласан. Согтуу хүн юм аа санахгүй байх гэж бодоод хэлээгүй юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.н яллагдагчаар өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 28-нд орой 21 цагийн үед аавын авто машиныг гуйж аваад таксинд явсан. 2023 оны 4 дүгэр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр зогсож байсан чинь үл таних эмэгтэй миний машинд суугаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эргэн дурсахуй нэртэй баарны гадаа хүргүүлээд таксины мөнгө 6000 төгрөг надад өгөөд буугаад явсан. Би хөдлөөд замаасаа хоёр хүн аваад явж байгаад жолоочийн хажууд талын суудлын шал хэсэг рүү нь харсан чинь өмнө буусан эмэгтэй цүнхээ мартаад буусан байсан. Тэгээд би тухайн цүнхийг багаж руугаа хийгээд суулгасан. Хоёр хүнээ хүргэж өгсөн. Тэгээд хэд хоног өнгөрсний дараа тухайн хүний цүнхийг онгойлгож үзэх үед дотор нь 2 ширхэг нарны шил, I pad, iwatch, mouse, keyboard, тухайн хүний бичиг баримт, усны сав байсан. Би I pad-ыг асаагаад код нэхээхээр нь 123456 гэж хийсэн чинь нээгдсэн. Тэгээд би тухайн зүйлийг ашиглаж эхэлсэн. Долоо хоног өнгөрсний дараа цагдаагийн байгууллагаас залгаад намайг дуудах үед нь очоод тухайн алба хаагчид нь 2 ширхэг нарны шил, I pad, iwatch, mouse, keyboard, цүнх, сав, бичиг баримт гэх мэт зүйлийг нь хүлээлгэж өгсөн. Тэгсэн тухайн цүнхний эзэн air pod pro чихэвч алга байна гэсэн. Тухайн үед чихэвч байхгүй байсан бүх зүйлийг нь хүлээлгэж өгсөн. Тийм зүйл байгаагүй би аваагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны гадна таксинаас буухдаа тус автомашины суудал дээр цүнхээ мартаж буухад нь таксины жолооч Б.******* нь “iPad 8, I watch 7, Air pod pro, Gucci брэндийн нүдний шил, харааны шил, Magic mouse, Lumuemom брэндийн үүргэвч, iPad keyboard” зэрэг эд зүйлсийг авсан хэргийн үйл баримт авагдсан байна.

Б.******* нь хохирогч *******ын эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2.575.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

*******ын хохирогчоор өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг бөхийн өргөөний замын хойд талаас такси бариад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эргэн дурсахуй баарны гадаа машиныг зогсоож тухайн тээврийн хэрэгслээс буугаад өөр такси бариад гэртээ харьсан. Би гэртээ харих замдаа өөрийн хар өнгийн цүнхийг өмнө суусан таксинд мартаж буусан санаад цагдаагийн байгууллага дээр очиж гомдол гаргасан...манай хүүгийн iPad дээр нь тухайн хүний зураг дарагдаж тэр зураг нь манай хүүгийн утсан дээр гараад ирсэн тэгээд тухайн хүн цүнх болон дотор нь байсан зүйлийг надад өгсөн. Миний эд зүйлийг бүгдийг нь хүлээлгэж өгөөгүй. Утасгүй чихэвчнээс бусдыг нь надад өгсөн. Тухайн өдөр өөрийн цүнхэндээ хийгээд явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-23 дахь тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.       

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө,...бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд худал мэдүүлбэл хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан бөгөөд “...Би гэртээ харих замдаа өөрийн хар өнгийн цүнхийг өмнө суусан таксинд мартаж буусан санаад цагдаагийн байгууллага дээр очиж гомдол гаргасан...манай хүүгийн iPad дээр нь тухайн хүний зураг дарагдаж тэр зураг нь манай хүүгийн утсан дээр гараад ирсэн... Утасгүй чихэвчнээс бусдыг нь надад өгсөн. Тухайн өдөр өөрийн цүнхэндээ хийгээд явж байсан...” гэсэн мэдүүлэг шүүгдэгч Б.н “би чихэвчийг нь аваагүй” гэсэн мэдүүлгийг няцаах үндэслэл болно.

Иймд хяналтын прокуророос Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчаас Б.г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогчид нийт 2.575.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.825.000 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн байна.

Эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий Air pod pro чихэвчний үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.  

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргалаа.  

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын  шинж чанар, хэр хэмжээ, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал, урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид мэдэгдэв. 

Энэхүү хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                              ТОГТООХ нь:

1. Боржигон овогт *******ын г “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ас 750.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.

6. Хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ