Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/576

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл /томилолтоор/

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000935 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 16-нд Дорнод аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18-729 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ******* ******* тоотод оршин сууж байгаа гэх, урьд нь;

2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр  Баянзүрх дүүргийн шүүхийн 712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1065 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:ЖЕ*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин хайпермаркет” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулах лангуунаас хохирогч *******ийн эзэмшлийн “IPhone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 662.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр:..Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо нөхөн төлөх хүсэлтэй байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305000000935  дугаартай хэргээс.

1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн 06:31:30 секундэд гаднаас хар өнгийн кепик малгайтай, саарал өнгийн хажуу хэсгээрээ хар өнгийн оруулгатай ханцуйтай цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, баруун гартаа саарал өнгийн торонд жижиг зүйл хийж барьсан, 60 см орчим өндөртэй, майга алхаатай 60 орчим насны эрэгтэй хүн орж ирэх бөгөөд лангуун дээр байршуулсан эд зүйлийг харж зогсож байгаад худалдагчийн суудаг гэх ширээ рүү эргэж хараад худалдагчийн ширээний шургуулгад, хар энгийн цэнэглэгчээр цэнэглэсэн байсан гар утсыг зүүн гараараа уг цэнэглэгчийг салгаж хар өнгийн гар утсыг аваад хаалга хэсэг рүү алхах бөгөөд тухайн үед зүүн гарын ханцуй хэсэг рүү уг гар утсыг хийж хурдан хурдан алхаж 06:31:53 секундэд хаалгаар гарч байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 05-06 дахь тал)  

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ байж байтал үйлчлүүлэгч орж ирээд нарны тос худалдан авахаар үзэж сонирхсон. Тухайн эмэгтэйд өөрийн худалдан борлуулж байгаа нарны тосыг үзүүлээд байж байтал үл таних 40-45 орчим настай, 165-170 см өндөр нуруутай, цагаан кепкен малгай, саарал өнгийн нимгэн цамцтай эрэгтэй хүн орж ирээд манай лангуун дээр зарагдаж байсан үсний шампунь үзэж сонирхож байгаа харагдсан. Тэгээд анхны орж ирсэн үйлчлүүлэгчид зарах гэж байсан нарын тосоо үзүүлж дуусгаад нөгөө үл таних эрэгтэй хүн дээр очсон чинь гараад явсан байсан. Тэгээд тэр эрэгтэйг юм аваад гарах шиг болсон болохоор лангуугаа шалгасан чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд араас нь гарсан чинь алга болчихсон байсан..” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

3. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ““IPhone XR” загварын гар утас нэг ширхгийг 662.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-18 дахь тал)

4Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******ийн сэжигтнээр өгсөн “2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо Хархорин зах дээр архи уугаад явж байсан. Тэгээд архины мөнгө олохоор явж байгаад Номин худалдааны төв рүү орсон чинь гоо сайхны хэрэгсэл зардаг лангуун дээр цагаан өнгийн гар утас ил харагдаж байхаар нь хулгайлаад авчихсан. Тэгээд тэндээс гарч яваад шууд Хархорин зах орж гар утсаа зарчхаад архиа үргэлжлүүлэн архи уусан. Миний хулгайлан авсан гар утас одоо надад байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******ийн яллагдагчаар өгсөн: “Би тэр өдөр архи уучихсан ганцаараа явж байсан тэгээд Цамбагаравын урд талын Номин дэлгүүр рүү орсон касс руу очиж 100 граммын архи авах гээд явж байсан юм. Тэгэхэд хажууд нэг эмэгтэй гоо сайхны юм зарж байсан. Тэгээд тэр лангуун дээр нэг утас ил байхаар нь мэдэгдэхгүй очоод авчихсан. Тэр худалдагч охин цаана хүнтэй юм ярьж байхаар нь би хараагүй байх хооронд нь аваад гарсан. Тэндээс шууд гараад Хархорин зах руу очиж танихгүй хүнд хулгайлсан гар утсаа 50.000 төгрөгт өгсөн. Тэгээд гар утас зарсан мөнгөөрөө архи авч уусан. Тухайн үед хар өмдтэй, саарал нимгэн хажуугаараа хар өнгийн жаахан оруулгатай, хар өнгийн кепкен малгайтай явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), шийтгэх тогтоолуудын хуулбарууд (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.******* нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин хайпермаркет” худалдааны төв дотор гоо сайхны эд зүйлс зарах үйл ажиллагаа явуулдаг лангууны худалдагч *******ийн эзэмшлийн “IPhone XR” загварын гар утсыг цэнэглэгдэж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 662.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 05-06 дахь тал), *******ийн хохирогчоор өгсөн: “...үл таних 40-45 орчим настай, 165-170 см өндөр нуруутай, цагаан кепкен малгай, саарал өнгийн нимгэн цамцтай эрэгтэй хүн орж ирээд манай лангуун дээр зарагдаж байсан үсний шампунь үзэж сонирхож байгаа харагдсан. Тэгээд анхны орж ирсэн үйлчлүүлэгчид зарах гэж байсан нарын тосоо үзүүлж дуусгаад нөгөө үл таних эрэгтэй хүн дээр очсон чинь гараад явсан байсан. Тэгээд тэр эрэгтэйг юм аваад гарах шиг болсон болохоор лангуугаа шалгасан чинь миний гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-18 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн сэжигтнээр өгсөн “...Номин худалдааны төв рүү орсон чинь гоо сайхны хэрэгсэл зардаг лангуун дээр цагаан өнгийн гар утас ил харагдаж байхаар нь хулгайлаад авчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), яллагдагчаар өгсөн: “...лангуун дээр нэг утас харагдахаар нь би утас нь ил байхаар нь мэдэгдэхгүй очоод авсан. Тэр худалдагч охин цаана хүнтэй юм ярьж байхаар нь би хараагүй байх хооронд нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцох үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг шүүгдэгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.

Хохирогч *******ийн “...Баянгол дүүргийн 29 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ байж байтал үйлчлүүлэгч орж ирээд нарны тос худалдан авахаар үзэж сонирхсон. Тухайн эмэгтэйд өөрийн худалдан борлуулж байгаа нарын тосыг үзүүлээд байж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт “...худалдагчийн ширээний шургуулгад, хар энгийн цэнэглэгчээр цэнэглэсэн байсан гар утсыг зүүн гараараа уг цэнэглэгчийг салгаж хар өнгийн гар утсыг авсан” байгаагаас үзэхэд  хохирогч нь үйлчлүүлэгчид бараа сонирхуулж өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирлын тухайд шүүгдэгч Д.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч *******ьд 662.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирлоо нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Д.*******ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 662.000 төгрөг гаргуулж хохирогч *******ьд олгохоор шүүх шийдвэрлэв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчээс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл завсарлуулав.

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд Д.*******ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ээс шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирогчид хохирол төлөгдөөгүй  болохыг дурдаж байна.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй дахин өмчлөх эрхийг эсрэг буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” гэсэн гурван төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар түүнд зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1..******* овогт *******ийн *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ээс 662.000 төгрөг гаргуулж хохирогч *******ьд олгосугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ