Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/590

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Б.Чинбат  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202007550043 дугаартай 2 хавтаст хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 638 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:УК*******/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.******* нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”  бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0413 грамм, цэвэр жин нь 15.3961 грамм, цэвэр жин нь 14.9827 грамм, цэвэр жин нь 14.8088 грамм жинтэй 7 хэсэг бүхий боодолтой нийт цэвэр жин нь 95.2543 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Яллах дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг хийсэндээ гэмшиж маш их харамсаж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хоёр. Эрүүгийн 2202007550043  дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 02  дахь тал)

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Тус үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах автомашины гараашны хойд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж байрлуулсан улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл байна. Үзлэгийг уг тээврийн хэрэгсэлд явуулахаар тогтов. Үзлэг эхлэхээс өмнө уг тээврийн хэрэгслийг жолоодож байсан гэх ******* овогтой *******оос “...таны жолоодож явсан гэх улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхэд ашиглагддаг хэрэглүүр, хууль бус эд зүйл байна уу, хэрэв байгаа бол та сайн дураараа гаргаж өгнө үү...” гэхэд Л.******* нь “миний унаж явсан гэх тээврийн хэрэгсэлд хууль бус эд зүйл байгаа” гээд тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож урд хайрцгийг нээгээд гялгар уутаар ороосон бөөрөнхий хэлбэртэй дотроо мөс байгаа гэх зүйлийг заасныг №1 дугаарлан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авсан. Мөн тээврийн хэрэгслийн голын хайрцагт байх хэрэглүүрүүдийг  заасныг тус тус №2-№4 хүртэл дугаарлан хураан авсан ба мөн урд талын хайрцагт байх хүүхдийн памперсыг зааж дотроо мөс гэх бодис байгаа гэснийг №5 гэж дугаарлан уг памперсыг задалж үзлэгийг явуулахад 6 ширхэг тусдаа гялгар ууттай мөс мэт зүйл байсныг №5.1-№5.6 хүртэл дугаарлан шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авсан ба өөр тээврийн хэрэгсэлд хууль бус зүйл байхгүй гэснээр үзлэгийг явуулахаар тогтож тээврийн хэрэгслийн гадна талд үзлэгийг явуулахад ил харагдах эд ангиуд бүрэн бүтэн байх ба үзлэгийг гаднаас дотор чиглэлтэй доторх эд ангид эвдрэл гэмтэлгүй, нэг бүрчлэн үзлэгийг явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Тээврийн хэрэгсэлд хураагдсан №1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд 3,9 грамм, №5 гэж дугаарласан хүүхдийн памперс доторх гялгар ууттай мөс мэт зүйлсийг гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 18,6 грамм, №5.2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг жинлэхэд 18,1грамм, №5.3 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг жинлэхэд 22,4грамм, №5.4 гэж дугаарласан гялгар ууттай мэт зүйлийг жинлэхэд 19,7грамм, №5.5 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлсийг жинлэхэд 17,4 грамм, №5.6 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг жинлэхэд 18,7 грамм байсныг тус тус гэрэл зургаар бэхжүүлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 08-14 дэх тал)

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 15-19 дэх тал)

4. Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “Тестээр ашиглах ажиллагааг эхлэн Л.*******ыг Хар тамхитай тэмцэх газрын 00-ын өрөөнд оруулж /ОРI-ТМL-COC-КЕТ-ТНС-LSD-MOP-MDMA-MET-AMP/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж, тестийн битүүмжлэлийг Л.*******од өөрт нь тестийг өгч шалгуулан задлуулахад...4 дүгээр багана буюу KET /Кетамин/-илэрсэн,8 дугаар багана буюу MDMA /Экстази/ илэрсэн, 9 дүгээр багана буюу МЕТ /метамфетамин/-илэрсэн, 10 дугаар багана буюу АМР /амфетамин/-илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 20-22 дахь тал)

5. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 23-29 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *******ийн өгсөн: “Би бол карго ачаа тосож авч хүмүүст нь тараадаг ажил хийдэг юм. Уг ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хийсэн юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шиг санагдаж байна. Би Турк улсаас ирсэн ачаа авах санаатай явж байгаад зүс таних Очироо гэх залуутай тааралдаад сонин сайхан юу байна, Туркээс хэзээ ирсэн юм гэж ойр зуурын юм ярьж байхад Очироо би Турк улсаас эктра ачаа явуулдаг юм. Ачаа ирсэн үед чи тосож аваад хүмүүст нь тарааж өгдөг ажил хийх үү гэж надад санал тавихаар нь тэр нь ямар ашигтай талаар асуухад нэг ачаа ирэхэд би чамд 100.000 төгрөг өгнө. Тэр мөнгөнөөс гаальд 70.000-80.000 төгрөгийг өгдөг юм. Үлдсэн 20.000-30.000 төгрөг нь чиний ашиг юм. Би ихэнхдээ олон ачаа явуулдаг учир чамд ашигтай байж магадгүй гэж хэлхээр нь би зөвшөөрсөн. Очироо гэх залуу надтай уулзахдаа Монголд ирсэн байж байгаад Турк улс руу явсан. Турк улсын Станбул хотод Монгол хоолны газар ажиллуулдаг гэж байсан. Очироо надтай “Еnkhochir Ochiro” гэсэн хаягаас чатаар харилцаж ачаа явуулсан шүү гэж хэлээд миний дансыг авч мөнгө шилжүүлдэг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр над руу чатаар дуут мессеж явуулж хоёр ачаа явуулсан тийм хүмүүс авна шүү гэж хэлсний дагуу би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө үүрээр 05 цагийн үед Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал руу очоод Туркийн нислэг буухад хүмүүсийг нь бууж дуусахыг хүлээгээд хүмүүс бууж дууссаны дараа ажилчид ордог хаалгаар орж Туркээс ирсэн ачаа авах гэсэн юм гэж гаалийн ажилтанд хэлхээд Вилк буюу ачааны бичгээ үзүүлээрэй гэхээр нь би 441924 кодтой, Даваа ******* гэсэн нэртэй вилк буюу бичгийг үзүүлэхэд боолттой хоёр бондгор ачаа ирснийг Гаальд ачааны мөнгийг тушаагаад авсан. Би ачааг аваад шууд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явах замдаа ачаа авах хүмүүсийг утасны дугаарыг Очироо чатаар явуулсан. Уг хоёр ачааг ******* гэсэн дугаартай хүн хар том ачааг нь авна гэсэн. Нөгөө ачааг нь задарч хоёр хуваагдаж хоёр хүнд очно гэж ******* гэсэн дугаар явуулсан. Тэгтэл замд дугаар над руу залгаад ачаагаа авъя Энхжин худалдааны төв дээр ирээд өгөөч гээд Энхжин худалдааны төв дээр очиж нэг боолттой хар ачааг нь өгөөд нөгөө ачаагаа тэр эрэгтэйгээр задлуулаад явсан. Тэгээд явж байтал бас нэг дугаараас залгаад та Хархорин захын буудал дээр ачааг минь дөхүүлээд өгөөч гэхээр нь бас очиж ачааг нь өгсөн. Тэр үед 07 цаг өнгөрч байсан хоёр эмэгтэй хүрч ирж ачаагаа авсан. Нэг том бондгор ачааг авсан. Би ачаан дотор юу байсныг бол мэдэхгүй байна. Надад Очироотой харилцсан чат болон ачааны боолттой зураг ачааны бичиг зэрэг бүгд чат дээр байгаа би хуулбарлаж гаргаж өгье.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн: “Би Л.******* гэдэг хүнийг танихгүй. Харж байгаагүй юм байна. Би Лотус Турк бараа онлайн шопыг найз ийн хамт ажиллуулдаг юм. Бараа ачааны талаар нарийн ширийн асуудлыг мэдэж байгаа, би сайн мэдэхгүй байна. Би уг онлайн шопын Монгол талыг нь тараалт мэдээллийг нь хариуцдаг юм. Манай найз нь түр хугацаагаар Монгол улсад ирсэн байгаа учир 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ирсэн ачааны мэдээллийг мэдэж байгаа би сайн мэдэхгүй байна. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө үүрээр ямар ч байсан нэг ачаа ирсэн уг ирсэн ачааг цуг гарч авсан бас ганц нэг хүнд ачааг нь хүлээлгэн өгсөн. Би тэдгээр хүмүүсийг мэдэхгүй байна. утсаар яриад зохицуулаад байсан. Би хажууд нь тусалж хань болж байсан юм. дугаар бол манай найз Бадамцэцэгийн дугаар байгаа юм. Уг дугаарыг манай найз бид хоёр цуг явж худалдаж авч байсан юм. Би Гомбо гэдэг хүнийг танихгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “Би *******гийн ******* гэх хүнийг танихгүй. Би дугаарыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мобикомоос худалдаж аваад одоог хүртэл барьж байгаа дугаар маань байгаа юм. Би Л.******* гэх хүнийг зургийг харлаа энэ залуу надаас ачаа авсан хүн байна. Би Турк улсаас бараа оруулж ирдэг юм. Онлайнаар хүмүүс надад хувцас тавилга, гал тогооны хэрэгсэл янз бүрийн бараа захидаг юм. Ихэнхдээ хувцас гутал оруулж ирдэг. Онлайнаар бараа захиалаад тэр барааг нь Турк улсаас би өөрөө авч явуулдаг юм. Би ерөнхийдөө Турк улсад ажиллаж амьдардаг байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсад ирсэн байсан юм. 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгээр ачаа явуулсан шүү гэж манай нөхөр ын Анхбаяр надад хэлсэн. Тэгээд тэр ачаа нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө үүрээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр ирсэн. Уг ачааг би Ууганаа гэх эмэгтэйд захиад авхуулсан. Би өөрөө очиж авах гэхээр машин  байхгүй байсан. Ууганаа гэх зүс мэдэх эмэгтэйг манай нөхөр нь гуйгаад гаалиас ачааг аваад надад өгөөрэй гэж захисан юм билээ. Ууганаа гэх эмэгтэй дугаарын утаснаас над руу залгаад ачааг чинь авчлаа ачаагаа яаж авах юм бэ гэж асуухаар нь би 1 дүгээр хороололд байгаа юм та хаагуур явах юм бэ гэхэд тэр Ууганаа гэх эмэгтэй чулуун овоо явна гэхээр нь би гуйгаад хойгуураа яваад надад ачааг маань дөхүүлээд өгөөч гэж гуйсан. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 07 цаг 46 минутад Ууганаа гэх эмэгтэй ачаагаа аваарай гэж 1 дүгээр хороолол Хархорины автобусны буудал дээр ирээд залгахаар нь би гарч ачаагаа авахад цаанаас явуулсан хоёр хэсэг тус тусдаа 23 кг ачааг буудал дээр гарч ирж аваад байж байтал 9009-тэй дугаартай залуу над руу залгаад ачаа авах гэсэн юм гэж над руу залгаад байхаар нь Хархорин автобусны буудал дээр ирээд ачаагаа ав гэж хэлсэн байсан удалгүй ирээд надаас Гомбо гэх хүний ачааг авна гээд нэг боодолтой бондгор юм шар скочтой бараа нь Гомбо гэх хүний бараа гэж хэлсэн учир тэр бондгор ачааг ******* гэх залууд өгсөн юм. Тэр залуу 8 цагийн үед ирж авсан байх. Тэр ачаан дотор юу байсныг сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Анхбаяр нь надад хэлэхдээ Гомбо гэх залуугийн ачаа шүү тэрийг нь өгчхөөрэй гэж хэлсэн байсан юм. Би яг хэний нэр дээр ачаа ирснийг бол мэдэхгүй байна. Турк улсаас Монгол Улс руу ирж байгаа хүний билет дээр бичүүлээд төлбөрийг нь Туркэд байхдаа төлсөн ачаа ирсэн байсан. Гаалийн бүрдүүлэлтийг Ууганаа гэх эмэгтэй хийсэн байх гэж бодож байна. Би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр нь бүх төлбөр мөнгийг төлөөд явуулсан байсан юм. Тэр залуу ачаагаа аваад баярлалаа гээд аваад явсан. Ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. Туркээс ирэхдээ бүгд төлөгдөж ирсэн байсан. Тэр залуу надаас ачаагаа авахдаа яаралтай хөдөө явуулах ачаа байгаа юм гэж хэлээд аваад явсан. Гомбо гэх залууг танихгүй. Турк улсад ажиллаж амьдардаг залуу юм шиг байсан. Нэрийг нь сонсож байсан. Турк улсад Монгол төв байдаг тэрэн дээрээс ачаа явуулдаг залуу юм шиг байна лээ. Би Гомбо гэх залууг бол харж байгаагүй.  Би сайн санахгүй байна. Анх удаагаа харж байна. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ярьсан байсан бас ачаа авсан байж магадгүй. Би сайн санахгүй байна. Утасныхаа ярьсан хэсгийг хуулбарлаад гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41-42 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.*******гийн өгсөн: “...Би тийм ачаа авч ирээгүй, Надад хүн амьтан огт юм өгөөгүй. Би өөрийн авчирсан зүйлээ өөрөө л хэрэглэсэн. Ямар нэгэн дайвар ачаа, захиас, карго огт аваагүй. Би харин миний нэрээр тийм ачаа ирсэнд гайхаж байна. Би өөрийн охин болох Мөнхзулаас асууж тодруулна. Би огт мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 78 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ы өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын ирэгчийн ачаа шалгах хэсэгт Гаалийн улсын байцаагч , Мөнхтулга, нарын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ноцтой зөрчил дутагдал гараагүй юм. Хяналт шалгалт хэвийн үргэлжилсэн. Ирсэн ачааг битүүмжлэлтэй хүлээн авч ачаа шалгах рентген аппаратаар МИАТ-ын ачигч буулгагч нар ачааг буулгаж рентгений конвейр дамжуулагч дээр тавьж рентген аппаратаар оруулж нэг бүрчлэн дэлгэц дээр хяналт тавьж байхад давхар эрэлч нохой дамжуулагч ремин дээгүүр гүйж ачаа тус бүрийг үнэрлэж шалгадаг. Ингэж шалгаж байгаад илтэд өөр өнгө дүрс өгсөн, эсвэл металл зүйлтэй гэж үзсэн ачааг реминээс буулгаад дараа нь эздийг нь байлгаж нягталж шалгаад эзэнд нь буцаан олгодог юм. Би тийм нэртэй хүмүүсийг огт танихгүй мэдэхгүй. Би энэ ачааг огт мэдээгүй. Эрсдэлийн албанаас онилогдсон зорчигч гэсэн ямар нэгэн мэдээлэл огт өгөөгүй. Эрэлч нохойг сурталтан дээр үнэрлэж юм олж байхыг харсан. Практик дээр огт харж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Рентген аппарадан дээр дээрх ачаа илт содон тусгай өнгө өгсөн гэж бодогдохгүй байна. Хэрэв тусгай өнгө өгсөн бол бид нягтлан шалгадаг юм. Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэг зорчигч ихтэй учраас зорчигч нарыг хүлээлгэхгүйн тулд МИАТ-аас өгсөн чиглэл мэдээллийн дагуу рентген аппараднуудын дэлгэцийн заасан хэсэгт очиж үүрэг гүйцэтгэдэг юм. Манай байгууллагаас сургалт орж байхад яг рентген дээр мөс явуулахад нийлэг эдлэлтэй ижилхэн өнгө өгч байсан болохоор яг мөс гэх зүйл ингэж өнгө заана гэсэн зүйл огт байхгүй учраас мэдээллээр эрсдэлээр үнэлж үүрэг гүйцэтгэдэг юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 80 дахь тал)

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд 24 цагаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр ачаа тээшний хэсэгт , , , нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед нэлээн хэдэн олон улсын нислэг ирж ачаа тээшийг нь шалгаж оруулсан байдаг. Яг тодорхой санахгүй байна. Би нэлээн хэдэн сар болж байгаа учраас яг сайн санахгүй байна. Манай байгууллагаас албан бичгээр хувиар томилгоо ирсэн бол тодорхой байгаа. Онгоц буугаад онгоцны ачаа тээшний хэсэг бүгд битүүмжлэгдээд манай гаалийн бүсэд орж ирдэг юм. Орж ирсэн бүх ачаа тээшийг нэг бүрчлэн рентген аппаратаар оруулаад эрсдэлийг тооцоод сэжиг бүхий гэх ачаануудыг авч үлдээд задалж нэг бүрчлэн заримдаа зорчигчоос амаар болон бичгээр мэдээлэл авч тулгаж үзээд ямар нэгэн зөрчил, хууль бус зүйл байхгүй бол ачааг эзэнд нь олгодог юм. Би Станбул-Улаанбаатар чиглэлийн ирсэн нислэгийг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан ирсэн бүх ачаа тээшийг нэг бүрчлэн рентген аппаратаар оруулж шалгаж оруулдаг юм. Мөн тусгай бэлтгэгдсэн эрэлч нохойгоор ачаа тээш нэг бүрийг үнэрлүүлж шалгаж оруулдаг. Хааяадаа онгоцны буудлаар том оврын ачаа тээш ихтэй онгоц ирэхэд ачаалал ихтэй үед хоёр шугамаар, хоёр рентгенээр зэрэг шалгаж оруулдаг тэгэхэд эрэлч нохой нэг талд ажиллах боломжтой байдаг юм. Цуг ээлжинд ажиллах хувиар дээр Н. гэх хүн ажиллаж байсан бол эрэлч нохой байсан ачаа тус бүрийг үнэрлэж давхар шалгасан гэж ойлгож болно. Би өөрөө тухайн үед ажиллах нөхцөл ямар байсан талаар өөрөө судалж мэдээд дахиж мэдүүлэг өгч болно. Би тийм нэртэй хүмүүсийг огт танихгүй мэдэхгүй.  Би энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Сэжигтэй зүйл, хууль бус зүйл байсан бол зохих журмын дагуу шалгаж холбогдох байгууллагад мэдэгдэж шалгуулах байсан. Би тийм хууль бус ачаа орж ирснийг мэдээгүй юм. Үнэрч нохойг бол би мэдэхгүй байна. Тусдаа чиг үүрэг бүхий байцаагч болох Н. байдаг. Н. өөрөө мэдэж байгаа байх. Харин рентген аппаратаар бол бүх ачаа тээш орж байгаа харагдаж байгаа зүйлийг бүх хяналтын байцаагч нар дэлгэц рүү харж хянаж байдаг юм. Хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл болох “мөс” гэх зүйлийг шууд хараад таних мэдэх боломжгүй харин органик зүйл бүгд нэг ижил өнгө дүрс өгдөг учир нэг бүрчлэн үзээд байх боломж байдаггүй юм. Манай ажил үүргийн хувиар тодорхойлолтод хууль бус, хязгаарласан зүйл илэрвэл шууд хураах зохих шатны байгууллагад шилжүүлэх үүрэгтэй, гаалийн бүсээр хууль бус зүйл оруулахгүй байх шууд үүрэгтэй юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 82 дахь тал)

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.ийн өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш ремэн хэсэгт гаалийн улсын байцаагч , Мөнхтулга, , нарын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Ажиллах хугацаанд ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гараагүй. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө үүрээр Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 дугаартай онгоц буусан. Уг онгоц нь том онгоц ачаа ихтэй байсан тул хоёр ремэн, рентгенээр гаалийн шалгалтыг явуулж эхэлсэн. Албаны эрэлч нохойг би хариуцаж ажиллаж байсан. Хорио цээрийн хариуцсан гаалийн улсын байцаагчаар , нөгөө гурав буюу , , Мөнхтулга нар нь хянан шалгах, нягтлан шалгах чиг үүрэгтэй ажилласан юм. Тухайн үед ачаа тус бүрийг нэг бүрчлэн рентгенээр оруулж нэг рентген дээр эрэлч нохойг байлцуулж үзлэг шалгалтыг явуулсан. Станбулаас ирсэн ачаа тээшнээс сэжиг бүхий нягталж шалгах хэд хэдэн ачаа илэрсэн би яг хэдэн ямар ачаа илэрснийг санахгүй байна. Би тийм нэртэй хүмүүсийг огт танихгүй мэдэхгүй.  Би энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Онилогдсон эрсдэлтэй зорчигчийн ачаа байгаа гээд дуудуулахаар шалгуулахаар байсан бол эрэлч нохойгоор үнэртүүлэхээр намайг дуудах ёстой байсан. Зарим ачааг бол эрэлч нохой үнэртэж чадаагүй оруулсан зүйл байж магадгүй. Бид үнэрч нохойндоо АМР-ын үнэр өгч үнэрлүүлдэг. Дээрх ачааг нохой үнэрлэсэн бол ямар нэгэн хэмжээгээр эзэндээ дохио өгөх байсан. Тийм болохоор дээрх ачаа өөр рентгенээр нохойнд үнэрлүүлээгүй орсон байх магадлалтай юм. Нохой үнэрлэхдээ үнэхээр чадвартай. Рентгенээр би 5 жилийн өмнө харж байсан 5 грамм мөс хүүхдийн тэрэгний бариулан дотроос бол рентгенээр ногоон өнгийн туяа өгч харагдаж байсан. Би тэрэн шиг байх гэж бодож байгаа. Миний хяналт тавьж байх үед бол рентгенээр ямар нэгэн сэжиг бүхий зүйл илрээгүй. Би ихэнхдээ нохой руугаа байнга харж нохойныхоо үнэрлэж байгаа чадварыг харж ажилладаг юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 84 дэх тал)

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.ын өгсөн: “Би тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын ирэх чиглэлийн зорчигчийн ачаа тээшний хяналтад хяналт шалгалтын Гаалийн улсын байцаагч , Мөнхтулга,, эрэлч нохой хариуцсан улсын байцаагч нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Нэлээн ачаалал ихтэй хэдэн нислэг ирсэн эсэхийг сайн санахгүй байна. Ямар ч байсан ноцтой зөрчил дутагдал, хориотой бараа бүтээгдэхүүн илрээгүй тайван байсан. Миний хувьд хүнсний асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгэж байсан. Турк улсаас ирж байгаа зорчигч болон ачаа маш их байдаг учир эмэгтэй гаалийн байцаагч нараар рентген аппаратад харуулаад эрэгтэй гаалийн байцаагч нар нь ачааг нааш цааш нь болгож өргөж хяналт шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлэн рентген аппаратын ремэн дээрээс буулгах тавих хяналтын цэг дээр аваачиж биет үзлэг хийх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэдэг юм.  Би тийм нэртэй хүмүүсийг огт танихгүй мэдэхгүй.  Би энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Уул нь бүх ачаа рентген аппаратаар ордог юм. Бас эрэлч нохой зарим ачааг үнэрлэдэг юм. Рентген аппаратын дэлгэцийг харж байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна. Нохойг бол би мэдэхгүй нохойны улсын байцаагч мэдэж байгаа байх. Харин рентген дээр хууль бус хар тамхины зүйл илэрвэл ногоон өнгө өгдөг гэж сургалтаар зааж байсан тэрнээс биш би яг бодитоор харж байгаагүй. Тухайн үед би рентген аппаратын дэлгэцийг харах боломж олдоогүй ажилтай байсан юм. Рентген аппаратын дэлгэцийг байнга харж хянаж байх шууд үүрэгтэй боловч дарга удирдлагуудын өгсөн үүрэг чиглэл болох эмэгтэй гаалийн байцаагч нараар ачаа бичгийг зөөлгөж бай гээд байдаг учир ачаа тээштэй зууралдаж байсан юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 86 дахь тал)

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.ийн өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 08 цаг 30 минутаас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл 24 цагийн цагийн үүргийг гаалийн улсын ахлах байцаагчийн хуваарилсан ажил үүргийн хуваарийн дагуу зорчигчийн ачаа шалгах рентген аппаратан дээр хуваарилагдсан ажилласан. Тухайн үед гаалийн улсын байцаагч эрэлч нохой хариуцсан байцаагч , хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч Мөнхтулга, Хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч , хорио цээрийн гаалийн улсын байцаагч нарын хамт үүрэг гүйцээж байсан. Тухайн ажиллах хугацаанд хэдэн нислэг ирснийг бол тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан ирсэн нислэг болгоны зорчигчийн ачаа тээшийг нэг бүрчлэн рентген аппаратаар 100 хувь шалгаж хяналт тавьж оруулж ажилласан байгаа юм. Том оврын онгоцоор ирсэн нислэг зорчигч ихтэй учраас ачаа ихтэй байдаг учир хоёр рентген аппарат ажиллуулан ачаа тээшийг шалгаж оруулдаг. Тухайн үед би хэнтэй аль рентген дээр ажилласнаа сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг рентген аппарат дээр нэг эрэгтэй гаалийн улсын байцаагчтай нь цуг ажиллаж рентген аппаратын дэлгэцийг хянаж дэлгэцээр сэжиг бүхий өнгө дүрс өгсөн ачаа тээшийг татан авч нягтлан шалгаж биечлэн үзлэг хийдэг юм. Тухайн өдрийн ээлжинд ачаа тээшнээс ноцтой зөрчилтэй ачаа тээш гараагүй тайван байсан. Манай эрсдэлийн байцаагчаас онилогдсон зорчигчийн нэрс өгвөл тэр онилогдсон хүний ачаа тээш, гар тээш, биеийг 100 хувь биед үзлэг хийж шалгадаг юм. Би тийм нэртэй хүмүүсийг огт танихгүй мэдэхгүй.  Ямар нэгэн сэжиг бүхий зүйл илрээгүй. Тухайн үеийн ачаа тээшийг 100 хувь рентген аппаратаар шалгаж оруулсан. Би энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Би үнэрч нохойн талаар бол мэдэхгүй байна. Хариуцсан алба хаагч нь мэдэж л байгаа байх гэж бодож байна. Манай байгууллагаас орсон сургалтаар бол хар тамхины төрөлд ордог “мөс” гэх бодис нь рентген аппаратаар цайвар ногоон өнгөтэй харагддаг, бусад бодис нь улбар шар өнгөтэй харагддаг гэж заасан. Яг бодит байдал дээр ачаа тээш болгонд улбар шар, цайвар ногоон өнгө өгдөг тэр болгоныг шалгаж нягталдаг юм. Орж ирж байгаа ачаа тээшний 70-80 хувьд нь дээрх өнгө илэрдэг учир түүн дотроос сэжиг бүхий ачаа тээшийг татаж биечлэн нягталж шалгадаг юм. Нисэх онгоцоор ирээд ачаа битүүмжлэгдэж буугаад Гаалийн хяналтын бүсэд орж ирээд Гаалийн хяналт шалгалт хийгдээд Гаалийн хяналтын бүсээс гарч явах үеийг Монгол улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ.Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 89 дэх тал)

15. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хавтаст хэргийн 105-106 дахь тал)

16. Эд мөрийн баримтад үзлэг хийсэн “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5943 дугаартай дүгнэлтээр хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон №1 гэж дугаарласан зиплок ууттай түүн дотор давхар гялгар ууттай нийт жин нь 4.6965 грамм /Цэвэр жин нь 0.0413 грамм/ бодис, №2 гэж дугаарласан цагаан саарал өнгийн жин хэмжигч 1 ширхэг, №3 гэж дугаарласан ягаан өнгийн тагтай дотроо цагаан цэнхэр өнгийн соруултай хуванцар сав 1 ширхэг, №4 гэж дугаарласан гялгар ууттай AW7816235, АS9324369, АU840595 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, улаан ягаан өнгийн соруул 1 ширхэг, №5 гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор Тоди нэртэй цагаан өнгийн живх түүн дотор www.Scilab.kr гэсэн бичиглэлтэй 1-ээс 6 хүртэл дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй бодисууд байх ба 1 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 23.5068 грамм /цэвэр жин нь 15.396 грамм/, 2 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 22.0017 грамм /цэвэр жин нь 14.997 грамм/, 3 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 27.1678 грамм /цэвэр жин нь 18.821 грамм/, 4 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 24.5425 грамм /цэвэр жин нь 16.2066 грамм/, 5 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 22.1093 грамм /цэвэр жин нь 14.9827 грамм/, 6 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 23.4217 грамм /цэвэр жин нь 14.8088 грамм/, №6 гэж дугаарласан гялгар ууттай Ариун гэсэн бичиглэлтэй /хэрэглүүр болгож соруул гаргаж хийсэн/ хуванцар сав, таг хэсэг нь шилэн гуурсан бөөрөнхийтэй зэрэг зүйлс байх ба “мөс” гэх нэршилтэй бодисуудыг хэмждэг багаж болох Трунарк багажаар хэмжихэд Methamphetamine гэсэн илэрцүүд гарч ирэх ба уг багажийн 576,577,578,579,580,581 дугаарт бүртгэгдсэн байгаа болохыг тэмдэглэлд тусгаж үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэсэн тэмдэглэл  (1-р хавтаст хэргийн 107 дахь тал),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5944 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Л.******* гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 115-116 дахь тал)

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5943 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “ХТТГ” гэж хаягласан цагаан өнгийн уутанд хийж ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай дотроо соруул мэт зүйлтэй хуванцар сав, №3 гэж дугаарласан ягаан өнгийн тагтай, дотроо соруул мэт зүйлтэй хуванцар сав, №4 гэж дугаарласан  Монгол улсын “AW7816235” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол улсын “AU1840595” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, улаан өнгийн соруул мэт зүйл, №5 гэж дугаарласан хүүхдийн памперс, №5.1. гэж дугаарласан мөс мэт зүйл, №5.2. гэж дугаарласан мөс мэт зүйл, №5.3. гэж дугаарласан мөс мэт зүйл, №5.4. гэж дугаарласан мөс мэт зүйл, №5.5. гэж дугаарласан мөс мэт зүйл, 5.6. гэж дугаарласан мөс мэт зүйл, №6 гэж дугаарласан шилэн бортого, цагаан өнгийн соруул, гар ариутгагч гэсэн бичиглэлтэй резинэн соруулахаар холбогдсон өнгөгүй хуванцар сав тус бүрээс метамфетамин /Methamphetamnne/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1917 оны “ СЭТГЭЦЭД нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. №4 гэж дугаарласан Монгол улсын “А39324369” серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. №1 гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.0413 грамм, №5.1. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 15.3961 грамм №5.2. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.9977 грамм, №5.3. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 18.8211 грамм, №5.4. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 16.2066 грамм, №5.5. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.9827 грамм, №5.6. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.8088 грамм байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 122-123 дахь тал)

19. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1185 дугаартай  “Л.******* нь сэтгэцийн өвчнөөр урьд өмнө өвчилж байсан гэх баримт үгүй байна. Л.******* нь сэтгэцийн хувьд F15 Сэтгэц идэвхт бодисын хэтрүүлэн хэрэглээтэй байна. Л.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 154 дэх тал) зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Л.******* нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”  бодисын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй олон хэсэг боодолтой нийт цэвэр жин нь 95.2543 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь:

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаагаар Л.*******ын оршин суух Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол 57 дугаар байрны авто зогсоолын хажууд байршуулсан улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бус эд зүйл байгаа гэсний дагуу уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд №1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд 3.9 грамм, №5 гэж дугаарласан хүүхдийн памперс доторх гялгар ууттай мөс мэт зүйлсийг №5.1  гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 18.6 грамм, № 5.2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг жинлэхэд 18,1 грамм, №5.3 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг жинлэхэд 22,4 грамм, №5.4 гэж дугаарласан гялгар ууттай мэт зүйлийг жинлэхэд 19,7 грамм, №5.5 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлсийг жинлэхэд 17,4 грамм, №5.6 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийг жинлэхэд 18,7 грамм зэргийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч, мөн өдөр Л.*******оос биологийн дээж авч шинжлэхэд түүнээс кетамин, экстази, метамфетамин, амфетамин зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой, “худалдан борлуулах зорилго”-тойгоор мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг үлэмж ихэсгэх үр дагавартай учир уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж хуульчлагдсан.

 Тухайлбал Л.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд №1 гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.0413 грамм, №5.1. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 15.3961 грамм, №5.2. гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.9977 грамм,  №5.3 гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 18.8211 грамм,  №5.4 гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 16.2066 грамм, №5.5 гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.9827 грамм, №5.6 гэж дугаарласан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 14.8088 граммтайгаар  мансууруулах бодисыг олон хэсгээр жижиглэн, хүүхдийн памперсны дотор гялгар уутанд боож хийсэн байдал, нийт цэвэр жингийн 95.2543 грамм хэмжээ зэргээс дүгнэхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.******* болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Чинбатаас “...2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн;

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагаас “миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал, дүгнэлт тус тус гаргаж оролцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.*******од Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр  ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй, мансууруулах бодисын хэрэглээтэй байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны болон бусад хүмүүсийг хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Иймд өмгөөлөгч Б.Чинбатаас гаргасан “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилийн хорих ял оногдуулах” өмгөөлөгч Н.Нарантуяагаас гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Л.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.  

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Дөрөв. Бусад асуудлын талаар

Энэ хэргийн хувьд Л.******* нь хууль бусаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон.

(1-р хавтаст хэргийн 168 дахь тал)-д авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашин нь “Жи Эс Би” капитал ББСБ-ын өмчлөлийнх байх ба тухайн автомашин “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр 17.147.500 төгрөгөөр  үнэлэгдсэн байна.

Энэ талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор өөрийн бус тээврийн хэрэгсэлд хадгалсан нь тогтоогдсон тул бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг хураах, түүний үнийг улсын төсөвт шилжүүлэх  шаардлагагүй гэсэн санал дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан AW7816235, AS9324369, AU1840595 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт 3 ширхэг,  №1 гэж дугаарласан зиплок уутан дахь давхар гялгар ууттай нийт жин нь 4.6965 грамм /Цэвэр жин нь 0.0413 грамм/ бодис, №2 гэж дугаарласан цагаан саарал өнгийн жин хэмжигч 1 ширхэг, №3 гэж дугаарласан ягаан өнгийн тагтай дотроо цагаан цэнхэр өнгийн соруултай хуванцар сав 1 ширхэг, №4 гэж дугаарласан гялгар ууттай улаан ягаан өнгийн соруул 1 ширхэг, №5 гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор Тоди нэртэй цагаан өнгийн живх түүн дотор www.Scilab.kr гэсэн бичиглэлтэй 1-ээс 6 хүртэл дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй бодисууд байх ба 1 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 23.5068 грамм /цэвэр жин нь 15.396 грамм/, 2 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 22.0017 грамм /цэвэр жин нь 14.997 грамм/, 3 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 27.1678 грамм /цэвэр жин нь 18.821 грамм/, 4 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 24.5425 грамм /цэвэр жин нь 16.2066 грамм/, 5 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 22.1093 грамм /цэвэр жин нь 14.9827 грамм/, 6 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 23.4217 грамм /цэвэр жин нь 14.8088 грамм/, №6 гэж дугаарласан гялгар ууттай Ариун гэсэн бичиглэлтэй /хэрэглүүр болгож соруул гаргаж хийсэн/ хуванцар сав, таг хэсэг нь шилэн гуурсан бөөрөнхийтэй зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц AW7816235, AS9324369, AU1840595 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт 3 ширхгийг Монгол банканд шилжүүлж, бусад эд зүйлсийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхийн 1188 дугаартай  шүүгчийн захирамжаар Л.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорьсон.  Түүний цагдан хоригдсон 02 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцно.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй  болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Л.*******ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан AW7816235, AS9324369, AU1840595 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт 3 ширхгийг Монгол банканд шилжүүлж,

№1 гэж дугаарласан зиплок уутан дахь давхар гялгар ууттай нийт жин нь 4.6965 грамм /Цэвэр жин нь 0.0413 грамм/ бодис, №2 гэж дугаарласан цагаан саарал өнгийн жин хэмжигч 1 ширхэг, №3 гэж дугаарласан ягаан өнгийн тагтай дотроо цагаан цэнхэр өнгийн соруултай хуванцар сав 1 ширхэг, №4 гэж дугаарласан гялгар ууттай улаан ягаан өнгийн соруул 1 ширхэг, №5 гэж дугаарласан гялгар ууттай түүн дотор Тоди нэртэй цагаан өнгийн живх түүн дотор www.Scilab.kr гэсэн бичиглэлтэй 1-ээс 6 хүртэл дугаарласан зиплок ууттай “мөс” гэх нэршилтэй бодисууд байх ба 1 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 23.5068 грамм /цэвэр жин нь 15.396 грамм/, 2 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 22.0017 грамм /цэвэр жин нь 14.997 грамм/, 3 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 27.1678 грамм /цэвэр жин нь 18.821 грамм/, 4 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 24.5425 грамм /цэвэр жин нь 16.2066 грамм/, 5 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 22.1093 грамм /цэвэр жин нь 14.9827 грамм/, 6 гэсэн гялгар зиплок ууттай жин нь 23.4217 грамм /цэвэр жин нь 14.8088 грамм/, №6 гэж дугаарласан гялгар ууттай Ариун гэсэн бичиглэлтэй /хэрэглүүр болгож соруул гаргаж хийсэн/ хуванцар сав, таг хэсэг нь шилэн гуурсан бөөрөнхийтэйг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Л.******* бусдад төлөх төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй  болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ