| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/03064/И |
| Дугаар | 183/ШШ2019/02819 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2019/02819
| 2019 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2019/02819 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,
Хариуцагч: Л.Ц-д холбогдох,
Хариуцагч: Ц.Д-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 63.844.875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ...... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Ө” ХХК-ийн Г бетон зуурмагийн үйлдвэрээс иргэн Л.Ц, Ц.Д нар нь “С” ХХК-иар дамжуулан 250 маркийн 358 м3 хэмжээтэй, нийт 51.432.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 015/019 дугаар гэрээний дагуу авсан. Иргэн Л.Ц, Ц.Д нар нь авсан зуурмагаар амины зориулалттай хаусны барилга барьж ашиглалтанд өгсөн байсан. Авсан зуурмагийн төлбөрт 8.868.750 төгрөгийн цементийг нийлүүлснийг нийт төлөлтөөс хассан. Зуурмаг нийлүүлсэн тооцоог тухай бүр нь Л.Ц, Ц.Д нарт болон санхүүгийн ажилтанд танилцуулж, тооцоо нийлж байсан. Л.Ц, Ц.Д нар манай компанид төлөх тооцоогоо хожимдуулж төлж байгаагаа илэрхийлэн албан бичиг бидэнд өгч байсан. Ингээд төлбөрийн үлдэгдэл болох 42.563.250 төгрөг, алданги 21.281.625 төгрөг, нийт 63.844.875 төгрөгийг “С” ХХК, Л.Ц, Ц.Д нараас гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК, Л.Ц, Ц.Д- нарт холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 63.844.875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“С” ХХК, “Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 015/019 дүгээр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ээр нийлүүлэгч “Ө” ХХК нь ............ дугаар хороонд байрлах барилгын талбайд М250 маркийн техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан 800 м.куб бетон зуурмагийг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд нийлүүлэх, захиалагч “С” ХХК нь нэг м.куб бетон зуурмагийн үнэд 134.000 төгрөг, нийт 800 м.куб бетон зуурмагийн үнэд 107.200.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулжээ.
Уг гэрээний дагуу худалдагч “Ө” ХХК-иас 51.432.000 төгрөгийн үнэ бүхий 358 м.куб бетон зуурмагийг “С” ХХК-д бэлтгэн нийлүүлсэн, худалдан авагч “С” ХХК-иас 8.868.750 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан “Бүтээгдэхүүн борлуулалтын бүртгэл” гэсэн баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтаар нотлогдож байна.
Иймд хариуцагч “С” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох /худалдагчаас 51.432.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс худалдан авагчийн төлсөн 8.868.750 төгрөгийг хасаж тооцон, үлдэх/ 42.563.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т “захиалагч тал төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 42.563.250 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 21.281.625 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн “...гэрээний үүргийн гүйцэтгэлд 63.844.875 төгрөгийг Л.Ц, Ц.Д- нараас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь маргааны зүйл болох “С” ХХК, “Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 015/019 дүгээр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ээр Л.Ц, Ц.Д нар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “Ө” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй юм.
Хавтаст хэрэгт авагдсан Б дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 300ш5/1175 дугаар албан бичигт “...шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/......... дүгээр шийдвэрээр Л.Ц, Ц.Д нарыг эрэн сурвалжилж, хаягийг нь олж тогтоосон болно” гэсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2019/..... дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагч “С” ХХК, Л.Ц, Ц.Д нарын хаяг тодорхойгүй...” гэсэн баримтаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болохыг дурдав.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “С” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 42.563.250 төгрөг, алданги 21.281.625 төгрөг, нийт 63.844.875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, хариуцагч Л.Ц, Ц.Д нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүхээс хариуцагч С” ХХК, Л.Ц, Ц.Д нарт нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 05, 07-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Игэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 63.844.875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, хариуцагч Л.Ц, Ц.Д нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 477.175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 477.175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД