Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 121/ШШ2022/0007

 

 

2022 оны 02 сарын 28-ны өдөр            Дугаар 121/ШШ2022/0007                                   Арвайхээр сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэл,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэн,

            Гуравдагч этгээд Батбаярын Бүрэнзэвсэг нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэл, хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирбат, Гуравдагч этгээд Б.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “... Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжиж ирсэн Уянга сумын 7 дугаар багийн нутаг Бөөрөлжүүт гэх газар иргэн Батбаярын Бүрэнзэвсэг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр алт олборлох зорилгоор 1 метр орчим газар ухаж газрын хэвлийд хууль бусаар халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10.1-д заасны дагуу 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 0045074 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.                                                                                                               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                                                             Гомдол гаргагч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэл хариуцагчийн хүсэлттэй холбогдуулж хэлсэн тайлбартаа: Хүсэлттэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.                                                                                           Гуравдагч этгээд Б.Бүрэнзэвсэгээс хариуцагчийн хүсэлттэй холбогдуулж хэлсэн тайлбартаа: Татгалзах зүйл байхгүй гэв.                

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэнд холбогдох “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045074 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Бүрэнзэвсэгийг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүх хуралдаанд бичгээр гаргажээ.

Мөн гуравдагч этгээд Б.Бүрэнзэвсэг нь хүсэлттэй холбогдуулж хэлсэн тайлбартаа хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Иймд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045074 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Бүрэнзэвсэгийг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Очирсүрэн зөвшөөрснийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ