| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 114/2025/0033/3 |
| Дугаар | 221/МА2025/0606 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0606
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 114/ШШ2025/0033 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 114/2025/0033/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараагаас захиалагч талаас ажил үйлчилгээ худалдан авах гэрээний төслийг ирүүлэх, талууд гэрээнд гарын үсэг зурах, захиалагчаас тогтоосон хугацаанд гэрээг баталгаажуулах ажиллагаа хийгдэхийг хүлээснээр энэхүү маргаан бүхий харилцаа үүссэн. Хэдийгээр гэрээ байгуулах мэдэгдэл нь хэлбэр талаас “Э” ХХК-д ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах хугацаа тогтоосон боловч албан ёсоор гэрээ байгуулахад тендерт оролцогч, захиалагч талуудын буюу хэлцэл хийгч 2 талын хүсэлт зориг шаардлагатай байдаг. Захиалагч тал хэт идэвхгүй байр суурьтай, элдэв шалтаг тоочиж хугацаа авсан, судалж байгаа зэрэг байдал гаргасныг нэхэмжлэгч тал тэвчээртэй хүлээсээр байсан. “Э” ХХК-иас арга буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Б, Г.О, Байгаль орчны Улсын байцаагч Э-ий утсаар яриа болон мессеж бичих зэргээр холбогдоход хүлээж бай, төрийн байгууллагууд хоорондоо харилцаж судалж байгаа гэсэн хариуг өгдөг. Төрийн байгууллагын холбогдох ажилтнуудын энэхүү ойлгомжгүй, тодорхой бус нөхцөл байдлаас болж ажил үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулж чадалгүй эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөнд гомдолтой байна.
3.2 Төрийн байгууллага, албан тушаалтнуудаас дээрх хүлээлт үүсгэсэн хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 07, 10, 16-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн тендерийн материалыг дахин хянан үзэж хэлэлцсэн, нэхэмжлэгчийн тендерээс татгалзах агуулга бүхий хуралдаан зохион байгуулсан хурлын тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 92 дугаартай “Алхими” ХХК нь 1 га газрыг 22,000,000 төгрөгөөр, “Бугант нандин” ХХК 1 га газрыг 24,193,183 төгрөгөөр хийсэн мэдээлэл гэх агуулгатай албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан нь нэхэмжлэгчтэй анхнаасаа гэрээ байгуулах зорилгогүй байсан, цаашлаад хуулиар эрх олгоогүй шийдвэр гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулсан шийдвэрийг дахин хэлэлцсэн, хэн ч, ямар ч нөхцөлд үйлдэх эрхгүй үйл ажиллагааг дур зоргоороо хэрэгжүүлсэн байдал илт харагддаг.
3.3 Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзалгүй, хэрэгт хавсаргасан баримтуудыг үнэлэхгүй, зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зөвтгөсөн байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд энэ мэт хууль бус үйл ажиллагаанаас зөвхөн нэхэмжлэгч тал хохироод зогсохгүй, цаашид хувийн хэвшлийн олон аж ахуй нэгж, байгууллагад хортой үр дагавар үүсгэх, төрийн байгууллагын хууль ёсны шийдвэр, үйл ажиллагааг хуулиар эрх олгогдоогүй өөр нэг албан байгууллага, албан тушаалтан дур зоргоороо үгүйсгэдэг, хянадаг буруу жишиг, практик байж болохгүй.
3.4 Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Уул уурхай болон бусад үйл ажиллагаанаас эвдэрч эзэнгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх” ДААХААГ/20250******* дугаар бүхий тендерт “Э” ХХК-ийг шалгаруулж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” *** дугаар албан бичгээр “...ДААХААГ/20250******* дугаар бүхий тендер шалгаруулалтад гомдол гарч дахин үнэлгээ хийхэд танай ирүүлсэн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож...” байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгджээ.
4. Мөн тус газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дүгээр албан бичгээр “2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зарласан Уул уурхайн болон бусад үйл ажиллагаанаас эвдэрч эзэнгүй орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх, ДААХААГ/20250******* дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтад “хамгийн сайн” тендер ирүүлсэн “Э” ХХК-тай 55,031,000 төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг...” захиалагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Б-д хүргүүлсэн байна.
5. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5-10/*** дугаар албан бичгээр “...тендер хүчинтэй байх хугацаа 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд гэрээ байгуулах боломжгүй” талаар нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 30.4-д “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно”, 30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заажээ.
7. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас *** дугаар албан бичгээр “...гэрээ байгуулах эрх олгож, ...Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараа худалдан авах гэрээг баталгаажуулж (аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст) ирүүлэх”-ийг тендерт шалгарсан “Э” ХХК-д мэдэгдсэн, мөн *** дүгээр албан бичгээр “...гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлж, ...Тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дотор тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах” талаар захиалагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст тус тус мэдэгдсэн байна.
8. “Э” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлж 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25***, 04 дүгээр сарын 23-ны өдрийн 25/*** дугаар албан бичгийг хүргүүлсэн гэх боловч тус хэлтэст дээрх албан бичгүүд ирээгүй болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хуульд заасны дагуу гэрээ байгуулах мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа буюу *** дугаар албан бичигт дурдсан хугацаанд болон мөн тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээг баталгаажуулахаар эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлээгүй бөгөөд өөрийн зүгээс хуулийн хугацаанд багтаан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байх тул уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
10. Иймээс Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-д “гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, захиалагчид хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
11. Нэгэнт захиалагч болон “Э” ХХК нарын хооронд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хугацаанд гэрээ байгуулагдаагүй, мөн нэхэмжлэгчээс гэрээг баталгаажуулахаар хүргүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 30.4-д зааснаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцох боломжгүй юм.
12. Анхан шатны шүүхийн “...Гэрээг баталгаажуулах хугацааг тогтоож өгсөн байхад ажлын 6 хоногийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээг баталгаажуулж хүргүүлэх үүрэгтэй байсан” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “...гэрээ байгуулах мэдэгдэл нь хэлбэр талаас “Э” ХХК-д ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах хугацаа тогтоосон боловч албан ёсоор гэрээ байгуулахад тендерт оролцогч, захиалагч талуудын буюу хэлцэл хийгч 2 талын хүсэлт зориг шаардлагатай байдаг. Захиалагч тал хэт идэвхгүй байр суурьтай, элдэв шалтаг тоочиж хугацаа авсан” гэх давж заалдах гомдол хүлээн авах үндэслэлгүй.
13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА