Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 948

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00420 дугаар шийдвэртэй, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 40 653 567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваахүү, Д.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “Н” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2 дахь хэсэгт заасан “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1-т “өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна”, 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”, 17.1.1-д “албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчин 2017 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 27 102 378 төгрөгийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Уг шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хариуцагчид улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 27, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдэл, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн уулзалтын тэмдэглэл хүргүүлсэн ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т заасан “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ  төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.3.1-д заасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтуудыг үндэслэн хугацаа хэтрүүлсэн алданги 13 551 189 төгрөгийн хамт 40 653 567 төгрөгийн шимтгэлийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 27 102 378 төгрөгийн өртэй байгаа нь үнэн, нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэл гаргаж алданги 13 551 189 төгрөг, нийт 40 633 567 төгрөг нэхэмжилсэн байна. Тус компани одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд дээрх үнийн дүнгээс үндсэн төлбөрийн 27 102 378 төгрөгийг 1 жил буюу 12 сарын хугацаанд сар бүр 2 500 000 төгрөгөөр, 2018 оны 12 дугаар сард 397 622 төгрөгийг төлснөөр барагдуулж дуусгах боломжтой гэжээ.

 

Хан-Уул дүүргийн прокуророос төрийг төлөөлж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ тус компани биелүүлээгүй тул мөн хуулийн 20.1.2-т зааснаар алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 40 653 567 төгрөг гаргуулан, Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас хураамжид 361 218 төгрөг гаргуулан орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани Нийгмийн даатгалын байгууллагад гаргавал зохих тайлангаа тухай бүр, цаг хугацаандаа тайлагнасан. Шүүх шийдвэр гаргахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн. Манай компанийн зүгээс хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуун дарагдуулж, хэмжээг нь санаатайгаар бууруулах ямар ч оролдлого хийгээгүй байхад шүүх ийнхүү “нуун дарагдуулсан, хэмжээг бууруулсан байна” гэж үзэн шийдвэрлэсэнд гомдолтой. Мөн шүүхээс Иргэний хуулийг баримтлан алдангийг хасах эсхүл алдангийн хэмжээг бууруулах боломжтой байхад эдийн засгийн хямралтай үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр алдангийг дээд хэмжээгээр ногдуулсанд гомдолтой. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар шүүх шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхээс тогтоосон 13 551 189 төгрөгийн алданги тооцох шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 27 102 378 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 13 551 189 төгрөг, нийт 40 653 567 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг буюу алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар хариуцагч “Н” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл тус бүрээр, хуульд заасан хувь хэмжээгээр, сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлээгүйгээс 27 102 378 төгрөгийн шимтгэл төлөгдөхгүй хуримтлагдаж өр үүсгэсэн үйл баримт тогтоогджээ. /хх5-8/

 

Шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн 27 102 378 төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлж, алдангийг хуульд нийцүүлэн тооцож 13 551 189 төгрөг, нийт 40 653 567 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагчийн хувьд алдангид тооцсон 13 551 189 төгрөгийг төлөх санхүүгийн боломжгүй талаарх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй, хөдөлмөрийн сан, түүнтэй адилтгах орлогыг нуун дарагдуулсан гэж үзэн хуульд заасан дээд хэмжээгээр алданги тогтоосон, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг анхаарч үзээгүй гэх үндэслэлийг давж заалдах гомдолд заажээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн ажил олгогчид хариуцлага хүлээлгэх тухай Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шимтгэл төлөгч нь шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан гэх зохицуулалтыг шүүх алданги ногдуулахтай холбогдуулж дүгнэсэн нь оновчтой бус болжээ. Гэвч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн хувьд алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА