Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/980

 

 

 

 

 

 

 

  2023         07         06                                   2023/ШЦТ/980

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Мөнхтулга

шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****-ийн *****-д холбогдох эрүүгийн “2306 02551 2001” дугаартай хэргийг шүүх 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ***** тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 8 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ***** овогт *****-ийн ***** /РД:*****/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ***** нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны шөнийн 4 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадна *****, ***** нартай маргалдаж улмаар өөрийн унаж байсан ***** УАУ улсын дугаартай Toyota Aqua загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө *****-ын өмчлөлийн ***** УАЕ улсын дугаартай Toyota Aqua, *****-ийн өмчлөлийн ***** УЕЕ улсын дугаартай Toyota Prius 41 загварын тээврийн хэрэгслүүдийг санаатайгаар мөргөж, гэмтээн нийт 4.619.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр тал/, шүүгдэгч *****-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10 дугаар тал/, шүүгдэгч ******-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар тал/, хохирогч *****-ын мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, хохирогч *******-ийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч ******-н мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, гэрч ******-ын мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/, гэрч ******-ийн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/, гэрч ******-ийн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/, Мастер үнэлгээ ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 33791 дугаар дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/, Мастер үнэлгээ ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 33790 дугаар дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дугаар дүгнэлт /хх-ийн 49 дүгээр тал/, шүүгдэгч ******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч ***** нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны шөнийн 4 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадна *****, ***** нартай маргалдаж улмаар өөрийн унаж байсан ***** УАУ улсын дугаартай Toyota Aqua загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө *****-ын өмчлөлийн ***** УАЕ улсын дугаартай Toyota Aqua, *****-ийн өмчлөлийн ***** УЕЕ улсын дугаартай Toyota Prius 41 загварын тээврийн хэрэгслүүдийг санаатайгаар мөргөж, гэмтээн нийт 4.619.300 төгрөгийн хохирол учруулсан  болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *****-ийн өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн **** УЕЕ улсын дугаар аспалтан саарал өнгийн Toyota Prius-41 маркийн тээврийн хэрэгслээ 2023 оны 4 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн * дугаар хороо ** байрны * дугаар орцны гадаа байрны зам дагуу зогсоол дээр тавьчхаад гэртээ орсон. Өглөө 5 цагийн орчим манай хаалгыг хүн тогшихоор нь онгойлгоход цагдаа ирчихсэн машиныг чинь гадаа мөргөчихсөн байна гэхээр нь би гараад гараад иртэл миний машины ард байсан саарал өнгийн Aqua машин мөргөөд мөргүүлсэн Aqua машин нь миний эзэмшлийн **** УЕЕ улсын дугаартай аспалтан саарал өнгийн Toyota Prius-41 маркийн тээврийн хэрэгслийн арын куперийг мөргөж гэмтэл учруулсан байсан. Цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

 

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *****-ын өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн орчимд өөрийн хадам ах *****-н нэр дээр байдаг /худалдаж авсан нэрээ шилжүүлээгүй/ **** УАЕ улсын дугаартай саарал өнгийн Toyota Aqua машиныг өөрийн амьдардаг ** дугаар байрны * дугаар орцны гадаа зам дагуу байрлуулан тавьсан. Маргааш өглөө буюу 2023 оны 4 дүгээр сарын 16-ны 6 цагийн орчим над руу цагдаагаас залгаад “машиныг чинь мөргөсөн байна гараад ир” гэхээр нь гараад иртэл миний машины арын купер миний машин мөргүүлсний улмаас урд зогсож байсан хар өнгийн Toyota Prius-41 машиныг урд талаараа мөргөсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч *****-н өгсөн: “...Манай ***** ХХК-нь 2015 оноос хойш банк санхүү, зээлийн үйлчилгээ гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай ******* ХХК-аас иргэн *****-ийн ***** нь иргэн ******-ийн ******-аас худалдах худалдан авах гэрээгээр мөнгөлөг өнгийн Toyota Aqua **** УАУ улсын дугаартай тээврийн худалдан авахдаа манай ****** ХХК-ны автомашины дугааргүй худалдан авалтын лизингийн зээлээр урьдчилгаа 3.600.000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдсан *******-т өгч манай ХХК- аас 14.400.000 төгрөгийн лизингийн зээл гаргуулан авч **** УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай ***** ХХК-ны өмчлөлд шилжүүлсэн.****** нь 36 сарын хугацаа буюу 3 жилээр cap болгон буурах дарааллаар үндсэн зээл 14,400,000 түүний хүү 7,838,506 төгрөг нийт 22,338,506 төгрөгийн төлөлт хийхээр гэрээ байгуулсан. Иргэн ****** нь cap болгоны төлөлтөө хугацаанд ерөөсөө хийж байгаагүй дандаа хоцроож хийдэг, сүүлийн хоёр сарын төлбөр хийгдээгүй, утсаар нь ярихаар их харилцаа муутай, нөхөр нь утсаа авахаараа харилцаа муу байдаг, **** нь ерөөсөө утсаа авдаггүй зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул манайх зээл гаргуулсан **** УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ иргэн *****-ээс буцаан авах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “...***** нь хааяа хааяа миний машиныг авч явж халтуур хийчхээд бензин хийгээд өгдөг юмаа. 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр намайг гэртээ байж байхад***** нь 22 цагийн орчим ганцаараа ирээд надаас асуугаад миний машиныг авч яваад “халтуур хийж байгаа ирье” гээд хашаанаас **** УАУ улсын дугаартай саарал өнгийн Aqua машиныг аваад явсан. Маргааш өглөө нь буюу 7 цагийн орчим ***** нь миний дугаар луу залгаад Баянзүрх дүүрэгт явж байгаад машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар мэдэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “...Би Дархан-Уул аймгаас 2023 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим багын найз ******-ын гэр болох Баянзүрх дүүргийн * дугаар хороо ** байрны * дугаар орц ** тоотод ирсэн. Намайг ******-ын гэрт ирэхэд манай найз эхнэр хүүхдийн хамт гурвуулаа байж байсан. ***** бид хоёр 22 цаг өнгөрөөгөөд хамт гадагшаа гарч байрныхан арын дэлгүүрээс 2 том пиво худалдан аваад буцаад гэрт нь орж хувааж уусан. Өглөө 04 цагийн орчим бид хоёр дахин пиво авч уухаар гадагшаа гараад Баянцээлийн CU дэлгүүр ороод 1 том савтай пиво авчхаад буцаад *****-ын орцны гадаа ирээд манай найз “тамхи татчихаад оръё” гээд орцны гадаа сууцгаасан. Манай найз тамхиа асаах гэсэн боловч гал байхгүй байсан болохоор жоохон сууж байсан. Тэр үед бид хоёрын урдуур жинсэн өмд, жинсэн яактай саарал саравчтай малгайтай залуу явж байхаар нь би “хөгшөөн гал байна уу?” гэсэн чинь нөгөө залуу эргэж хараад “зүгээр явуулчхаарай” гэж хэлээд цаашаа чигээрээ яваад нэг орц уруу орчихсон. Удалгүй орцноос нэг эмэгтэй хүнтэй хамт нөгөө залуу гарч ирээд бид хоёрын урдуур явсан. Тэгэхээр нь би тэр залууг “хөөе чи буруугаар ойлгоод байна, чамаас би гал асуусан юмаа” гэсэн чинь нөгөө залуу “зүгээр явуулчхаарай” гээд урдаас хэдэрлээд уурлаж байгаад надад шар өнгийн асаагуур гаргаж өгсөн. Би *****-т нөгөө галыг нь өгч тамхийг нь асаалгачхаад буцаад галыг нь өгөх гэсэн чинь нөгөө залуу өөдөөс “банди нар минь зүгээр явуулчхаарай” гэхээр нь өөдөөс би уурлаад “ахын дүү андуураад байгаарай” гэхэд нөгөө залуу хаанаасаа юм бүү мэд хар иштэй жижиг хутга гаргаж ирээд баруун гартаа бариад ухраад “андуураад байгаарай” гээд байсан. Хамт явж байсан эмэгтэй нь бид хоёрын дундуур ороод манай найз залууг уучлаарай жоохон түргэн ууртай юмаа гээд бас манай найз *****-тай тэр эрэгтэй бас маргалдаж хэрэлдсэн. ***** нөгөө залууд хандан “чи хутга барьж байгаад арыг нь даах уу?” гэж хэлээд бид хоёр тэр залуугийн урд алхсан, харин харин нөгөө залуу ухраад өөрийн унаж явсан байрны гадаа зам дээр зогсоосон саарал өнгийн Aqua машиндаа суусан. Найз эмэгтэй нь бас машиныхан хажууд суусан. Тэр залуу машинаа ухраасан би замын хажуу талын явган хүний зам дээр алхаж байсан, харин манай найз **** нөгөө залуугийн машины урдуур замаар гарч байсан чинь нөгөө залуу машинаа гэнэт урагшаа хурдтай давхиад манай найз *****-ыг мөргөх шиг болсон манай найз үсэрсэн, харин нөгөө зуугийн машин урд зам дагуу зогсож байсан саарал өнгийн акуа машины араас нь хүчтэй мөргөөд тухайн машин нь урд талын хар өнгийн Toyota Prius 41 машиныг мөргөсөн. Манай найз тэр үед дээш үсэрсэн тулдаа хөлөө хоёр машины голд дайруулаагүй гутал нь сугараад машин дээр нь гарч унасан. Хажуу талаас нэг эмэгтэй гүйж ирээд “хүн дайрчихлаа шд ээ” гээд ирээд “би бүгдийг нь харлаа сая би утсаараа видео калл хийж байхдаа болсон зүйлийн талаар бичлэг хийчихлээ” гээд байсан. Нөгөө залуу бууж ирээд ******-тай заамдалцаад ноцолдож байгаад нөгөө залуу мултраад арк тал руугаа зугтаасан. Зугтахаар нь би араас нь хөөгөөд цагдаагийн постын урд барьж авах гэтэл нөгөө залуу намайг хамаад унагасан. Би тэр залуугийн хөлөөс нь нэг гараараа бариад явуулахгүй гэтэл тэр залуу миний малгайтай цамцнаас зуураад газар чирсэн. Тэнд нэг машинтай ах ирээд бууж ирээд бид хоёрыг салгасан, би тэр ахад “наад хүн чинь хүн дайрсан битгий явуулаарай” гээд явуулаагүй. Тэр үед цагдаагийн машинтай цагдаа нар ирээд бид хоёрыг аваад 23 байрны гадаа ирээд ***** бид хоёрыг эрүүлжүүлэхээр болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *****-ын өгсөн: “...Манай багын найз болох ***** нь манай гэрт өчигдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим манай гэрт ирээд бид хоёр манайхаас 22 цаг өнгөрөөж гараад гадна дэлгүүрээс 2 том савтай сэнгүр нэртэй пиво аваад манай гэрт орж хувааж ууцгаасан. 4 цаг өнгөрөөгөөд ***** бид хоёр дахиад пиво авахаар гараад Баянцээлийн CU дэлгүүрээс нэг том савтай пиво аваад гэр лүүгээ харьж явсан. Орохоосоо өмнө тамхи татчихъя гээд орцны үүдэнд очсон. Тамхи татах гэсэн боловч гал байхгүй галтай хүн явахнуу гээд хүлээгээд сууж байсан чинь манай байрны урдуур цэнхэр жинсэн яактай, дотуураа малгайтай саарал цамцтай залуу өнгөрч байхаар нь манай найз ***** тэр залуугаас “гал байна уу?” гээд асуусан чинь нөгөө залуу “тайван явуулчхаарай” гэхээр нь бид хоёр юм дуугараагүй. Нөгөө залуу цаашаа яваад нэг орц уруу орсон. Удаагүй нөгөө залуу нөгөө орсон орцноосоо нэг эмэгтэйн хамт гарч ирээд бид хоёрын урдуур явж байхаар нь манай найз ***** тэр залууг “чамайг дээрэлхсэн юм байхгүй шүү, зүгээр гал асуусан шүү” гэж хэлсэн чинь нөгөө залуу хаанаасаа ч юм бүү мэд жижиг хар иштэй хутга гаргаж ирээд “зүгээр тайван явуулчхаарай” гээд зөрөөд яваад машиндаа суучихсан. Нөгөө залуу машиндаа суучхаад буцаад бид хоёр дээр ууртай бадрангуй хүрч ирээд “та хоёр ер нь яах гээд байгаа юм бэ?” гэх үед араас нь найз эмэгтэй нь бололтой хамт явж байсан хүн нь ирээд “манай найз өөрийгөө барьж чаддаггүй юмаа, одоо ингээд зүгээр явуулчхаач” гэхээр нь бид хоёр тэр залуутай маргалдсаар байгаад нэг мэдсэн 3 дугаар орцны гадаа ирчихсэн байсан нөгөө залуу машиндаа буцаж суугаад найз эмэгтэй нь хажууд нь суугаад ухрах шиг болсноо гэнэт урагшаа огцом хөдөлж баруун хөл рүү мөргөөд би үсрээд машиных нь копут нь дээр унасан. Тэр үед миний зүүн хөлийн пүүз газар унаад баруун хөлийн пүүз машинд хавчуулагдсан. Нөгөө залуугийн унаж явсан саарал өнгийн Aqua машин урд талын саарал машиныг урд хэсгээрээ мөргөөд мөргүүлсэн машин нь урд талын машинаа араас нь мөргөчихсөн. Нөгөө машины жолооч машинаасаа гараад арк тал руугаа зугтаасан араас нь манай найз ***** хөөгөөд гүйсэн. Тэгээд удаагүй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нартай Төгөлдөр нөгөө залуугийн хамт хүрээд ирсэн. Цагдаа нар ирээд ***** бид хоёрыг эрүүлжүүлэхээр аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Мастер Үнэлгээ ХХК-ны 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №33791 дугаартай **** УАЕ улсын дугаартай Toyota Aqua загварын тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-40 дүгээр тал/,

 

Мастер Үнэлгээ ХХК-ны 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №33790 дугаартай **** УЕЕ улсын дугаартай Toyota Prius 41 загварын тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40 дүгээр тал/,

 

Ашид Билгүүн ХХК-ны 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дугаартай **** УАУ улсын дугаартай Toyota Aqua загварын тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-51 дүгээр тал/

 

Шүүгдэгч *****-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг болон зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар дүгнэвэл шүүгдэгч ***** нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны шөнийн 4 цагийн орчимд Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна *****, ***** нартай маргалдаж улмаар өөрийн унаж байсан **** УАУ улсын дугаартай Toyota Aqua загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө *****-ын өмчлөлийн **** УАЕ улсын дугаартай Toyota Aqua, ****-гийн өмчлөлийн ***** УЕЕ улсын дугаартай Toyota Prius 41 загварын тээврийн хэрэгслүүдийг санаатайгаар мөргөж, гэмтээн нийт 4.619.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           

           Дээрх байдлаар шүүгдэгч ****-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ***** нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч *д ***-д 855.200 төгрөгийн хохирол, ******-т 3.734.100 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч ****** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******-д учирсан 855.200 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.

 

           Шүүгдэгч *****-с 3.734.100 төгрөгийг гаргуулж хохирогч ****-т төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ****-ын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

           

            мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

            Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Шүүх шүүгдэгч ******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч *****-д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тэмдэглэж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ****-гийн *****-ыг “Бусдын хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *****-аас 3.734.100 төгрөгийг гаргуулж хохирогч *****-т олгосугай.

 

     6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

      7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС