| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/203 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч Б.Б, Х.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Х.Э нарт холбогдох эрүүгийн 2325000480128 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1.Б.Б
2.Х.Э
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Б.Б, Х.Э нар нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг “Хаппинес” нэртэй бааранд Р.Ө-тай маргалдаж, бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь баруун чихний омогт сэтэрч урагдсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Х.Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийг зодоогүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ “буруугаа хүлээж байна. Чихэнд гэмтэл учруулаагүй” гэв.
Хохирогч Р.Ө “шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл. Хяналтын камерийн бичлэгийн хуулбар бүхий хуурцаг. /хавтаст хэргийн 13-15 дахь тал/
2. Хохирогч Р.Ө-гийн “Би Б гэж хүнтэй 2022 оны 03 дугаар сард танилцаж хамтран амьдарч байсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа юм. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б над руу **** дугаарын утсаар яриад Дэнж багт байдаг “Дэнж” төвд хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь ажилтай байна. Ажлаа тараад орой яваад очно гэж хэлсэн. Орой ажлаа тараад хамт найз Оны хамт “Дэнж” төв дээр очсон чинь Б байхгүй байхаар нь өдөр над руу ярьсан утас руу нь залгаад ярьтал “Хаппинесс” бааранд байна, хүрээд ир гэхээр нь яваад очсон. Бааранд очиход Б 2 эмэгтэй, 3 эрэгтэй 5 хүнтэй хамт нэг ширээн дээр суугаад үйлчлүүлж байсан. Б хамт ширээн дээр суучих гэхээр нь би эмэгтэй хүмүүс байсан учир тусдаа сууна гээд найз О-гийн хамт өөр ширээн дээр суусан. Б уух юмны тооцоог хийнэ гэсэн болохоор О бид хоёр 1 шил архи, 5 шил пиво авч уусан. Баарнаас гарах болоод явах гэтэл Б миний авсан архи, пивоны тооцоог хийгээгүй байсан учир Б дээр очоод чи миний авсан зүйлийн тооцоог хийнэ гэсэн чинь яасан бэ. Чи надаас гар утас зээлээр аваад одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй байгаа биз дээ. Тэр мөнгөө авъя гэсэн чинь Б-той хамт сууж байсан С гэж хүүхэн чиний тооцоог яахаараа хийдэг юм. Чи миний нөхрөөс яахаараа мөнгө нэхдэг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би С гэж хүүхэнд чи нөхөртэй байж яах гэж тэгдэг юм бэ. Би наад хүнээс чинь мөнгөө авч, гар утас авах юм гэж хэлсэн. Гэтэл С чамд хамаагүй, төлнө гээд хэрүүл маргаан болоод барилцаад авсан. Энэ үед С миний баруун талын чихэнд зүүсэн байсан ээмэгнээс татаж чих сэтэлсэн. Түүнтэй хамт явсан Э гэж хүүхэн миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Б нь миний цээж рүү мөн цохисон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би С, Э гэж хүмүүсийг танихгүй. Би Б гэж хүнтэй хэсэг хугацаанд хамтран амьдарсан. Б надтай хамтран амьдарч байхдаа С гэж хүүхэнтэй эр, эмийн харилцаатай байсан юм байна лээ. Тухайн үед С, Э бид нарын хооронд хэрүүл маргаан болох ямар нэгэн шалтгаан байгаагүй. Б-гоос мөнгө нэхсэн чинь өмөөрч хэрүүл маргаан болсон юм. С хэрүүл маргаан хийж байх явцдаа миний баруун чихэнд зүүсэн байсан ээмэгнээс татаж чих сэтэлсэн. Э нь толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Манай найз О-г хэн нэгэн хүн цохиж зодоогүй. Энэ хэрэг болох үед бид нар бүгдээрээ л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний тархи доргисон, баруун талын чихний омог сэтэрсэн. Одоо толгой их өвдөж байгаа. Энэ хэрэг болсны дараа би эмнэлэгт үзүүлж 136 000 төгрөгийн зардал гаргасан. Энэ мөнгөө буруутай хүмүүсээс нь нэхэмжилж байна. Мөн чихэнд гоо сайхны мэс ажилбар хийлгэнэ. Тэр зардлаа гаргуулж авна.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал/
3. Гэрч Т.О-гын “Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ өөрийн дүү О, түүний найз эмэгтэйн хамт гэртээ нэг, нэг лааз пиво уугаад байж байхад орой миний найз Ө над руу утсаар яриад хоёулаа ганц, ганц пиво уух уу” гэхээр нь хаана гэж асуусан чинь “Дэнжид” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Дэнжийн гурван байрны урд талд уулзсан. Бид хоёр уулзаад Дэнж багийн 3 байрны замын эсрэг талд байдаг баар луу орсон. Бааранд ороод бид нэг шил архи, нэг нэг лааз пиво авч уусан. Караокед дуулах гэж байгаад найз минь нөгөө талын ширээн дээр сууж байсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүнтэй зодоон хийсэн. Нэг харсан чинь чихнээс нь цус гарсан байхаар нь гарсан чинь чих нь сэтэрсэн байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Бааранд ороод суух гэж байхад урд нь Ө-тэй найз гээд хамт нэг хоёр удаа уулзаж байсан залуу хоёр хүүхэнтэй хамт ширээн дээр сууж байхаар нь би хөөе тэр таньдаг хүн байна шүү дээ гэсэн чинь Ө тэр залууг хараад өө тийм байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад нөгөө залуу ирээд Ө-тэй уулзаад явсан. Яг юу ярьсныг нь мэдээгүй. Ө-тэй зодоон хийсэн хүмүүсийг танихгүй, яг юунаас болж зодоон хийснийг нь би мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байгаа юм. Тэр хоёр хүүхэнтэй ноцолдож байхад л гэнэт цус гараад эхэлсэн. Цус гарахаар нь харсан чинь Ө-гын баруун талын чих нь сэтэрсэн байсан. Тэр хоёр хүүхэнтэй ноцолдож байгаад л сэт татаад хаясан. Ө надтай анх уулзах үедээ архи уугаагүй эрүүл байсан шүү дээ. Ө анх нөгөө ширээн дээр сууж байсан залууг ирж уулзаад явахад нь энэ манай ширээний тооцоог хийнэ гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
4. Сэжигтэн Х.Э-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз С, түүний найз нарын хамт Дэнж багт байдаг “Хаппинес” бааранд орж үйлчлүүлсэн. Бид нарыг сууж байхад үл таних согтуу эмэгтэй ирж, С-ийн найз гэх Б гэж залуугийн толгой руу пивоны шилээр цохисон. Үүнээс болж С, Б хоёр нөгөө хүүхэнтэй хэрүүл маргаан хийсэн. Би эдгээр хүмүүсийг салгах гэж байгаад цохиулсан. Нэг харахад хохирогч гээд байгаа эмэгтэйн чихнээс цус гарсан байсан. Би тухайн хүнийг цохиж зодох ямар нэгэн сэдэл байгаагүй. Б гэж залуу хохирогчтой барилцаж зууралдаад байхаар нь би салгах гэж байгаад хохирогчийн биед буюу чихэнд нь гэмтэл учруулсан байна лээ. Хяналтын камерын бичлэгээс л тэгж харагдаж байна лээ. Б, Ө хоёр урд өмнө нь хамт амьдарч байсан юм байна лээ. Тухайн үед Ө гэж эмэгтэй Б-г С-тай хардаад хэрүүл, маргаан үүсгэсэн юм. Энэ хэрэг болох үед би 4 лааз пиво уусан байсан. Би Р.Ө-гын биед санамсаргүйгээр хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
5. Сэжигтэн Ц.С-гийн “2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би найз Б, Э нарын хамт Дэнжийн “Хаппинес” бааранд үйлчлүүлж байхад Б-гын 3 найз орж ирээд хамт сууж үйлчлүүлж байгаад гарч яваад Б, Э бид гурвыг сууж байхад үл таних эмэгтэй хүн бид нарын сууж байсан ширээн дээр ирээд ширээн дээр байсан пивоны шилээр Б-гын толгой руу цохиод асуудал үүсгэсэн. Ингээд бид нар хэрүүл маргаан хийх явцад нөгөө хүүхний чих нь сэтэрч цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Э бид хоёр Р.Ө гэж хүнийг танихгүй. Б, Ө нар хоёр гурван жил хамт амьдарч байсан гэдгийг энэ хэрэг болох үед Ө гэж хүүхнээс сонссон. Ө гэж хүүхэн бид нар дээр ирээд Б-той хоёр гурван жил хамт амьдарсан гээд хэрүүл хийгээд байсан. Р.Ө гэж хүний биед хэн гэж хүн гэмтэл учруулсныг мэдэхгүй. Ө, Б хоёр зууралцаад байхаар нь би Б-г салгах гээд ноцолдож байхад Ө-гийн чихнээс цус гарсан. Миний хувьд Ө гэжхүнд гар хүрээгүй. Би хэрэг болох үед хар хөх рнгийн пальтотой, хөлдөө ноосон өвдгөвч хийсэн байсан. Э хар өнгийн хувцастай явж байсан. Б, Ө хоёр зууралцаад л байсан. Ер нь зууралцаж байсан хүмүүсийг салгах гэж байсан болохоос яг зодоон хийсэн зүйл огт байхгүй. Энэ хэрэг болох үед бид нар нэг хүний 4-5 лааз пиво уусан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай “Р.Ө-гийн биед баруун чихний омогт сэтэрч урагдсан шарх, тархи доргилт, баруун бугалганы ар талд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун чихний омогт үүссэн сэтэрч урагдсан шарх, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь 2022-12-19-ний өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/
7. Гэрч Б.Б-гийн “Би одоо Монгол Улсын Их сургуулийн Орхон салбар сургуулийн 2 дугаар курст сурдаг бөгөөд хичээлийнхээ зав зайгаар Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг “Хаппинесс” бааранд барменаар ажиллаж байсан юм. Одоогоор ажлаасаа гарчихсан байгаа. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг ажлаа хийж байхад урд нь манай баараар хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан С гэж эгч нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хамт гурвуулаа текний урд талын ширээн дээр сууж үйлчлүүлсэн Тэр хүмүүсийн сууж байсан ширээний харалдаа буюу баарны баруун урд талын булангийн ширээн дээр мөн хоёр эмэгтэй хүн сууж үйлчлүүлсэн С эгчийн сууж байсан ширээний эсрэг талын буюу жорлонгийн хажуу талын ширээн дээр мөн хоёр эмэгтэй хүн сууж үйлчлүүлж байсан. Гэтэл жорлонгийн хажуу талын ширээн дээр сууж үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй хүний нэг нь буюу чихээ сэтлүүлсэн эгч, С эгчийн ширээ рүү хараад мөнгө өг. Хүний мөнгө авчхаад яаж ичихгүй явж чадаж байна. С чи ичиж амьдар. Хүний нөхрийг эхнэрээс нь салгаад гэх мэтээр хэлээд орилоод, уурлаад байсан. С эгчийн ширээн дээр сууж байсан хүмүүс ямар нэгэн юм хэлэхгүй, дуугүй суугаад байсан. Гэтэл чихээ сэтлүүлсэн эмэгтэй дуугүй болохгүй нөгөө ахыг эр хүн байж арчаагүй, хүнээр тэжээлгэж амьдарсан гэх мэтээр хэлээд орилоод л мөнгө нэхээд байсан. Гэтэл С гэж эгч хэдэн төгрөг нэхээд байгаа юм бэ гэсэн чинь чихээ сэтлүүлсэн эмэгтэй 250,000 төгрөг гэж хэлсэн чинь С гэж эмэгтэй бага л мөнгө байна шүү дээ гэсэн чинь чихээ сэтлүүлсэн эгч тийм юм бол чи өгчих гээд хэрүүл хийж байгаад хэрүүл нь намжсан. Гэтэл хэсэг хугацааны дараа чихээ сэтлүүлсэн эгч ширээн дээрээсээ над руу хандаж миний дүү эд нар шиг хүмүүст битгий үйлчил гэж хэлээд орилоод байсан. Эсрэг талаас нь С эгч эд нар шиг хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гээд хэрэлдээд байсан. Тэгж байгаад чихээ сэтлүүлсэн эгч С нарын ширээн дээр очиж хэрүүл маргаан хийгээд С эгчтэй хамт сууж байсан залууг татаж чангаагаад тэр ширээн дээр сууж байсан хүмүүс босоод ирсэн. Энэ үед чихээ сэтлүүлсэн эгчтэй хамт явж байсан эмэгтэй салгах гээд дундуур нь ороод явж байсан боловч чихээ сэтлүүлсэн эгч, С эгчтэй хамт явж байсан эмэгтэй хоёр нэг, нэгнийхээ үснээс зулаагаад ноцолдоход нь салгасан. Тэгээд нөгөө чихээ сэтлүүлсэн эгч С эгчтэй хамт явж байсан залууг барьж аваад ноцолдоод өөрийнхөө сууж байсан ширээн рүү явж байхдаа газарт унаад гэнэт баруун талын чихнээс нь цус гараад эхэлсэн. Цус гарсан чинь хүмүүс тал тал тийшээ болсон. Яг хэн нь хэнийхээ чихийг яаж сэтэлснийг би тодорхой харж чадаагүй. Чихээ сэтлүүлсэн эмэгтэй С эгчтэй сууж байсан залуу хоёр ноцолдоод л дундуур нь тэнд байсан хүмүүс салгах гээд ноцолдож байхад чихээ сэтлүүлсэн эгч хойшоо шалан дээр унасан. Тэр үед л баруун талын чихнээс нь цус гарч эхэлсэн. Чихээ сэтлүүлсэн эгч л С эгч нарын ширээ рүү хараад л нөгөө гурван хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд орилоод л мөнгө төгрөг нэхээд, эхнэр нөхөр салгасан гээд л байсан. С эгчтэй явж байсан эгч рүү чихээ сэтлүүлсэн эмэгтэй дайраад тэр хоёр барилцаж аваад салсан. Дараа нь чихээ сэтгүүлсэн эмэгтэй С эгчтэй хамт явж байсан залууг барьж аваад тэр хоёр ноцолдож байгаад чихээ сэтлүүлсэн эгч газар унасан. Яг гар, хөлөөрөө цохиж зодсон зүйл байхгүй. Хяналтын камерын бичлэг дээр харагдаж байгаа цагаан, хар өнгийн цамцтай хоёр эмэгтэй тухайн өдөр үйлчлүүлж байсан хүмүүс. Энэ хэрүүл маргаан хийсэн хүмүүсийн аль альтай нь хамааралгүй байхгүй хүмүүс. Чихээ сэтлүүлсэн эгч, архи, пиво авсан. С эгчийн ширээ пиво авсан санагдаж байна. С болон түүний ширээн дээр сууж байсан хүмүүс чихээ сэтлүүлсэн эгчийг хүний толгой руу пивоны шилээр цохиж хагалсан гэж хэлсэн. С эгчтэй сууж байсан залуугийн духнаас нь жоохон цус гарсан, газарт пивоны шил хагарсан байсан. Яг хүний толгой руу шилээр цохиж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 49-51 дэх тал/
8. Сэжигтэн Б.Б-гын “Би одоо өдрийг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр билүү, 19-ний өдөр байсан санагдаж байна. Найз С, Э нарын хамт 16 цагийн орчим Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг “Хапиниесс” бааранд орж үйлчлүүлсэн. Бид гурвыг сууж байхад миний найзууд болох М, Ө, А гурав гаднаас орж ирээд бид нартай хамт нэг ширээнд суугаад 0.5 литрийн “Хараа” архи, нэг хоёр шил пиво уусан. Бид зургааг сууж байсан чинь энэ хэргийн хохирогч Ө, нэг авгайтай хамт орж ирээд нөгөө талын ширээн дээр сууж байгаа харагдсан. Ө-г бааранд орж ирснээс хойш манай найзууд болох М, Ө, А нар гарч яваад би С, Э хоёртой хамт үлдээд үйлчлүүлж байхад Ө шилтэй пиво барьж ирээд миний толгой руу цохисон. Миний толгой хагарч толгойноос цус гараад үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа юм. Нэг мэдсэн цагдаагийн газар дээр ирчихсэн байж байсан. Намайг цагдаагийн газрын гадна утсаар ярих гээд зогсож байсан чинь Ө миний араас ирээд миний гар утсыг булааж аваад явсан... С, Э бид гурав бааранд ороод нэг нэг лааз пиво ууж байхад гаднаас манай найзууд болох М, Ө, А нар орж ирээд хамт суугаад 1 шил 0.5 литрийн Хараа архи, хүний хоёр хоёр шил пиво уусан. Манай найзууд тэгээд гараад явсан. М нарыг гараад явсны дараа С, Э бид гурав нэг нэг шил пиво аваад ууж байхад Ө ирж миний толгой руу цохисон. Р.Ө гэж хүнтэй 2022 оны 04 дүгээр сард танилцаад үүнээс гэр орноор нь ирж очоод 2022 оны 08 сарыг хүртэл эр, эмийн харилцаатай байсан юм. Тухайн үед Р.Ө намайг ямар шалтгааны улмаас шилтэй пивоор цохисныг мэдэхгүй байна. Би тухайн үед Ө-тэй уулзаж юм яриагүй. Тус тусдаа өөр, өөр ширээн дээр суугаад үйлчлүүлж байсан. Ө-г бааранд ороод ямар юм авч ууж, идсэнийг нь би мэдэхгүй, түүний авсан зүйлийн тооцоог өгнө гэж хэлээгүй. Би Р.Ө-г зодоогүй. Би Р.Ө-г түлхэж унагаагаагүй. Р.Ө-гын ээмгийг хэн татаж чихийг нь сэтэлснийг мэдэхгүй байна. Энэ хэрэг болох үед Э, С бид гурав, нөгөө талд Ө нэг эмэгтэйн хамт явж байсан. Ө-д пивоны шилээр цохиулаад миний духны зүүн дээд хэсэгт арьс нь хагарч цус гарсан. Одоо зүгээр болсон. Хоёр жилийн өмнө манай эгч 1 сая гарган төгрөгөөр Мобиком ХХК- с худалдан авч байсан ухаалаг утсыг аваад явсан. Тэр утасны загварыг нь мэдэхгүй байна. Цэнхэр өнгийн утас байсан. Р.Ө бид хоёрын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байгаагүй. Р.Ө надад хар өнгөтэй хуучин ухаалаг гар утас өгч байсан. Үнийг нь мэдэхгүй байна. Р.Өын өгсөн гар утас эвдрээд алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б, Х.Э нар нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг “Хаппинес” нэртэй бааранд Р.Ө-тэй маргалдаж, бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь баруун чихний омогт сэтэрч урагдсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр, шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Р.Ө-ын “үед С миний баруун талын чихэнд зүүсэн байсан ээмэгнээс татаж чих сэтэлсэн. Түүнтэй хамт явсан Э гэж хүүхэн миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Б нь миний цээж рүү мөн цохисон.” гэх мэдүүлэг, гэрч Т.О-гын “Тэр хоёр хүүхэнтэй ноцолдож байхад л гэнэт цус гараад эхэлсэн. Цус гарахаар нь харсан чинь Ө-гийн баруун талын чих нь сэтэрсэн байсан.” гэх мэдүүлэг, сэжигтэн Х.Э-гийн “Б гэж залуу хохирогчтой барилцаж зууралдаад байхаар нь би салгах гэж байгаад хохирогчийн биед буюу чихэнд нь гэмтэл учруулсан байна лээ. Хяналтын камерын бичлэгээс л тэгж харагдаж байна лээ.” гэх мэдүүлэг, сэжигтэн Ц.С-ийн “би Быг салгах гээд ноцолдож байхад Ө-гийн чихнээс цус гарсан. Миний хувьд Ө гэж хүнд гар хүрээгүй.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт, гэрч Б.Б-гийн “С эгчтэй хамт явж байсан эмэгтэй хоёр нэг, нэгнийхээ үснээс зулаагаад ноцолдоход нь салгасан. Тэгээд нөгөө чихээ сэтлүүлсэн эгч С эгчтэй хамт явж байсан залууг барьж аваад ноцолдоод өөрийнхөө сууж байсан ширээ рүү явж байхдаа газарт унаад гэнэт баруун талын чихнээс нь цус гараад эхэлсэн.” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.Б-гын “Ө шилтэй пиво барьж ирээд миний толгой руу цохьсон. Миний толгой хагарч толгойноос цус гараад үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б, Х.Э нар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг “Хаппинес” нэртэй бааранд Р.Ө-тэй маргалдаж, бүлэглэн зодож эрүүл мэндэд баруун чихний омогт сэтэрч урагдсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б, Х.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Х.Э нарын үйлдэл холбогдол, хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Р.Ө-гийн эрүүл мэндэд баруун чихний омогт үүссэн сэтэрч урагдсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал 138 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилсэн байна. Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч нараас 138 000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав. Шүүгдэгч нар шүүх хуралдааны явцад хохирогчид 138 000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Х.Э нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овгийн Б-гийн Б, У овгийн Х-гийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС