| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2019/03453/И |
| Дугаар | 184/ШШ2020/00295 |
| Огноо | 2020-01-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2020/00295
| 2020 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 184/ШШ2020/00295 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБТЗ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “МТС” ХХК -д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2,724,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харъяа Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангитай “МТС” ХХК, түүнийг төлөөлөн захирал Х.Баяраа нь АҮГ/16/050 дугаар бүхий Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу тус компани нь 8,4 м2 гэрэлтдэг чулуун тайзыг 3,276,000 төгрөгөөр, 25,62м2 гэрэлтдэг чулуун тайзыг 8,967,000 төгрөг буюу нийт 12,243,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болно. Дээрх ажлын урьдчилгаа төлбөр болгож 6,000,000 төгрөгийг “МТС” ХХК-ийн Голомт банкны 1410003012 дансанд 2016 оны 07 сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл тус аж ахуйн нэгж гэрээний дагуу бүх ажлыг хийж гүйцэтгээгүй зөвхөн тайзны заслын ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг ажлыг гүйцэтгэлээр тооцвол 3,276,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж захиалагч тал дүгнэсэн.
Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд “МТС” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.Ц, Б.С нар байна. /Улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна/
УБТЗ нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар анги нь хувь иргэнтэй гэрээ байгуулахгүй гэхэд иргэн Баяраа нь зориуд танил компани болох “МТС” ХХК-тай хуйвалдан тамга тэмдэг, гэрчилгээг ашиглан өөрөө захирал мэтээр гарын үсэг зурж санаатайгаар хууран мэхэлсэн байна. Гэрээ байгуулах явцад гүйцэтгэгч тал удирдлагын талаарх мэдээллийг зориудаар нуун, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж хэлцэл хийсэн нь дээрх баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан шаардах эрхийн дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу гэрээний төлбөрийн урьдчилан шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс гүйцэтгэлээр тооцсон 3,276,000 төгрөгийг хасч үлдэгдэл 2,724,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Бид хувь иргэнийг биш хуулийн этгээдийг хариуцагчаар татсан. Энэ гэрээ нь манай дотоод журмын дагуу хянагдаад дугаар авагдсан байдаг. Байгууллагын бичиг баримтад бичигдсэн өр авлагын тооцооноос харж шаардлагаа тодорхойлсон. Ажил хүлээлцэх акт, холбогдох баримтууд болон тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь одоо байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр мөнгийг “МТС” ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул тус компаниас үлдэгдэл мөнгийг шаардана гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байгаа бол Б.Галбадрах миний бие "МТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хариуцагчаар татагдан оролцох шаардлагагүй болсон гэж үзээд хариуцагчаар Хорлоо овогтой Баярааг оролцуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэдэг нь худал бөгөөд энэ нь УБТЗ-ын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн даалгавараар нотлогдож байна. Учир нь МОХНН УБТЗ-тай ажил гүйцэтгэх гэрээг төлбөр төлсөн огноо болох 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 5 хоногийн өмнө байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд Гүйцэтгэгчийн эрх, үүрэг “Засварын ажлын гэрээ батлагдсанаас хойш 2 хоногийн дараа эхэлж, ажлын 10 өдөрт багтаан бүх ажлыг чанарын болон норм, стандартын шаардлага хангаж хийж дуусган хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно” гэж заажээ. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасан тул МОХНН УБТЗ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ажлын урьдчилгааг компанийн дансанд шилжүүлсэн. Гэвч тухайн ажлыг Баяраа хийж гүйцэтгэсэн, Б.Галбадрах тусалсан бөгөөд "МТС” ХХК-ийн оролцоо байхгүй. Компанийн дансанд шилжиж орж ирсэн мөнгийг Б.Галбадрахын дансанд шилжүүлсэн, ажилд хэрэглээд үлдсэнийг нь Баяраа руу шилжүүлсэн байдаг. Тухайн ажил гүйцэтгэх хэлцэл Төмөр зам, Баяраа нарын хооронд хийгдсэн. ТЗ нь хувь иргэнтэй гэрээ байгуулахгүй гэсний улмаас "МТС” ХХК-ийн нэрийг ашигласан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УБТЗ нь хариуцагч “МТС” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 2,724,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч талаас ...Гэрээний дагуу тус компани нь 8,4 м2 гэрэлтдэг чулуун тайзыг 3,276,000 төгрөгөөр, 25,62 м2 гэрэлтдэг чулуун тэкийг 8,967,000 төгрөгөөр, нийт 12,243,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, гэвч тус аж ахуйн нэгж гэрээний дагуу бүх ажлыг хийж гүйцэтгээгүй зөвхөн тайзны заслын ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг ажлыг гүйцэтгэлээр тооцвол 3,276,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. “МТС” ХХК-тай хуйвалдан тамга тэмдэг, гэрчилгээг ашиглан өөрөө захирал мэтээр гарын үсэг зурж санаатайгаар хууран мэхэлсэн, удирдлагын талаарх мэдээллийг зориудаар нуун дарагдуулж, хууран мэхэлж хэлцэл хийсэн гэсэн тайлбарыг, хариуцагч талаас ... Ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэдэг нь худал, уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тухайн цаг хугацаанаас өмнө амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд "МТС” ХХК-ийн нэрийг ашигласан, хариуцагчаар Хорлоо овогтой Баярааг оролцуулах ёстой, түүнчлэн УБТЗ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэсэн тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд УБТЗын итгэмлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн байгууллагыг төлөөлөн нэхэмжлэх гаргах эрхтэй болох нь УБТЗамын даргаас олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээр нотлогдож байна.
Нэг талаас УБТЗ нийгэмлэгийн Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийг төлөөлж дарга С.Мөнхбат, нөгөө талаас МТС ХХК-ийн захирал гэх Х.Баяраа нар 2016 оны 10 сарын 06-ны өдөр АҮГ/16/050 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэдэг. Хариуцагч талын гэрээ байгуулсан гэх дээрх өдөр Х.Баяраа Монгол улсад байгаагүй гэх тайлбар нь “Хорлоогийн Баяраа нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2016 оны 8 сарын 22-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн аялалын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 1 сарын 08-ны өдрийн 2-5а/164 тоот албан бичгээр тогтоогддог тул 2016 оны 10 сарын 16-ны өдөр талууд гэрээ байгуулсан байх боломжгүй болно.
Гэвч хэрэгт авагдсан АҮГ/16/050 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх бичмэл баримтад ...Захиалагч: БАҮ-2 ангийн дарга С.Мөнхбат, гарын үсэг, хуулийн этгээдийн тамга дардас, Зөвшөөрсөн гээд 2016 оны 8 сарын 16, 23, 30 гэж огноолсон нэрийн тайлалгүй гарын үсгүүд, Гүйцэтгэгч: МТС ХХК, захирал Х.Баяраа, гарын үсэг, хуулийн этгээдийн тамга дардас, “гэрээний хавсралт” гэх бичмэл баримтад МТС ХХК-ийн Ганзам зоогийн газарт хийх ажлын тоо хэмжээ, үнэ хөлс, гэрэлтдэг чулуун тэк 8,967,000 төгрөг, гэрэлтдэг чулуун тайз 3,276,000 төгрөг, нийт 12,243,000 төгрөг, дарга С.Мөнхбат, гарын үсэг, байгууллагын тамга, дардас, МТС ХХК, Х.Баяраа гэх гарын үсэг тэмдэглэгдсэн байна.
Мөн Нэхэмжлэгч байгууллага, МТС ХХК, Голомт банкны данс 1410003012, Төлөгч байгууллага, УБТЗ ХНН БАҮ-2 анги, гүйлгээний утга “Ганзам” рестораны тайз, тэкийн интерьерийн ажлын төсөв, нийт үнэ 11,771,500 төгрөг, дарга Х.Баяраа, “Санхүүд, шилжүүлье, 2016 оны 7 сарын 29” гэх цохолттой 68 дугаартай нэхэмжлэхийн дагуу төлбөр төлсөн “Төлөгч, УБТЗ БАҮ-ний 2-р анги, Хүлээн авагч МТС ХХК, мөнгөний дүн 6 сая төгрөг, төлбөрийн зориулалт материалын үнэ, урьдчилгаа” гэх 883 дугаартай төлбөрийн даалгавар хэрэгт авагджээ.
Шүүхээс нэхэмжлэгч УБТЗам, хариуцагч МТС ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ 2016 оны 7 сарын 29-ний өдөр аман хэлбэрээр байгуулагдсан, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан, талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, тодорхой хэмжээний ажил гүйцэтгэгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу захиалагч талаас ажил гүйцэтгэх санал тавьж, гүйцэтгэгч талд нэхэмжлэхийн дагуу урьдчилгаа өгснөөр буюу гүйцэтгэгч хүлээн авснаар талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсанд тооцно.
Хариуцагч МТС ХХК-ийн захирал гэх Х.Баярааг Монгол Улсын хилээр 2016 оны 8 сарын 22-ны өдөр гарахаас өмнө ажил гүйцэтгэх гэрээний төсөл хийгдсэн бүрэн албажаагүй, Ганзам зочид буудлын тайз, тэкийг хийхээр харилцан тохиролцсон, тайзын ажлыг хийсэн, тэкийн ажлыг хийж гүйцэтгээгүй үйл баримт нь дээр дурдсан гэрээ, ...Ганзам зоогийн газрын чулуун тэк болон гэрэлтдэг тайзыг МТС ХХК-иар 12,243,000 төгрөгт багтаан хийлгэх гэж шийдвэрлэсэн 2016 оны 7 сарын 29-ний өдрийн БАҮ 2-р ангийн их засварын ажлуудын явц, түүний талаар авах арга хэмжээг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, бичмэл баримт, хариуцагч талын ...Х.Баяраа манай компанийн нэрийг ашиглаж ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэх тайлбараар нотлогдох бөгөөд ажлын хөлсөөс урьдчилгаа 6 сая төгрөгийг МТС ХХК-ийн дансанд шилжүүлсэн, шилжиж орж ирсэн талаар талууд маргадаггүй.
Тухайн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал нь “МТС” ХХК биш, иргэн Х.Баяраа, захиалагчаас орж ирсэн урьдчилгаа мөнгийг түүний хамтран ажиллагч Б.Галбадрахад шилжүүлсэн, энэ нэхэмжлэлийг Х.Баяраа хариуцах ёстой гэх хариуцагч талын тайлбарын хувьд Х.Баяраа нь “МТС” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, ажлын хөлс нэхэмжилсэн нэхэмжлэх явуулж, захиалагч байгууллагаас тухайн хуулийн этгээдийн дансанд урьдчилгаа хийж байгаа үйл баримтаас үзэхэд “МТС” ХХК-ийг Х.Баяраа төлөөлөх эрхийг өөрсдийн хүсэл зоригоор олгосон байна. Нэхэмжлэгч буюу захиалагч нь хариуцагч буюу гүйцэтгэгч байгууллагын төлөөлөгч гэрээ байгуулах эрхтэй эсэхийг нягталж шалгасан, гүйцэтгэгч тал хуурч мэхэлсэн асуудал тогтоогдоогүй учир тэдгээр нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй.
Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн тул гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй. Нэхэмжлэгч талаас хэдий хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, урьдчилгаа төлбөрийн зөрүүг гаргуулна гэдэг ч хийсэн ажлын хөлсийг урьчилгаанаас хасч үлдэх хэсгийг гаргуулах зорилго, хүсэлтийг илэрхийлсэн байна.
Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбарын хувьд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан 2016 оны 7 сарын 29-ний өдрөөс тооцоход Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, 349.3-т “Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасны дагуу гомдлын шаардлага гаргах 6 сар болон Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасан 3 жилийн хугацааг тооцоход нэхэмжлэгч талын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч МТС ХХК нь захиалагчийн захиалсан 4 м2 гэрэлтдэг чулуун тайзыг 3,276,000 төгрөгөөр, 25,62 м2 гэрэлтдэг чулуун тэкийг 8,967,000 төгрөгөөр, нийт 12,243,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Дээрх тохиролцооны дагуу ажлын хөлсний урьдчилгаа 6 сая төгрөгийг хариуцагч авсан бөгөөд гүйцэтгэх ёстой ажлаас Х.Баяраа чулуун тайзыг 4 сая төгрөгөөр хийсэн, чулуун тэкийг хийгээгүй гэдэг. Талууд тохиролцсон төсөв буюу 4 м2 гэрэлтдэг чулуун тайзыг 3,276,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсөв 4 сая төгрөг болсон болж төсвийн хэмжээ нэмэгдсэн бол Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэн даруй захиалагчид мэдэгдэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй тул хариуцагч тал тухайн ажлыг 4 сая төгрөгөөр гүйцэтгэсэн болохоо нотлох үүрэгтэй болно. Хариуцагч тал дээрх тайлбараа нотлоогүй тул гэрэлтдэг чулуун тайзны ажлын гүйцэтгэлийг 3,276,000 төгрөгөөр тооцсон гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасны дагуу хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч тал хүлээн авч, хөлсийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн гүйцэтгээгүй, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэсэн зүйлд нийцээгүй тул тухайн ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч талаас гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд нэмэлт хугацаа шаардлагагүй нөхцөл байдал тухайн үед үүссэн буюу гүйцэтгэгч байгуулага ажлаа гүйцэтгээгүй орхиод явсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, ажлыг гүйцэтгэж байсан Х.Баяраа гадагшаа явсан үйл баримтаар захиалагч тал гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй болно. Хариуцагч тал гэрээний үүрэг биелүүлэхэд захиалагч талаас буруутай байсан гэх тайлбарыг гаргадаг ч баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгч талын хариуцагчид шилжүүлсэн гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр 6 сая төгрөгөөс гүйцэтгэсэн ажлыг төсвөөр тооцон хасч үлдэгдэл 2,724,000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “МТС” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,724,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБТЗд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МТС” ХХК-иас 2,724,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБТЗд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58,334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 58,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ