Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/216

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2325000000250 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.С

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 04 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн **** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ С.З-тай маргалдаж, баруун хөлний гуя хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч С.З “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 7-12 дахь тал/

2. Хохирогч С.Зын “2023 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 22 цаг өнгөрч байх үед С бид хоёр гэрийнхээ замын урд талд байдаг хүнсний дэлгүүрээс 0.75л хэмжээтэй 1 шил архи, мод түлээ зэрэг зүйл аваад гэртээ орж хувааж уусан. Энэ үед миний дүү О хажуу өрөөнд найз охиныхоо хамт байсан гэхдээ тэр хоёр огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Худалдаж авсан архиа ууж дуусаад шөнө 23 цаг өнгөрч байх үед С дэлгүүрээс 1 сав пиво дахин худалдаж авсан. Түүнийг нь бид хоёр хувааж уусан. Шөнө цагийг нь санахгүй байна, юунаас болсон гэдгээ мэдэхгүй байна маш их согтсон байсан нэг мэдэхэд С бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Түүний дараа дахин сэргэтэл С миний баруун хөлний гуя руу үүдний хэсэгт ширээн дээр байсан жижиг хутгаар хутгалсан. Хэсэг хугацааны дараа манай гэрт эмч орж ирээд миний баруун хөлний гуянд зоогдсон хутгыг хараад хутгыг сугалж болохгүй юм байна, энд сугалах юм бол маш их цус алдах эрсдэлтэй шууд эмнэлэг рүү явъя гэж хэлээд С-г гэрт үлдээж О, Н бид гурав эмнэлгийн машинд суугаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод эмч миний баруун хөлөнд зоогдсон хутгыг сугалж аваад оёо тавьж өгсөн. Надад найз С-тай холбоотой гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Баруун хөлний хутгалуулсан хэсэгт оёо тавьсан. Хэд хоногийн өмнө оёогоо авхуулсан. Одоо зүгээр алхаж явж чадаж байгаа” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дахь тал/

3. Гэрч О.Н-ийн “Хэсэг хугацааны дараа С, З хоёр том өрөөнд хоорондоо хэрэлдэж муудалцаад байхаар нь том өрөө рүү ортол тэр хоёр дундаа нэг сав пиво тавьчихсан хэрүүл хийгээд байсан. Миний санаж байгаагаар нэг нэгнийгээ яв зайл гэж хөөгөөд байсан. О бид хоёр С, З хоёрт хандаж больцгоо битгий маргалд гэж хэлтэл С, З хоёр уурлахаа болиод чимээгүй болчихсон.Энэ үед тэр хоёр хамт орон дээр сууж байсан. Тэр хоёрыг хоорондоо маргалдахаа болихоор нь О бид хоёр том өрөөнөөс гарч жижиг өрөө рүү унтахаар явсан. Оийн хамт жижиг өрөөнд унтаж байтал З чанга дуугаар ёо ёо, яая гэх чимээ гаргаж орилсон. Яг тэр үед жижиг өрөө рүү С орж ирээд би З-г хутгалчихлаа та хоёр очиж тусал, түргэн дууд гэж хэлэхээр нь О бид хоёр гайхаад том өрөө рүү очтол З эгч чанга дуу гаргаж уйлаад орон дээр баруун хөлнөөс нь цус гарсан байдалтай сууж байсан. Дөхөж очоод хартал З эгчийн баруун хөлний гуя хэсэгт гал тогооны өрөөнд байсан жижиг хутга зоогдчихсон, иш нь байхгүй байсан. О бид хоёр хутгыг нь авъя гэхэд З эгч үгүй, хутга авах юм бол өвдөнө гээд уйлаад байсан. Энэ үед С эгч жижиг өрөөнд байхдаа эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Хамгийн түрүүнд эмч ирээд З эгчийн баруун хөлийн гуя хэсэгт зоогдсон хутгыг энд авч болохгүй шууд эмнэлэг орно, цус алдах эрсдэлтэй гэж хэлэхээр нь О, З бид гурав эмнэлгийн машинд суугаад эмнэлэг дээр очсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/

4. Гэрч С.Оийн “С, З эгч хоёр хоорондоо маргалдаж З эгч С-г яв зайл гэж гэрээсээ хөөгөөд байхаар нь Н бид хоёр болиулах гээд жижиг өрөө рүү орж С, З эгч хоёрыг хоорондоо маргалдахаа боль гэж хэлтэл чимээгүй болчихсон. Тэгэхээр нь Н бид хоёр буцаад жижиг өрөө рүү орсон. Удалгүй дахиад З эгч С хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Хэрэлдэх явцдаа С жижиг өрөөнд орж ирж ганцаараа тамхи татчихаад буцаад том өрөө рүү явсан. Том өрөөнд очоод дахиж З эгчтэй хэрүүл хийгээд байсан яг юу гэж хэлснийг нь сайн сонсоогүй ямар ч байсан чанга дуу гараад байсан. Энэ үед С байшингийн зүүн хананд тулгаж байрлуулсан жижиг өрөөний чанх урд талын модон ширээн дээрээс нэг зүйл аваад том өрөө рүү явсан. Н бид хоёр утсаа оролдож байсан учраас С-г ширээн дээрээс яг юу авсан гэдгийг нь мэдээгүй, нээх тоогоогүй. Дараа нь С том ороонд ороод З эгчтэй хэрэлдэж эхэлсэн. Удалгүй З эгч яая, ёо ёо гэх мэтээр чанга орилсон. Дараа нь үүдний хэсгийн хана руу нэг зүйл шидэх чимээ чанга сонсогдсон. Тэгэхээр нь босож жижиг өрөөнөөс гарах гэтэл урдаас С хүрч ирээд та хоёр хувцсаа өмс, би эгчийг чинь хутгалчихсан, очиж тусал, цагдаа, түргэн дууд гэж хэлсэн. Үүний дараа Н бид хоёрыг жижиг өрөө рүү ортол З эгчийн баруун хөлнөөс цус гарчихсан хөлөнд нь хутга зоолтой, хөл рүү нь гүн ороод зоогдчихсон байсан Бас тэр хутганы иш буюу бариул байхгүй байсан. Би бодохдоо С эгчийн хөл рүү хутгалаад хутгаа сугалж авах гэж оролдлого хийхэд нь хутганы иш сугарч түүнийг нь үүдний хана руу шидсэн байх гэж бодсон. З эгчээс хутгыг сугалчих уу гэж асуухад яах юм бэ, наадах чинь өвдөөд байна, битгий сугал гээд зөвшөөрөөгүй. Тэр үед С жижиг өрөөнд түргэн болон цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Гаднаас эмч орж ирээд З эгчийн хөлийг хараад энд сугалж болохгүй, шууд эмнэлэг явъя гээд эмнэлэг рүү явахаар болсон.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20 дахь тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-нии өдрийн 395 дугаартай “С.Зын биед баруун хөлийн гуянд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн үедээ үзүүр, иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун хөлний гуянд үүссэн сорви нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахаар гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

6. Б.С-ийн “Би сүүлд З-тай хоёулаа суугаад архи, пиво ууж байснаа санаж байна нэг сэргэтэл би гал тогооны ширээн дээр байсан жижиг хутгыг аваад Зын баруун хөлний гуя руу хутгалсан. Энэ үед З ёооё писда гэж хэлээд газар сууж байсан. Үүний дараа би жижиг өрөөнд унтаж байсан О, Н хоёрыг дуудаж сэрээгээд би эгчийг чинь хутгалчихсан шүү, чи очоорой гэж хэлээд О-г том өрөө рүү явуулсан. Дараа нь би эмнэлгийн 103 дугаарын утас руу залгатал эмч цагдаа руугаа залга гэж хэлэхээр нь би цагдаа руу залгаж би хамт архи ууж байсан хүнийхээ хөл рүү хутгалчихлаа гэж мэдэгдсэн. Дараа нь эмнэлэг болон цагдаагаас хүмүүс ирсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 04 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн **** тоотод үл ялих зүйлээр шалтаглан С.Зын баруун хөлний гуян хэсэгт хутгалж, эрүүл мэндэд гуянд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч С.Зын “Түүний дараа дахин сэргэтэл С миний баруун хөлний гуя руу үүдний хэсэгт ширээн дээр байсан жижиг хутгаар хутгалсан.” гэх мэдүүлэг, гэрч О.Н-ийн “Яг тэр үед жижиг өрөө рүү С орж ирээд би З-г хутгалчихлаа та хоёр очиж тусал, түргэн дууд гэж хэлэхээр нь О бид хоёр гайхаад том өрөө рүү очтол З эгч чанга дуу гаргаж уйлаад орон дээр баруун хөлнөөс нь цус гарсан байдалтай сууж байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Оийн “С хүрч ирээд та хоёр хувцсаа өмс, би эгчийг чинь хутгалчихсан, очиж тусал, цагдаа, түргэн дууд гэж хэлсэн. Үүний дараа Н бид хоёрыг жижиг өрөө рүү ортол З эгчийн баруун хөлнөөс цус гарчихсан хөлөнд нь хутга зоолтой, хөл рүү нь гүн ороод зоогдчихсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч С.З-гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтооосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-нии өдрийн 395 дугаартай дүгнэлт, Б.С-ийн “би гал тогооны ширээн дээр байсан жижиг хутгыг аваад Зын баруун хөлний гуя руу хутгалсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.С нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн **** тоотод согтуурсан үедээ С.З-тай маргалдаж, баруун хөлний гуян хэсэгт хутгалж, эрүүл мэндэд гуянд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.С нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас С.З-гын эрүүл мэндэд зүсэгдэж хатгагдсны улмаас гуянд сорви бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Б-гийн С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутга /бариулгүй/, шаргал өнгийн хуванцар хутганы бариул зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС