Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

     2020          01           23                                         2020/ДШМ/114                            

 

 

Н.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Ганзориг,

            шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/1194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.М-д холбогдох 1908036411273 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн Н-ын М, Улаанбаатар хотод 1960 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 0 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялыг дүйцүүлэн хасч, суллагдсан. /регистрийн дугаар: 0000000000/

Н.М- нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35 дугаар гудамжны 15 тоот хашааны гадна иргэн Б.Б-тэй дүүгээ өмөөрч маргалдан толгой руу нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Н.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тал тоосгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Н.М- бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх “урьд ял эдэлж байсан, гэм буруугаа ойлгоогүй, гэмшээгүй” гэсэн үндэслэлээр миний эрх зүйн байдлыг дордуулж, хэт өндөр ял оноосон. Би гэм буруугаа хүлээж анхнаасаа үнэн мэдүүлэг өгч, хохирогч Батхүүгээс уучлалт гуйн эмчилгээнд нь зориулж 240,000 төгрөг өгсөн. Хохирогч Батхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн. Мөн миний ээж Нанжид 80 настай, хүнд өвчтэй, дүү Ганбаатар 51 настай, группт байдаг зэрэг байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

            Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно ... шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.” гэж дүгнэсэн атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх дүгнэлтдээ “Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэх үүрэг болгосон заалт биш болохыг тэмдэглэж байна.” гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл байна. Шүүх миний үйлчлүүлэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзсэн байна. Гэтэл миний үйлчлүүлэгч дээр дурдсанаар учруулсан хохирлоо төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад ч гэм буруугаа хүлээсэн байдаг. Үүнийг шүүх дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүй. Хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч ямар үндэслэлээр хэрэглээгүйгээ тодорхой тайлбарлаж, дүгнэлт өгөлгүй зөвхөн “шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэх үүрэг болгосон заалт биш” гэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зохицуулалтыг хэрэглэн миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан. Н.М- нь урьд яг адил үйлдлээр хүнийг санаатай алсан хэрэг үйлдэж байсан. Сүүлийн үйлдэлдээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, оргон зайлсан. Иймээс анхан шатны шүүхээс түүний хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан. Мөн үүрэг болгосон заалт биш учир шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд 4 жил хорих ял оногдуулсан. Иймээс тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.        

Шүүгдэгч Н.М- нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35 дугаар гудамжны 15 тоот хашааны гадна иргэн Б.Б-тэй дүүгээ өмөөрч маргалдан толгой руу нь тоосгоор цохиж “... баруун зулай, чамархай, суурь ясны их, бага далавч дайрсан суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, баруун хацрын нумын далд хугарал, баруун хөхлөг сэртэн, суурь этмойд хөндийн цус хуралдалт, баруун чамархайн, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх ...”  бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-гийн “... найз бүсгүй М.Отгонсайханы хамт гэрт нь очиход төрсөн ах нар нь согтуу байсан ... Ганбаатар надтай зодолдох гээд хэл амаар өдөөд байхаар нь түлхсэн. М.Отгонсайхан дундуур ороод ирэхээр нь түлхээд гараад явсан. Гэтэл том ах Магсаржав нь толгой руу тоосгоор цохиод зугтаасан ...” /хх 22-23/,

гэрч М.Отгонсайханы “... Б.Б-, М.Ганбаатар ахыг түлхэхээр нь “та нар яах гэж ингэж байдаг юм” гээд салгасан чинь Б.Б- “танай ах нар ийм шүү дээ” гээд гэрээс гараад явсан. Ах Н.М- араас нь гарсан. Намайг гарч очиход Б.Б-гийн толгойноос цус гарсан, хэвтэж байсан ...” /хх 28-30/,

гэрч М.Ганбаатарын “... гаднаас дүү М.Отгонсайхан нэг залуутай орж ирсэн ... архи хувааж уусан ... би Б.Б-г зодолдох уу гээд боссон чинь намайг түлхсэн. М.Отгонсайханыг бас түлхээд гэрээс гараад явсан. Цааш юу болсныг мэдэхгүй ...” /35-36/,

шүүгдэгч Н.М-ын “... М.Отгонсайханы найз залуу Б.Б-тэй танилцаад архиа хувааж уусан. Эхнэр Мөнхтуяа бид хоёр жижиг өрөөнд хэвтэж байтал М.Ганбаатар, М.Отгонсайхан, Б.Б- нар чанга, чанга яриад муудалцаад байх шиг байсан. Би араас нь гартал М.Ганбаатар тасраад газар хэвтэж байсан. Юу болсныг асуухад Б.Б- “чамд ямар хамаатай юм” гэж ууртай хэлсэн. Би дүүгээ газар уначихсан болохоор нь Б.Б-тэй муудалцаж заамдалцсан. Б.Б- надаас салаад хашаанаас гараад явахаар нь араас нь очоод тоосгоор толгой руу нь цохисон юм ...” /хх 122/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8837 тоот шинжээчийн дүгнэлт /хх 45/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн “... улаан өнгийн тоосго дээр цус илэрсэн ... ” гэсэн 4183 тоот шинжээчийн дүгнэлт /хх 53/ зэргээр нотлогдон, тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Н.М- нь хохирогчийн толгойд тоосгоор цохиж амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамааралтай тул уг зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй. Хэдийгээр шүүхийн эрх хэмжээний асуудал боловч хуульд заасан нөхцөл, боломжуудыг шүүгдэгчид эдлүүлээгүй шалтгаан, үндэслэлээ шүүх шийдвэртээ тодорхой тусгах нь хууль ёсны зарчмын шаардлага ба шүүгдэгчийн өмгөөлөгч үүнийг хөндөж давж заалдах гомдлоо гаргасныг шүүх бүрэлдэхүүн зөв гэж үзэв.

Гэхдээ өмгөөлөгчийн маргаж буй дээрх асуудалд шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарласнаар хариу өгсөн гэж ойлгохоор байна.  

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тухайн зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Шүүгдэгч Н.М- өмнө нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлсэндээ дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон ахуйн хүрээний маргаанаар шалтаглан хүний амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд давж заалдах шатны шүүх хүрсэн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/1194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

 

                                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                       ШҮҮГЧ                                                                М.ПҮРЭВСҮРЭН