| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 110/2025/0055/З |
| Дугаар | 221/МА2025/0588 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0588
Б.Ж гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч Б.Ж
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч
Гомдлын шаардлага: "Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2025/0063
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 110/2025/0055/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Б.Ж Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдуулан "Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох" тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2025/0063 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Ж шүүхэд гаргасан "Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох" тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С давж заалдах гомдолдоо:
“Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ...3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, мөн зүйлийн 18/... гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно" гэж, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй" гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын иргэн гадаадад байхдаа төрийнхөө ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах эрхтэй" гэж заасан.
Гомдол гаргагч Б.Ж 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, гаалийн болон онцгой албан татвар зэрэг бүх төрлийн татвар төлөгдсөн Toyota prius alpha-XW загварын, ZVW410008176 арлын дугаартай, тээврийн хэрэгслийг худалдан авч, үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлж 8....... улсын дугаар авсан бөгөөд тэрбээр 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хувийн ажлаар /Казахстан улсын Их сургуульд багшилдаг/ гадаад улс руу яваад 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эх орондоо буцаж ирж буй Монгол Улсын иргэн юм.
Монгол Улсын харьяат хүн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр гадаад улсад хувийн хэргээр зорчихдоо түүний эд хөрөнгө өмчлөх эрх бөгөөд чөлөөтэй зорчих эрх Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "Гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол ...” гэж зааснаар хязгаарлагдана гэж үзэхгүй байна. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 1.1-д "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино" гэж, мөн журмын 12.1-д "Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйлд заасан зорчигчийн авто тээврийн хэрэгслийг хилээр түр хугацаагаар нэвтрүүлэхэд дараах дарааллыг мөрдөнө: 12.1.1-д Автотээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан даруйдаа Энэ журмын хавсралтаар батлагдсан "Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн автотээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг”-ийг бөглөж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспортын хамт гаалийн байгууллагад гаргаж өгнө" гэж, 12.1.2-т "Хилийн гаалийн байгууллага 12.1.1-д заасан бичиг баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн программын "Зорилго" хэсгийн "Түр (Аялал жуулчлал) төрлийг сонгон бүртгэж, баталгаажуулан, "Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн автотээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг"-ийн 13 дугаар хүснэгтэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн программын "Бүртгэлийн дугаар"-ыг нөхөн бичиж, 14 дүгээр хүснэгтэд "Гаалийн хяналтад байгаа" тэмдэг дарж, гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг тод дарж, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид олгоно" гэж, мөн журмын 12.5-д "Авто тээврийн хэрэгслийг улсын хилээр буцаан нэвтрүүлээгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийж, гаалийн болон бусад татварыг барагдуулах бөгөөд зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуy шийдвэрлэнэ" гэжээ.
Холбогдох хууль, журмын зохицуулалтаас үзэхэд зөвхөн гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний дараа хуульд заасан хугацааны дотор буцаан гаргаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг гэдэг нь тодорхой харагдаж байна.
Б.Ж Монгол Улсын хилийг нэвтрэх үед /гарах/ хэн нэгэн хүн, захиргааны байгууллага эсхүл албан тушаалтан надад тээврийн хэрэгслээ 6 сарын дотор Монгол Улсад буцаагаад авч ирэх ёстой, эс тэгвээс хариуцлага хүлээлгэнэ гэж огт хэлж сануулж байгаагүй.
Гэтэл шүүх хавтаст хэрэгт байхгүй, авагдаагүй баримтаар буюу хариуцагч тал гаргасан "...ажлын ачааллаас болж энэ талаар зорчигч бүрд тайлбарлах боломж гардаггүй, харин энэ талаар мэдээллийн самбараас танилцах боломжтой" гэсэн тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-т заасанд нийцэхгүй.
Үүнээс дүгнэхэд, шүүх холбогдох хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж гадаад улсын иргэн гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Монгол улсад түр нэвтрүүлсний дараа тогтоосон хугацаанд Монгол Улсаас буцаан гаргаагүй үед хүлээлгэдэг хариуцлагыг гомдол гаргагч Б.Ж-д хүлээлгэсэн маргаан бүхий актыг зөвтгөсөн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2025/0063 дугаартай шийдвэрт Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч А.Мартын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон агуулгатай өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч А.М-аас гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд гаалийн хилээр нэвтрүүлээгүй асуудлыг шалгаж, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0957186 дугаар шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй зөрчилд Б.Ж-г 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...зөвхөн гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний дараа хуульд заасан хугацааны дотор буцаан гаргаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг гэдэг нь тодорхой харагдаж байна. Б.Ж Монгол Улсын хилийг нэвтрэх үед /гарах/ хэн нэгэн хүн, захиргааны байгууллага эсхүл албан тушаалтан надад тээврийн хэрэгслээ 6 сарын дотор Монгол Улсад буцаагаад авч ирэх ёстой, эс тэгвээс хариуцлага хүлээлгэнэ гэж огт хэлж сануулж байгаагүй...” хэмээн маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч А.М Гаалийн тухай хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хэрэгжүүлэх явцад гаалийн хилээр орох чиглэлд 8....... улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Монгол Улсын иргэн, Монгол Улс, Баян-Өлгий аймаг, Бугат сум, 3 дугаар багийн оршин суугч, РД:Б,,,,,,,,, Булан овогтой Ж нь анх 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсаас Цагааннуур боомтоор гараад буцаад 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр орж ирж байгаа нь тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй зөрчилд холбогдсон зөрчлийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад илрүүлж, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[2] үйлджээ.
4.1. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлээр[3] “...холбогдогч өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд КАИС программын бүртгэлийн нотолгоо, зөрчилд холбогдогчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул...” гэдэг үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
4.2. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлд[4] “...Холбогдогч: Гомдол байхгүй, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.” гэж мэдүүлж, Б.Ж-аас Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын Цагааннуур боомтод 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтдээ[5] “Миний бие Булан Ж нь Казакстан Улсад ажиллаж байна. Тээврийн хэрэгслийг 6 сарын дотор орж ирэх ёстой гэдгийг мэдээгүй. Иймд үндсэн ажил дуусах үед орж ирсэн болно. Иймд хугацаа өнгөрөхөөс өмнө хилээр орж ирж байх болно.” гэжээ.
4.3. 8....... улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Цагааннуур боомтоор гараад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн нь “Монгол Улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн автотээврийн хэрэгсэлд дагалдах хуудас[6]”-аар тогтоогдож байна.
5. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.
6. Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "тээврийн хэрэгсэл" гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг”, 3.1.9-д "гаалийн хилээр нэвтрүүлэх" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг”, 229 дүгээр зүйлийн 229.1-д "Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл" гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно.”, 229.2-т “Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаалийн болон бусад татваргүйгээр түр хугацаагаар нэвтрүүлнэ.” гэж тус тус заасан.
7. Гомдол гаргагч Б.Ж нь тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд хилээр буцаан нэвтрүүлээгүй болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Гаалийн тухай хуулиар зохицуулсан хэм хэмжээг зөрчиж, хувийн тээврийн хэрэгслээр гаалийн хилээр 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түр нэвтэрснээс хойш 10 сар 27 хоногийн дараа буюу 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр буцаж орсон нь зөрчилд хамаарахаар байна.
8.Тодруулбал, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр 6 сар хүртэл хугацаагаар оруулах, дамжуулан өнгөрүүлэх, мөн гаргаж болох бөгөөд тухайн тохиолдолд холбогдогч Б.Ж нь тээврийн хэрэгслээр тогтоосон хугацаанд хилээр буцаж нэвтрээгүй нь зөрчилд хамаарахаар байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөвхөн гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний дараа хуульд заасан хугацааны дотор буцаан гаргаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...Б.Ж нь Монгол Улсын хилээр хувийн тээврийн хэрэгслээр түр нэвтэрч буй зорчигчийн хувьд тээврийн хэрэгслээ 6 сараас дээшгүй хугацаанд буцаан нэвтрүүлэхээр заасан хуулийн зохицуулалтыг мэдээгүй нь, гаалийн хилээр нэвтрэх үед гаалийн улсын байцаагчаас энэ талаар тайлбарлаж өгөөгүй нь зөрчил гаргагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2025/0063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА