Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 68

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Угтахбаярт холбогдох 201601070160 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                Нарийн бичгийн дарга:                        Л.Отгончимэг

                Улсын яллагч:                                      Х.Эрдэнэтуяа

                Хохирогч:                                              О.Эрдэнэбаатар

                Шүүгдэгчийн өмгөөлөгч:                      С.Эрдэнэцэцэг

     Шүүгдэгч:                                                    Ц.Угтахбаяр нар оролцов.

           Монгол улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр Гансүх, 19-22 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайхран  дүүргийн 17 дугаар хорооны Өнөр хороолол 32 дугаар байрны 102 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, СА74062801 регистрийн дугаартай, Чойням овгийн Цэвээнсүрэнгийн Угтахбаяр

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

             Ц.Угтахбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн үед өөрийн эзэмшлийн 18-25 УНТ улсын дугаартай “Тоёота Планата” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Багануур дүүргийн 3 дугаар хорооны Баатар толгой гэх газрын орчим Асфальтан зам дээр замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдлөхгүй байх,

           В. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх.

            Мөн дүрмийн 5.1а/ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчиж иргэн О.Эрдэнэбаатарын сартай хар зүсний шүдлэн гунжийг дайрч зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Угтахбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 6 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед охин Оюунтүлхүүрийн хамт Хэнтий аймгийн Батноров сумаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн 18-25 УНТ “Toyota Isis” маркийн машиныг жолоодон, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр уруудаад явж байгаад өөдөөс ирж байгаа машины гялбаанд орж, миний урдуур үхэр ороод ирсэн, тормоз гишгэсэн боловч уруу газар байсан учраас машин зогсоогүй. Би машинаасаа буугаад ойр орчмыг харахад үхэр харагдаагүй. Охин бид хоёр айж балмагдсан байсан учраас үхэр харах сөхөө байгаагүй. Би Мөнхбат гэдэг таньдаг хүн рүүгээ утасдаж, замын унаа гуйж машинаа чирүүлээд Мөнхбатын хашаанд орхиод охинтойгоо хамт хот руу явсан. Би 2004 онд жолооч болсон, дүрмээ сайн мэднэ. Ингээд 10 хоногийн дараа Багануураас машинаа ачиж хот руу оруулсан. Осол гарсан талаар зохих газарт нь мэдэгдье гэж бодож байсан боловч хэлж чадаагүй юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна...” гэв.

Хохирогч О.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр үхрээ замын хажууд машинд дайруулсан байхыг олоод цагдаад мэдэгдсэн. Би 510.000 төгрөгийн хохирол авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Г.Оюунтүлхүүрийн өгсөн: “...Би 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгаас ээж Угтахбаярын хамт Улаанбаатар хотруу явахаар ээжийн эзэмшлийн 18-25 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Хэнтий аймгаас Багануур дүүрэг дөхөөд явж байхад унтчихсан байсан гэнэт түс хийсэн чимээ гарахаар нь сэрсэн. Сэрээд хартал машины урд талын шил хагарчихсан байсан ба би сэрэнгүүтээ айж сандарснаасаа болж бие маань салгалаад шоконд орчихсон байсан учир тэрнээс хойш юу болсныг бүдэг бадаг санаж байна. Миний санаж байгаагаар бол намайг нэг ухаан ороход ээж замын машин зогсоочихлоо гээд машинаа чирүүлчихсэн явж байсан. Тэгээд Багануур дүүрэгт нэг танихгүй айлын хашаанд машинаа орхиод бид хоёр тэр шөнөдөө Улаанбаатар хот руу замын унаа тосож суугаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29/

Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнхбатын өгсөн “...Одоогоос 2 сар орчмын өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын сүүлээр миний танил Угтахбаяр гэх хүүхэн шөнө 02 цагийн орчимд миний утас руу залгаад “машинаараа үхэр мөргөөд эвдэлчихлээ танай хашаанд орхиж болох уу” гэхээр нь “аваачаад орхичих” гэсэн. Түүнээс хойш ойролцоогоор 10 орчим хоногийн дараа Угтахбаяр Улаанбаатар хотоос ирээд манай дүү Ганбатын “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр машинаа ачаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30 хуудас/

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 463 дугаартай дүгнэлтийн: “18-25 УНТ улсын дугаартай авто машины жолооч Ц.Угтахбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А./ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

В. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх. Мөн дүрмийн 15.1 а/ “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 33/

Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн д/ч Н.Ариунболдын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 6/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 3-6/

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн Малын хохирлын үнэлгээгээр “3 настай сартай хар гунжийн үхрийг 500.000 төгрөгөөр үнэлсэн” гэх хохирлын үнэлгээ /хх-н 37/

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “18-25 УНТ улсын дугаартай “Toyota Isis” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.Угтахбаяр” гэжээ. /хх-н 53/

Тээврийн хэрэгсэл болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 20-23/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “тээврийн хэрэгслийн эд анги болох 17 ширхэг хуванцар зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол /хх-н 24/

Ц.Угтахбаяр нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 54/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 463 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Ц.Угтахбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баатар толгой” гэх газрын орчим асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 18-25 УНТ улсын дугаартай “Toyota Isis” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдлөхгүй байх, в. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх. Мөн дүрмийн 5.1а/ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн О.Эрдэнэбаатарын сартай хар зүсний шүдлэн гунжийг дайрч 510.000 төгрөгийн хохирол учруулан, зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Хэрлэнгийн гүүр уруудаад явж байгаад өөдөөс ирж байгаа машины гэрлийн гялбаанд орж, миний урдуур үхэр ороод ирсэн” гэсэн мэдүүлэг болон хохирогч О.Эрдэнэбаатарын өгсөн “тухайн өдөр үхрээ хайж явж байгаад замын хажуунаас машинд дайрагдсан байхыг олсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мөнхбатын “2016 оны 6 дугаар сарын сүүлээр шөнө 02 цагийн орчимд Угтахбаяр машинаараа үхэр мөргөсөн талаар утсаар надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 30/, гэрч Г.Оюунтүлхүүрийн “Хэнтий аймгаас гараад Багануур дүүрэг дөхөж байхад гэв гэнэт тас түс хийх чимээ гарахаар нь би сэрсэн, машины урд талын шил хагарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, Тээврийн хэрэгсэл болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Ц.Угтахбаярын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсныг тогтоосон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 463 тоот дүгнэлт/хх-ийн 32/, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн д/ч Н.Ариунболдын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 6/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Иймд прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Ц.Угтахбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Ц.Угтахбаяр нь зам тээврийн ослын газрыг орхиж явахгүй байх үүрэгтэйг мэдсээр байж хариуцлагаас зайлсхийх зорилгоор үйлдэлдээ санаатай хандсан нь шүүгдэгчийн “осол болсны дараа зохих газарт нь мэдэгдье гэж бодож байсан боловч чадаагүй юм” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд шүүх хуралдаанд хохирогч О.Эрдэнэбаатар нь “шүүгдэгчээс 510.000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 54 хуудас/ тогтоогдсон болно.    

Иймд шүүгдэгч Ц.Угтахбаярт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн эд анги болох 17 ширхэг хуванцар зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

    Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Чойням овгийн Цэвээнсүрэнгийн Угтахбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж, зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чойням овгийн Цэвээнсүрэнгийн Угтахбаярт 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Угтахбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Ц.Угтахбаярт оногдуулсан  1 / нэг / жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Угтахбаяр нь хохирогч О.Эрдэнэбаатарын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 510.000 төгрөг төлснийг дурдсугай.
  6. Шүүгдэгч Ц.Угтахбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн эд анги болох 17 ширхэг хуванцар зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Угтахбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Угтахбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА