Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 949

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Үгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00451 дүгээр шийдвэртэй, Б.Үгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.От холбогдох 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өв залгамжлалын 89 дугаарт бүртгэж олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, бүртгэл хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр,

Хариуцагч Т.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Нинжинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ү би 2011 оны 11 дүгээр сард А.Сосорсүрэнтэй танилцаж дотно харилцаатай болсон. 2012 оны 02 дугаар сараас А.Сосорсүрэнг нас барах хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан ба 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр бид С.Аззаяа гэж охинтой болсон. А.Сосорсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан. Нас барагч А.Сосорсүрэнгийн хууль ёсны өвлөгч нь түүний охин болох С.Аззаяа юм. Өв нээгдэх хугацаанд талийгаач А.Сосорсүрэнгийн өмчлөлийн “СЭБОЦЭ” ХХК-ийн хувьцааг Г.Энхмандахад олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О 2016 оны 12 дугаарсарын 23-ны өдөр өв залгамжлалын 89 дугаарт бүртгэж өвлөх эрхийг гэрчилсэн ба уг нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү.

Мөн нотариатч Т.Оын дээрх үйлдлийг хүчингүйд тооцсонтой холбогдох бүртгэл хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.Энхмандах нь “манай нөхөр А.Сосорсүрэн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан, нөхөр бид хоёр 2 хүүхэдтэй, одоогоор насанд хүрээгүй миний асрамжинд байдаг. Бид хоёр хамтарч 1996 онд “СЭБОЦЭ” ХХК-ийг үүсгэн байгуулсан, зөвхөн нөхрийн маань нэр дээр байдаг. Хоёр хүүхэд болон надаас өөр өв залгамжлагч байхгүй. Одоогийн байдлаар компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилчдын цалин хөлс олгох, банк санхүүгийн зээлийн төлбөр тооцоо хийх зайлшгүй шаардлага гарч байгаа учраас “СЭБОЦЭ” ХХК-ийн удирдлагын гарын үсэг шаардлагатай учраас тус компанийг хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацаанаас нь өмнө олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч холбогдох баримтыг судалж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч нарын мэдээллийг шалгаж үзээд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааныг нь харгалзан өвлүүлэгч А.Сосорсүрэнгийн нэр дээрх “СЭБОЦЭ” ХХК-ийг түүний хууль ёсны өвлөгч болох эхнэр Г.Энхмандахад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 89 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.3 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийг олгосон. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг Г.Энхмандахад олгох үед өвлүүлэгч А.Сосорсүрэн нь нэхэмжлэгч Б.Үтэй хамтын амьдралтай байсан, дундаасаа хүүхэдтэй болсон, өв залгамжлах эрхтэй талаарх ямар нэгэн лавлагаа, мэдээлэл байхгүй байсан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхмандах нь Мод боловсруулах үйлдвэрт инженерээр ажиллаж байхдаа 1988 онд А.Сосорсүрэнтэй танилцаж, 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хуримлан айл гэр болж амьдарсан. Хамтын амьдрлын хугацаанд А.Сосорсүрэн Г.Энхмандах нар 2000 онд төрсөн охин С.Азжаргал, хүү С.Амаржаргал нарын эцэг, эх болсон. А.Сосорсүрэн, Г.Энхмандах нар тасралтгүй 29 жил хамтран амьдарч 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А.Сосорсүрэн өвчний улмаас гэртээ, эхнэр Г.Энхмандах, хүү С.Амаржаргал, охин С.Азжаргал нарынхаа дэргэд нас барсан юм. Г.Энхмандах нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж А.Сосорсүрэнтэй 29 жил хамт амьдарсан нөхцөл байдлаа тогтоолгох гэсэн боловч шүүх 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар “... нэхэмжлэгч Г.Энхмандах нь А.Сосорсүрэнтэй 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр болсноо 1990 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.Азжаргал, С.Амаржаргал нар төрсөн болох гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Г.Энхмандахыг А.Сосорсүрэнтэй түүнийг нас барах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэхээр байна. Иймд тэдний хамтын амьдралтай байсныг батлах бичиг баримт байх тул онцгой ажиллагааны журмаар хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

А.Сосорсүрэн, Г.Энхмандах нар хамтын амьдралынхаа хугацаанд “СЭБОЦЭ” ХХ-ийг үүсгэн байгуулсан ба А.Сосорсүрэн нас барснаар “СЭБОЦЭ” компанийн удирдлага Г.Энхмандахад шилжсэн. Хэдийгээр “СЭБОЦЭ” ХХК-ийн захирал нас барсан боловч үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой бөгөөд компанид ажиллаж байгаа 60-70 хүний аж амьдрал, цалин хөлс уг компанитай холбоотой, нас барсан захирлын үед бий болсон гурван тэрбум төгрөгийн өрийг үүрэг гүйцэтгүүлэгчдэд төлөх хүнд даалгавартай, банкны болон бусад гүйлгээг хийхэд гүйцэтгэх удирдлагын гарын үсэг зайлшгүй хэрэгтэй болсон тул Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1 дэх хэсэгт зааснаар А.Сосорсүрэнгийн эхнэр, хоёр хүүхдийнх нь эх, энэ компанийг 20 жилийн өмнө хоосон газар дээр босголцсон Г.Энхмандах компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдаагүй, бэлэглээгүй, барьцаалаагүй, гэрээслээгүй, тэгэх эрх ч үгүй хадгалж, компанийн үйл ажиллагааг сэргээх, өр авлагаас гаргахаар эрчимтэй ажиллаж байгаа юм.

Иргэний хуулийн 530 дугаарзүйлийн 530.1 дэх хэсэг бол өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг авч, өв нээгдэх хүртэл хадгалах эрхтэйг баталгаажуулсан хуулийн зохицуулалт. Хууль ёсны өвлөгч Г.Энхмандахын “СЭБОЦЭ” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авах үед А.Сосорсүрэн өөр хаа нэг газарт хүүхэдтэй болсон талаар хэн ч мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. А.Сосорсүрэнгийн гэх хүүхэд нь Монгол Улсад төрөөгүй, Б.Ү олноос нуугдаж Солонгос улсад төрүүлсэн гэх бөгөөд тэрээр энэ тухай хэнд ч ярьж хэлээгүй байдаг. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нотариатч болон Г.Энхмандах нар ямарч хууль тогтоомж зөрчөөгүй нь тодорхой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэж байна. Б.Ү өвийн талаар маргаан байна гэж үзээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь одоо хэрэг хянан шийдвэрлэгдэх шатандаа байгаа. Үнэхээр Б.Үгийн хүүхэд нас барагч А.Сосорсүрэнгийн өвөөс хүртэх ёстой гэж үзвэл энэ нь СЭБОЦЭ" ХХК-ийн хувьцаа хэний нэр дээр байхаас үл шалтгаалан өвлөгчдийн дунд хуваагдаж шийдвэрлэгдэх тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь ач холбогдолгүй гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан 07 дугаартай, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 89 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, үйлдэл хүчингүйд тооцсонтой холбоотой холбогдох бүртгэл хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2018/00641 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.Энхмандах нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгсөн тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч нарын мэдээллийг шалгаж үзээд, мөн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан өвлүүлэгч А.Сосорсүрэнгийн нэр дээрх “СЭБОЦЭ” ХХК-ийг түүний хууль ёсны өвлөгч болох эхнэр г.Энхмандахад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 89 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт заасныг баримтлан өвлөх эрхийг олгосон. Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.4-т “...төрөл садангийн лавлагаа, эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа”, 8.2.13-д “...өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 561.2 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө олгож болно” гэж зааснаар хууль ёсны өвлөгч нарын мэдээллийг шалган үзэхэд өвлүүлэгч А.Сосорсүрэн өмнө нь нэхэмжлэгчтэй хамтран амьдралтай байсан эсэх, дундаасаа хүүхэдтэй болсон, өв залгамжлах эрхтэй талаар ямар нэг лавлагаа мэдээлэл байхгүй байсан учир өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийсэн.

Шүүх “...Нотариатч Т.О өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо өөр бусад өвлөгч байгаа эсэхийг нягтлан шалгахгүйгээр нотариатын үйлдэл хийсэн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1-д заасныг зөрчсөн” гэж үндэслэх хэсэгт дурдаж байх бөгөөд ямар үндэслэлээр миний үйлдэл хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн, дээрх зүйлийн аль заалтыг нотариатч хэрхэн зөрчсөн талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтэд бүрдүүлсэн баримтыг хуурамч эсхүл хууль бусаар бүрдүүлсэн хэмээн дүгнэсэн шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэр байгаагүй тул намайг хууль тогтоомж, нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнээс гадна, нэхэмжлэгч өөрийн хүүхдийнхээ өвлөх эрхийн талаар өргөдлөө 2017 оны 04 дүгээр сард гаргасан. Өөрөөр хэлбэл, тэр үед л А.Сосорсүрэнгийн хүүхэд гарч ирсэн ба өмнө нь мэдэх боломжгүй байсан. Мөн шүүх иргэний хэрэг үүсгэхдээ Т.Оын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өв залгамжлалын 89 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд үүсгэсэн атал шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, үйлдэл хүчингүйд тооцсонтой холбоотой холбогдох бүртгэл хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн ямар шаардлагад иргэний үүсгэсэн, яагаад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх болсон талаар ямар нэгэн эрх зүйн бичиг баримт гаргаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа бөгөөд давж заалдах шатны шүүх өөрчлөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Энхмандах 1988 онд А.Сосорсүрэнтэй танилцаж, 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хуримлан айл гэр болж, 2000 онд төрсөн охин С.Азжаргал, хүү С.Амаржаргал нарын эцэг эх болсон. Тэд тасралтгүй 29 жил хамтран амьдраад 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А.Сосорсүрэн өвчний улмаас гэртээ эхнэр хүү, охин нарынхаа дэргэд нас барсан. Хамтын амьдрах хугацаандаа “СЭБОЦЭ” компанийг үүсгэн байгуулсан ба А.Сосорсүрэн нас барснаар компанийн удирдлага Г.Энхмандахад шилжсэн. Хэдийгээр “СЭБОЦЭ” ХХК-ийн захирал нас барсан боловч үйл ажиллагаа тасралтгүй явагдах, 60-70 ажилчдын аж амьдрал, цалин хөлс уг компанитай нягт холбоотойн зэрэгцээ захирлын үед бий болсон 3,0 тэрбум төгрөгийн өрийг үүрэг гүйцэтгүүлэгчдэд төлөх хүнд даалгавар, банк болон бусад гүйлгээг хийхэд гүйцэтгэх удирдлагын гарын үсэг зайлшгүй хэрэгтэй болсон. Иймд  Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1 дэх хэсэгт зааснаар А.Сосорсүрэнгийн эхнэр буюу хоёр хүүхдийнх нь эх, энэ компанийг 20 жилийн өмнө хоосон газар дээр босголцсон Г.Энхмандах компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдаагүй, бэлэглээгүй, барьцаалаагүй, гэрээслээгүй, тэгэх эрх ч үгүй хадгалж, компанийн үйл ажиллагааг сэргээх, өр авлагаас гаргахаар эрчимтэй ажиллаж байгаа юм. Энэхүү нөхцөл байдлыг гуравдагч этгээд шүүхэд мэдүүлсэн боловч шүүхийн шийдвэрт дээрх нөхцөл байдлын талаар ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Иргэний хуулийн 530 дугаарзүйлийн 530.1 дэх хэсэг бол өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг авч, өв нээгдэх хүртэл хадгалах эрхтэйг баталгаажуулсан хуулийн зохицуулалт юм. Хууль ёсны өвлөгч Г.Энхмандахын “СЭБОЦЭ” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авах үед А.Сосорсүрэн өөр хаа нэг газарт хүүхэдтэй болсон талаар хэн ч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Б.Ү олноос нуугдаж Солонгос улсад хүүхдийг төрүүлсэн гэх бөгөөд энэ тухайгаа хэнд ч ярьж хэлээгүй бөгөөд энэхүү нөхцөл байдалд шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Нотариатч болон Г.Энхмандах нар хууль зөрчөөгүй нь тодорхой байна. Шүүх Т.Оын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өв залгамжлалын 89 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн атлаа шүүхийн шийдвэрт гэрчилгээ хүчингүй болгуулах талаар байхгүй байхад тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, үйлдэл хүчингүйд тооцсонтой холбоотой холбогдох бүртгэл хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн ямар шаардлагад иргэний үүсгэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх болсон талаар ямар нэгэн эрх зүйн бичиг баримт гаргаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа бөгөөд давж заалдах шатны шүүх өөрчлөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ү нь Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.От холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өв залгамжлалын 89 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...холбогдох бүртгэл хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Энхмандахыг хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцуулсан, тэрээр хариуцагчийн татгалзлыг дэмжсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, уг үйлдлийг хүчингүйд тооцсонтой холбоотой бүртгэл хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь “өв залгамжлалын бүртгэлийн 89 дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “холбогдох бүртгэл хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгах” гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх хуралдааны явцад “...нотариатын үйлдлийг хүчингүй болгож, үүнтэй холбоотойгоор холбогдох бүртгэлийг хийхгүй байхыг даалгах” гэж тайлбарласан нь тэмдэглэлд тусгагджээ. /хх 149, 168/

 

Шүүх Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар бүртгэл хийхийг даалгаж байгаа нь тодорхой бус байна. Ийнхүү тодорхой бус байгаа тохиолдолд шүүх тодруулах үүрэгтэй бөгөөд шүүхээс гаргаж буй шийдвэр нь хэргийн оролцогч болон түүнийг биелүүлэх байгууллагад ойлгомжтой, нэхэмжлэгчийн зөрчигдсөн ямар эрхийг сэргээж байгаа нь тодорхой байх ёстой.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч “нотариатын үйлдлийг хүчингүй болгох” шаардлага гаргаж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан байхад хариуцагчид гардуулагдаагүй, түүнд уг шаардлагатай холбоотой хариу тайлбар гаргах эрх олгоогүй, талуудын мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Дээрх үндэслэлээр хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00451 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 140 400 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА