| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0202/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/219 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга П.П
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-д холбогдох эрүүгийн 2225004000217 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.Ц.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян худалдааны төв”-д Н.А-гийн өмсөж явсан хувцасны халааснаас Самсунг А51 загварын гар утсыг нь хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.А-гийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах данснаас 2 900 000 төгрөгийг Ц.Зын эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах данс руу хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлах,
Н.А-гийн эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсан дахь “Хаан банкны интернэт банк” үйлчилгээ ашиглах аппликейшинг ашиглаж, уг гар утасны дугаараар нууц үгийг сэргээн Хаан банкны мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж кибер орчинд хууль бусаар халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээлэл өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлсөн. Хаан банкны апликейшнийг нь ашиглаж нууц үгийг нь сольж, мөнгө авсан. Дахиж зөрчил гаргахгүй” гэв.
Хохирогч Н.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Н.Зоригийн Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга. /хавтаст хэргийн 19-86 дахь тал/
2. Т.Ц-ийн Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга. /хавтаст хэргийн 88-91 дэх тал/
3. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 92-93 дахь тал/
4. Хохирогч Н.А-гийн “2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад Уурхайчин баг Баян худалдааны төвийн 1 давхарт байдаг номын дэлгүүр ороод хажуу талынх нь бичиг хэргийн дэлгүүрээс бараа үзэж байгаад буцаад номын тасаг руу очиход миний өмсөж явсан хар өнгийн куртикний баруун талын халаасанд байсан Самсунг А51 маркийн гар утсаа алдсан. Тэгээд тухайн өдрөө би гэртээ хариад байж байтал 23 цаг 57 минутанд миний эзэмшдэг Хаан банкны **** дугаартай данснаас Хаан банкны **** дугаартай данс руу 2 900 000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 104 дэх тал/
5. Гэрч Э.Д-гийн “Би Мобикомын **** дугаарын утсыг 2020 оноос хойш ашиглаж байгаа санагдаж байна. Би уг дугаарыг өөрөө ашигладаг. Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим орчинд “А” гэх нэртэй фейсбүүк хаягаас оруулсан зарын дагуу холбогдож Самсунг А51 загварын гар утсыг “А” гэх нэртэй фейсбүүк хаягтай хүнд өөрийнхөө Самсунг загварын 55 инчийн смарт зурагтыг ломбарданд 1,000,000 төгрөгөөр тавьчихсан байсныгаа өгөөд утсыг авсан. Надтай “А” гэх нэртэй фейсбүүк хаягаар холбогдсон хүн 30 орчим насны 170 гаруй см өндөртэй, шар царайтай эмэгтэй байсан. Ломбарданд 1,080,000 төгрөг бэлнээр өгөөд миний зурагтыг аваад дээрээс нь Самсунг А51 загварын гар утсыг өгчхөөд зурагтаа таксигаар аваад явсан. Надад гар утас өгч, зурагт авч явсан хүн мөн байна. “А” гэх нэртэй фейсбүүк хаяг дээрх хүний зураг хоёр таарч байна. Би хараад таньж байна. Одоо харвал танина” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 106 дахь тал/
6. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ- 622/3931 дугаартай “самсунг А51 гар утас 1 ширхэг 450,000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ. /хавтаст хэргийн 114-117 дахь тал/
7. Яллагдагч Т.Ц-гийн “Би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа хотоос Орхон аймагт ирсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би баян худалдааны төвөөр явж байгаад нэг эгчийн куртикнийх нь халааснаар гар утсыг нь хулгайлж халааснаас гар утсыг нь хулгайлж авсан юм. Тухайн гар утас нь самсунг А51 загварын гар утас байсан. Тэр гар утас кодгүй байсан бөгөөд би мессеж рүү нь ортол хаан банкны зарлагын гүйлгээний мэдээлэл ирсэн байсан. Тэгтэл 3 сая орчим төгрөгийн үлдэгдэлтэй мессеж байхаар нь би интернэт банк руу орсон. Тэгтэл нэвтрэх нэр нь хадгалаастай байхаар нь би нууц үг сэргээх гэдэг дээр нь дарж нууц үгийг нь утасны дугаараар нь авч интернэт банк руу нэвтэрсэн. Тэгээд би хуучин нууц кодыг нь сольсон. Тэгээд тэр хүний данснаас 2,900,000 төгрөгийг онлайн покерын данс руу гүйлгээний утга дээр нь өөрийн зохиосон кодыг бичиж шилжүүлсэн юм. Тэгээд би өөрөө бас нэг тоглоомын акуант нээж тус акуанттайгаа буюу өөртэйгөө хэсэг тоглож байгаад шинээр нээсэн акуантын хаягаас нөгөө 2,900.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны **** дугаарын данс руу 4 хувааж таталт хийж авсан юм.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 130 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян худалдааны төв”-д Н.А-гийн өмсөж явсан хувцасны халааснаас Самсунг А51 загварын гар утсыг нь хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр Н.А-гийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах данснаас 2 900 000 төгрөгийг Ц.З-гын эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах данс руу хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн Н.А-гийн эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсан дахь “Хаан банкны интернэт банк” үйлчилгээ ашиглах аппликейшинг ашиглаж, уг гар утасны дугаараар нууц үгийг сэргээн Хаан банкны мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж кибер орчинд хууль бусаар халдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг, данчны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Н.З-гийн Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Т.Ц-гийн Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.А-гийн “дэлгүүрээс бараа үзэж байгаад буцаад номын тасаг руу очиход миний өмсөж явсан хар өнгийн куртикний баруун талын халаасанд байсан Самсунг А51 маркийн гар утсаа алдсан. 23 цаг 57 минутанд миний эзэмшдэг Хаан банкны **** дугаартай данснаас Хаан банкны **** дугаартай данс руу 2 900 000 төгрөг шилжүүлэн авсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Д-гийн “фейсбүүк цахим орчинд “А” гэх нэртэй фейсбүүк хаягаас оруулсан зарын дагуу холбогдож Самсунг А51 загварын гар утсыг “А” гэх нэртэй фейсбүүк хаягтай хүнд өөрийнхөө Самсунг загварын 55 инчийн смарт зурагтыг ломбарданд 1,000,000 төгрөгөөр тавьчихсан байсныгаа өгөөд утсыг авсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ- 622/3931 дугаартай хохирлын үнэлгээ, яллагдагч Т.Ц-гийн “баян худалдааны төвөөр явж байгаад нэг эгчийн куртикнийх нь халааснаар гар утсыг нь хулгайлж халааснаас гар утсыг нь хулгайлж авсан юм. Тэгтэл 3 сая орчим төгрөгийн үлдэгдэлтэй мессеж байхаар нь би интернэт банк руу орсон. Тэгээд тэр хүний данснаас 2,900,000 төгрөгийг онлайн покерын данс руу гүйлгээний утга дээр нь өөрийн зохиосон кодыг бичиж шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Н.А-гийн хувцасны халааснаас Самсунг А51 загварын гар утсыг авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан, Самсунг А51 загварын гар утсан дахь “Хаан банкны интернэт банк” үйлчилгээ ашиглах аппликейшныг ашиглаж Н.А-гийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансанд нэвтрэх нууц үгийг сольж, нэвтрэн 2 900 000 төгрөгийг Ц.З-гын эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах данс руу шилжүүлэн авч ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-гийн үйлдлийг бусдын гар утас, мөнгийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг, мөн гар утас аппликейшинаар дамжуулан бусдын дансанд нэвтэрч, нууц үгийг өөрчилж кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээлэл өөрчилсөн гэмт хэрэг гэж үзсэн байна.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон Т.Ц нь Н.А-гийн халааснаас Самсунг А51 загварын гар утсыг авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан, Самсунг А51 загварын гар утсан дахь “Хаан банкны интернэт банк” үйлчилгээ ашиглах аппликейшныг ашиглаж Н.А-гийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансанд нэвтрэх нууц үгийг сольж, нэвтрэн 2 900 000 төгрөгийг Ц.З-гын эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах данс руу шилжүүлэн авсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Хулгайлах гэмт хэргийн талаар улсын яллагчийн санал дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Ц нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийн гар утсан дахь “Хаан банкны интернэт банк” үйлчилгээний аппликейшнийг ашиглаж, нууц үгийг нь өөрчлүүлэн, данс руу нь нэвтэрсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар нэвтэрч, мэдээлэл өөрчлөх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзлээ. Кибер орчинд халдах гэмт хэргийн шинж нь тусгай мэдлэг эсхүл программ хангамж, техник, тоног төхөөрөмж ашиглаж, хамгаалалтын тогтолцоог эвдэх, өөрчлөх аргаар, иргэн, хувийн болон төрийн байгууллагын мэдээлэлийн цахим санд нэвтэрч мэдээлэлтэй танилцах боломжтой болох, мэдээлийг олж авах, ашиглах, өөрчлөх, гэмтээж, устгах зэрэг шууд санаатай үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Т.Ц нь хууль бусаар олж авсан гар утас ашиглаж, бүртгэлтэй дугаараас хэрэглэгчийн хүсэлт илгээх журмын дагуу нэвтрэх нууц үгийг банкны системээр өөрчлүүлж, бусдын дансанд нэвтрэх боломжтой болсныг кибер орчинд халдах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй юм. Цагаанаагийн үйлдэл нь кибер орчинд халдах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бөгөөд хулгайлах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн шинжийг хангаж байна.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Ц нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 3 350 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-д 3 350 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролыг төлсөн тул хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч А овгийн Т-гын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-г 7 /долоо/ сарын хугацаагаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС