| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0218/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/221 |
| Огноо | 2023-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т холбогдох эрүүгийн 2325000000313 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.У.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.У нь 2023 оны 02 дүгээр сарын 01-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” гэх нэртэй бааранд Б.Н-той маргалдан, чих рүү гараараа 1 удаа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Н “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 10-12 дахь тал/
2. Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаартай “Б.Н-ын биед баруун чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байж болно.” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 72-73 дахь тал/
3. Хохирогч Б.Н-ын “2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би ажлаасаа буучхаад гэртээ байж байхад намайг гэрээс ирж найз нар маань авсан юм. Тус өдөр Б-гийн төрсөн өдөр байсан бөгөөд намайг гэрээс гарч тэд нартай уулзахад Б, С, Б нар хамт явсан юм. Ингээд бид 4 бараан захын хойд талын нэг буудалд очиж өрөө аваад тэндээ 0,5 литрийн 1 шил архийг хувааж уусан. Буудалд байхад У ирсэн юм. Ингээд 23 цагийн үед “Wave” бааранд би, Б, Б, У, С, Т бид 6 орсон юм. Бааранд ороод 2 давхрын ширээнд сууж 6 шил пиво захиалсан. Тэгээд манайхан доошоо бууж бүжиглэсэн бөгөөд би ганцаараа ширээн дээрээ үлдсэн юм. Би 2 давхрын хашлаганы хажуугаас доошоо бүжгийн талбай руу хараад зогсож байтал гэнэт бужигналдаж эхэлсэн. Тэгэхээр нь би доошоо буутал Э, У нар хоорондоо барьцалдчихсан баарнаас коридор руу гарч байсан. Тухайн үед Э-гын толгойноос цус гарч байсан, харин У гартаа шүдээ барьчихсан, миний шүд уначихлаа гэж хэлсэн. Энэ үед манайхан болон Э-тай цуг явсан залуус хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би түргэн дуудсан. Барагцаагаар 5 минутын дараа түргэн болон цагдаа нар зэрэг ирсэн юм. Цагдаа ирээд У, Э нарыг авч баарнаас гарсан бөгөөд тэдгээрийн араас зарим залуучууд хамт гарч байсан. Би харин коридорт гаралгүй сандал дээр сууж байтал Э-тай хамт явсан өндөр У гэх залуу ирээд надтай маргалдсан юм. Тэгэхээр нь би нөгөө хэдийнхээ араас доошоо буух гээд шат руу явж байтал араас нөгөө өндөр У гэх залуу миний баруун чих рүү гараараа 1 удаа цохисон юм. Тэгтэл миний чих сонсохоо байж дүнгэнэсэн бөгөөд би шууд доошоо бууж найзууд дээрээ очсон. Баарны гадаа тэгтэл Б, С, Т, Б нар байсан бөгөөд бид 5 хамтдаа эмнэлэг рүү явсан. У, Э нарыг түргэний машин аваад явчихсан байсан юм. Намайг Э-тай цуг явсан өндөр У гэх залуу нь миний араас баруун чих рүү маань гараараа 1 удаа цохиж хэнгэргийг маань хагалсан юм. Миний хувьд хэн нэгнийг цохиж зодоогүй. Би ШШХ-ийн шинжээч эмч Ж.Г-гийн 2023.02.07-ны өдрийн №170 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан баруун чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтлийг хэрэг болдог өдөр Б.У нь гараараа нэг удаа цохиж учруулсан юм. Миний эмчилгээнд гарсан 500 орчим мянган төгрөгийн зардлыг Б.У нь төлсөн бөгөөд надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 78 дахь тал/
3. Б.У-гын “2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад найз Ж, С, Э, Б нар дээр очиж уулзсан юм. Тэд нар караокед сууж байсан бөгөөд би ороод удалгүй бид нар караокеноос бүгдээрээ гарсан. Ингээд С бид хоёр манайх руу явсан юм. Тэгээд 22 цагийн үед С бид хоёр Wave бааранд очсон. Бүжгийн талбай дээр Ж бид хоёр бүжиглэж байтал хүмүүс бужигнаад зодоон эхэлсэнюм. Би ширээ рүүгээ хартал хартал манай найзууд байхгүй байсан бөгөөд бүжгийн талбайгаас гартал манай найз Э нь газарт уначихсан, дээрээс нь хүмүүс цохиж байсан. Би шууд очоод бөөгнөрсөн хүмүүсийг холдуулж Э-г босгосон юм. Тэгээд би манай найзуудтай зодоон хийсэн залуус буюу Наранцогт болон түүний найзууд дээр очоод С-ыг яаж байгаа юм бэ, энэ хүнийг зодож болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл тэд учир зүггүй урдаас хэрэлдээд чи тэгээд яах юм бэ, гараад ир гээд байсан. Тэгээд би дотогш орж хувцсаа авчихаад буцаад гарахдаа коридорт Н-д хандан манай найзуудыг яаж байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Н-ын баруун шанаа руу нь гараараа нэг удаа алгадсан юм. Би тэгээд гадаа гарахад цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.У нь 2023 оны 02 дүгээр сарын 01-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” гэх нэртэй бааранд Б.Нтой маргалдан, улмаар чих рүү гараараа 1 удаа алгадаж, эрүүл мэндэд баруун чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт, Хохирогч Б.Нын “Этай хамт явсан өндөр У гэх залуу ирээд надтай маргалдсан юм. Тэгэхээр нь би нөгөө хэдийнхээ араас доошоо буух гээд шат руу явж байтал араас нөгөө өндөр У гэх залуу миний баруун чих рүү гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, Б.У-ын “Тэгээд би Н-ын баруун шанаа руу нь гараараа нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.У нь 2023 оны 02 дүгээр сарын 01-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” гэх нэртэй бааранд Б.Н-той маргалдан, чих рүү алгадаж эрүүл мэндэд баруун чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Б.У нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Б.Н-ын чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-гын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС