Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 171/2023/0200/Э

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-т холбогдох эрүүгийн 2325000000213 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

А.А.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-7 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн Тоуоtа prius alpha XW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 17.4664 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар  

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “би эхнэртэйгээ утсаар маргалдаад уурандаа архи уусан. Их согтсон байсан учраас хэнээс, хаанаас өвс авсан эсэхээ, хэрэглэсэн эсэхээ мэдэхгүй байгаа юм. Гэхдээ миний машинд өөр хүн хийгээгүй байх. Шинжилгээнээр хэрэглэсэн гэж гарсан байх тул гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Би бага насны хоёр хүүхдээ асран хамгаалдаг. Өөр харж хандах хүн байхгүй. Эх нь Эрдэнэтэд байдаг. Гэхдээ хаана байгааг нь мэдэхгүй. Хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А-гийн А-гын эзэмшлийн Тоуоtа prius alpha XW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 4-7 дахь тал/

2. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А.А-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүнээс биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл болон гэрэл зургууд. /хавтаст хэргийн 13-15 дахь тал/

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1528 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. А.А-ын өвс гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 17.4664 грамм, буцах үеийн цэвэр жин нь 16.8563 грамм байна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1529 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “А.А **** 2023.03.16” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 53-54 дэх тал/

5. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц, наркологийн тасгийн шинжээч нарын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Магадлуулагч А.А нь шинжилгээ хийх үед сэтгэцийн хувьд эрүүл. Магадлуулагч А.А-т албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Магадлуулагч А.А нь өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

6. Яллагдагч А.Аын “Намайг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шөнө 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-7 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн Тоуоtа prius alpha XW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 17.4664 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 03 дугаар сарын 13 байна уу 14-ний өдөр өөрийн салсан эхнэр Б.Б-тай гэр бүлийн хоорондын харилцаанаас болж утсаар маргалдсан бөгөөд өөрийн хүү А.А /2 ой 6 сартай/, охин А.А /6 настай/ нарыг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн **** тоот хаягтай өөрийн гэртээ унтуулчхаад гэрт байсан 0.5 литр болон 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архийг гэртээ ганцаараа ууж дуусган маш их согтолттой болсон байхдаа гэрээсээ гарсан үйлдлээ бол санаад байгаан тэгээд яг юу болсонг санахгүй нэг мэдсэн чинь гэртээ ирчихсэн маргааш өглөө нь болчихсон гадуур хувцастайгаа сэрсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр найз Ш-ийг Уурхайчин багийн 3-8 дугаар байрны гадаа хүрээд ир, намайг Оюут багт байрлах Чимэг төвд хүргээд өгөөч гэхэд за гэж хэлсэн бөгөөд би машинаа өөрийн гэрийн гадаа буюу 3-8 дугаар байрны хойд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Тоёота Приус алфа маркийн тээврийн хэрэгслийг байрлуулахад гэнэт цагдаа нар Ш-ийг барьчихсан хамтдаа над дээр ирээд машинд чинь үзлэг хийе, зөвшөөрч байна уу гэж хэлэхээр нь би зөвшөөрөн өөрийн тээврийн хэрэгсэлдээ үзлэгийг хийлгэхэд миний голын хайрцган дотор 17 грамм ууттай өвс гарч ирсэн. Тэгээд цагдаа дээр авч ирээд намайг шээлгэхэд миний шээснээс мансууруулах бодис илэрсэн. Манай 3-8 дугаар байрны зүүн хойд талд 3-7 дугаар байр байрладаг. Би тээврийн хэрэгслээ 3-7 дугаар байрны баруун талд буюу 3-8 дугаар байрны хойд талд байрлуулсан гэсэн үг. Ш яагаад цагдаад баригдан хамт явж байсан шалтгааныг мэдэхгүй байна. Би Шэс ууттай өвс авсан үйлдэл байхгүй. Тээврийн хэрэгслийн голын хайрцган дотор би хэрхэн яаж ууттай өвс хийснээ огт санахгүй байгаа, гэхдээ үйл явдлаа эргээд нэг бодохоор салсан эхнэртэйгээ утсаар маргалдсан өдөр уурласан уурандаа 2 шилтэй архи ууж согтон гэрээсээ гарахдаа л уг ууттай өвсийг олж аван машиныхаа голын хайрцганд хийсэн юм болов уу гэж бодож байгаа. Хаана, хэнээс хэрхэн яаж олж авсан гэдгээ огт санахгүй байгаа, би хоёр бага насны хүүхэдтэй болохоор орой үдэш гараад байдаггүй. гарсан өдөр нь уг архи уусан өдөр л болж таараад байгаа юм. Хэн нэгэн миний машин дотор хийсэн гэж бодохгүй байна. Учир нь миний шээснээс мансууруулах бодис илэрсэн болохоор би л өөрөө согтсон байхдаа олж аваад хэрэглэсэн болж таараад байна, хэрхэн яаж хэрэглэсэн гэдгээ ч санахгүй байгаа. Би 2010-2015 оныг үртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн 6-13 дугаар байрны **** тоотод амьдардаг байхад Ш мөн манай байранд амьдардаг байсан, тэгээд тухайн үед танилцаж найз нөхдийн харилцаатай болж байсан. Ш нь одоо хувиараа ажил хийж байгаа байх. Би хамгийн сүүлд хэзээ тээврийн хэрэгслийнхээ голын хайрцгийг үзсэн гэдгээ санахгүй байна. Миний тээврийн хэрэгслийг надаас өөр хүн хэрэглэж ашигладаггүй. Би 1986.10.27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд Аийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн, эхээс гурвуулаа. Орхон аймгийн 5 дугаар сургуулийг 2004 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Их засаг их сургуульд суралцаж байгаад МСҮТ-д шилжин орж тоног төхөөрөмжийн засварчин мэргэжпээр 2010 онд төгсөж мэргэжилтэй болсон. Одоо Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багт байрлах “Кузов засвар”-ын газарт засварчингаар ажиллаж байгаа. Хүү А.А /2 ой 6 сартай/, охин А.А /6 настай/ нарын хамтаар Уурхайчин багийн **** тоотод амьдардаг бөгөөд эхнэр Б.Б нь 2022 онд салж тусдаа байх болсон, гэрлэлтийн баталгаа хэвээр байгаа, одоохондоо шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулаагүй, удахгүй бид хоёр ярилцаж байгаад шүүхэд салах өргөдлөө гаргах гэж байгаа. Хүүхдүүд маань над дээр байдаг, ээж дээрээ очдоггүй, учир нь өөр хүнтэй болсон болохоор хүүхдүүд маань дургүйцээд байгаа. Миний уг хэрэгт хэн нэгний оролцоо байхгүй. Би урьд өмнө мансууруулах өвс хэрэглэж байгаагүй, гэхдээ нэг удаа хүмүүстэй хамт явж байгаад мансууруулах өвсний хэрэгт холбогдож байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөр миний зүгээс гаргах санал, хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-7 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн Тоуоtа prius alpha XW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 17.4664 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.А-т 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, битүүмжилсэн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж, улсын орлого болгуулах саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т дүгнэлтдээ: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Шүүгдэгчийн хувийн байдал гэм буруугаа хүлээж байгаа байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын өмч тул Анхбаяраас түүнд оногдох хэсгийг мөнгөн дүнгээр гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Аийн А-гын эзэмшлийн Тоуоtа prius alpha XW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А.А-гын биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл болон гэрэл зургууд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1528 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1529 дугаартай дүгнэлт, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц, наркологийн тасгийн шинжээч нарын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт, яллагдагч А.Аын “цагдаа нар Ш-ийг барьчихсан хамтдаа над дээр ирээд машинд чинь үзлэг хийе, зөвшөөрч байна уу гэж хэлэхээр нь би зөвшөөрч өөрийн тээврийн хэрэгсэлдээ үзлэгийг хийлгэхэд миний голын хайрцган дотор 17 грамм ууттай өвс гарч ирсэн. Тэгээд цагдаа дээр авч ирээд намайг шээлгэхэд миний шээснээс мансууруулах бодис илэрсэн. Тээврийн хэрэгслийн голын хайрцган дотор би хэрхэн яаж ууттай өвс хийснээ огт санахгүй байгаа, гэхдээ үйл явдлаа эргээд нэг бодохоор салсан эхнэртэйгээ утсаар маргалдсан өдөр уурласан уурандаа 2 шилтэй архи ууж согтон гэрээсээ гарахдаа л уг ууттай өвсийг олж аван машиныхаа голын хайрцганд хийсэн юм болов уу гэж бодож байгаа. Хаана, хэнээс хэрхэн яаж олж авсан гэдгээ огт санахгүй байгаа.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-7 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн Тоуоtа prius alpha XW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 17.4664 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох ургамлыг хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.А нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

                   Шүүгдэгч А.А-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

                     Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй боловч хуулиар хориглосон бодисыг агуулсан ургамлыг хадгалсан нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай 16,8563 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

А.Аын эзэмшлийн Тоуоtа prius alpha XW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж, хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлж, улсын орлого болгуулахаар битүүмжилж, А.А-т хариуцуулсан байна. Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл, шүүгдэгч нь хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг өөртөө авч явах боломжгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийн эд зүйлийг нуух, хадгалах, тээвэрлэх зорилгоор, санаатай үйлдлээр тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.А нь бага насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг гэж мэдүүлж байгаа боловч холбогдох бичиг баримтаа шүүхэд ирүүлээгүй, түүний хүүхдүүдийн эх нь Эрдэнэт хотод амьдардаг бөгөөд тэдний хүүхдүүдийг албан ёсоор А.А-гын асрамжид байлгахаар шийдвэрлэсэн шийдвэр байхгүй гэж мэдүүлж байх тул хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр зохих байгууллага, албан тушаалтанд даалгах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Аийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эдийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Орхон аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 7 дугаартай “Toyota prius alpha XW маркийн **** улсын дугаартай” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг А.А-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16,8563 грамм жинтэй ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС