Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/223

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 2325000000258 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

            Г.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.М нь 2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна хохирогч Г.У-тэй шалтгаангүйгээр маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ “Хохирогч өөрөө намайг эхэлж алгадсан. Намайг хэл амаар доромжилсон. Би тамхиа нүүрэн дээр нь унтраасан, 2 удаа өшиглөсөн нь үнэн” гэв.

 

Хохирогч Г.У “шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг маань Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Уурхайчин багийн Вегас баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 13 дах тал/

2. Хохирогч Г.Уийн “2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вегас” бааранд үйлчлүүлж байгаад баар хаагаад 00 цаг өнгөрч байхад гадаа гараад хаалганы хажууд зогсож байхад үл таних хоёр эмэгтэй хүн манай найз Б-тай маргалдаад байхаар нь дундуур нь орж салгаад хамт явж байсан хоёр залуутай цуг Б-г явуулчхаад дүүгээ дуудаад хүлээж байх зуураа баарны урд байх хэсэгт очоод суухад тухайн хэрүүл хийж байсан эмэгтэй нарын хажууд очоод суучихсан чинь тухайн эмэгтэйчүүдээс юм яриад байх шиг байсан. Тухайн үед миний согтолтын зэрэг өндөр байсан болохоор бас зарим зүйлээ санахгүй байна. Тэгээд сууж байхад нэг эмэгтэй нь миний дух хэсэгт татаж байсан тамхиа унтраачихаар нь би уурандаа тухайн эмэгтэйг нэг удаа халь цохиод авсан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байгаа. Бааранд хэрүүл маргаан хийгээгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

3. Гэрч Д.О-гийн “2023 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01 цаг өнгөрч байхад дүү У над руу залгаад У эгч баарны гадна хүнд зодуулчихсан байна. Та хүрээд ирээч ээ гэхээр нь хаана байгаа талаар асуухад худалдааны гудамжтай ойрхон Вегас гэх нэртэй баарны гадна талд байна гэхээр нь яваад очтол ухаан нь орж гарчихсан хаанаас нь цус гарсан нь мэдэгдэхгүй нүүр нь тэр чигтэй цус болчихсон байсан. Тэгээд тэндээс аваад эмнэлгийн байгууллагад хүргэж өгөх гээд явж байхад 2 удаа ухаан алдсан” гэх мэдүүлэг.автаст хэргийн 20 дахь тал/

4. Гэрч Э.С-ийн “Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Вегас” баар руу 23 цагийн үед М-ийн хамтаар бид хоёр орсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Сүүлд М Вегас баарны гадаа нэг эмэгтэй хүнтэй зодолдоод тархийг нь хагалсан байж магадгүй гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дахь тал/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 330 дугаартай “Г.Уийн биед нүүрэнд цус хуралт, духанд түлэгдэлтийн ором, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нүүрэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духанд түлэгдэлтийн ором, хуйханд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нүүрэнд цус хуралт, хуйханд үүссэн зулгаралт нь хатуу зүйлийн үйлчлэлээр, духанд түлэгдэлтийн ором нь өндөр хэмийн үйлчлэлээр тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

6. Яллагдагч Г.М-ийн “хэрүүл маргаан хийгээд байхаар нь би татаж байсан тамхиныхаа цогоо духанд нь наасан. Мөн 2 удаа нүүр рүү нь өшиглөсөн. Баарны хамгаалагч нь цагдаа дуудсан гэсэн. Цагдаа ирэхгүй байхаар нь С бид хоёр яваад өгсөн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38 дахь тал/

7. Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.М нь 2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна хохирогч Г.У-тэй шалтгаангүйгээр маргалдаж, улмаар хохирогчийн дух хэсэгт нь татаж байсан тамхиныхаа цогоор түлэх, унагах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт, духанд түлэгдэлтийн ором, хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээх нь зүйтэй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Уурхайчин багийн Вегас баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Г.Уийн “нэг эмэгтэй нь миний дух хэсэгт татаж байсан тамхиа унтраачихаар нь би уурандаа тухайн эмэгтэйг нэг удаа халь цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч Д.О-гийн “ухаан нь орж гарчихсан хаанаас нь цус гарсан нь мэдэгдэхгүй нүүр нь тэр чигтэй цус болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.С-ийн “Сүүлд М Вегас баарны гадаа нэг эмэгтэй хүнтэй зодолдоод тархийг нь хагалсан байж магадгүй гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 330 дугаартай дүгнэлт, Г.М-ийн “хэрүүл маргаан хийгээд байхаар нь би татаж байсан тамхиныхаа цогоо духанд нь наасан. Мөн 2 удаа нүүр рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.М нь 2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна хохирогч Г.У-тэй маргалдаж, улмаар хохирогчийн дух хэсэгт нь татаж байсан тамхиныхаа цогоор түлэх, унагах, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт, духанд түлэгдэлтийн ором, хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Г.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.У-гийн эрүүл мэндэд нүүрэнд цус хуралт, духанд түлэгдэлтийн ором, хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар хохирол нэхэмжлээгүй байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн байх тул хохирогчийн хүсэлтийг хүлээн авч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ХМШЗ/33 дугаартай захирамжаар оногдуулсан 4 сар 1 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е овгийн Г-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ял дээр, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ХМШЗ/33 дугаартай захирамжаар оногдуулсан 4 сар 1 хоногийн хорих ялаас энэ өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 4 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС